Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2021/00014

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2021/00014

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Хэргийн индекс: 150/2020/00269/И

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа

Хариуцагч Ц.*******

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Үржинханд

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Д.*******ын нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох Автомашины гражийг Ц.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай 150/2020/00269/И индекстэй, хавтас иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч Д.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хань ******* нь Цемент Шохой үйлдвэрт ажилладаг байсан. Энэ гражийн газрыг 2009 онд авсан. 2011 онд хоёр машины гражийн газар дээр блокоор их биеийг нь босгоод орхичихсон байсан. ...Манай нөхөр 2018 оны 03 сард нас барсан. Тэгээд миний нэр дээр бичиг баримт нь шилжсэн. 2016 онд Дархан-Уул аймгийн кадастрын компаниар гражийн газрынхаа кадастрыг нь хийлгэсэн байж байгаад орхичихсон байсан. Тэгээд кадастрын компанитайгаа холбоо бариад гэрчилгээгээ гаргуулсан. ...Манай нөхөр нас барахаасаа арваад хоногийн өмнө балконаа цэвэрлэж байхдаа ******* тооцоогоо хийхгүй байна. Тооцоогоо хийчихвэл чамайг төрөхөөс өмнө төрөхийн чинь бэлтгэлийг хиймээр байх юм гэж байсан. Миний зүгээс гараашийг чөлөөлж өгнө үү гэсэн шаардлагыг тавьж байгаа. Нэхэмжлэл гаргахдаа 206 тоот гэж бичсэн байна. Хариуцагчийн машинаа тавиад байгаа граж 207 тоот учир тухайн гараашийг чөлөөлүүлнэ гэжээ.

 Хариуцагч Ц.******* анхан шатны шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* гэдэг хүнээс 2,000,000 төгрөгийн гарааш авах гэж байсан. Гэтэл ******* ах би Д.******* захиралд 1,000,000 төгрөгөөр гараашаа зарчихсан байсан юм. Чи 1,000,000 төгрөгөөр энэ гражийг авчихаач гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би 1,000,000 төгрөгөөр гараашийг нь авсан. Тэгээд мөнгийг нь эхнэртэйгээ хамт оруулж өгсөн. 2012 оны 06 сард гражаа барьж эхэлсэн. ...2018 онд байх кадастрын зургийг нь гаргуулчихсан байсан. Тэгээд газрын алба дээр очсон чинь янз бүрийн шалтаг хэлээд буцаагаад байсан. Дараа нь нээлттэй хаалганы өдөрлөгөөр очсон чинь нөгөө эмэгтэй чинь гэрчилгээгээ гаргуулаад авчихсан. Та хоёр хоёулаа явж очоод нотариатаар батлуулаад салгуулаад авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нь манай эхнэр бид хоёр хоёулаа очсон. Гэтэл нэхэмжлэгч дунд хуруугаа гаргаад мөнгө авсан гэдгийг чинь хэн нотлох юм бэ? гээд надтай хэрүүл хийсэн. Тухайн гараашийг би 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Олон материал авчихсан байсан. Энэ маргаад байгаа гарааш бол 207 тоот гарааш мөн юм гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Засаг даргын Тамгын газрын ар талд 207 тоот хаягт байрлах автомашины гражийг хариуцагч Ц.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 23 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нөхөр асан М.******* бид нарын хооронд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь намайг М.*******оос уг гражыг худалдан авах үед газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй зөвхөн ар болон баруун талыг нь цементэн блокоор өрсөн хаалга дээвэр байхгүй дундуураа тусгаарлах хана өрөөгүй гүйцэтгэл нь 30 хувьдаа ч хүрэхгүй блокон хана босгосон төдий л байсан юм. Ийм болохоор үүнийг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх, гэрээг заавал бичгээр хийх, газрын гэрчилгээгүй байсан учир газар эзэмших эрх шилжүүлэх зэрэг асуудал тавигдах ямар ч боломжгүй байсан болно. Уг граж барьж байгаад дутуу орхисон газар нь газрын гэрчилгээгүй байсан гэдэг нь нэхэмжлэгчийн 2016 онд кадастрын зураг хийлгэж 2018 онд газрын гэрчилгээ авсан гэсэн тайлбар, Сайхан сумын Засаг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/276 дугаартай захирамж, гражийн дутуу барилгыг намайг худалдан авсан гэдгийг мэдэж байсан нь нэхэмжлэгчийн өөрийнх тайлбар мэдүүлгээр нотлогдож байхад шүүх хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Би өөрийгөө хууль бус эзэмшигч гэж үзэхгүй байна. Харин нас барсан нөхрийгөө хүндэтгэхгүй, өөрийнх нь оролцоогүйгээр нөхрийнхөө амьд сэрүүндээ хийгээд мөнгө төгрөгөө авч өгөлцөөд, би гаржийг нь өөрөө гүйцээж бариад дуусгасан гэдгийг мэдсээр байж нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар зөвхөн блокоор хана босгосон төдий гүйцэтгэлтэй гражийн барилгыг худалдан авч тусгаарлах хана өрж дээвэр хаалга зэргийг намайг өөрөө хийж гүйцээн барьж 2011 оноос хойш ашиглаж байгаа үйл баримт нь хангалттай нотлогдож байгаа гэж үзэж байна. Гэтэл шүүх энэ байдлыг нотолсон гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь ч ойлгомжгүй байна.

3. Түүнчлэн анхан шатны шүүх уг гражийн өмчлөгч хэн болох, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэхт ч анхаарч дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Уг гражийн дутуу баригдсан барилгын газар нь намайг худалдан авах үед газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байсан. Би өөрөө гэрчилгээгээ гаргуулж авахаар хөөцөлдөөд авч чадаагүй байсан юм. Гэтэл нэхэмжлэгч нь газрын гэрчилгээг намайг уг гражийн дутуу баригдсан блокон торхийг худалдан аваад гүйцээн барьсанаас хойш 7 жилийн дараа / нөхрийгөө нас барснаас ч хойш/ гаргуулсан нь нотлогдож байхад шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж гомдолтой байна. Харин уг гражийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хавтаст хэрэгт байхгүй бөгөөд хэний өмч болох нь тодорхойгүй байхад шүүх *******ыг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзээд байгаа нь ч ойлгомжгүй байна.

4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий гаржийн дугаарыг шүүх хурлын явцад өөрчлөн тайлбар гаргаж байсан. Гэтэл шүүх хариуцагч нь 207 дугаартай гражийг эзэмшиж байгаа талаар маргаагүй тул нэхэмжлэлийн үндэслэл шаардлага өөрчлөгдөөгүй гэж дүгнэж маргааныг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж байгаа тохиолдолд ажиллагааг дахин шинээр явуулах шаардлагатай байсан гэж үзэж байна.

Уг гражийн барилга нь дутуу баригдсан зөвхөн ар болон нэг талын хана нь л өрөгдсөн байсан бөгөөд би дундуур нь тусгаарлаж хана орж дээвэр хаалга зэргийг хийж гүйцээн барьсан юм. Энэ дутуу барьсан ханаа өөр хүнд гүйцээж барьж өгнө гэж мөнгийг нь авчихаад гүйцээж өгөлгүй олон жил болж, наймаа буцсаныхаа дараа нь надад зарсан, надаас авсан мөнгө төгрөгөө өмнө нь зарсан байсан хүндээ өгсөн гэдэг нь гэрч Д.*******гийн мэдүүлгээр нотлогдож байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж намайг хохироож байгаад гомдолтой байна. Энэ гараашийг барихад хоёр хөрөнгө орсон хэдий ч миний зүгээс илүү их хөрөнгө хүч хөдөлмөр /70 хувь/ зарцуулж гараашийг барьж дуусгасан бөгөөд *******т дутуу баригдсан хэмжээнд нь тохирох мөнгийг төлсөн гэдэг нь нотлогдож байхад ямар үндэслэлээр намайг хууль бус эзэмшигч гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад маргаж буй гараашны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авагдаагүй байгаа. Үүгээр нэхэмжлэл гаргасан Д.******* нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоогоогүй юм. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөх үед Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой ажиллагааг гүйцэтгэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн зэрэг нь хууль зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх ямар нэгэн хууль зөрчөөгүй, хэрэглэх хуулийн заалтыг зөв хэрэглэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно. Шүүхийн шийдвэрийн 3-р талд ...иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх, 38 дугаар зүйлийн 38.1 Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно гэж тус тус заасан. Дээрх хуулийн шаардлагыг хангаагүй эзэмшлийг олж авсан эзэмшигчээс хөрөнгө шаардах, мөн тус эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлийг бий болж байна... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзэж байна. Ц.******* нь талийгаач М.*******оос гараашийг 1.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээ 1.000.000 төгрөг өгсөн гэх баримт зэрэг байхгүй байна. Худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу үйлдэгдсэн бол хүчинтэй гэж тооцогддог. Ц.******* нь нэхэмжлэгч Д.*******ын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байна. Иймд хариуцагч Ц.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагаа автомашины гражийг албадан чөлөөлүүлэх тухай гэж тодорхойлж, шаардлагын үндэслэлээ ...2011 онд хоёр автомашины граж барихаар газар авч их биеийг нь босгоод орхичихсон байсан. Тэр үед Ц.******* нь манай нөхрөөс гражаа зараач, ашиглуулаач гэж гуйсан гэж байсан. Тухайн үед нь би юм хэлээгүй орхисон. Манай нөхөр 2008 онд нас барсан. Түүний дараа гражийн газрын гэрчилгээг өөрийн нэр дээр авсан тул гражийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан... гэж,

Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...тус гражийг зөвхөн хоёр тал хана босгосон байхад нь нэхэмжлэгчийн нөхрөөс 1.000.000 төгрөгөөр 2011 онд худалдан авч 70 хувийн гүйцэтгэлийг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч Ц.******* нь тухайн газрыг эзэмшилдээ авсан гэсэн үндэслэлээр авто гражийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараар нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.******* нь маргаан бүхий гражийн өмчлөгч гэж үзэн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч гэдэг утгаар шаардлага гаргасан уу, эсвэл газрын эзэмшигч гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буюу гражийн газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан уу гэдэг нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шаардлагаа тайлбарлаагүй байна.

Иргэний эрх зүйн хамгаалалт нь тухайн зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилготой бөгөөд эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэдгээрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.

Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг бол нэхэмжлэлийн үндэслэл нь шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг тодорхойлдог.

Гэтэл шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийлгүйгээр зохигчдын хооронд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул хариуцагч Ц.******* маргаан бүхий гражийг 2011 оноос хойш хууль бусаар эзэмшсэн гэж дүгнэсэн атлаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 газар эзэмшигчийн эрх, үүрэг, 38 дугаар зүйлийн 38.1 Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай зохицуулалтуудыг буюу өөр хуулийн заалтыг тайлбарласан хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн юу хүсэж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд ингэснээрээ зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, нэхэмжлэгчийн хүсэл зоригоос өөр байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Д.*******ын нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН