| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/04945/И |
| Дугаар | 197/ШШ2025/03073 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Алтай центр, 6 давхар хаягт байрлах, Дакал фарма ХХК /РД: 2686244/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 18, 499 тоот хаягт байрлах, Сод-Үжин ХХК /РД: 5839149/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,099,812 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Дакал фарма ХХК нь хариуцагч Сод-Үжин ХХК-д холбогдуулан 5,099,812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээний дагуу Сод-Үжин ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 40,541,662 төгрөгийг бараа нийлүүлснээс 37,141,788 төгрөгийг төлсөн. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 3,399,874 төгрөг өр, алданги 1,699,937 төгрөг, нийт 5,099,812 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа тул гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Сод-Үжин ХХК нь шүүх хуралдаанд 3,399,874 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлнө, алданги төлөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн.
4. Хариуцагч Дакал фарма ХХК-д 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан ирээгүй байна. Тиймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
5. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэг талаас Дакал фарма ХХК, нөгөө талаас Сод-Үжин ХХК нар 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эмийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгэр худалдагч нь стандартад нийцсэн эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
5.2. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 3,399,874 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг тодорхойлсон байна. /1хх 16-23, 25/
6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
6.1. Зохигч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй.
6.2. Худалдагч Дакал фарма ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, худалдан авагч Сод-Үжин ХХК нь 3,399,874 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байх ба тухайн үйл баримтад зохигч маргаагүй.
6.3. Хариуцагч нь алданги 1,699,937 төгрөгийг төлөх боломжгүй гэж татгалзсан нь маргааны зүйл байна.
6.3.1. Нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22045 дугаар Эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу алданги шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх гэрээ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгчийн алданги шаардсан нь үндэслэлгүй.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,399,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сод-Үжин ХХК-аас 3,399,874 /гурван сая гурван зуун ерэн есөн мянга найман зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж, Дакал фарма ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,699,937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сод-Үжин ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 69,348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дакал фарма ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ