| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0357/Э |
| Дугаар | 409 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.О холбогдох эрүүгийн 1706 0260 10302 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 1 дугаар сарын -ны өдөр аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Л.О, /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Л.Оч нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найз Н.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017оны 10 сарын 04-ний өдөр би найз Очирхүү, Одхүү, Болороо, Ц.Уранзаяа бид 5 Сансарт караокед орж тэндээ архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад шөнийн 02 цагийн үед гараад Гачууртад байдаг Одхүүгийн гэрт очихоор болоод Сансарын тэндээс такси барьж Гачуурт орохоор явсан. Харих замдаа Очирхүү согтуу, манай найз охин Ц.Уранзаяаг хэл амаар доромжилоод байхаар нь би найз охиноо өмөөрч Очирхүү бид хоёр машинд маргалдсан чинь таксины жолооч замын хажуу руу зогссон. Тэр үед Очирхүү бид хоёр машинаас бууж дахин маргалдсан чинь Очирхүү шууд миний зүүн нүд болон толгой руу цохисон. Одхүү хажууд байсан болохоор бид хоёрыг салгасан. Тэгсэн миний толгой хагарсан цус гараад тогтохгүй байхаар нь Гачууртын эмнэлэг орж оёдол тавиулаад дараа нь гэмтэл орж үзүүлсэн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баттогтох, Уранзаяа, Очирхүү гурав над руу залгаад Сансарт караокед хүрээд ир гэхээр нь би эхнэр Энхболорыг дагуулж, байгаа газар нь очоод сууж байгаад гарч Гачууртад байдаг манай гэр рүү такси барьж явсан. Тэгтэл машин дотор Баттогтох, Очирхүү хоёр Уранзаяагаас болж маргалдаад байхаар нь би машиныг зогсоосон чинь Баттогтох, Очирхүү хоёр машинаас буугаад хоорондоо маргалдаад барилцаад авсан. Би салгах гэтэл надад дийлдэхгүй сүүлдээ Очирхүү газраас чулуу аваад, Баттогтохын толгой хэсэг рүү нэг удаа цохисон чинь цус гарч сүүлдээ цус гараад тогтохгүй байхаар нь бид нар ойрхоноор нь Гачууртын эмнэлэгт авчирч үзүүлсэн чинь толгой нь хагарсан байна гээд оёдол тавиулсан. Баттогтох “Очирхүү надад өөрөө 100.000 төгрөг өгсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹163 дүгнэлтэд “Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Н.Б биед хуйханд шарх гэмтэл учирчээ. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 31-32 дугаар хуудас/,
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 29 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 38 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Л.О нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найз Н.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Л.О прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Л.О эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн 331 дугаар яллах дүгнэлтийн удиртгал хэсэгт эрүүгийн хэргийн дугаарыг 1706026010302 гэсэн атал тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт 1706026010203 гэж эрүүгийн хэргийн дугаарыг алдаатай бичсэн, мөн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж нэг утгатай үгнүүдийг хоёр удаа бичсэн зэргийг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.