Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.С холбогдох эрүүгийн 1706 0374 10281 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Тайж овогт Бадралын Содгэрэл, /РД:ТЛ86082076/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 70а байрны 83 тоотод хохирогч Д.Н зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай хуурай дүү Мөнгөнтовч гэдэг залуу манай гэрт шил архи барьж ирсэн. Тэрнээс нь ганц хоёр татаж байгаад Мөнгөнтовч найз нь утасдаад байхаар нь гарч явсан. Тэгээд эргээд найзыгаа дагуулаад орж ирэх гэж байхад нь манай охины найз залуу Содгэрэл орж ирээд тантай уулзана гээд хоёр согтуу хүн зогсож байна, яаж тийм хүн цуглуулаад байдаг юм гэж хэлж байсан. Би чамд ямар хамаатай юм, чиний гэр биш гэж хэлсэн. Гуйлагчин минь чамаар заалгахгүй, гөлийсөн гуйлагчин гэж хэлсэн. Тэгтэл над руу дайрахад нь би цээж рүү нь самардахад хумсаараа урсан. Намайг унагаагаад баруун гар дээр цохиод хуруунуудыг нэг нэгээр нь нугалж дараад байсан.Манай охин Намуундарь хараад зогсож байсан, ямар нэг юм хэлэхгүй, нойлийн өрөө рүү гүйгээд орсон. Содгэрэл чи намайг байнга доромжилдог гэж хэлсэн. Тэр өдөр миний хуруунуудыг нэг нэгээр нь дараад миний дээр хөлөөрөө өвдөглөсөн байдалтай хөлнөөс базаад, цээжнээс базаад, үхээч чи ингэж явахаар гэж хэлж байсан. Би доор нь хөдөлж байгаад шалан дээр нүдээ аниад хэвтэж байхад намайг өргөөд буйдан руу шидсэн. Охин одоо боль, ээж хөл нь гэмтэлтэй гэж хэлэхэд больсон. Тэгтэл өрөөндөө ороод эргэж гарч ирээд нэг цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-17 дугаар хуудас/,

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С хамт ирэхэд ээж согтуу байдалтай хаалгаа нээж өгөхгүй байсан. Бид хоёр хаалга онгойлгодог хүн рүү залгахад цагдаа дуудаад, цагдаа зөвшөөрвөл онгойлгож өгье гэж байсан. Тэгээд цагдаа дуудаж ирээд, хаалга онгойлгодог хүнээр онгойлгуулаад орсон. Ээж та нар манай гэрийн хаалга онгойлгож орж ирдэг хэн бэ гэх зэргээр загнаж байсан. Бид хоёрыг гадаа хаалгаа нээж чадахгүй сууж байхад хоёр залуу манай гадаа ирээд Нараа эгч архи аваад ир гэж хэлсэн гэж байсан. Бид хоёр та одоо арай ч дээ хүн оруулж ирж архи уугаад байхдаа яадаг юм бэ, бид хоёр орцонд хоносон, хүн оруулаад архи уусан байна гэж хэлсэн. Тэгтэл ээж та нарт хамаагүй зайл, би өөрөө мөнгөө төлж байгаа, муу гуйлагчингууд гээд байсан. Тэгээд унтах гэж байгаа юм шиг болоод хэвтэж байгаад босож ирээд Содгэрэлийн цээжийг маажсан. Та яаж байгаа юм бэ гээд хоёр гарыг нь нуруунд нь өчиж унагаахад нь би ээж гэмтэлтэй боль гэж хэлсэн. Содгэрэл ээжийг түлхэж унагаасан. Би тэр хоёрыг өөрөөр зодолдож зууралдаж байхыг хараагүй. Угаалгын өрөө орж угаасан, мушигсан юмнуудаа авч янзлаад байж байсан. Гарч ирэхэд ээж  хөөе Намуунаа энэ чинь намайг цохих гээд байна гэхэд Содгэрэл буйдангийн хажууд зогссон, ээж буйдан дээр хэвтэж байсан. Ээж архи уугаад байдаг болохоор энэ хоёр таардаггүй, архи уухад нь дургүй байдаг. Содгэрэлийг манай ээж манай охиноор тэжээлгэж байгаа, гуйлагчин гээд байнга доромжилж байдаг. Өмнө нь бас согтуу байдалтай бид хоёрыг оруулахгүй хаалгаа цоожилдог байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-20 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹15150 дүгнэлтэд “Н биед баруун богтос ясны хугарал, цээжинд цус хуралт, зүүн сарвууны дунд хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. хүндэвтэр” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/,

Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Богтос ясны хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, хавчигдах, дарагдах үед үүсэх боломжтой. Буйдан дээр унахад тус богтос яс нь хугарсан гараараа дарж унахад үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 30-34 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 70а байрны 83 тоотод хохирогч Д.Н зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.С прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн биеийн байцаалт хэсэгт 532 настай гэж алдаатай бичсэн, мөн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ял шийтгүүлсэн байхад ял шийтгэлгүй гэсэн, яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл гэж хуулийн зүйл заалтыг алдаатай бичсэн зэргийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.