Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 122/2017/0010/З |
Дугаар | 221/МА2017/0536 |
Огноо | 2017-07-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2017/0536
2017 оны 7 сарын 26 өдөр Дугаар 221/МА2017/0536 Улаанбаатар хот
Б.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Б.М-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.М-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал /байгалийн/ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалган шийдвэрлэж,
2 дахь заалтаар, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.995.116 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгохоос урьд олгосон тэтгэлэг 1.620.099 төгрөгийг хасч үлдэгдэл 375.017 төгрөгийг олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...1. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт “Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Иймд Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын Б.М-д холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ” гэж бичсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлага нь “Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын Б.М-д холбогдох заалтыг хүчингүй болгон... өгнө үү”, “.. мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэсэн байхад хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлгүйгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Отгонзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.М-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал /байгалийн/ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг... даалгасугай гэж заажээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,995,116 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгохоос урьд олгосон тэтгэлэг 1,620,099 төгрөгийг хасч 375,017 төгрөгийг олгож... нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Б.М-ынажил хүлээлцсэн сүүлийн өдрийг тогтоолгүйгээр, түүнийг ажлаас чөлөөлсөн өдрийг ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөр шууд тооцон тэтгэлгийн хэмжээг тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Ийнхүү уг хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг тус тус зөрчиж шийдвэрлэсэн байх тул хэргийг бүхэлд нь хянаж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь тус Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг шинэчлэн баталж, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлөн, 2 дугаар хавсралтад дурдсаны дагуу томилжээ.
Хариуцагчаас Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг томилохдоо нэхэмжлэгч Б.М-ын ажиллаж байсан Байгаль орчин, газрын харилцааны бодлогын мэргэжилтний албан тушаалд гуравдагч этгээд Д.О-ыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж тус тус зохицуулсан.
Гэтэл тус Засаг даргын Тамгын газрын нийт орон тоо цөөрч, чиг үүргийн хуваарь шинэчлэн батлагдаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын нэрийг Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал /байгалийн/ хариуцсан мэргэжилтэн болгон өөрчилж, аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдсэн хэдий ч ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчаас “батлагдсан цалингийн санд багтаан орон тоо цөөрүүлэх шаардлагатай байсан” гэж тайлбарлах боловч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим төдийгүй мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах учиртай.
Хариуцагч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэлийн шаардлага нь “Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын Б.М-д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү..., мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэсэн байхад шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй” гэжээ.
Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Отгонзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.М-ыг Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал /байгалийн/ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж өөрчлөн, энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч болон гуравдагч этгээдэд гардуулсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, заалтыг зөвтгөж, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчимд нийцээгүй байгааг залруулсан өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Отгонзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.М-ыг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал /байгалийн/ хариуцсан мэргэжилтний албан тушаалд тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “... хариуцагчид ...” гэснийг “...Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт ...” гэж, 3 дахь заалтын “... хариуцагчаас ...” гэснийг “...Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас...” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН