| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/02894/И |
| Дугаар | 197/ШШ2025/02116 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 3-1 байр, 20 тоотод оршин суух, Буучынхан овогт Цэндрагчаагийн Энхтүвшин /РД: ШВ67120701/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Цоглог хотхон, 203 байр, 144 тоотод оршин суух, Боржигон овогт Дариймаагийн Билгүүн /РД: УХ93031726/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,361,670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, хариуцагч Д.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин нь хариуцагч Д.Билгүүнд холбогдуулан гэм хорын хохиролд 3,361,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 10 минутаас 09 цаг 10 минут хүртэл манай гэрт дээд талын айлаас ус алдсан. Ус алдсан шалтгаан нь болконоо онгорхой орхиж явснаас гал тогооны хүйтэн усны хоолой хөлдөж задарсан байсан. Иймээс бид Хас үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд 3,081,000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Мөн үнэлгээний зардал 215,670 төгрөг, өмгөөлөгчийн зардал 50,000 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 3,361,670 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Д.Билгүүн нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 87/3 байр, 20 тоот хаягт байрлах орон сууцыг 2023 онд худалдаж авсан. Улмаас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Т.Болорцэцэгтэй түрээсийн гэрээ байгуулж, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлсэн. Миний бие тус байранд амьдардаггүй бөгөөд түрээслэгч Т.Болорцэцэгийг гадаадад явж байхад буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай байрны гал тогооноос ус алдсаны улмаас доод давхарын айл болох 15 тоотод ус нэвтэрсэн. Нэхэмжлэгч өмнөх хугацаанд ус алдсаны улмаас гарсан хохирлыг тооцсон учраас нэхэмжилж байгаа хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн даатгалаас хохирлоо гаргуулж авах байтал авахгүй байгаа. Миний буруутай үйл ажиллагаанаас бус түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тул төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 87/3 байр, 20 тоот хаягт байрлах орон сууцны гал тогооны хүйтэн усны тоолуурын нүүр задарснаас доод давхар буюу 15 тоот хаягт байрлах орон сууцанд ус алдсан байна. /1хх 28, 49/
4.2. Нэхэмжлэгч ус алдсан орон сууцандаа хохирлын үнэлгээ хийлгэхэд Хас үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаар Үнэлгээний тайлангаар 3,081,000 төгрөг, үнэлгээний зардал 215,670 төгрөг болсон байна. /1хх 12-19/
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.
Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд зөрчил үйлдсэн обьект, гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй, тэдгээрийн улмаас учирсан шалтгаант холбоо, зөрчил үйлдэгчийн гэм буруу тогтоогдсон байх ёстой.
5.1. Нэхэмжлэгч Ц.Энхтүвшингийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 87/3 байр, 15 тоот хаягт байрлах орон сууцанд ус алдсаны улмаас эмульс, замаск, шал норсон, хөөсөн эвдрэл гарсан байна.
5.2. Дээрх эвдрэл нь тус хаягт байрлах 20 тоотод оршин суух Д.Билгүүний өмчлөлийн орон сууцны гал тогооноос ус алдсаны улмаас гарсан шалтгаант холбоотой байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.
5.3. Хариуцагч Д.Билгүүн нь өөрөө бус түрээслэгч хохирлыг хариуцна, хохирлын хэмжээ их гэж татгалзсан нь маргааны зүйл байна.
5.3.1. Ус алдсан орон сууц нь хариуцагч Д.Билгүүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд түүний болгоомжгүй үйлдлийн улмаас ус алдсан тул гэм хорыг хариуцах үүргээс чөлөөлөгдөхгүй.
5.3.2. Нэхэмжлэгч Хас үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаар Үнэлгээний тайлангаар хохирлоо тогтоолгосон байх ба хариуцагч тухайн үнэлгээний тайланг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Тиймээс нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг засварлах зардал 3,081,000 төгрөг, үнэлгээний тайлан гаргасан зардал 215,670 төгрөг, хэрэгт авагдсан баримтыг нотариатаар батлуулсан зардал 15,000 төгрөг, нийт 3,311,670 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Харин өмгөөллийн төлбөрт төлсөн гэх 50,000 төгрөг нь хохиролд шууд шалтгаант холбоо болохгүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Билгүүнээс 3,311,670 /гурван сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун далан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхтүвшинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Билгүүнээс улсын тэмдэгтийн хураамж 67,937 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхтүвшинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ