Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2021/00013

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2021/00013

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2021/00078/И

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Б.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 145 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Б.*******ын нэхэмжлэлтэй ******* Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин 7.602.174 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай 148/2021/00078/И индекстэй, хавтас иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч Б.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Сэлэнгэ Авто зам арчлалт төрийн өмчит хувьцаат компанид жолоочоор ажиллаж байгаад 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/29 дугаартай захирлын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Миний бие хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны 4,519,565,25 төгрөгийг компаниас гаргахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хүртэл гомдол гаргаж явсан. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хяналтын шатны шүүх хуралдаан хуралдаж 818 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ. Дээд шүүхийн тогтоолыг гардан авч Сэлэнгэ автозам арчлалт ТӨХК-ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар ажилдаа томилогдсон. Миний зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилдаа орсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ...2020.01.08-ны өдрөөс 2021.01.22-ны өдөр ажилд орсон өдөр хүртэлх хугацааны цалинг 12 сар 14 хоногийг 600,000 төгрөгөөр үржүүлбэл 12 сар нь 7,200,000 төгрөг, 14 хоног нь 365,217,44 төгрөг, зөрүү цалин 36,956,51 төгрөг бүгд 7,602,174 төгрөгийг гаргуулах мөн Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа : ... Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад санаатайгаар шийдвэрийг эс биелүүлж ажилтныг эгүүлэн ажилд томилолгүй ажилгүй байлгасан бол шийдвэр гарснаас хойш ажилд томилогдох өдөр хүртэлх цалин гаргуулах нь зүйн хэрэг байх. Гэтэл асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх гэж 2020 оны 04-р сард Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байхад гомдлыг хүлээн аваад бүтэн 8 сарын дараа буюу тухайн оныхоо 12-р сард эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Хэргийн хугацаа ингэж удааширч шийдвэрлэгдсэн нь хариуцагч талын буруу биш. Шүүхийн удаашралтай энэ байдлаас үүдэн хариуцагч байгууллага ихээр хохироход хүрч байгаа нь хуульд нийцэхгүй тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ...Нэхэмжлэгч сүүлийн 3 сарын дундаж цалинг тодорхойлж ирүүлээгүй байдаг. Зөвхөн үндсэн цалинг нэхэмжилсэн байдаг. Б.******* нь 2020 оны 01 дүгээр сараас цалин маань 600,000 төгрөг болж нэмэгдсэн гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь 600,000 төгрөгийн цалин авч байгаагүй. Хариуцагч талаас Б.*******ыг гар дээр хэдэн төгрөгийн цалин авч байсныг тодорхойлохоор нотлох баримт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сараас авч байсан цалинг нэхэмжлэх гэж байгаа бол 2020 оны сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцох ёстой. Тухайн маргаан нь хяналтын шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх явцад хариуцагч талаас ажилгүй байсан үеийн цалинг олгох боломжгүй юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн зөвлөмжид заасан аргачлалаар цалинг тооцох байх. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 145 дугаартай шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ Авто зам арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны 12 сар 08 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,252,368 /таван сая хоёр зуун тавин хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 2.349.806 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Сэлэнгэ Авто зам арчлалт Төрийн өмчит хувьцаат компанид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ Авто зам арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 98,988 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.22-ны өдрийн 145 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч Б.******* нь 2019 онд ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн маргаж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд тухайн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 01-р сард гарсан хэдий ч хариуцагчийн зүгээс хуулинд заасан эрхээ хэрэгжүүлэн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлсэн ба 2020 оны 12-р сарын 17-ны өдрийн Хяналтын шатны шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Ингээд дээд шүүхийн тогтоол гарсны дараа нэхэмжлэгч Б.*******ыг хариуцагч Сэлэнгэ ******* ТӨХК ажилд нь эгүүлэн авч, шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинг олгосон байдаг. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилохгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй, санаатайгаар удаашруулж байсан бол тухайн хугацааг ажилгүй байсан хугацаа гэж үзэн цалингаа нэхэмжлэх нь зүйтэй байх.

Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрт заагдсан давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэн маргасан ба хуулинд заагдсан эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө дахин төлбөр төлөх хариуцлага хүлээхээр байгаа нь учир дутагдалтай бөгөөд хуульд үл нийцнэ гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.22-ны өдрийн 145 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч 2020 оны 01-р сарын 08-ны өдрийн 31 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилдаа орсон 2021.01.02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан даруй Б.*******ыг ажилд авсан бол ийм маргаан үүсэхгүй. Маргаан үүсгээд шүүхээр гомдол гаргаж яваад байгаа нь ажилтны эрх ашгийг хөндөөд явсан. Энэ хооронд ажилд аваагүй, ажлыг хийлгэхгүй байсан хариуцагч талын буруугаас болж хугацаа алдаж би өчнөөн сараар ажил амьдралаа алдсан. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалинг авах эрхтэй. Цалин 7.602.174 төгрөгөөс 2.349.806 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж 5.252.368 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж цалинг буруу тооцсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Сэлэнгэ Авто зам арчлалт Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор  7.602.174 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэгч Б.*******ыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн тогтоосон хэдий ч ажил олгогч нь хуулинд заасан эрхээ хэрэгжүүлэн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд энэхүү гомдол шийдвэрлэх хугацаанд ажилтныг ажилд томилоогүй гэж буруутган тус хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийг хуульд заасан эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө хариуцлага хүлээлгэж байгаа үйлдэл тул хуульд нийцээгүй гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ Авто зам арчлалт Төрийн өмчит хувьцаат компаний захирлын 2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж түүний гомдлоор шүүх хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 31 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн гомдлоор давж заалдах болон хяналтын шатны шүүх тус тус хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын гомдол гаргаж, хэргийг шийдвэрлэх хугацаанд ажилтан Б.*******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилолгүй байсаар Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00818 дугаар тогтоол гарсны дараа буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 12 сар 13 хоногийн дараа 2021 оны 01 сарын 21-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар ажилд нь эргүүлэн томилжээ.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилтныг ажилд томилогдох хүртэл хугацаанд ажилтан Б.*******ын эрх ашиг хөндөгдсөн байх тул түүний ажил олгогчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарласан хэрэглэсэн, хариуцагчийн татгалзалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дунджаар ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тухайн ажил олгогч байгууллагын онцлог, ажилтны гүйцэтгэж байгаа ажлын нөхцөл, улирлын байдлаас шалтгаалж сар бүрийн цалин нь хэлбэлздэг болох нь хэрэгт авагдсан ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тодорхойлогдож байгаа боловч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр түүний сарын үндсэн цалинг 550.000 төгрөг байхаар тогтоосон болох нь түүний цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул үндсэн цалин болох 550,000 төгрөгөөр тооцож ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нь өөрийн ажлын байрны цалин 2021 оны 01 сараас эхлэн 600.000 төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэл цалинг тухайн дүнгээр тооцон гаргуулах тухай шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ажил олгогчоос гаргуулах цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2021 оны 01 сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны буюу 12 сар 13 хоногоор тооцон / 550,000 х 12 = 6.600.000 төгрөг, ажилтны нэг өдрийн цалин 23.913 төгрөг гэж тооцон 13 хоногийн цалин 13 х 23.913 = 310.869 төгрөг нийт 6.600.000 + 310.869 = 6.910.869 төгрөг / 6.910.869 төгрөгийг ажил олгогч Сэлэнгэ авто зам засвар арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 691.309 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ажил олгогч нь хуульд заасан давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрхээ эдэлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй гэж тайлбарлаж байгаа боловч хуульд заасан эрхээ эдлэх эсэх нь тухайн этгээдийн хүсэл зориг бөгөөд ажил олгогчийн эрхээр ажилтны хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй.

Түүнчлэн хэн нэгэн этгээд хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэлтийг хойшлуулах аливаа хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 145 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ Авто зам арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны 12 сар 13 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6.910.869 /зургаан сая есөн зуун арван мянга найман зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 691.309 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 3 дахь заалтыг:

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ Авто зам арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамж 125.524 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.997,49 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН