| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0356/Э |
| Дугаар | 408 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Д холбогдох эрүүгийн 1806 0024 50335 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дагсалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ж.Д, /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.Д нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Болор Туул амралтын газарт иргэн М.Ж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч М.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны шөнө би найз Түвшинбаяр, Төмөрхуяг нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Болор туул амралтын газарт очиж амарсан. Уг амралт дээр байх бааранд найз Түвшинбаярын хамт орсон. Түвшинбаяр юманд явчихаар нь би араас нь дуудтал сонсохгүй болохоор нь түүний араас шүгэлдтэл над дээр үл таних 40 орчим насны согтуу ах ирээд чи хаана яагаад байгаа юм бэ, энд шинэ жил болж байна гээд уурлаад байхаар нь би ахаа энд юм сонсогдохгүй байна, би найзыгаа дуудаад гэтэл гэнэт шууд нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгтэл манай найз Түвшинбаяр цаанаас гүйж ирээд, ахаа та гэтэл найзыг маань мөргөөд унагаачихсан. Миний уруул дотор хэсэгтээ язарч цус их гарсан. Нийт 340.000 төгрөгийн зардал надаас гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,
Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би хэсэг найзуудын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Болор туул амралтын газарт очиж амарсан. Маргааш орой нь буюу 2017 оны 12 сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд би найз Жигүүрийн хамт уг амралтын газрын ресторан руу юм авахаар орсон. Дотогш ороод би үүдэнд Жигүүрийг үлдээгээд цааш өөрөө яваад нэг шил архи, ундаа аваад буцаад ирж байхад найз Жигүүрийг үл таних 40 гаруй насны ах мөргөж унагааж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод ,юу болж байна гээд салгах гэтэл уг ах намайг мөргөсөн. Миний бодлоор бүгд л согтолт гайгүй байх шиг байсан. Надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹642 дүгнэлтэд “М.Ж дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт тогтоогдлоо. …хөнгөн зэрэг болно” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ж.Д нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Болор Туул амралтын газарт иргэн М.Ж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.Д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.