| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/07033/И |
| Дугаар | 197/ШШ2025/03074 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр замын 39 байр, 80 тоотод оршин суух, Цахар овогт Лхагвасүрэнгийн Нямсүрэн /РД: ХД71091268/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.Нямсүрэн нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөгч надад мэдэгдэхгүйгээр шууд шинжээч томилсон, үнийн санал авахдаа хуульд заасан журмыг тайлбарлаагүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг буруу тооцоолсон гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02672 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01991 дугаар магадлалаар хариуцагч Л.Нямсүрэнгээс 351,248,567 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Алтантулгад олгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй бол Л.Нямсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 49 байр, 06 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 141.08 м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /1хх 62-69/
4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24370111 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. /1хх 70/
4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 002 дугаар тогтоолоор Л.Нямсүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206027642 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 49 байр, 06 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 141.08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн. /1хх 77-78/
4.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0111/3 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураасан. /1хх 82/
4.5. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/327 дугаар тогтоолоор шинжээчээр Г.Отгонбаярыг томилсон байна. /1хх 86-90/
4.6. Шинжээч Г.Отгонбаяр 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгсөн байна. /1хх 91-121/
4.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-182/27611 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Л.Нямсүрэнд үнэлгээний мэдэгдэл хүргүүлсэн байна. /1хх 122-126/
5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-182/27611 дугаар Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Л.Нямсүрэн хүлээн аваад 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд нийцнэ. /1хх 12/
6. Төлбөр төлөгч Л.Нямсүэрн төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 002 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0111/3 дугаар тогтоолоор хураасан байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 77-78, 82-83/
7. Төлбөр авагч А.Алтантулга, төлбөр төлөгч Л.Нямсүрэн нар битүүмжилж, хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасанд нийцэх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 84-90/
8. Шинжээчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл байна.
8.1. Шинжээч Г.Отгонбаяр нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр төлөгч Л.Нямсүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206027642 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг 2 удаа гаргасан байна. /1хх 17-47, 92-121/
8.2. Эхний гаргасан үнэлгээний тайланд Л.Нямсүрэнгийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 49 байр, 6 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206027642 тоот улсын бүртгэлийн дугаартай, 144.08 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 540,000,000 төгрөг болохыг тодорхойлов гэсэн байна. /1хх 18/
8.3. Дараа гаргасан үнэлгээний тайланд Л.Нямсүрэнгийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 49 байр, 6 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206027642 тоот улсын бүртгэлийн дугаартай, 141.08 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 540,000,000 төгрөг болохыг тодорхойлов гэсэн байна. /1хх 93/
8.4. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцсэн байна, 8.3.9-д хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгана гэж тус тус заасан.
Шинжээч Г.Отгонбаярын дээр дурдсан үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ үндэслэлтэй, тодорхой байх, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл бүрэн тодорхойлогдоогүй байна. Тодруулбал, төлбөр төлөгч Л.Нямсүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206027642 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн талбайг 144.08 м.кв, 141.08 м.кв гэж хоёр өөр хэмжээгээр тооцоолсон атлаа зах зээлийн үнийг 540,000,000 төгрөг гэж адил тодорхойлсон нь үндэслэлгүй, бодит үнийг тооцоолсон эсэх нь эргэлзээтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.9-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шинжээч Г.Отгонбаярын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөр төлөгч Л.Нямсүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206027642 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай..
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 гаргуулж, нэхэмжлэгч Л.Нямсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ