| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/09983/И |
| Дугаар | 197/ШШ2025/02100 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02100
2025 03 10 197/ШШ2025/02100
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8 дугаар давхар, өөрийн байранд байрлах, Токи ББСБ ХХК /РД: 6365744/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24 дүгээр байр, 33 тоотод оршин суух, Далайгийн Хишигбадрах /РД: РЭ76062470/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 803,655.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Д.Хишигбадрахад холбогдуулан 803,655.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Далай овогтой Хишигбадрах нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Токи ББСБ ХХК-тай № ЗГ2023102701018 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung A14" маркийн гар утсыг нийт 708,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 70,875 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Токи ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 659,400.81 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ 120,212.42 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 24,042 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 803,655.23 төгрөг байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч Д.Хишигбадрах нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Токи ББСБ ХХК нь хариуцагч Д.Хишигбадрахад холбогдуулан 803,655.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Токи ББСБ ХХК нь хариуцагч Д.Хишигбадрахад холбогдуулан 803,655.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,838 төгрөгийн тал хувь буюу 11,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,919 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ