Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

шүүгдэгч Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.М холбогдох эрүүгийн 1806 0057 80272 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Ө.М, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ө.М нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах засварын газраас Кен брэндийн хий хураагч, цахилгаан дрилл, цахилгаан зүлгүүр, гар тасдагч зэрэг 480.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт байх Монгол кузов засварын газар ирэхэд М нь Кен маркийн 450.000 төгрөгийн үнэтэй хий хураагч, Кен маркийн 45.000 төгрөгийн үнэтэй цахилгаан дрилл, Кен маркийн 65.000 төгрөгийн үнэтэй цахилгаан зүлгүүрийн машин, Кен маркийн 65.000 төгрөгийн гар тасдагч зэрэг бүгдийг 3 сар хэрэглэсэн эд зүйлийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би БХСБ барьцаалан зээлдүүлэх газрын захирлаар ажилладаг бөгөөд манай барьцаалан зээлдүүлэх газар нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир худалдааны төвийн 2 давхарт, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбын 15-315 тоотод тус тус байрлаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажил дээрээ сууж байхад үл таних 30 гаруй насны залуу орж ирээд цагаан өнгийн хий хураагчийг 100.000 төгрөгийн зээлийн барьцаанд авсан. Тэгтэл тэр залуу над дээр ирэхээс өмнө манай барьцаалан зээлдүүлэх газрын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Очир худалдааны төвийн 2 давхарт байрлах салбар дээр очиж төмөр тасдагч 1 ширхэг, зүлгүүрийн машин 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, өнгөлгөөний парлон 1 ширхэг гэсэн эд зүйлийг нийт 40.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Барьцаат үйлчилгээний тасалбар /хэргийн 47-48 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 55 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ө.М нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол кузов засварын газраас Кен брэндийн хий хураагч, цахилгаан дрилл, цахилгаан зүлгүүр, гар тасдагч зэрэг 480.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ө.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Ө.М эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.А нь эд зүйлээ буцаан авсан болох нь хэргийн 9 дүгээр хуудас дахь бичгийн баримтаар нотлогдож байгаа болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.