| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2025/0035/з |
| Дугаар | 123/ШШ2025/0034 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 123/ШШ2025/0034
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх*******ийн дүгнэлттэй Төв аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Төв аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Увс аймгийн Цагаанхайрхан сумын малчин ******* нь мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, малын эрүүл мэндийн дэвтэргүй, гоц халдварт өвчний тарилгад хамрагдаагүй 35 толгой адуу, 35 толгой үхэр, 320 толгой хонь, 330 толгой ямаа оруулж ирснийг тогтоон 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №0004733 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Төв аймгийн Прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №11 дугаар дүгнэлтээр шийтгэлийн зүйл заалт буруу, холбогдогчоос мэдүүлэг авахад үйл баримтын талаар мэдүүлэг аваагүй, нотлох баримт дутуу зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт хэрэглэх журмын 1.3-т шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн байна гэх дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээд *******аас тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төв аймгийн Прокурорын дүгнэлттэй танилцлаа. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд гаргах санал хүсэлт байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор*******ээс, Төв аймгийн Эрдэнэ сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч*******гийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №0004733 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч******* нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0004733 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд гуравдагч этгээд *******ын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр торгуулийн төлбөрт төлсөн 150 нэгж (150 000 төгрөг)-г буцаан *******т олгох хуулийн зохицуулалттай.
Гуравдагч этгээд *******аас Төв аймгийн Прокурорын дүгнэлттэй танилцлаа. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд гаргах санал хүсэлт байхгүй гэх тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн болон *******ын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй нь тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор*******ийн Төв аймгийн Эрдэнэ сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №0004733 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч******* хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу Төв аймгийн Прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүхийн тогтоол шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР