Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 002

 

      Ц.Алтанзагаст холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0047/Э

Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                          

           Шүүх хуралдаанд:

          Прокурор                                                      Ц.Сувдаа

           Ялтан                                                           Ц.Алтанзагас

           Ялтны өмгөөлөгч                                         П.Ган-Очир

           Хохирогч                                                       Л.Алтангэрэл                                                                                        Хохирогчийн өмгөөлөгч                               Р.Цэрэнханд

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Алтанзагаст холбогдох 201506000047 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Ц.Алтанзагас, хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Гэгээн овогт Цагаанчулууны Алтанзагас, 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын булаг баг Баян замын 1-1 тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 02 сарын 11-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РЮ85122419 регистрийн дугаартай.

             Ц.Алтанзагас нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат багт амь хохирогч А.Наранбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүнийг хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор:

Ц.Алтанзагасыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтанзагасыг 14 /арван дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ц.Алтанзагаст оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Алтанзагасын цагдан хоригдсон 89 /наян есөн/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Алтанзагасаас 2.228.470 төгрөг гаргуулж хохирогч Булган аймгийн Хялганат тосгоны Нарсны задгайн 2 тоотод оршин суух Л.Алтангэрэлд олгож, сэтгэл санааны хохирол болон оршуулгатай холбогдсон зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр хязгаарлагчтай хар хөх иштэй хутга нэг ширхэг, шаргал өнгийн хүрэм, шар өнгийн юүдэнтэй цамц, цагаан өнгийн богино ханцуйтай цамц зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Ц.Алтанзагаст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний ял эдлэх хугацааг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Алтанзагас давж заалдах гомдолдoo: “...Хажуу айлд ороод мэнд солиод, тамхи асуугаад өгсөн цайг уугаад ойр зуурын үг солисон. Тэнд 4-5 хүн байсан. Би тамхи асуухад бүгд л байхгүй гэсэн. Харин хохирогч Наранбаатар нь уурлаад намайг хараасан. Хажууд нь очиж суугаад яасан гэнээ гэтэл намайг толгой, нүүр болон шанаа, эрүү рүү цохисны улмаас цус гарч би зодолдсон...айлгах гэж хутга аваад далайж буулгасан боловч юу болсныг мэдээгүй тэр гараад зугтаж байсан. Би айлгаж хол хөөгөөгүй ч хохирогчийн ээжид нь үнэнээсээ хүүгийнх нь тухай хэл хүргэсэн...олон хүн гэрч нар байсан боловч бүгд нэг хүн шиг мэдүүлэг өгсөн … эмнэлэгт ирсэн цаг, нас, нөхцөл…хутга ямар өнгөтэй байгаа зэргийг зөрүүтэй мэдүүлсэн. Хохирогч явж чадахгүй, бид нарыг байж байхад ирээд явж чадахгүй байсан гэж зөрүүтэй мэдүүлсэн. Мөн миний хохирогчтой маргалдсан шалтгаан, хохирогчийн хэлсэн үг яриаг дурсаагүйгээс гадна зодолдож байсныг хараагүй, мөн хохирогчийг хэдэн цагт эмнэлэгт ямар хугацаанд явж ирсэн гэх зэрэг олон зүйл тодорхой бус байна. Түүнчлэн хохирогчийн биед хүрсэн хутга биш, шинжилгээнд өгсөн цусны зүйл байгаагүй зэрэг байдлыг үл ойшоон 14 жилийн ял өгч байгаад гомдолтой байна” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдoo: “…Гэрч Хэрлэн  удаа мэдүүлэг өгөхдөө амь хохирогч Наранбаатар нь ялтантай хэрүүл маргаан хийгээгүй, ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэдгийг мэдүүлсэн,

гэрч Жавхлан, Баяржавхлан нар мөн л амь хохирогч нь ялтантай хэрүүл маргаан хийгээгүй, хутгалах үед нь ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй гэдгийг гэрчлэн мэдүүлсэн байдаг бөгөөд харин амь хохирогч нь хутгалуулсныхаа дараа гэрээс ялтантай ноцолдоод гарч ирсэн гэдгийг мэдүүлсэн байна.

Насанд хүрээгүй гэрч Золбоо мэдүүлэхдээ “сууж байсан Наранбаатар руу очоод ноцолдсон, хүмүүс гараад гүйсэн бид нарын араас Загасаа гэдэг хүн нүүр нь цус болсон гартаа ямарыг нь мэдэхгүй хутга бариад хөөсөн” гэх мэдүүлэг, гэрч ялтны дүү Лхагва-Очир “…ах гэрээс хохирогчтой ноцолдож гарч ирээд газар унасан босож ирэхдээ духнаас нь цус гарсан байсан” гэжээ.

2016 оны 02 сарын 21-нд ялтан Алтанзагасын биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн байна.

Энэ бүх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд ялтан Ц.Алтанзагас нь тамхи асуухад өгөөгүй гэсэн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг танхай сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна…иймд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж…шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү…” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ялтан Ц.Алтанзагас нь “…хохирогч Наранбаатар намайг толгой, нүүр болон шанаа, эрүү рүү цохисны улмаас цус гарч би зодолдсон....олон гэрч нар байсан боловч бүгд нэг хүн шиг мэдүүлэг өгсөн … эмнэлэгт ирсэн цаг, нас, нөхцөл…хутганы өнгө, хохирогчийг явж чадахгүй байсан талаар зөрүүтэй мэдүүлсэн...зодолдож байсныг хараагүй, хутга биш, шинжилгээнд өгсөн хутганд цусны зүйл байгаагүй” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:

Ц.Алтанзагас нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр баг Нарсны 2 тоотод оршин суух иргэн С.Жавхлангийн гэрт “тамхи өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч А.Наранбаатарын халаасыг нь ухан, улмаар түүнтэй маргалдах явцдаа нуруун тус газарт нь хутгалж санаатай алсан болох нь

хэрэг учралын газарт болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

гэрч Ө.Хэрлэнгийн “…Загасаа нь Наранбаатараас тамхи байна уу гэтэл Наранбаатар байхгүй гэтэл Наранбаатарын халаасыг тэмтэрч үзээд чамд байгаа гээд чи намайг мэдэхгүй байна даа, би хүний ар нуруунаас хутгалдаг хүн шүү гээд байсан…дүү Лхагваа нь орж ирсэн…Загасаа шургуулганаас хутга аваад Наранбаатарыг толгойноос нь дарж байгаад ар нуруу руу нь нэг удаа хутгалсан…” гэх /хх 29-30/,

гэрч Э.Баяржавхлангийн “…Наранбаатарын зүүн халаас руу нь гараа явуулсан…Наранбаатар болиоч гэсэн…Лхагваа орж ирээд байж байтал…Загасаа шургуулганаас хутга аваад Наранбаатарын нуруу руу нь хутгалсан…Наранбаатарыг тамхи өгсөнгүй гэж Загасаа хэрэлдэж байгаад хутгалсан…” гэх /хх 31/, гэрч С.Жавхлан /хх 33/, насанд хүрээгүй гэрч Т.Золбоо /хх 38/ нарын мэдүүлгүүдээс гадна

тухайн үед гаднаас орж ирсэн Ц.Алтанзагасын дүү гэх гэрч Ц.Лхагва-Очирын “…би хутгалсныг нь мэдээгүй…тэр хоёр гэрээс гарсны дараа давхралдаж унаад босож ирэхдээ духнаас нь цус гарсан байсан…зодоон цохион болоогүй…” гэх /хх 47/ мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 13 дугаартай “…цээжний хөндийд нэвтэрсэн нуруу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь үхэлд хүргэжээ…нуруу хэсгийн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ…” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн Ц.Алтанзагасын хууль бус /нуруун тус газарт нь хутгалж буй/ санаатай үйлдэл ба амь хохирогч А.Наранбаатарын үхлийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байх ба хохирогч нь гэмт үйлдэл төгс үйлдэгдсэнээс хойш хэсэг хугацааны дараа нас барсан нь хүнийг санаатай алах гэмт хэргийг бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Мөн түүний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх цэнхэр өнгийн иштэй хутгыг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийж байшингийн дээвэр дээр зоолттой байхад нь хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан /хх 10-11, 18/ нь тогтоогдож байна.

Түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогч А.Наранбаатарыг мотоциклоор эмнэлэгт хүргэж өгсөн гэх гэрч Ж.Энхбаатар нь “…12 цаг байхаа...би эмнэлэг рүү оруулаад хүлээн авах дээр нь хүлээлгэж өгсөн…гадуур хувцсыг нь тайлтал нуруу нь цус болчихсон байсан…гараад явтал цагдаа Оюунгэрэл эмнэлгийн гадаа байж байсан” гэж,

гэрч М.Түмэннаст нь “…12 цаг 05 минутанд Энхбаатар, Оюунгэрэл цагдаа нарын авч орж ирсэн 20 орчим насны эрэгтэй хүнд үзлэг хийхэд баруун далны доод хэсэгт хутгалуулсан шархтай…байсан…” гэж /хх 27-28/ тус тус мэдүүлсэн байх тул ялтны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

Ц.Алтанзагаст холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн,

амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, гэрч, хохирогч нараас хуулийн дагуу мэдүүлэг авч, хэрэгт ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нь “…ялтан Ц.Алтанзагас нь хохирогчийг танхайн сэдэлтээр үл ялиг зүйлээр шалтаглан санаатай алсан гэж үзэх үндэслэлтэй тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчлэхээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаана уу…” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэрэг учрал болох үед байсан гэрч Ө.Хэрлэн, Э.Баяржавхлан, С.Жавхлан, Т.Золбоо нарын мэдүүлгүүдээс дүгнэхэд Ц.Алтанзагас нь тухайн үед гэрт байсан хүмүүсээс тамхи нэхсэн…мөн амь хохирогч А.Наранбаатараас тамхи нэхэж, халаас руу нь гараа хийсэн…А.Наранбаатар түүний гарыг нь барьсан…улмаар хоорондоо маргалдсан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд Ц.Алтанзагас нь хувийн таарамжгүй харьцаа буюу хувийн сэдэлтээр дээрхи гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцүүлэн Ц.Алтанзагасын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д байцаан шийтгэх ажиллагааны зардалд өмгөөлөгчид төлсөн зардлыг хамааруулсан /төрөөс өмгөөлөгч оролцуулах явдлыг хангасантай холбогдон гарсан зардал/ бөгөөд харин иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь дээрх зардалд хамаарахгүй.

Иймд ялтан Ц.Алтанзагас, хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг Ц.Алтанзагасаас гаргуулахаар шийдвэрлэснийг хууль буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж зөвтгөн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Л.Алтангэрэл нь шийтгэх тогтоолд дурьдсанаар сэтгэл санааны хохирол болон оршуулгатай холбогдсон зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “…2.228.470 төгрөг…” гэснийг “…1.728.470 төгрөг…” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Ц.Алтанзагас, хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                        ШҮҮГЧИД                                     С.ЦЭЦЭГМАА        

                                                                              С.УРАНЧИМЭГ