Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 027

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн багш, Жантекей-Базархул овогт Кадирбекийн Ботакөз, Ители овогт Хавдолдагийн Алмагүл, нягтлан бодогч Молхы овогт Кабидолдагийн Асемгүл нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/297 дугаартай Төсвийн хэвийн ажиллагааг хангах тухай захирамж, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Ботакөз, Х.Алмагүл, К.Асемгүл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ө.Хуралай, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хурлын Тэргүүлэгч Д.Бахыт, К.Еркегүл, Б.Төлеубек, гуравдагч этгээд Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийг төлөөлж, тус цэцэрлэгийн эрхлэгч С.Жанаргүл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Зулкаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншук нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

2013 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн байрыг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан билээ. Улмаар аймгийн захиргаанаас манай цэцэрлэгийн байрыг шинээр барьж өгөхөөр болж төрөөс 640.000.000 /зургаан зуун дөчин сая/ төгрөг хуваарилагдан манай 8 дугаар цэцэрлэгийн байрыг шинээр барих болсон юм.

Улмаар 2014 оны 12 дугаар сард манай цэцэрлэгийн шинэ байр баригдаж дуусч цэцэрлэгийн захиргаанд хүлээлгэн өгсөн юм. Хүүхдүүдийн эцэг, эхчүүд бөгөөд цэцэрлэгийн ажилчид бид ихээр баярлан хуучны ашиглалтын хугацаа нь дууссан барилгаас гарч шинэ барилгад нүүж орно гэж бодож байсан. Гэтэл баярлуулан гомдоов гэгчээр аймгийн захиргаанаас биднийг шинээр баригдсан барилгад нүүж орохыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч тухайн цэцэрлэгийг манай салбар бүлэг болгож нэмж шинээр багш, туслах багш, манаач зэрэг 11 хүнийг ажилд авсан юм.

Тухайн үед бид бүхэн шинээр баригдсан цэцэрлэгт аймгийнхаа захиргааны булхайгаар орж чадаагүй ба ашиглалтын хугацаа нь дууссан, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон цэцэрлэгт үлдэж байгаад ихээр бухимдаж байна. Нэг үгээр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаар Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/297 дугаар захирамж, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоол гарснаар 8 дугаар цэцэрлэг одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн ажлын байргүй болчхоод байна. Эдгээр хууль бус захиргааны актуудын улмаас 8 дугаар цэцэрлэгийн нийт ажилчдын эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байна. Нөгөө талаар, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04-03-023/43 тоот акт, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоос үзэхэд ажилчид бид энэ оны 09 дүгээр сараас эхэлж ажилгүй болоход хүрч байна.

Тийм учраас 8 дугаар цэцэрлэгийн ажилчдын дундаас бид 4 төлөөлж дээрх захиргааны актуудын улмаас зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн үндэслэл нь нэгэнт төр засгаас 8 дугаар цэцэрлэгийн байрны асуудлыг шийдвэрлэж өгч, улмаар барилга барьж өгсөн учраас бид тухайн байрт нүүж орж, хуучин байрыг бүр мөсөн актлан хаах ёстой байсан. Уг шинэ байрыг ашиглалтад авахдаа 8 дугаар цэцэрлэгийн байр гэж ашиглалтад авч, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ талаарх бичиг баримтууд нь бүрэн байгаа. Гэтэл аймгийн удирдлагууд хууль бусаар буюу өөрсдийнхөө хувийн эрх ашгийн үүднээс гаднаас 18 хүнийг шинээр ажилд авч, мөн шинээр баригдсан манай 8 дугаар цэцэрлэгийн барилгыг булааж авч, хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийг байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг ба энд хүүхдүүдийн /нийтийн/ эрх ашиг давхар зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл одоогийн ашиглалтын хугацаа нь дууссан, удаа дараагийн мэргэжлийн байгууллагын актаар үйл ажиллагаа явуулж болохгүй хэмээн дүгнэгдсэн барилгад хүүхдийг асран хүмүүжүүлэх явцад барилга нурах, элдэв өвчин тусах эрсдэл тулгарч байна. Нөхцөл байдал ийм байхад аймгийн удирдлагууд улсын байцаагчийн дээрх актуудыг үл тоомсорлож буюу биднийг ашиглалтаас гарсан байшинд цэцэрлэгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ёстой мэтээр үзэж шийдвэр гаргасан явдлыг бид үнэхээрийн ойлгохгүй байна. Түүнчлэн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-т ...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан байдаг ба мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагаа явуулж болохгүй хэмээн хэд хэдэн удаа дүгнэгдсэн барилгад хүүхдүүдийг хүмүүжүүлнэ гэдэг нь хүүхдийг эрхийг ноцтойгоор зөрчих бөгөөд төр, ялангуяа шүүх энэхүү асуудалд хайнга хандаж болохгүй хэмээн үзэж байна. Тухайн цэцэрлэгийн багш нар бид энэхүү асуудлын ард тууштай зогсох ба бүхий л аргаар тэмцэхээ энэ дашрамд илэрхийлж байна. Аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нарын гаргасан шийдвэрийг ажилчид бид 2016 оны 5 дугаар сарын 15-ны үед олж мэдсэн ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу шууд захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж болон түүнтэй холбоотой гарсан бусад шийдвэрүүдийг хүчингүй болгуулан бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А/226 дугаар захирамж гаргаж сургуулийн өмнөх боловсролын сургалт эхлэх тусгай зөвшөөрөл олгох буюу 13 дугаар цэцэрлэг байгуулах тухай захирамж гаргасан. Энэ захирамждаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ерөнхий заалт болох 29 дүгээр зүйлийн 29.1.5-ийн а дахь заалтыг, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалт, түүнчлэн аймгийн Боловсролын газрын шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, уг захирамжийг гаргаж, 13 дугаар цэцэрлэгийг байгуулсан. Гэтэл хуулийн29 дүгээр зүйлийн 29.1.5.-ийн б-д аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хуульд өөрөөр заагаагүй бол Хурлын шийдвэрийг үндэслэж орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургуулийг байгуулж, татан буулгах эрхтэй гэж заасан. Хурлын шийдвэр гэх асуудал энэ захирамж гарах үед ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй, өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтын дагуу Хурлын шийдвэр гараагүй байхад уг захирамжийг гаргаж, 13 дугаар цэцэрлэгийг байгуулсан байна. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.2- т ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэхэд дүгнэлт гаргаж аймгийн Засаг даргад санал болгоно гэж заасан. Гэтэл Боловсролын газраас санал болгосон асуудал байхгүй байна. Хэрэв аймгийн Засаг даргад санал болгосон тохиолдолд Хуралд танилцуулаад, Хурал шинэ тутам байгуулагдах гэж байгаа байгууллагын төсөв зардлын хэмжээг чуулганаар тогтоож өгөх ба үүний дараа Засаг дарга захирамж гаргах хууль эрх зүйн зохицуулалттайг зөрчсөн байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т зааснаар орон нутгийн өмчийн сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөх татан буулгахдаа аймгийн Боловсролын газрын дүгнэлтийг үндэслэж, аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ.

Гэтэл Боловсрол соёлын газрын дарга н.Иманмагзамын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай шүүхээс шаардсан албан бичгийн хариуд 8 дугаар цэцэрлэгийн бүлгийг 13 дугаар цэцэрлэг болгон өөрчлөн байгуулахад шинжээчийн хэсгийн дүгнэлт гараагүй болно гэсэн байдаг. Тэгэхлээр аймгийн Засаг даргын А/226 дугаар захирамж нь хууль зөрчсөн захирамж юм. Үүнийг дагаад аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр А/297 дугаартай захирамжаараа 13 дугаар цэцэрлэгт санхүүгийн нөхцөл бүрдүүлэх тухай захирамж гаргасан.

Захирамж гарангуут 8 дугаар цэцэрлэгийн жилийн эхэнд чуулганаар баталсан төсвийг хөндөж эхэлсэн. Чуулганы онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлыг ингэж захирамж гаргаж зөрчсөн. Тийм учраас аймгийн Засаг даргын А/226 дугаар захирамжийг дагаад А/297 дугаар захирамж хүчингүй болох ёстой. А/226 дугаар захирамж 04 дүгээр сард гарсан бөгөөд энэ тухай 8 дугаар цэцэрлэг мэдээгүй байсан ба А/297 дугаар аймгийн Засаг даргын захирамж гарснаар мэдэж өмнөх захирамжийг хөндөхөөс өөр арга байгаагүй.

Аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн 72 дугаар тогтоолын хувьд дээрх байдлаар Хурлаас тогтоол гараагүй байхад 702 сая гаруй төгрөгний үндсэн хөрөнгийг балансаас балансад буюу 8 дугаар цэцэрлэгийн эзэмшлээс 13 дугаар цэцэрлэгт шилжүүлж тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоол мөн адил эрх зүйн зохицуулалтыг зөрчиж гаргасан. Дараалалтай байх ёстой. Өөрөөр хэлбэл бид 13 дугаар цэцэрлэгийг байгуулж болох юм байна гээд Боловсролын газраас аймгийн Засаг даргад танилцуулаад, Засаг дарга Хуралд танилцуулж, Хурлаас төсөв хөрөнгийг шийдвэрлэсний дараа Засаг даргын захирамж гарах ёстой байсан. Энэ дарааллыг зөрчсөн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкей нь Хуралд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3/02/1081 дугаартай албан бичиг илгээсэн, энэ нь 8 дугаар цэцэрлэгээс тодорхой хөрөнгийг 13 дугаар цэцэрлэгт шилжүүлэхийг уламжилж байна гэсэн утгатай байна.

Ийнхүү 05 дугаар сарын 19-ний өдөр албан бичиг явуулсан байхад Хурал үүнээс нэг хоногийн өмнө буюу 05 дугаар сарын 18-ний өдөр тогтоол гаргаад асуудлыг шийдвэрлэсэн байдаг.

Тэгэхээр дээрх аймгийн Засаг даргын 2 захирамжийг дагаад Хурлын 72 дугаар тогтоол мөн адил хүчингүй болох ёстой. Хариуцагч нарын хариу тайлбараас үзэхэд К.Асемгүл нарын 3 иргэний эрх зөрчигдөөгүй гэсэн утгатай тайлбар бичсэн байна. 640 сая төгрөг 8 дугаар цэцэрлэгийн барилга баригдахад зориулагдаж, Цэргийн ангийн тэндээс газар худалдаж аваад 2 бүлэг ажиллуулах хэмжээний барилга барьсан. Гэтэл 8 дугаар цэцэрлэгийн 4-5 бүлэг, 1 давхар барилга бариад тэндээ хүмүүжиж байж байх боломжтой барилгыг эдгээр хүмүүс 2 бүлэг өргөтгөл бариад тэрнийг цэцэрлэг болгож өргөжүүлээд өөрсдийн хүмүүсээ ажилтай болгосон.

Миний мэдэхээр 150 сая хүрэх дайтай жижиг амбаар барьсан байна. Үлдсэн мөнгийг ашиглан шамшигдуулаад үүнийг нуухын тулд тэнд цэцэрлэг нэртэй барилга барьчихсан байгаа. Нийтийн эрх ашиг аргагүй эрхэнд зөрчигдөж байгаа тул эдгээр хүмүүс хууль бус гарсан захирамж, тогтоолыг хянуулах тухай нэхэмжлэл гаргаж байхад нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна гэсэн хариу өгөөд байгаа нь үндэслэлгүй байна. 8 дугаар цэцэрлэгийн бүлгийг 13 дугаар цэцэрлэг болгосноор С.Жанаргүл гэдэг хүн эрхлэгч болсон. Бид энэ хүнд ямар нэгэн байдлаар муу санасандаа нэхэмжлэл гаргасан асуудал байхгүй. Хууль зөрчиж гаргасан эрх бүхий албан тушаалтны эрхийн акт биелэгдэх явцдаа хэзээ ч тухайн эрхийн акт бусдын эрхийг ямар нэгэн байдлаар зөрчиж байдаг тул бид нэхэмжлэл гаргасан. Хуульд нийцээгүй эрхийн акт гарсан, энэ нь нийтийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн тул нэхэмжлэл гаргасан. Ийм учраас дээрх хууль бус эрхийн актуудыг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Шинээр байгуулагдсан 13 дугаар цэцэрлэг урьд нь Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг болон ажиллаж байсан бөгөөд 2016 онд 04 дүгээр сарын 14-ний өдөр тус салбар бүлэгт сургалт эрхэлсэн тусгай зөвшөөрөл олгон цаашид биедаасан цэцэрлэг болгон ажиллуулах болсон. Үүнтэй холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 13 дугаар цэцэрлэгийн өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж төсөв хөрөнгийг аймгийн Засаг даргын зүгээс зохицуулах асуудлыг тус тус шийдвэрлэсэн байна.

Шинээр цэцэрлэг байгуулснаар нэхэмжлэл гаргаж буй иргэдийн эрх ашгийг хөндөж, ажлын байр болон бусад хууль ёсны ашиг сонирхол хохирсон асуудал гараагүй юм. Дээрх шийдвэрүүд нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарахасуудал учир хууль зөрчсөн асуудал гэж үзэх боломжгүй. Анх аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 8 дугаар цэцэрлэг нь барилгын стандарт хангахгүй, хуучирсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу 1 дүгээр багт цэцэрлэг байгуулах шаардлага гарсан. 1 цэцэрлэг байгуулахад 640 сая төгрөг хуваарилагдсан, хувь хүнээс 54 сая төгрөгөөр газар худалдаж аваад цэцэрлэгийн барилга баригдсан ба эхэндээ 50 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж 8 дугаар цэцэрлэгийн бүлэг болгож ажиллуулсан. 8 дугаар цэцэрлэгийн нэг бүлгийн байрыг хуучин барилгад блокоор өргөжүүлээд ашиглалтад оруулсан боловч улмаар тэгж үйл ажиллагаа ялуулах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрээд 8 дугаар цэцэрлэгээс 25 хүүхдийг 13 дугаар цэцэрлэг рүү нүүлгээд 75 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан. Өлгий сумын 1 дүгээр багийн Наран шарлагын газар гэж нэрлэгддэг тэндэхийн айлын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзаж аймгийн Засаг дарга Боловсролын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу 13 дугаар цэцэрлэг байгуулсан. 13 дугаар цэцэрлэг байгуулсантай холбогдуулж төсөв шаардлагатай болсон тул 2016 оны эхний хагас жилийн батлагдсан төсвийн хагасыг А/297 дугаар захирамжаар 13 дугаар цэцэрлэгт шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ Хуралд хүсэлт тавиад Хурлаас тогтоол гарсан тул балансаас балансад шилжүүлсэн. Нэхэмжлэгч нар хүүхдүүдийн болон бидний эрх ашиг зөрчигдсөн гэж хэлж байна. 13 дугаар цэцэрлэг байгуулснаар хэн нэгний эрх ашиг зөрчигдсөн асуудал байхгүй. Харин ч олон хүн ажилтай болсон, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа олон хүүхэд цэцэрлэгт хамрагдсан байгаа. 13 дугаар цэцэрлэг байгуулсан захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь олон хүний эрх ашгийг хөндөж байна.

Аймгийн Засаг даргаас шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Боловсролын газрын шинжээчийн хэсгийн магадлан шинжилгээний дүгнэлтийг анх би шүүхэд гаргаж өгөх зорилгоор холбогдох албан тушаалтнуудаас асууж тодруулсан боловч ийм дүгнэлт гараагүй гэсэн хариу өгсөн. Энэ захирамж гарах үед би оролцоогүй байсан тул яагаад, ямар үндэслэлээр, юуг үндэслэж уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн мэтээр уг захирамжийг гаргасныг мэдэхгүй байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн хүрээнд орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2-ийн 3-д зааснаар орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэх бүрэн эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бөгөөд түүний чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид уг эрхийг хэрэгжүүлэхээр хуулиар олгогдсон юм.

Дээрх хуулийн заалтын хүрээнд аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналын дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоолоор Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгээс 13 дугаар цэцэрлэгт хавсралтад дурьдсан нэр бүхий 702.193.010 төгрөгнийүндсэн эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлсэн юм. Энэ нь 8 дугаар цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдын эрх ашгийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Хүүхэд хамгааллын асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ хол байрлах цэцэрлэгт зөөх нь өвлийн цагт хэцүү байдаг, 13 дугаар цэцэрлэгийг хэвээр нь байлгаж өгөөч гэсэн саналуудыг эцэг, эхчүүдээсгаргасан тул дээрх дугаар бүхий захирамж, тогтоолуудыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Баян-Өлгий аймагт хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа. 13 дугаар цэцэрлэг хаагдчихвал олон хүүхэд цэцэрлэгээс гарч, 10 хэдэн ажилчин ажилгүй болно. Ийм учраас 13 дугаар цэцэрлэг байх нь зөв гэж үзэж байна. 640 сая төгрөгөөр цэцэрлэг барьсан асуудлыг тусдаа холбогдох байгууллага нь шалгах байх. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэв.

Хариуцагч бөгөөд хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төлеубек шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Өлгий сумын 1 дүгээр багт баригдсан шинэ барилгыг анх барих үед 8 дугаар цэцэрлэгийн байр болгож барьсан. Улсын комисс хүлээж авах үед 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга байсан. 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тусгай зөвшөөрөл олгох тухай болон аймгийн Засаг даргын А\297 тоот захирамж нь хууль зөрчсөн байна. Учир нь аж ахуйн нэгж байгуулахаас өмнө Хурлын шийдвэр гарах ёстой байсан байна. Иймд хууль зөрчиж гарсан захирамжийг дэмжиж гаргасан Хурлын 2016 оны 72 дугаартай тогтоол мөн хууль бус гэж үзэж байна. Би Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг даргын хувьд уг цэцэрлэг байгуулагдах ажиллагааг сайн мэдэж байгаа. 8 дугаар цэцэрлэгт хүүхэд хүмүүжих боломжгүй байна гээд тухайн үед цэцэрлэг байгуулах шийдвэр гарч байсан. Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 640 сая төгрөгөөр 4 цэцэрлэг байгуулагдсан гэж хэлж байна. Уг мөнгөөр 4 биш 1 цэцэрлэг байгуулагдсан байгаа. Энд хэсэг хүний биш ард түмний хүүхдийн эрх ашиг яригдаж байна. 8 дугаар цэцэрлэгийн өргөтгөл гэж баригдсан тул хуучнаараа байсан нь дээр юм болов уу гэж бодож байна. Хурлын Тэргүүлэгчдэд хөрөнгө шилжүүлэх бүрэн эрх байгаа. Гэхдээ 13 дугаар цэцэрлэг нь анх 8 дугаар цэцэрлэгийн өргөтгөл болж баригдсан учраас Хурлын Тэргүүлэгчдийн 72 дугаар тогтоолтой холбоотой маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, уг тогтоолыг хууль бус гарсан гэж үзнэ гэв.

Гуравдагч этгээд Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай А/226 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Баян-Өлгий аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй, сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадалгүй, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурьдсанчлан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, 16.11-т заасан хүүхдийн ашиг сонирхлыг төр хариуцах тухай заалтууд зөрчигдөж байна.

Тийм учраас Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 8 дугаар цэцэрлэгээс гадна аймгийн Засаг даргын 2016 оны 04 сарын 14-ний өдрийн А/266 тоот Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж гарч, 13 дугаар цэцэрлэг байгуулагдсанаар 8 дугаар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, гэрийн нөхцөлд, төрийн хамгаалалтаас гадуур хоцорсон, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхүүд нь зөрчигдөж байгаа олон арван өрхийн хүүхдүүд нь шинээр байгуулагдсан 13 дугаар цэцэрлэгт хамрагдаж, тухайн хүүхдүүдийн зөрчигдөж ирсэн хууль ёсны эрх ашиг хэвийн байдалд орсон дэвшилтэд сайн үйл хэрэг болсон гэж ойлгож байна. Шинээр байгуулагдсан 13 дугаар цэцэрлэг нь манай аймагт байдаг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн офицер, ахлагч зэрэг цэргийн тусгай албан хаагчдын ажлын хотхоны, орон сууцны ойролцоо байгуулагдсанаар тэдний хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах, мөн 8 дугаар цэцэрлэгээс алслагдмал айлуудын хүүхдүүд гэрийн ойролцоо цэцэрлэгт хамрагдсанаар эцэг, эхчүүдийн мөн хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэх, цэцэрлэгээс авахад нь цаг хугацаа, унаа хөлсний хувьд зардал багатай, хэмнэлттэй, ард түмний хүсэл зориг, ашиг сонирхолд бүрэн нийцсэн үйл ажиллагаа болсон юм. Аймгийн Засаг даргын 2016 оны 04 сарын 14-ны өдрийн А/226 дугаар захирамжаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 13 дугаар цэцэрлэг байгуулсан явдал нь Өлгий сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй 8 дугаар цэцэрлэгийн ямар нэгэн ашиг сонирхлыг хөндөөгүй, харин ч тухайн багт цэцэрлэгийн хүрэлцээ муугаас цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг уг цэцэрлэгт хамруулснаар 8 дугаар цэцэрлэгийн хүчин чадлаас давсан хүүхдүүдийг бага ч гэсэн 13 дугаар цэцэрлэгт хуваан байршуулснаас тэдний ачааллыг багасгасан дэвшилтэд алхам болсоныг нэхэмжлэгч нар ухаарвал зохистой билээ. Өлгий сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ганц 8 дугаар цэцэрлэг байсан нь тухайн багт байгаа цэцэрлэгийн хүүхдүүдийг бүрэн хамааруулж чадаагүй, багийн захын айлуудаас алслагдмал цэцэрлэгийн шинэ барилга барьсан, орчны айл өрхүүдийн хүүхдүүд цэцэрлэгийн анги дүүргэлт бүрэн хангаж байгаа, тухайн орчинд шинээр цэцэрлэг барих нийгмийн шаардлага буй болсон, тухайн цэцэрлэг мөн 8 дугаар цэцэрлэгээс гадуур байгуулахыг оршин суугчид шаардсан, 13 дугаар цэцэрлэг байгуулагдах нь нэхэмжлэл гаргаж буй 8 дугаар цэцэрлэгийн 4 албан хаагчаас илүүтэй, нийт иргэдийн Өлгий сумын 1 дүгээр багт амьдарч буй сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн эрх ашигт нийцсэн, нийтийн эрх ашгийн биелэл болно.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн А/297 дугаар захирамж нь төсвийн хэвийн байдлыг хангаж ажиллахыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж гаргасан захирамж бөгөөд тухайн захирамж нь Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийн батлагдсан төсөв, санхүүгийн ажлыг ямар нэгэн байдлаар хөндөөгүй болно. Ажилчид нь цалингаа бүрэн авч байна. Баян-Өлгий аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 сарын 18-ний өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ асуудлын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 77-р зүйлийн 4-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид орон нутгийн өмчийг захиран зарцуулах бүрэн эрхтэй бөгөөд мөн хуульд заасны дагуу шинээр байгуулагдсан 13 дугаар цэцэрлэгт барилга шилжүүлсэн явдал хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 04-03-023/43 тоот актаар 8 дугаар цэцэрлэгийн хуучин байранд үйл ажиллагаа явуулж болохгүй талаар шийдвэр гарч, хаасан гэжээ. Гэтэл уг актаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар үйл ажиллагааг түр зогсоосон байна. Энэхүү актаар Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон, актад дурьдсан зөрчлийг арилгасны дараа үйл ажиллагаа явуулахыг шаардсан байгаа болохоос бус тухайн барилгыг актлаагүй, эд хөрөнгийн эрхийн улсынбуртгэлээс хасагдаагүй, барилгыг бүр мөсөн ашиглахгүй байх талаар эрхийн акт гараагүй гэж ойлгож байна. Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгт өнөөгийн байдлаар 5 бүлэгт 125 хүүхэд хүмүүжиж байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байх тул 13 дугаар цэцэрлэгийн байранд нүүж очиж, үйл ажиллагаа явуулахад цэцэрлэгийн байрны багтаамж, хүчин чадал, цэцэрлэгийн стандартад тохирохгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаан юуны өмнө нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юу, үгүй юу гэдэгт хариу өгөх учиртай.

Аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаар захирамж нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ийн а заалт, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6, Боловсролын газрын дэргэдэх шинжээчийн хэсгийн магадлан шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн 8 дугаар цэцэрлэгийн бүлгийг 13 дугаар цэцэрлэг болгон өөрчлөн байгуулж, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай олгосон захирамж байгаа. Нэхэмжлэгч нарын үзэж байгаагаар дээрх захирамж нь холбогдох хуулийн заалт зөрчсөн,хуулийн 29.1.5-ийн а заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл муутай байна. Учир нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д боловсрол, соёлын асуудлыг Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр зохицуулснаараа уг заалтыг баримталсан нь дээрх хуулийн заалт зөрчөөгүй байна . Боловсролын тухайн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6-д энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох гэсэн заалтыг баримталсан. Өөрөөр хэлбэл Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Үүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон тул хууль зөрчсөн асуудал байхгүй. Харин Боловсролын дэргэдэх шинжээчийн хэсгийн магадлан шинжилгээний дүгнэлтийг үндэслэсэн гэсэн боловч хавтаст хэрэгт уг дүгнэлт нь авагдаагүй байна. Боловсролын газрын дүгнэлт гарах асуудлыг Боловсролын тухай хуулийн  281.1.2, 30.1.3 дахь заалтаар шаардсан байдаг. Засаг даргын захирамжид дээрх дүгнэлтийг үндэслэн гэж заасан бол уг дүгнэлт байж л таарна. Өнөөдөр засаг төр солигдож тухайн үеийн шийдвэр гаргасан хариуцагч нар хариуцлагаас солигдож, уг дүгнэлтийг олоход хүндрэл учирч байна. Шинээр сонгогдсон хариуцагч нар үүнийг мэдэхгүй гэдгээ тайлбарлаж байна.

Нэгэнт Боловсролын газар шинжээчийн дүгнэлт гараагүй гэх үндэслэлээр Засаг даргын А/226 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэвэл 13 дугаар цэцэрлэг тусгайлан байгуулагдсан статистик мэдээ, судалгаа, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын хувьд Боловсрол, соёлын газраас үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийж, мэдээлэлтэй байсан нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Уг албан бичигт 8 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийг 13 дугаар цэцэрлэг болгож байгуулагдсантай холбоотой Боловсролын газраас шинжээчийн дүгнэлт гараагүй гэх мэдээлэл ирүүлсэн. Мөн Боловсрол, соёл, урлагийн газар нь дээрх хоёр цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж байнгын мэдээлэлтэй байж, 13 дугаар цэцэрлэг байгуулсныг хүлээн зөвшөөрсөн нь тус газрын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 139 дүгээр албан бичгээр нотлогдож байгаа. Уг албан бичигт 2016 оны 05 дугаар сарын байдлаар 13 дугаар цэцэрлэгт 75 хүүхэд 3 бүлэг, харин 8 дугаар цэцэрлэгт 5 бүлэг 125 хүүхэд байгаа тухай ирүүлсэн байдаг. Тэгэхээр энэ албан бичигт үндэслэвэл Боловсрол, соёл, урлагийн газар нь Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаар захирамжаар 13 дугаар цэцэрлэг байгуулсныг эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрсөн гэдгийг харуулж байна. Нөгөө талаар Боловсролын газрын дэргэдэх шинжээчийн хэсгийн магадлан шинжилгээний дүгнэлт гарсан ч байж магадгүй гэдгийг илтгэж байна. Дараагийн асуудал бол аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/297 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нар шүүхэд хандсан. Энэ захирамж нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг үндэслэл болгон шинээр байгуулагдсан 13 дугаар цэцэрлэг болон 8 дугаар цэцэрлэгийн төсвийн ажиллагаанд ямар нэгэн хүндрэл учруулахгүй байхыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан захирамж. Энэ захирамж нь нэхэмжлэгч нарын ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй учир уг захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын А/297 дугаар захирамж нь нэхэмжлэгч болон тэдгээрийн төлөөлөгчийн ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй байна. Дараа нь аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудал байгаа. Уг тогтоол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалт буюу орон нутгийн өмчийн талаар Хурлын бүрэн эрхийг зохицуулсан байгаа. Тухайн тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2-ийн 3-т зааснаар шинээр байгуулагдсан 13 дугаар цэцэрлэгт 8 дугаар цэцэрлэгээс 1 бүлэг болон 11 ажилтан шилжсэнтэй холбоотой хөрөнгө мөнгийг зохицуулсан байсан. Уг заалтад орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах, бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах, хувьчлах орон нутгийн эд хөрөнгийг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөж аймгийн Хурал батална гэж заасныг баримталсан. Энэ бол аймгийн Хурлын байгууллагад олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан хуульд нийцүүлэн гаргасан тогтоол. Үүнийг юугаар нотлох вэ гэвэл уг хуулийн 77 дугаар зүйлийн 2-ийн 3-т орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалах шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ гэж хуульчилсан. Энэ эрх хэмжээний дагуу Баян-Өлгий аймгийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 05 дугаар сарын 18-ний өдөр нэр бүхий үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай тогтоол гаргаж, 8 дугаар цэцэрлэгээс 13 дугаар цэцэрлэгт хавсралтад заасан 702193010 төгрөгийн үндсэн хөрөнгийг шилжүүлсэн. Үүнээс болж 13 дугаар цэцэрлэгийн эд хөрөнгийн эрх зөрчигдөөгүй. Хавсралтад заасан эд хөрөнгө 13 дугаар цэцэрлэгт шилжиж очсон хүмүүжүүлэгч нарын эдэлбэл зохих эргэлтийн хөрөнгө байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хуулиуд шинээр батлагдаад 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд 2 сар болж байна.Уг хуулиудын ерөнхий агуулга, зарчим нь нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэгэн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах, асуудлыг нийтийн эрх ашгийн үүднээс шийдвэрлэхэд оршиж байгаа. Тэгвэл өнөөдөр нийтийн эрх ашиг гэдэг үүднээс авч үзвэл Баян-Өлгий аймгийн 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа 13 дугаар цэцэрлэг нь тус багт үйл ажиллагаа явуулж байгаа 8 дугаар цэцэрлэгээс алслагдмал зайтай, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулж үйл ажиллагаа явуулж байгаа учраас нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр болсон. 13 дугаар цэцэрлэгийг 8 дугаар цэцэрлэгээс тусдаа байгуулснаар нэг бүлэгт стандартад зааснаас хэтэрсэн буюу өмнө нь 8 дугаар цэцэрлэг нь бүлэгтээ 30-35 хүүхэдтэй байсан нь нэг бүлэгт стандартад заасан 25 хүүхэд хамрагдаж, хүүхдэд ногдох ашигтай талбай, хүчилтөрөгчийн хэмжээ, нэг багшид ногдох хүүхдийн тоо зэрэг нь стандартад нийцсэнээр нийтэд ашигтай шийдвэр болсон. Зөвхөн Баян-Өлгий аймгийн хэмжээнд биш улс орны хэмжээнд цэцэрлэгийн асуудал хүндэрч байгаа тохиолдолд Баян-Өлгий аймагт тэр дундаа 1 дүгээр багт цэцэрлэг байгуулж өгсөн нь том бүтээн байгуулалт болсон. Бий болсон бүтээн байгуулалтаас ухрах нь зохисгүй бөгөөд энэ нь нийгмийг арагшаа татсан үйлдэл болно гэдгийг оролцогч нар ойлгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нарын хувийн болон нийтийн ямар нэгэн эрх ашиг зөрчигдөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан олон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Шинэ батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэдэн заалтыг дурдъя. Үүнийг шүүгч шийдвэр гаргахдаа үндэслэхийг хүсэж байна. Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д хэргийн оролцогч гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон. Тэгвэл нэхэмжлэгч гэж 17.3-т энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нэхэмжлэл гаргасан этгээдийг хэлнэ гэж заасан. Уг хуулийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн хуулийн этгээдээс захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн эрх ашгийг төлөөлөх эрх бүхий этгээдийг тооцохоор байгаа. Тэгэхээр өнөөдөр нэхэмжлэл гаргасан 3 этгээдийг хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан нэхэмжлэгч биш гэсэн дүгнэлтэд хүрч байна. Учир нь нэхэмжлэгч нарын ямар нэгэн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь нотлогдохгүй байна. Нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргалаа гэж бодоход нийтийн ямар эрх ашгийг хөндөж зөрчсөн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх болон бусад эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй. Тийм учраас шүүх шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөлүүдийг анхаарч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч, багш нар болох К.Асемгүл нарын 4 хүнээс тус шүүхэд аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/297 дугаартай Төсвийн хэвийн ажиллагааг хангах тухай захирамж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүсэж нэхэмжлэл гаргасан байна.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж болох ба нэхэмжлэгч А.Баршын нь шүүхэд гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа илэрхийлж, энэ талаар бичгээр мэдэгдсэн[1] тул нэхэмжлэгч А.Баршын нь тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/297 дугаартай Төсвийн хэвийн ажиллагааг хангах тухай захирамж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Бусад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шүүх дараахь үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6-д тус тус зааснаар аймгийн Засаг дарга нь орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд байна.

Эрх бүхий этгээдийн хувьд Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А/226 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж[2] гаргаж, Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийг хүүхдийн 13 дугаар цэцэрлэг болгон өөрчлөн байгуулж, сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 4 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэсэн байжээ. Үүний дагуу шинээр байгуулагдсан хүүхдийн 13 дугаар цэцэрлэг нь 75 хүүхэдтэйгээр, 8 дугаар цэцэрлэг нь 125 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулсан буюу энэхүү шийдвэр гарахаас өмнө хүүхдийн 8 дугаар цэцэрлэг нь 200 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ийн б-д аймгийн Засаг дарга нь ... тухайн орон нутгийн өмчит ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулийг байгуулах , өөрчлөн байгуулахад Хурлын шийдвэрийг үндэслэхээр заасан байх ба энэхүү захиргааны актыг гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтын дагуу аймгийн Хурлын байгууллагаас хүүхдийн 13 дугаар цэцэрлэг байгуулах тухай шийдвэр гараагүй байхад Хурлын шийдвэрийг үндэслэн цэцэрлэг байгуулах тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад маргасан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь, хуулийн дээрх зохицуулалтад аймгийн Засаг дарга ерөнхий боловсролын болон мэргэжлийг сургууль байгуулахад Хурлын шийдвэрийг үндэслэхээр заасан ба Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль байна гэж, Бага, дунд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Бага, дунд боловсролын байгууллага нь ерөнхий боловсролын сургууль, боловсролын арга зүйн байгууллагаас бүрдэнэ гэж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Цэцэрлэг нь сургуульд элсэхийн өмнөх насны бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана гэж зааснаас үзэхэд цэцэрлэг нь ерөнхий боловсролын сургуульд хамаардаггүй байх ба цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль зэрэг нь нэг нь сургуулийн өмнөх, нөгөө нь сургуульд элссэний дараах бага, дунд боловсролын сургалтыг эрхлэх тус тусын бие даасан сургалтын байгууллагууд байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй байна.

Харин аймгийн Засаг дарга цэцэрлэг байгуулах эрх бүхий этгээдийн хувьд энэ талаар шийдвэр гаргахдаа Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3-т тус тус зааснаар аймгийн Боловсролын газрын дүгнэлтийг үндэслэх бөгөөд маргаан бүхий захиргааны актад аймгийн Боловсролын газрын дэргэдэх шинжээчийн хэсгийн магадлан шинжилгээний дүгнэлтийг үндэслэснээр тусгасан боловч Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийг байгуулах үед дээрх байдлаар шинжээчийн дүгнэлт гараагүй нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай албан бичиг[3], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон ба энэ асуудлаар хариуцагч талаас маргаагүй болно. Иймд аймгийн Засаг даргаас хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийг байгуулах үед Боловсролын газраас дүгнэлт гараагүй буюу дүгнэлтийг үндэслэх тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж, цэцэрлэг байгуулах тухай шийдвэр гаргасан гэж үзэхээр байгаа ба энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй.

Гэвч эрх бүхий этгээдээс ийнхүү Өлгий суманд үйл ажиллагаа явуулах шинээр 13 дугаар цэцэрлэг байгуулж, тус байгууллагад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэхдээ дээрх байдлаар Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж гаргасан уг шийдвэр нь нэхэмжлэгч нарын хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр биш байна.

2. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Дээрх байдлаар хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн 3 бүлгийн 75 хүүхдийг хамааруулсан хүүхдийн 13 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдсанаар Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаартай тогтоол гаргаж[4], Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн балансад байсан үндсэн хөрөнгөнөөс 702.193.010 төгрөгний үндсэн хөрөнгийг хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлсэн байх ба үүнд 629.500.830 төгрөгний үнэтэй шинээр баригдсан байшингийн хамтаар газар, цахилгаан хэрэгсэл, тавилга эд хогшил болон нэр бүхий бусад үндсэн хөрөнгө орсон байжээ.

Нэхэмжлэгч талаас хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн балансад байсан 629.500.830 төгрөгний үнэтэй шинээр баригдсан байшинтай холбогдуулж, уг барилгыг хүүхдийн 13 дугаар цэцэрлэгт шилжүүлснээр хүүхдийн 8 дугаар цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн ажлын байргүй болсон, нийт ажилчдын эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04-03023/43 дугаартай актаар хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн хуучин байранд үйл ажиллагаа явуулж болохгүй талаар шийдвэр гарч хаасан, ашиглалтын хугацаа дууссан, ийм барилгад хүүхэд хүмүүжүүлэх нь хүүхдийг эрхийг ноцтойгоор зөрчинө гэх үндэслэлүүдээр, харин бусад үндсэн хөрөнгийн хувьд шинээр баригдсан барилгад хүүхэд хүмүүжүүлэх үйл ажиллагаанд зориулж, хүүхдийн 8 цэцэрлэгийн төсвөөс зарцуулж бусад үндсэн хөрөнгө авсныг 13 дугаар цэцэрлэгт шилжүүлснээр 8 дугаар хүүхдийн цэцэрлэгийн төсөв хэтрэх, өр үүсэх нөхцөл байдал үүссэн, энэ нь тухайн байгууллагын нягтлан бодогч болох нэхэмжлэгч К.Асемгүлд хариуцлага тооцох үндэслэл болно гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны актаар хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлсэн гэх шинээр баригдсан барилга нь анх Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгт зориулж баригдсан, 50 хүүхэд хүмүүжүүлэх багтаамжтай, 2014 оны 11 дүгээр сарын 14-нд ашиглалтад орсон[5], 2014, 2015 онуудад үндсэн хөрөнгийн тайлангаар тус 8 дугаар хүүхдийн цэцэрлэгийн балансад бүртгэгдсэн[6]байжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын 1999 оны 29 дугаартай Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын хавсралтаар Өлгий сумын хүүдийн 8 дугаар цэцэрлэгийн эд хөрөнгө нь цогцолбороороо орон нутгийн өмчид шилжсэн байх ба 2014 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн уг барилга нь орон нутгийн өмчийн зүйл байна.

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар орон нутгийн өмч нь нийтийн өмчид хамаарах ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар аймаг өмчлөгч байна гэж, , Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймаг, сумын өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байна гэж, Хурал нь 77 дугаар зүйлийн 2-т зааснаар орон нутгийн өмчийг захиран зарцуулах, мөн зүйлийн 2 дах хэсгийн 3-д зааснаар бусдад шилжүүлэхэрхтэйг, уг эрхийг 77 дугаар зүйлийн 4-т зааснаар тухайн Хурлын хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлэхээр тус тус заажээ.

Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэг байгуулахаар шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2016 оны А/226 дугаартай захирамж нь хэдийгээр дээрх байдлаар Боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж гарсан боловч эрх бүхий этгээдээс гаргасан, үйлчлэл нь хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар хангах нь төрийн үүрэг тохиолдолд аймгийн Хурлын байгууллагаас Монгол улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн а-д заасан орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаартай тогтоол гаргаж, Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн эзэмшилд байсан үндсэн хөрөнгөнөөс 702.193.010 төгрөгний үндсэн хөрөнгийг шинээр байгуулагдсан хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нараас 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04-03023/43 дугаартай улсын байцаагчийн актыг[7]шүүхэд нотлох баримтаар гаргаж, уг актын дагуу хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн хуучин барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч, ажлын байргүй болсон гэх маргааныг шүүх дараах байдлаар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Үүнд, Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж буй хуучин гэх барилга нь хэрэгт авагдсан тухайн барилга байгууламжийн бүртгэлээс[8] үзэхэд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа нь 60 жилээр тусгагдсан, хугацаа нь дуусаагүй барилга байх ба улсын байцаагчийн актаар уг барилгыг ашиглалтын хугацаа дууссан гэх шалтгаанаар тухайн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж шийдвэрлээгүй, актын тогтоох хэсгээс үзэхэд актад дурьдсан ...зөрчил арилах хүртэлх хугацаагаар 8 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон шийдвэр байна.

Улсын байцаагчийн 04-03023/43 дугаартай акт нь маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 72 дугаартай тогтоол гарсны дараа гарсан байх ба уг актын агуулга болон тухайн актыг гаргасан улсын байцаагч К.Күлашхан[9], 8 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч З.Харлыга нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгээс[10] үзэхэд хүүхдийн 8 дугаар цэцэрлэг нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд актад дурьдсан зөрчлийг арилгах, уг зөрчлүүдийг арилгасан нөхцөлд тухайн барилгадаа үйл ажиллагаа явуулах боломжтой, улсын байцаагчийн акт нь цэцэрлэгийн үйл ажиллагааг бүр хаасан, тухайн барилгыг ашиглалтын хугацааг дууссан гэж дүгнэсэн шийдвэр биш байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байна.

Хүүхдийн 8 дугаар цэцэрлэг нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болон 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон шинэ, хуучин 2 барилгад нийт 200 хүүхэдтэйгээр, үүнд хуучин гэх барилгад 125, шинээр баригдсан гэх барилгад 75 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь нэхэмжлэгч нарын тайлбар болон, гэрч хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.Харлыгагийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба шинэ барилгад хүмүүжигдэж байсан хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн 3 бүлгийг 13 дугаар хүүхдийн цэцэрлэг болгож өөрчлөн байгуулсан, ингэснээр 8 дугаар цэцэрлэгийн эзэмшилд байсан шинэ барилгыг 13 дугаар цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлснээр шинэ, хуучин тухайн барилгад анх хүмүүжигдэж байсан хүүхдүүд нь хэвээр байгаа нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д зааснаар багш нь ...хүүхдийн сургалтын ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох эрхтэй боловч аймгийн Хурлын байгууллагаас 72 дугаартай тогтоол гаргаж нэг байгууллагын эзэмшлээс нөгөө байгууллагын эзэмшилд хөрөнгө шилжүүлсэн нь анхнаасаа хуучин барилгад хүмүүжиж байсан Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн 125 хүүхдийн эрх ашиг, эрүүл, аюулгүй орчинд хүмүүжих орчин, мөн тухайн барилгад ажиллаж байсан нэхэмжлэгч нарын ажлын байрны ажиллах орчин, нөхцөлийг хөндсөн гэж үзэхээргүй байна.

3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/297 дугаартай Төсвийн хэвийн ажиллагааг хангах тухай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээрх байдлаар Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдаж, уг байгууллагад аймгийн Хурлын байгууллагаас 702.193.010 төгрөгний үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлж шийдвэрлэсэнтэй холбогдуулж, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-д заасан төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах эрх хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргаас энэхүү шийдвэрийг[11] гаргах замаар тус 13 дугаар цэцэрлэгийн төсвийн бололцоог бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст, төсвийг үр ашигтай зарцуулахыг тус цэцэрлэгийн эрхлэгчид тус тус үүрэг болгож шийдвэрлэжээ.

Сургуулийн өмнөх боловсролын чиг үүрэг нь Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан аймгийн Засаг даргын орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүргийн нэг бөгөөд 61.3-т зааснаар төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр аймгийн Засаг дарга санхүүжилтийн хуваарилалт хийх саналаа орон нутгийн төсвийн төслийн хамт бэлтгэх, хуульд заасан хугацааны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх эрхтэй юм.

Хүүхдийн 8 дугаар цэцэрлэг нь 200 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан үед аймгийн Хурлын 2015 оны 63 дугаартай Аймгийн 2016 оны төсвийг батлах тухай тогтоолоор 361.424.4 төгрөгөөр тус байгууллагын төсвийг баталсан байх ба тус цэцэрлэгийн 3 бүлгийг 13 дугаар цэцэрлэг болгон байгуулж, төсвийн хэвийн үйл ажиллагааг хангах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаар Хурлын байгууллагын 2016 оны 71 дугаартай Аймгийн 2016 оны орон нутгийн төсвийн тодотгол батлах тухай тогтоолоор Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн төсвийг 291.820.1 төгрөгөөр тогтоосон буюу хүүхдийн 8,13 дугаар цэцэрлэг нь 125 болон 75 хүүхэдтэйгээр тус тус үйл ажиллагаа явуулахад шаардагдах төсвийг хуваарилсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, ном, гарын авлага болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомоор хангах зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг хүүхдэд ноогдох нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан. Маргаан бүхий захиргааны акт гарснаар Хурлын байгууллагаас 8 дугаар цэцэрлэгийн төсвийг дээрх байдлаар хуваарилсан нь хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн төсөв хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсэж, өр гарсан, энэ нь тухайн байгууллагын нягтлан бодогчоор ажилладаг нэхэмжлэгч К.Асемгүл өөрт нь хариуцлага тооцох үндэслэл бий болно гэж маргаж байгаа боловч байгууллагын нягтлан бодогч нь хуульд заасны дагуу байгууллагын төсвийг зүй зохистойгоор зарцуулсны улмаас буюу өөрийн буруугүйгээр төсөв батлах, хуваарилах эрх бүхий этгээдүүдийн шийдвэрийн улмаас хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн төсөв хүрэлцэхгүй болох, өр үүсэх нь түүнд хариуцлага тооцох үндэслэл болж, эрх ашиг нь хөндөгдөнө гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд энэ нь 13 дугаар цэцэрлэгийн төсвийн хэвийн ажиллагааг хангасан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд 200 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн 3 бүлгийн 75 хүүхдийг хамааруулж, эрх бүхий этгээдээс 13 дугаар цэцэрлэг байгуулахаар шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгосон нь, улмаар цэцэрлэгийн төсвийн хэвийн үйл ажиллагааг хангаж шийдвэрлэсэн нь, цэцэрлэг нь зориулалтын барилга байгууламжтай байх, түүний ажиллах нөхцөлийг хангах үүднээс Хурлын байгууллагаас орон нутгийн өмчийн зүйлсийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх эрх хэмжээний хүрээнд 8 дугаар цэцэрлэгийн эзэмшлээс 13 дугаар цэцэрлэгийн эзэмшилд тухайн байгууллага үйл ажиллагаа явуулахад шаардагдах 702.193.010 төгрөгний үндсэн хөрөнгө шилжүүлсэн нь нэхэмжлэгч нарын хуульд заасан тухайлбал хөдөлмөрлөх, албан тушаалын цалинг авах, 8 дугаар цэцэрлэгийн багш, нягтлан бодогчийн ажлын байранд ажиллах эрхийг зөрчөөгүй, тус цэцэрлэгийн хүүхдүүдийн хүмүүжих өмнөх орчин, эрх ашиг, нэхэмжлэгч нарын ажлын байрны орчин, нөхцөлийг хөндөөгүй байна. Түүнчлэн хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн хуучин гэх барилгын ашиглалтын хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч нар ажлын байргүй болоогүй, одоогоор тус барилгад үйл ажиллагаагаа хэвээр явуулж байгаа, уг барилга нь зориулалтын бус барилга байгаа тохиолдолд хуульд заасан журмаар зохих газарт санал хүсэлт гаргаж, 125 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулахад зохих шаардлага хангасан барилгатай болох асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан ба маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн нь, зөрчигдөж болзошгүй нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргасан, захиргааны байггууллагын хууль бус шийдвэрүүд нь ямар нэгэн байдлаар хэн нэгний эрх ашгийг зөрчинө гэж тайлбарласан боловч нийтийн ямар эрх ашгийг хэрхэн зөрчсөнийг тодорхойлоогүй, түүнчлэн нэр бүхий нэхэмжлэгч нар нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд биш байгааг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн багш А.Баршын нь тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/297 дугаартай Төсвийн хэвийн ажиллагааг хангах тухай захирамж, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.

2. Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн а, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 77 дугаар зүйлийн 4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч, багш нар болох К.Асемгүл, К.Ботакөз, Х.Алмагүл нарын тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/297 дугаартай Төсвийн хэвийн ажиллагааг хангах тухай захирамж, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 


[1] Хэргийн 77 дугаар хуудас

[2] Хэргийн 28 дугаар хуудас

[3] Хэргийн 104 дүгээр хуудас

[4] Хэргийн 23-25 дугаар хуудас

[5] Хэргийн 16-17 дугаар худсанд авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт

[6] Хэргийн 142 дугаар хуудас

[7] Хэргийн 10 дугаар хуудас

[8] Хэргийн 143-144 дүгээр хуудас

[9] Хэргийн 158-159 дүгээр хуудас

[10] Хэргийн 167-169 дүгээр хуудас

[11] Хэргийн 29 дүгээр хуудас