Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 119/ШШ2025/0012

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “**” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын зөвлөмжийг хүчингүй болгож, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт, зөвлөмж гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 02 сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох тендерт “**” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын зөвлөмжийг хүчингүй болгож, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт, зөвлөмж гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 02 сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох тендерт “**” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулсан ба нээлттэй тендер шалгаруулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарлаж, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээсэн байна.   

3. “**” ХХК нь уг “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл”-ийг нийлүүлэх нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцсон байна.   

4. 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.  

5. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь 2024 оны 12-р сарын 10-ны өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл +” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон.

Тус тендерийн хариуг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 2024 оны 12 сарын 27-ны өдрийн СЭ-112-12/8428 тоот мэдэгдлээрээ ирүүлсэн. Тус мэдэгдлээр "... хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй, ТШ319.1-д заасан хөрөнгө болон зээлжих зэрэглэлийн шаардлага хангаагүй” гэх агуулгаар манай байгууллагын ирүүлсэн тендерээс татгалзсан хариу өгсөн. Үүний дагуу тус мэдэгдэлд хангаагүй гэж үзэн шаардлагуудыг хянаж, шалгаж үзэхэд манай компани тендерийн баримт бичгийн бүх шаардлагыг хангасан байхад манай компанийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан ч бид 2024 оны 12-р сарын 31-ний өдөр 24/175 албан тоотоор Сангийн яаманд гомдол гаргасан болно.

Манай компанийн гаргасан гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яам хянан үзээд 2025 оны 01-р сарын 20-ны өдрийн 03/474 албан тоотоор дараах хариуг өгсөн. Үүнд:

“**” ХХК-ийн гомдлын дагуу тендерийг хянан үзлээ” гээд: 1. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.2-т “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Оролцогчийн санал болгож буй үнийн 100 хувиас багагүй байна. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийг аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно. Үүнд: Байгууллагын харилцагч банкин дахь харилцах дансны үлдэгдлийн баталгаа, Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт, Үнэт цаас, Засгийн газрын бонд болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үнэт цааснууд” гэж, ТШЗ 2.1-д “Төсөвт өртөг: 5,130,374,884.0 төгрөг”гэж тус тус заасан байна.

“**" ХХК тендерт ** Ард зээлийн төвийн 2024 оны 12 дугаар 06-ны өдрийн 19/07-831 тоот “**харилцагч “**” ХХК-ийн баталгаажсан санхүүгийн баримт материалыг судалж 4,000,000,000.0 төгрөгийн зээлжих чадвартай болохыг тодорхойлов. Банк энэхүү тодорхойлолтыг гаргаснаар аливаа этгээдийн өмнө ямар нэгэн санхүү, төлбөрийн бусад хариуцлага хүлээхгүй болно.” гэж дурдсан тодорхойлолт, мөн тус төсвийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19/07-835 дугаартай тус компанийн ***6146 дугаартай данс тухайн өдрийн байдлаар 2,000,040,666.78 төгрөгийн үлдэгдэлтэй тухай тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байхад дээрх шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн нь үндэслэлгүй байна.

2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1.2-т 'Борлуулагчийн зөвшөөрөл: Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үүнд: 2.1. Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг, 2.2.Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг” гэж заасан байна. “**” ХХК тендерт “SHURЕ” компаниас “AСЕ" компанид олгосон ЕНХАУ дахь SHURЕ брэндийн онцгой эрхт борлуулагчийн гээчилгээ, “АСЕ” (Ан хэн ли) компаниас “**” ХХК-д олгосон SHURЕ брэндийн микрофон, электрон бүтээгдэхүүний Монгол Улс дахь борлуулагчийн гэрчилгээ тус тус ирүүлснийг  SHURЕ брэндийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь “АСЕ” компанид өгөгдсөн боловч гэрээт борлуулагчийн зөвшөөрөл нь “Ан хэн ли” (олон улсын) ХХК-аас ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн нь үндэслэлгүй байна. “Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 12 сарын 21 өдрийн СЭ-112-12/8428 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье...” гэж Сангийн яам шийдвэрлэсэн.

Гэвч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 2025 оны 02 сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрээр өмнөх 2024 оны 12 сарын 27-ны өдрийн СЭ-112-12/8428 тоот мэдэгдэлтэйгээ яг ижилхэн үндэслэлээр татгалзсан.

Манай компанийн зүгээс тус шаардлагын дагуу 1) ** Ард зээлийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19/07-831 тоот “** харилцагч “**” ХХК-ийн баталгаажсан санхүүгийн баримт материалыг судалж 4,000,000,000.0 төгрөгийн зээлжих чадвартай болохыг тодорхойлов. Банк энэхүү тодорхойлолтыг гаргаснаар аливаа этгээдийн өмнө ямар нэгэн санхүү, төлбөрийн бусад хариуцлага хүлээхгүй болно.” гэж дурдсан тодорхойлолт, мөн тус төсвийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19/07-835 дугаартай тус компанийн ***6146 дугаартай данс тухайн өдрийн байдлаар 2,000,040,666.78 төгрөгийн үлдэгдэлтэй тухай тодорхойлолтыг тус тус ирүүлсэн, 2) “**” ХХК тендерт “SHURЕ” компаниас “АСЕ” компанид олгосон БНХАУ дахь SHURЕ брэндийн онцгой эрхт борлуулагчийн гэрчилгээ, “АСЕ” (Ан хэн ли) компаниас “**” ХХК-д олгосон SHURЕ брэндийн микрофон, электрон бүтээгдэхүүний Монгол улс дахь борлуулагчийн гэрчилгээ тус тус ирүүлж тус шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлэн тендерийн материалдаа өгсөн байхад илт үндэслэлгүйгээр манай тендерээс удаа дараа татгалзаад байна. Энэ байдал нь манай компанийн төрийн  худалдан авах ажиллагаанд шударгаар оролцох, өрсөлдөх, шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан шийдвэр гаргах захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй. Иймд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь тендерт оролцсон этгээдийг шалгаруулах шийдвэр гаргах эрх хэмжээтэй. Нөгөө талаараа тендерт оролцогчийн үндэслэлгүйгээр шалгаруулахаас татгалзах эрх хэмжээгүй юм. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 50 дугаар зүйлийн 50.2.2 дахь заалтын дагуу энэхүү нэхэмжлэлдээ Тендер шалгаруулалтын үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлж байна. Манай компанийн зүгээс тендерийн үнэлгээний хорооны хурал, хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн талаар мэдээлэл байхгүй байна. Иймд Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хэзээний, ямар дугаартай дүгнэлт, зөвлөмж байгаа талаар одоогоор мэдэхгүй байгаа тул нэхэмжпэлийн шаардлагадаа үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт зөвлөмжийн огноо дугаарыг бичих боломжгүй байна. Хэрэг үүсээд уг тендертэй холбоотой баримт материал шүүхэд ирсний дараа үнэлгээний хороотой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргах болно.

Манай компани нь 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 25/09 тоот албан бичгээр энэ асуудлаар дахин Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамны 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 02/1023 тоот албан бичгээр "... хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасан. Танай гомдолд дурдсан асуудлыг тус яам хянан үзэж, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03/474 тоот албан бичгээр холбогдох шийдвэрийг хүргүүлсэн байх тул ...” гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан агуулгатай хариу өгсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сангийн яаманд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн албаны 2025 оны 02 сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлоо гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн бөгөөд нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжпэлийн төрлөөр тодорхойлж байна.” гэжээ.

6. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендерт манай компани оролцсон. Тухайн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэртэй санал нийлэхгүй байна. Учир нь манай нэхэмжлэл болохоор тухайн тендерийн материал үнэн зөв гэдгээр оролцож Үнэлгээний хороо манай компанийн материалыг зээлжих эрх хүрэхгүй байна. Хоёрдугаарт итгэмжилсэн үйлдвэрийн зөвшөөрөл буюу борлуулагчийн зөвшөөрөл авахдаа компани хоорондын нэр зөрсөн байна гэсэн үндэслэлээр татгалзсан байсан нь өөрөө хууль бус шийдвэр. Шийдвэрийг зөвшөөрөхгүй Сангийн яам буюу дээд байгууллагад гомдол гаргасан. Сангийн яам “**” компанийн гаргасан гомдлыг үндэслэлтэй буюу Эрдэнэт үйлдвэрийн Үнэлгээний хороо буруу шийдвэр гаргасан байна гэж үзсэн. Ингээд дахиад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороо хуралдсан. Тэгээд хурал нь хэзээ болсоныг бид мэдэхгүй. Дараагийн хурлаар Сангийн яамны шийдвэрийг хэрэгсэхгүйгээр  өмнөхтэйгөө адилхан хууль бус шийдвэр гаргасан. Ингээд Сангийн яаманд бид дахин гомдол гаргасан боловч Сангийн яам хуулийн дагуу нэг гомдлыг хоёр шийдвэрлүүлэхгүй гэсэн хариу өгсөн. Эрдэнэт үйлдвэрээс манай компанийн оролцсон тендерийг буруу шийдвэрлэсэн учраас Эрдэнэт үйлдвэрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, манай компанид гэрээ байгуулахад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Эцсийн шийдвэр нь 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 12/701 дугаартай мэдэгдэл хүргүүлэх мэдэгдлээр тухайн компанийн тендер шалгаруулсныг оролцох эрхгүй болгосон эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа албан бичиг байгаа. Энэ албан бичиг үндсэндээ Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэж гарч байгаа учраас хариуцагчаар ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороог тодорхойлж гаргаж ирсэн. Ийм учраас Үнэлгээний хорооны тухайн тендер шалгаруулалттай холбоотой “**” компанийн үйл ажиллагааг хязгаарласан нь тухайн компанийн Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүчингүй болгох. Хоёрдугаарт нь Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаартай мэдэгдэл хүргүүлэх шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулж, гэрэл тайзны болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл нийлүүлэх сонгон шалгаруулалтыг “**” компанитай гэрээ байгуулахыг даалгах мөн Үнэлгээний хороонд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах гэсэн агуулгаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Үнэлгээний хорооны тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгож тухайн сонгон шалгаруулалтад “**” компанийг шалгарсан шийдвэрийг гаргахыг Үнэлгээний хороонд даалгуулах гэсэн байдлаар томьёолж байгаа юм байна.

Хариуцагчийн зүгээс 12 дугаар сарын 27-ны өдөр мөн 2 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлээр нэхэмжлэгч компанийн эрхийг хязгаарласан үйлдэл гаргасан гэж байгаа. Тухайн мэдэгдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Сангийн яам дээд шатны түвшинд 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мөн улмаар 2 дугаар сарын 12-ны өдөр хянаж үзсэн байгаа. “Эрдэнэт үйлдвэр” нэгдүгээрт банкны тодорхойлолт нь манайд биш зүгээр тодорхойлолт гэдэг байдлаар гаргаад ирчихсэн байна. Энэ нь өөрөө тухайн банкны манай тендерт оролцож байгаа тодорхойлолт мөн юм уу, биш юм уу гэдэг ийм өнгөц байдлаар тайлбарлаж байгаа. 2 дугаарт SHURE брэндийн бүтээгдэхүүний цаанаас олгоод байгаа нь “Ан Хэн Ли” юм уу ACE нь юм уу. Энэ нь хоёр өөр бичвэртэй байгаа нь тухайн компанийн гадаад улсын төлөөлөх чадварыг илэрхийлж байгаа юм уу. Яг тусгай зөвшөөрөл гаргаж байгаа юм уу, үгүй юм уу эргэлзээ үүсэж байна гэдэг ийм хоёр үндэслэлээр гаргаж байгаа. 12 дугаар сарын 27-ны болон 2 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлүүд нь тендерийн шалгаруулалт дахин үнэлгээ хийгээд явуулсан байсан ч яг энэ үндэслэл нь яг хэвээрээ явж байгаа юм. Үнэт цаасны зах зээлийн болон Үнэт цаасны тухай хуулиа буруу тодорхойлж оруулж ирээд байна. 4 тэрбум төгрөгийн тодорхойлолт банкан дахь дансны 2 тэрбум төгрөгийн үлдэгдэл нь нийт үнийн дүнгийн төсөвт өртгийг чинь 5.1 тэрбум төгрөгийн үнэлгээнээс хэтэрчихсэн, санхүүгийн боломжтой, чадвартай байна гэдгийг тодорхойлж байна гэдэг байдлаар, агуулгаар нь оруулж ирж байгаа юм.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл болгож байгаа Сангийн яамны 253 дугаар тушаал байгаа. 253 дугаар тушаалыг өөртөө ашигтай байдлаар тайлбарласнаараа тэр нь хууль зүйн үндэслэлтэй  гэдэг нь боломжгүй юм. Тендер сонгон шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн ТШЗ-ын 19.1 дүгээр зүйлийн 2.2-т түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх бөгөөд түргэн хөрвөх чадамжтай, чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнгийн шалгуур үзүүлэлтээр тодорхойлно гэж байгаа юм. Банкнаас гаргаж байгаа тодорхойлолт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тодорхойлолт байгаа хөрөнгийнхөө тухай, боломжтой санхүүгийнхээ чадварын тухай тодорхойлоод байгаа асуудал байгаа юм. Нөгөөтээгүүр банк өөрөө энэхүү тодорхойлолтыг гаргаснаараа бусдад өр төлбөрийн хамааралтай юм уу, ямарваа нэгэн банканд үүсэх эрсдэлийг бид нар тодорхойлох боломжгүй ээ, өр төлбөрт орсон ч юм уу эсвэл бусдын өмнө хариуцлага хүлээх боломжгүй гэдгийг нь шууд тендертээ хамааруулаад ойлгож тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж  байна. Өөрөөр хэлбэл банкны гаргаж байгаа тодорхойлолт нь тухайн цаг хугацааны үеэр энэ компани зээлжих ийм боломжтой, чадвартай байгаа гэдгийг нь тодорхойлж явуулж байгаа нь үнэн, гэхдээ энэ тодорхойлолтоос болоод аливаа нэгэн байдлаар хууль бус юм уу, эсвэл өр төлбөрийн асуудлыг бид нар хариуцахгүй шүү, бодит нөхцөл байдлыг нь л тодорхойлж байгаа юм шүү гэдэг агуулгатай албан бичгийн доод хэсгийг банк тодорхойлж байгаа нь банк төрийн өмчийн компанийн өмнө хариуцлага хүлээхгүй юм байна гэдэг байдлаар гуйвуулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. “**” компанийн хувьд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19/07830 дугаартай “**” компанийн харилцагч банкны санхүүгийн материалыг судалж үзсэний  үндсэн дээр 4 тэрбум төгрөгийн зээлжих чадвартай болохыг тодорхойлсон энэ тодорхойлолт нь хууль ёсны дагуу байна. Мөн банк энэхүү тодорхойлолтыг гаргаснаар аливаа этгээдийн өмнө ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй гэж тодорхойлж байгаа нь өөрөө тухайн банкны эрсдэлээ тодорхойлж байгаа агуулга бүхий бичиг юм гэж үзэж байгаа. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19/07835 дугаартай тодорхойлолтоор бодит үлдэгдлийн дүн 2 тэрбум төгрөгийн үлдэгдлийг тодорхойлоод өгчихсөн байгаа. Эдгээр нь саяын Үнэт цаасны болон зах зээлийн эдийн засгийн тухай хуулийн 5.1 дүгээр заалтыг хангаж байна гэж үзэж байгаа.

Мөн гаргаад байгаа ТШЗ-ын 20.1.2-т мөн тухайн журмын 2.1-т зааж өгсөн байна. Энэ дээр борлуулагчийн зөвшөөрөл гэдэг дээр оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаар зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн баримтаар тодорхойлно. Үүнд гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсвэл албан ёсны гэрчилгээгээ нотариатаар хуулбарлан гэрчлүүлсэн албан бичиг байна, 2.2-т оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсвэл албан бичиг байна гэж заасан байна гэж байгаа. Энэ нь өөрөө “**” компанийн SHURE брэндийн компаниас ACE компанийн олгосон Бүгд Найрамдах Хятад Ард улс дахь SHURE брэндийн онцгой эрхийн борлуулагчийн гэрчилгээ юм.  ACE буюу “Ан Хэн Ли” компаниас “**” компанид олгосон SHURE брэндийн микрофон электрон бүтээгдэхүүн Монгол улс дахь борлуулагчдын гэрчилгээ тус тус ирүүлснийг нь бол SHURE брэндийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл биш юм гэж үгүйсгэх үндэслэлгүй байна гэж тодорхойлж өгч байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол ACE компанид өгөгдсөн гэрээт борлуулагчийн зөвшөөрөл нь “Ан Хэн Ли” олон улсын компаниас ирүүлсэн байна гэж татгалзсан нь өөрөө үндэслэлгүй байна. Хэрвээ үнэхээр үндэслэлтэй гэдэг байдлаар 2 удаагийн тендер шалгаруулалтын мэдэгдэл дээрээ танай компани ACE юм уу “Ан Хэн Ли” юм уу эсвэл брэндийнх нь нэрийг тодорхойлоод байгаа юм уу гэдэг дээр үнэхээр эргэлзээ төрж байгаа бол тухайн нөхцөл байдалд нь тодруулга хийхээс гадна үнэхээр тэрийгээ хуурамч бичиг баримт үйлдвэрлэсэн, нотариатыг хуурамчаар гэрчилсэн, эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж байгаа тохиолдолд тухайн үед нь гомдлоо шалгуулаад явах ёстой байсан бөгөөд энэ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг татгалзал шаардлага нь өөрөө 12 дугаар сарын 27-ны болон 2 дугаар сарын мэдэгдэл дээр байхгүй. Зөвхөн ингэж үзэх боломжгүй, шаардлагад нийцээгүй байна гэдэг байдлаар бүрхэг томьёолол хийгээд татгалзал үүсгэчихэж байгаа юм. Гэтэл Сангийн яамны тухайд ч тэр, нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага үндэслэл дээр ч гэсэн тодорхой журам дээр нь заачихсан байгаа  нь нотлох баримтын шаардлага хангагдчихсан байж байхад энэ татгалзал нь үндэслэлгүй байна гэдэг байдлаар тайлбарлаж байгаа.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЭ-112-12/701 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгасан. Түүнээс биш сангийн яамны мэдэгдэл дээр буруу үнэлсэн байна гэсэн үг үсэг байгаагүй. Уг Үнэлгээний хороо Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ Монгол улсын Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан тендер үнэлэх давуу эрх олгох аргачлал зааврын 6.2-т харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй гэж заасны дагуу ТШЗ-ийн 19.1 дэх шаардлагыг хангахгүй байна. 2 дугаарт SHURE брэндийн зөвшөөрөл нь ACE компанид өгөгдсөн боловч гэрээт борлуулагчийн зөвшөөрөл нь “АН ХЭН ЛИ” компаниас ирүүлсэн ньТШЖ-ын 2.21-ийн шаардлага хангахгүй байна гэж тус тус үзэн 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаар албан бичгээр “**” компанид мэдэгдэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг 52 дугаар зүйлийн 52.5.1 захиргааны акт хүчингүй болгуулах захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд тусгана гэж зааснаар захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагааны улмаас иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хэрхэн сэргэх нь нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх учиртай. ** компани нэхэмжлэлдээ тендерт шалгараагүй гэх Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож тендерт шалгаруулсан дүгнэлт зөвлөмжийг гаргахыг Үнэлгээний хороонд даалгах гэх боловч шаардлагад нийцээгүй тендерийг шалгаруулах хууль зүйн үндэслэл байхгүй байхад хууль бус шаардлага гаргаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуульд нийцэхгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүд дээр “**” компанийн шүүхэд гаргасан “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгож ийм дугаартай тендерт “**” компанийг шалгаруулсан дүгнэлт зөвлөмж гаргахыг Үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2 дугаарт “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаартай албан бичигт дурдсан тендерт шалгараагүй гэх Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож тус тендерт “**” компанийг шалгаруулж гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эс үгүй бол шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчсөн талаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлох” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүйд хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэлийг гаргахаар байна. “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендер хянан үзэж 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаж эс үйлдэхүй гаргаагүй тул даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “**” компанийн шүүхэд гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн СЭ-112-12/701 дугаартай албан бичигт дурдсан тендерт шалгараагүй гэх Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендерт “**” компанийг шалгаруулж гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэлтээр Үнэлгээний хороогоор дахин үнэлгээ хийгээд хоёр зүйл байгаад байгаа юм. Нэг нь эднийхээс ирүүлсэн зээлжих зэрэглэлийг тодорхойлсон банкны тодорхойлолт, 2 дахь нь үйлдвэрлэгчээс “**” компанид өгсөн гэх SHURE гэх брэндийн үйлдвэрлэгчийн гэрчилгээ байгаа юм. Энэ дээрээ одоо шууд тайлбараа хийгээд явъя. **аас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19/07831 дугаартай тодорхойлолт гэх зүйлийг “**” компани тендерт ирүүлсэн. Энэ тодорхойлолтыг уншиж өгвөл **харилцагч “**” ХХК, регистрийн дугаар ** нь баталгаажсан санхүүгийн баримт материалыг судалж 4 тэрбум төгрөгийн зээлжих чадвартай болохыг тодорхойлов, банк энэхүү тодорхойлолтыг гаргаснаар аливаа этгээдийн өмнө ямар нэг санхүү төлбөрийн болон бусад хариуцлага хүлээхгүй болно, захирал ** гээд **Ард зээлийн төвөөс ирүүлсэн байгаа. Энэ дээр нэгдүгээрт энэхүү тодорхойлолт яг юунд зориулж гаргасан нь тодорхойгүй, хаяг нь тодорхойгүй, энэ 4 тэрбумыг юунд зарцуулах нь тодорхойгүй. Бидний шаардаж байгаа зүйл бол “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит газарт энэ тодорхойлолтыг нэгдүгээрт гаргаж өгөх ёстой. 2 дугаарт энэ 4 тэрбум төгрөгөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зарласан ийм дугаартай ийм тендерт оролцоход энэ 4 тэрбум гэсэн тодорхойлолтыг гаргаж өгөх ёстой юм. 3 дугаарт түрүүн би дурдсан Сангийн сайдын тушаалаар батлагдсан журам байна. Үүн дээр тендер үнэлэх давуу эрх олгох заавар гэж байгаа юм. Харилцагч банкны энэ мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй гэсэн байгаа юм. Энэ 3 үндэслэлээр  **аас ирсэн энэ тодорхойлолт гэх зүйл дээр бид нар татгалзсан хариу гаргасан. 2 дугаар асуудал нь энэ SHURE гэх брэндийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн талаарх SHURE гээд энэ дистрибьютер үйлдвэрлэгч компани нь ACE гэдэг компанид хамгийн анхны үйлдвэрлэгчийн зөвшөөрлөө өгсөн байгаа юм. “**” компани нь болохлоор “Ан Хэн Ли” гэж компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч байсан юм. Тэгээд бид нар үзэхээр зөвшөөрөл нь ACE гэдэг л компанид байгаад байгаа. SHURE гэдэг компани ACE-д зөвшөөрлөө өгсөн. Гэтэл “**” ХХК нь “Ан Хэн Ли” гэдэг компаниас зөвшөөрөл авсан байгаа юм. Энэ яагаад ACE гэдэг үг энэ чинь ороод ирсэн бэ гэсэн чинь SHURE “Ан Хэн Ли”-д зөвшөөрөл өгөхдөө хятад нэрний дээр нь ACE гэдэг лого тавьчихсан байгаа. Хэрвээ ACE, “Ан Хэн Ли” гэдэг компанийн нэр ийм үргэлжилсэн компани юм бол яагаад энэ доороо байгаа гарын үсэг зурсан захирал, ТУЗ-ийн дарга нь гарын үсэг зурсан байгаа юм. Гэтэл тэрэн дээр яагаад “Ан Хэн Ли” хаалтан дотор олон улсын ТУЗ-ийн дарга гэсэн юм тавьсан юм бэ. Үүнийг бид нар үнэлэхдээ энэ бол ACE гэдэг энэ зүйл нарийн яривал хуурамчаар үйлдэгдсэн байх магадлалтай гэж үзсэн. Тийм учраас бид нар энэ тендерээс татгалзсан. Дараагийн арга хэмжээ “**” компанийг Сангийн яаманд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн талаар бас гомдол гаргах бодолтой байгаа.” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар”-ын 6.2-т  “..харилцагч банкны мэдээллийн зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банкинд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй” гэж тодорхой заасан. Яагаад бид нар татгалзаад байна гэхээр нэгдүгээрт баталгаажсан санхүүгийн баримт энэ компанид байхгүй болбол зээл олгохгүй байх үндэслэлтэй.  Хоёрдугаарт нь зээлжих дөрвөн тэрбум төгрөгийг зээлжих чадвартай болно гэж байгаа юм бол банк энэ компанид зээл олгоно оо гэсэн асуудлыг шууд байдлаар үүрэг хүлээгээгүй байна аа гэж үзэх үндэслэлтэй. Энэ өнцгөөс нь манай үнэлгээний хороо тайлбарлаж ойлгож яг энэ бүх асуудлуудыг  ярьсан. Хоёрдугаарт сангийн яам нь хоёр төрлийн шийдвэр гаргадаг нэгдүгээрт нь энэ бол үндэслэлгүй, хоёрдугаарт нь үндэслэлтэй юм гэж. Тендерийн баталгаанд их мөнгө өгдөг ба тендерийн баталгаанд гучин таван сая төгрөгийн баталгаа байршуулж байж оролцдог. Компани нь үндэслэлгүйгээр сангийн яаманд гомдол гаргасан тохиолдолд улсын орлого болгох ёстой сангийн яам магадгүй урьдчилан байдлаар харж шийдвэр гаргасан байж магадгүй гэж бодож байгаа. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл дээр асуудлууд яриад байна. Тендерийн үнэлгээний хорооны өөрийнх нь ажиллах журам гэж байгаа тэр журам дээр бид бүхэн тендерийн материалд ирүүлсэн материалыг үндэслэж шийдвэр гаргадаг. Наториат болох хуулийн байгууллага баталчихаад байхад танайх яагаад хуурамч магадгүй буруу гэж үнэлээд байгаа юм гэсэн тайлбар өгч байна. Наториат хуулбар үнэн гэсэн тэмдэглэл хийдэг.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын зөвлөмжийг хүчингүй болгож, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт, зөвлөмж гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 02 сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох тендерт “**” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулсан ба нээлттэй тендер шалгаруулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарлаж, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээсэн байна.  

4. “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “тендерт оролцогч “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн захиалагчид хүргүүлсэн боловч 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БО/20241223-137 дугаар ““Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн тухай дүгнэлт”-ээр “...тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг ТШЗ 17.5-д нийцэж байгаа эсэхийг дахин нягтлуулах санал байна.” гэж дүгнэжээ.

5. Захиалагчийн шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай тендерт шаардлагад нийцсэн нэг ч материал ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.”  шийдвэрлэсэн ба захиалагч “**” ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн СЭ-112-12/8428 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн байна.  

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар “**” ХХК захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03/474 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “ ...хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн СЭ-112-12/8428 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна.  Хуулийн 59 дүгээр зүйлийн 5.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг  мэдэгдье.” гэж шийдвэрлэсний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахин хуралдаж, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул тендерээс татгалзаж, захиалагчид хүргүүлэхээр  шийдвэрлэсэн.” гэжээ.  

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг ... зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.” гэж заасны дагуу “**” ХХК-д 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

8. Захиалагчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, зааврын 6.2-д заасны дагуу банк бодитой санхүүгийн хариуцлага хүлээгээгүй гэж үзсэн бөгөөд уг тодорхойлолт нь хэнд, ямар тендерт зориулан гаргаж байгаа нь тодорхойгүй байгаа тул шаардлага хангахгүй байна.”, “Тус тендерийн материалд ирүүлсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөлд Shure  брендийн БНХАУ дахь онцгой эрхт борлуулагч нь ACE компани гэж заасан байна. Оролцогчийн ирүүлсэн гэрээт борлуулагчийн зөвшөөрөл нь АН ХЭН ЛИ /олон улсын/ ХХК-аас ирүүлсэн байх тул шаардлагад нийцэхгүй байна. Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдье.” гэжээ.

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “тендер шалгаруулалтын бичиг баримт” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.” гэж зохицуулсан.

10. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.”, 16.2-т “Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно”, 16.2.1-д “харилцагч банкны мэдэгдэл”, 16.2.2-т “сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан”, 16.2.3-д “сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл”, 16.3.З-д “Захиалагч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.” гэж заасан ба захиалагч тендерийн баримт бичгийн  өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 2-т “...Байгууллагын харилцагч банкан дахь харилцах дансны үлдэгдлийн баталгаа /Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт/ ... гэж тусгажээ.

 11. “**” ХХК тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.2-т заасны дагуу харилцагч банк болох **аас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19/07-831 дугаар албан бичгээр “**харилцагч ** ХХК /РД: **/ нь баталгаажсан санхүүгийн баримт, материалыг судалж 4.000.000.000.00 /Дөрвөн тэрбум/ төгрөгийн зээлжих чадвартай болохыг тодорхойлов. ...” тодорхойлолтыг авсан, уг тодорхойлолтоор нэхэмжлэгч “**” ХХК-ийн санхүүгийн баримт материалыг судалсны дагуу 4 тэрбум төгрөг зээллэх чадвартайг, тус банкаас 4 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой болохыг тодорхойлсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

12. Мөн захиалагчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “ Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, зааврын 6.2-д заасны дагуу банк бодитой санхүүгийн хариуцлага хүлээгээгүй гэж үзсэн бөгөөд уг тодорхойлолт нь хэнд, ямар тендерт зориулан гаргаж байгаа нь тодорхойгүй байгаа тул шаардлага хангахгүй байна.” гэсэн боловч тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 2-т банкнаас авах зээлийн тодорхойлолтод хэнд, ямар тендерт зориулан гаргаж байгааг тодорхойлох талаар тусгаагүй атлаа  банкны тодорхойлолтыг хэнд, ямар тендерт зориулсан нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр “**” ХХК-ийн тендерийн баримт бичиг болох **тодорхойлолтыг шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 

13. Иймээс “**” ХХК-ийг Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар баталсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар”-ын 6.2-т “Харилцагч банкны мэдээлэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй.” гэж заасны дагуу ТШЗ 19.1-ийн шаардлага хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

14. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөдлийн хүснэгтийн ТШЗ 20.1.2-т “ ...2. Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийг наториатаар гэрчлүүлэн ирүүлнэ. 2.1. Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг ...” гэж заасан,  “**” ХХК-ийн тендерийн материалд ирүүлсэн зөвшөөрөлд Shure брэндийн БНХАУ дахь онцгой эрхт боруулагч нь ACE компани гэж заасан байна. Оролцогчийн ирүүлсэн гэрээт борлуулагчийн зөвшөөрөл нь АН ХЭН ЛИ /олон улсын/ ХХК-аас ирүүлсэн нь шаардлага хангаагүй гэж үзэн татгалзсан захиалагчийн шийдвэр  үндэслэлгүй байна.

15. Учир нь  Хятад дахь Shure бүтээгдэхүүний онцгой эрхэт борлуулагчаар   “ACE” ХХК нь томилогдсон тухай “Борлуулагчийн гэрчилгээ”, “ACE” ХХК-иас “**” ХХК-д олгосон Shure брендийн бүтээгдэхүүний Монгол Улс дахь борлуулагчийн гэрчилгээг тендерийн баримт бичгийн өгөдлийг хүснэгтийн ТШЗ 20.1.2-т заасан шаардлагад нийцүүлэн бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.  

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гэрээт борлуулагчийн зөвшөөрөл нь “ACE” ХХК-иас ирүүлээгүй, “АН ХЭН ЛИ” ХХК-иас ирүүлсэн  гэж маргасан боловч хэрэгт авагдсан гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн гэрчилгээ дээр “ ACE  Ан хэн ли /олон улсын / ХХК  Зөвшөөрөгдсөн/ гэж бичигдсэн байгаагаас үзэхэд Shure брендийн борлуулагч ACE ХХК-иас гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн “**” ХХК авсан байна гэж үзлээ.

17. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хуурамч баримт бүрдүүлсэн байх магадлалтай гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тайлбарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.”, 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно.” зааснаар захиалагч тодруулга авах боломжтой атал хуурамч баримт бүрдүүлсэн, гэрээт борлуулагчийн зөвшөөрөл биш гэж дүгнэх боломжгүй юм.

18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “**” ХХК-ийн гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээний хорооны зөвлөмж, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаар мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлэв.

19. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Үнэлгээний  хороонд “**” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт, зөвлөмж гаргахыг даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох тендерт “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

20. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д “худалдан авах ажиллагаа" гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана.”, 24.2-т “Захиалагч энэ хуулийн 35.1-д заасан үндэслэлээр гэрээ байгуулах бол энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.” гэж тус тус заасан.

21. Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд тендерийн баримт бичгийг  үнэлэх, гэрээ байгуулах зөвлөмж гаргах, захиалагчийн гаргах шийдвэр, захиалагч гэрээ байгуулах зэргийг тодорхой зохицуулсан учраас шүүх захиргааны байгууллагын сонгох эрхэд халдаж тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцсэн болохыг тогтоосон зөвлөмж гаргуулах, нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13  дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4.1,  27 дугаар зүйлийн 27.1, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан  “ЭҮТӨҮГ/2022031002 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаар мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “**” ХХК-ийг тендер шалгаруулсан дүгнэлт, зөвлөмж гаргахыг тендерийн Үнэлгээний хороонд даалгах, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох тендерт “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас  70200 төгрөг гаргуулан  “**” ХХК-д олгож, нэхэмжлэгч “**” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА