Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2021/00012

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2021/00012

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 150/2020/00191/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Б.******* /цахим/

Хариуцагч М.******* /цахим/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Б.*******гийн нэхэмжлэлтэй М.*******од холбогдох Эд хөрөнгөд учирсан хохирол 6.990.000 төгрөг гаргуулах тухай 150/2020/00191/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг анх 2020 оны 06 сарын 21-ний өдөр гарсан. Хэрэг гардаг өдөр М.******* надаас машинаа өгч байгаач гээд гуйгаад аваад явсан. 11 цагийн үед над руу яриад машиныг чинь онхолдуулчихлаа гэж хэлсэн. Түүнээс хойш М.*******той тохиролцож тохиролцоонд хүрч чадаагүй. ...би тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 6,990,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. ...Өмнө нь би уг нь 6,990,000 төгрөгийг багасгах боломжтой гэж байсан. Одоо бол энэ үнийн дүнг гаргуулна гэсэн шийдвэртээ бат зогсож үнэлгээг бууруулах хүсэлтийг хүлээж авч чадахгүй гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******оос гэм хорын хохиролд 6,784,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123,494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Тоёота приүс маркийн автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч Б.******* мөн болох нь иргэн Б.*******ын шүүхэд гаргасан тодорхойлолт, 2019 оны 10 сарын 18-ны өдрийн Үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцын гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.******* өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан боловч Б.******* нь шүүхэд гаргасан тодорхойлолтдоо хөдөө орон нутгийн харьяалалтай хүнд зээл олгохгүй гэх шалтгаанаар Б.******* намайг өөрийн нэр дээр зээл авч өгөхийг хүссэн ...Иймд 12-49 УБП Prius20 маркын жинхэнэ эзэмшигч, өмчлөгч нь Б.******* мөн болно гэж бичсэн ч энэ нь үнэн эсэх нь эргэлзээтэй юм. Өөрөөр хэлбэл нь энэ нь ямар хүчин төгөлдөр нотлох баримтаар нотлогдож дээр дурдсанаар бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоож байгаа талаар хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Мөн хэрэв тус автомашины жинхэнэ өмчлөгч нь Б.******* бол нэхэмжлэгч нь өөрийн тайлбар, шаардлагаа нотолж худалдах, худалдан авах гэрээ болон тус худалдагч албан байгууллага, хувь хүнээс хүчин төгөлдөр баримт бичиг үйлдүүлэх зэрэг замаар өөрийн нэхэмжлэл шаардлагаа нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Үүнтэй холбоотойгоор хавтаст хэрэгт тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь хэн болох талаар баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтууд авагдаагүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн 2019 оны 10 сарын 18-ны өдрийн ТАЙГЫН БУЛАГ АВТО ХХК болон иргэн Б.******* нарын хооронд байгуулсан фидуцын гэрээгээр 12-49 УБП авто машин нь Б.*******гийн өмчлөлийнх болох нь хэрхэн нотлогдож байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Тус гэрээ нь иргэн Б.*******ын байгуулсан гэрээ байх бөгөөд гэрээний зорилго нь зээлдүүлэгчийн өмчлөлд 12-49 УБП Приүс-20 маркийн авто машиныг шилжүүлэх үндсэн зорилготой, өөрийн өмчлөлөөс бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх үндсэн агуулга бүхий гэрээ юм.

Тус гэрээний 5 дугаар зүйлд тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлж болохгүйгээс гадна хохирол учирсан бол үүрэг гүйцэтгэгч буюу Б.******* нөхөн төлөх талаар гэрээ байгуулан тохиролцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дох хэсэгт зааснаар Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 12-49 УБП Приүс-20 маркийн авто машин нь Б.*******гийн өмчлөлд хамаарахгүй, эзэмшилд хамаарахгүй гагцхүү ашиглалтад хамаарч байснаас үзвэл ямар эрх ашиг нь хэрхэн хөндөгдөж байгаа нь тогтоогдохгүй ба нэхэмжлэл гаргах эрхгүй, жинхэнэ нэхэмжлэгч бус байна. Иймээс иргэн Б.*******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.

2.2020 оны 06 сарын 29-ны өдрийн №4 Шинжээчийн дүгнэлтэд ... а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан гэж дүгнэлт гаргав гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байна.

Зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйд гэм хор учруулагч, болон учирсан гэм хорын хоорондын шалтгаант холбоог тогтоох нь ач холбогдолтой юм. Талуудын тайлбар, зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад өгч байсан мэдүүлгүүдээс үзэхэд Б.******* нь хариуцагч М.*******од авто машиныг өгч явуулахдаа ямар нэгэн хориглосон зүйл байхгүй байх ба шөнийн цагаар ямар нэгэн эрсдэл үүсч болно гэдгийг мэдэх боломжтой байсан. Мөн дээр дурдсанчлан хариуцагчийг ядарсан үед нь жолоо шилжүүлсэн зэрэг хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь бол энэ машин миний өмч мөн биш гэдэг асуудлын хувьд хэргийн материалтай танилцвал Б.*******, Б.******* гэдэг хүний өмч гэсэн нотариатаар баталгаажуулсан баримт байгаа. Хөдөө орон нутагт харьяалалтай тул барьцаалан зээлдүүлэх газар зээл авахын тулд Б.******* гэдэг хүнтэй хамтарсан. Авто машины бичиг баримтад миний нэр байхгүй байгаа шалтгаан бол Тайган булаг ХХК-д барьцаанд тавьсан байгаа. Хэрэг 06 дугаар сарын 22-ны өдөр болсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл машингүй маш хэцүү байлаа. Мөн М.******* хүний машиныг онхолдуулсан байж өөрийгөө өмөөрсөн зүйл хэлж, ярьж байна. Хүн хуулиараа өөрийн өмч хөрөнгийг хамгаалах бүрэн эрхтэй. Тэгэхээр багаасаа найзалсан найзаасаа харамлаад байх зүйлгүй тул итгээд машинаа өгсөн ч одоог хүртэл 9 сар шүүхээр явлаа. Одоо арга мухардсандаа давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлж байна. Өмнөх шүүх хуралдаанд шүүгч нар хүртэл М.******* гэдэг хүн хүний машин сүйтгэчхээд санаа зовсон зүйл байна уу? яагаад ийм сонин үндэслэл гаргаж ирж маргаан үүсгэж байна вэ? гэж байсан. Тэгэхээр миний зүгээс хэлэх зүйл ийм байна, нэмэлт тайлбар байхгүй гэв.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн хариуцагч М.*******од холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохирол 6.990.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч М.*******оос ...Нэхэмжлэгч Б.******* уг машины өмчлөгч болох нь нотлогдоогүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь буруу, мөн хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн тул хохирлын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасанд тулгуурлан хавтаст хэргийг бүхэлд нь судлан үзэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр М.******* нь өөрийн найз Б.*******гийн эзэмшилд байсан 12-49 УБП улсын дугаартай тоёото приус-20 маркийн машиныг гуйн авч жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Дархан Эрдэнэтийн төв замын 77-78 дугаар километрт Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ..жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3-д заасан ... жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасны дагуу автомашинд учруулсан хохирлыг хариуцагч М.*******оос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшилд байсан гэх 12-49 УБП улсын дугаартай тоёото приус-20 маркийн машины өмчлөгч нь Тайгын булаг авто ХХК болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх ба иргэн Б.******* нь уг компаниас 1.500.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлдэн авахдаа барьцаа болгож уг машиныг Тайгын булаг авто ХХК-ий өмчлөлд шилжүүлэн өгч зээлийг төлж дуусгасны дараа машины өмчлөлийн гэрчилгээг буцаан шилжүүлэн авахаар тохиролцож Фидуцийн гэрээ байгуулсан болох нь хавтаст хэргийн 46-49 дүгээр талд авагдсан гэрээний хуулбаруудаар тогтоогдсон.

Анхан шатны шүүх хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан Б.*******ын Сайхан сум дахь сум дундын шүүхэд хандан гаргасан тодорхойлолтод үндэслэн уг машиныг Б.*******гийн өмч мөн гэж дүгнэн улмаар түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Б.*******г нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д ...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлохгүйгээр шууд иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг хянан шийдвэрлэж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн хуулийн зохицуулалттай байхад анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэн улмаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан Б.*******ын тодорхойлолтын агуулга нь ...Миний үеэл дүү болох Б.******* Тайгын булаг авто ХХК-иас зээл авах гэтэл хөдөө орон нутгийн харъяалалтай байсан учраас зээл олдохгүй байсан учраас зээлийг өөрийн нэр дээр бичүүлсэн. Иймд 12-49 УБП улсын дугаартай тоёото приус-20 маркийн машины жинхэнэ эзэмшигч өмчлөгч нь Б.******* мөн болно гэсэн байх ба үүнийг Сүхбаатар тойргийн нотариатч түүний гарын үсэг үнэн зөв болохыг баталгаажуулсан болохоос бус уг тодорхойлолтын үнэн зөв эсэхийг нотлоогүй, түүнчлэн уг машины албан ёсны өмчлөгч нь Тайгын булаг авто ХХК байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д ...Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасны дагуу уг машины хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх нь нээлттэй бөгөөд энэхүү магадлал нь саад болохгүйг дурьдав.

 Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасныг баримтлан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.790 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгохоор, давж заалдах гомдлын шаардлага хангагдаж байгаа тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123.494 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Б.*******гийн хариуцагч М.*******од холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.790 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123.494 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарт буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ