Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 134

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй,

БА-ийн ЗД, тус аймгийн БСУ-ийн

газрын даргад тус тус холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                           Г.Банзрагч

                                          Х.Батсүрэн

                                          Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудад сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлан явуулж байгаа үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах”

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0103 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.Оюунбат,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.6, 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, 36 дугаар зүйлийн 36.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 281дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БА-ийн ЗД, тус аймгийн БСУ-ийнгазраас Бугат, Сэлэнгэ сумын сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоо гараагүй байхад тус ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулах захиалга өгч, сонгон шалгаруулалт зарлан явуулсан үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож, Б.А-ийг Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг БА-ийн ЗДд даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0103 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Б.А-ийн өмгөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0103 дугаар магадлалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. Гэтэл нэхэмжлэгч захиргааны байгууллагын илт хууль бус үйлдлийн улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа үндэслэлээ “Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй, Бугат сумын сургуулийн захирлын албан тушаалд 2016-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн 1.1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах зорилгоор түр сэлгэн ажиллаж байгаагаа нотлон, тус ажлын байранд “сул орон тоо” гэж үзэж сонгон шалгаруулалт зарлан явуулж байгаа нь үндэслэлгүй байгаагаа тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд холбогдох баримтыг бүрдүүлэх үүргийг захиргааны хэргийн анхан шатны шүүх болон нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэгжүүлж, хэргийг шийдвэрлэсэн.

5. Хариуцагч нь Б.А-ийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж, энэхүү үндэслэлээр Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн ажлын байрыг “сул орон тоо” гэж үзэж, ажиллуулах боломжгүй гэж сонгон шалгаруулалт явуулж байгаа үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон. Энэ нь тус ажлын байранд сонгон шалгаруулалт зарлан явуулж, тэнцэн ажиллаж байсан Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын захирал Б.А-ийг өөр орон нутагт ажлын арга туршлага солилцох зорилгоор сэлгэн ажиллуулах Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу ажиллуулж байснаа үгүйсгэж “сул орон тоо“ гэж үзэж эрх ашгийг нь хөндсөн учир нэхэмжлэл гаргасан. Энэхүү хариуцагчийн үйлдэл нь илтэд хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад тэнцэн ажиллаж байсан Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргах үндэслэл болсон бөгөөд уг гаргасан шаардлагын “тодруулах“ ямар ажиллагааг анхан шатны шүүх гүйцэтгэх байсныг гүйцэтгээгүй учир хэргийг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

6. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй гэх дүгнэлтийг хийсэн. Энэ нь ямар тодруулах ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй гэж үзэж байгаа болоод ямар ажиллагааг бүрэн гүйцэтгээгүйгээс болж нэхэмжлэлийн шаардлага хоорондоо уялдаатай эсэхийг шийдвэрлэх боломжгүй болж байгаагаа талаар тайлбарлаагүй.

7. Мөн нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг тодруулаагүй гэжээ. Нэхэмжлэгчийн сэлгэн ажиллаж байгаа Бугат болон Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн ажлын байрыг “сул орон тоо” гэж үзэн сонгон шалгаруулалт зарлан явуулж байгаа захиргааны байгууллагын үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж, сонгон шалгаруулалтын дагуу тэнцэн ажиллаж байгаа нэхэмжлэгчийн ажлын байрыг үгүйсгэсэн, “чөлөөлөгдсөн ажилтан“ гэж үзэн сонгон шалгаруулалт явуулж байгаа илтэд хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

8. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д заасны дагуу тодруулах ажиллагааг “нэхэмжлэгчээс” анхан шатны шүүх тодруулаагүй байна гэж хэрэгт нотлогдоогүй үндэслэлийг дурдаж, шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0103 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Иргэн Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасантай нийцээгүй байна.

10. Б.А- нь шүүхэд анх “...Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудад сул орон тоо гэж үзэн захиалга ирүүлж, сонгон шалгаруулалт зарласан нь буруу гэж үзэж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудад сул орон тоо гэж сонгон шалгаруулалт явуулж буй үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, үндсэн ажлын байр болох Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

11. Нэхэмжлэгч нь 2014 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэн, аймгийн Засаг даргын 2014 оны Б/41 дүгээр захирамжаар тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байсан, мөн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар түүнийг Сэлэнгэ сумын дунд сургуулийн захирлын ажлаас чөлөөлж, Б/35 дугаар захирамжаар Бугат сумын суурь боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон үйл баримтуудын тухайд хэргийн оролцогчид маргаагүй болно.

12. Харин аймгийн БСУ-ийнгазраас Бугат, Сэлэнгэ, Хангал, Булган сумын Ерөнхий боловсролын 1, 3 дугаар сургууль, Спортын төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сул ажлын байрны сул орон тоо гарсан гэж үзэж, сонгон шалгаруулалт зарласан, үүнд нэхэмжлэгчийн өмнө нь болон шилжиж ажилласан Сэлэнгэ, Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байр хамрагдсанаас нэхэмжлэгч нь “...Засаг даргатай зөвшилцсөний дагуу намайг сэлгэн ажиллуулсан..., тодорхой хугацааны дараа үндсэн ажлын байрандаа буцаж ажиллах ёстой байсан..., ...сул орон тоо гэж үзсэн нь буруу...” гэж, харин хариуцагч нь “...Б.А- нь 2014 онд зөвхөн Сэлэнгэ сумын сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцсэн..., ...өөртэй нь тохиролцож, ажлаас нь чөлөөлсөн, ...хөдөлмөрийн харилцаа дууссан, ...энэ талаар тухайн үедээ маргаагүй, ...Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад ороогүй...” гэж тус тус маргажээ. 

13. Булган аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Б.А-ийг Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, Б/35 дугаар захирамжаар Бугат сумын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дагуу “сэлгэн ажиллуулах” зорилготой гарсан захирамж болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: “...Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “5”-д “Сургууль, багш, БСУ-ийнгазар харилцан зөвшилцсөний үндсэн дээр сургуулийн удирдлага багш нарыг солилцох сэлгэн ажиллуулах хөрш болон бусад орнуудын сургуулиудтай багш солилцох ажлыг зохион байгуулах” гэж, энэ төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн танилцуулгын “5”-д “...Сэлэнгэ, Бугат, Хангал, Хялганат, Спортын дунд сургуулиудын захирлуудыг 2016 оноос эхлэн үе шаттайгаар сэлгэн ажиллуулж байна” хэмээн тусгагдсан, мөн 2016 оноос сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагыг сэлгэн ажиллуулж байгаа, 5 цэцэрлэг, 6 сургуулийн захирлуудыг сэлгэн ажиллуулсан талаар ярилцсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 9 дүгээр Хуралдааны тэмдэглэл зэрэг болно.

14. Үүнээс гадна сургуулийн захирлыг БСУ-ийнгазартай харилцан зөвшилцөж, солилцох, сэлгэн ажиллуулж болох талаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-гээр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай бичгээр гаргасан хүсэлт, бусад нотлох баримт байхгүй тул “...талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан дагуу сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “талууд харилцан тохиролцсон” гэх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй.

15. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгох шалгаруулалт нь зөвхөн тухайн ажлын байранд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарсан нөхцөлд хэрэгжихээр юм. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулсан шийдвэрээ хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлд хамруулж, түүний үндсэн болон сэлгэн ажиллаж байсан Сэлэнгэ, Бугат сумдын бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байранд ”сул орон тоо” гарсан гэж сонгон шалгаруулалт зарласан, “...Бугат сумын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, тухайн албан тушаалын ажлын байрны сонгон шалгаруулалтад ороогүй...” хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

16. Түүнчлэн хариуцагч нь “...хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон...” гэж, нэхэмжлэгчийг Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын захирлын албан тушаалд буцааж томилохоос татгалзаж байгаа нь маргааны үйл баримтаас тодорхой байна.

17. Иймээс энэ маргааны тухайд өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, үндсэн ажлын байр болох Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллах хүсэл зоригоо илэрхийлж, үүний тулд сонгон шалгаруулалт зарласан хариуцагчийн шийдвэр нь анхнаасаа илт хууль бус хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, ажилд томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, ойлгомжтой, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасан шаардлагыг хангажээ. Өөрөөр хэлбэл, анхнаасаа Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд хуульд заасан журмын дагуу томилогдон ажилласан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх нь захиргааны хэргийн шүүхээр хамгаалагдах учиртай.  

18. Үүнээс үзвэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой буюу хэргийн бусад оролцогчдын эрхийг хязгаарласан алдаа гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй...” хэмээн буруу дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь буруу байна.

19. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн боловч, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “...сонсгох ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоогоогүй...” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй зарим дүгнэлтийг хийж, шаардлагагүй хуулийг хэрэглэсэн, маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны, Хөдөлмөрийн болон Боловсролын тухай хуулиудын холбогдох заалтуудыг оновчтой зөв хэрэглээгүй алдаа гаргажээ.

20. Дээр дурдсан бүгдийг үндэслэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд холбогдох өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/103 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг баримтлан  Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудад сонгон шалгаруулалт зарласан нь илт хууль бус болохыг тогтоож, Б.А-ийг Булган аймгийн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилохыг аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ТАНХИМЫ ТЭРГҮҮН                                 М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ