Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2021/00016

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2021/00016

 

 

Т.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2021/00012/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Ч.*******гийн давж заалдсан гомдлоор Т.*******ийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох Т.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, охин Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ, Ч.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримт бичиг албадан гаргуулах, Д.*******гийн сөрөг нэхэмжлэлтэй Ч.*******, Т.******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай 149/2021/00012/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Базаррагчаагийн Цэцэгмаа нь 2019 оны 12 дугаар сард миний нийгмийн даатгалын дэвтэр /2ширхэг/, охин Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ, эхнэр Ч.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр зэргийг барьцаалж Д.******* гэх хүнээс мөнгө зээлсэн. Тухайн үед мөнгө зээлэхэд нь манай эхнэр Ч.******* цуг очсон юм гэсэн. Б.Цэцэгмаа нь өөрөө ямар ч бичиг баримт авч яваагүй юм байна, тийм учраас манай эхнэрт байсан бидний бичиг баримтыг түр барьцаанд тавиад үлдээе гэж гуйгаад үлдээсэн юм байна лээ. Б.Цэцэгмаа нь зээлсэн мөнгөө Д.*******д бүрэн төлсөн гэсэн. Зээлсэн мөнгөнөөс миний бие болон манай эхнэр Ч.******* нь нэг ч төгрөг аваагүй. Тухайн зээл бидэнд огт хамаагүй. Зээлсэн мөнгөө Б.Цэцэгмаа нь нөхрийнхөө дансаар авсан тухай сураг байна. Иймд Т.******* миний нийгмийн даатгалын дэвтэр /2 ширхэг/, охин Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ, эхнэр Ч.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийг Д.*******гээс албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Энэ бичиг баримтуудыг Ч.******* угаасаа мөнгө зээлэхдээ л авчирч барьцаанд нь тавьсан юм. Ч.******* өөрөө авч ирж өгсөн. Ч.******* 5.800.000 төгрөгийг надаас зээл чөлөөлөөд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би дансанд нэгэнт байгаа мөнгөө гуйсан хүсэлтийнх нь дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ барьцаалаад зээлээр өгсөн. ...Барьцаанд байгаа гэдгийг Т.******* ер нь 7 сараас хойш мэдэж байсан. 7 сараас хойш 2,3 удаа гэрт нь очсон. 2,3 нь ч удаа залгаж ярьсан. Аваагүй тохиолдол нь өчнөөн байгаа. Учрыг нь олоод зээлсэн мөнгөө өгчих болов уу гээд би нөхрөөс нь өөр хэнд хэлэх вэ гэж итгэж найдаж хэлсэн. Тэгэхэд огтхон ч хүлээж аваагүй утсаа ч аваагүй тоогоогүй. Бараг эвлэрсэн шахуу л байсан даа. Би 6.000.000 төгрөгийн төлбөрөө авчих юм бол хамаагүй энэ бичиг баримтуудыг нь өгчихнө.. гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэгч Д.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч.******* нь 2019 оны 03 сард миний ажил болох махны зах дээр ирж зээл чөлөөлөөд өгөхийг гуйгаад 0.5% хүүтэй 5.800.000 төгрөгийн зээл авсан боловч одоог болтол элдэв арга хэрэглээд төлөөгүй. Удаа дараа ажил болон гэрт нь очсон боловч зээлийн хэтрэлттэй зээл гарахгүй байна, болгоод өгнө гэсээр өнөөдрийг болтол явлаа. ...Ийм залилангийн үйлдлийг нь хянаж үзээд иргэн миний гомдлыг барагдуулж, Ч.*******гаас 6000000 төгрөгийг минь гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Т.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ....Би энэ мөнгийг авсныг ч мэдэхгүй учраас би Д.******* эгчид ийм өр байхгүй гэж бодож байна. ...Надаас нэхэмжлэх ёсгүй учир би сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ч.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Анх би Б.Цэцэгмаа эгчтэй хамт Д.******* эгчтэй очиж уулзаад 4.750.000 төгрөгийг зээлж аваад 2019 оны 03 сард Б.Цэцэгмаа эгчтэй очиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ барьцаанд тавьж зээл чөлөөлүүлье гэж хэлсэн нь үнэн. Тухайн үедээ миний зээл байсан юм уу, Б.Цэцэгмаагийн зээл байсан юм уу би санахгүй байна. ...Д.******* эгчид би зээл чөлөөлүүлэх гэсэн юм. 5.800.000 төгрөг зээлээч гэж хэлээд гарсан. Өөр бэлэн мөнгө энээ тэрээ мөнгө цаас Д.******* эгчээс аваагүй. 5.800.000 төгрөгөө Батбаатарын данс руу хийлгэж аваад тэрийг хэнд яаж өгснийг би мэдэхгүй байна. Тэгээд би гараад явсан. Өөр илүү дутуу юм би яриагүй. 5.800.000 төгрөг нь Батбаатарын дансанд орсон гэж Б.Цэцэгмаа орой 18 цагийн үед хэлсэн. Авсан өгснийг би зохицуулна гэж хэлээд надад мөнгө өгөөгүй. ...Би 6.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Цэцэгмаа эгч Сэлэнгэд ажил хөөцөлдөж байхдаа Д.******* эгч мөнгөө нэхээд байна. Чи мөнгө олж өг гэж байж би хүү Мөнхбатын данснаас 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тэнэг юм байна. Өөрөөсөө гээд шилжүүлчихгүй, Б.Цэцэгмаагаас гэж хэл гэхээр нь 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Би хүн хохироосондоо болж Д.******* эгчид нэхэмжилсэн 6.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөг төлж хоорондоо тохиръё гэдэг санал гаргаж байгаа юм. Тэрнээс илүү төлж чадахгүй. Гэхдээ би ойрын хугацаанд төлж чадахгүй... гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.*******гээс Т.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ 1 ширхэг, Ч.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр, ажлын үнэмлэх зэргийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т буцаан олгож, хариуцагч Ч.*******гаас 5800000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Д.*******д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгт холбогдох хэсэг болон Т.*******т холбогдох 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Т.******* нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ны 42 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.*******гийн сөрөг нэхэмжлэлдээ Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас 107750 төгрөгийг гаргуулж Д.*******д олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие 2019 онд нилээд хэмжээний өр зээл бусдад тавьсан байсан бөгөөд хамт ажиллаж байсан Б.Цэцэгмаатай холбоотой өр зээлийн асуудлууд байсан. Учир нь Б.Цэцэгмаа нь зээл чөлөөлдөг байсан тул би түүнээс мөнгө зээлдэг, эхнийх нь төлөөд дараагийнх нь авах зэргээр тодорхой хэмжээний өр үүссэн байсан. Яг ийм байдлаар эхний Б.Цэцэгмаатай хамт Д.******* дээр очиж Б.Цэцэгмаа түүнээс мөнгө авсан. Би аваагүй учраас хэдэн төгрөг авсныг нь одоо ч санахгүй мэдэхгүй байна. Дараа нь Б.Цэцэгмаа надад одоо чи Д.******* дээр очоод мөнгө зээлчих би дахин дахин ормооргүй байна зээл чөлөөлүүлье гэж хэл гэхээр нь би Д.******* эгч дээр очиж зээл чөлөөлүүлэх гэсэн юм гээд 5.800.000 төгрөг авахдаа өөрөө аваагүй Б.Цэцэгмаагийн нөхрийнх нь данс руу хийлгэсэн шиг санаж байна. Энэ мөнгөнөөс би 1 төгрөг ч аваагүй энэ мөнгө хэний данс руу орсныг шүүх шалгахад л гараад ирнэ гэж бодож байна. Гэтэл шүүхэд Д.*******гээс би мөнгө аваагүй, Б.Цэцэгмаагийн өмнөөс энэ үйлдлийг хийсэн, миний дансанд миний түрүүвчинд 1 ч төгрөг ороогүй гэж хэлсээр байтал шалгаж тогтоолгүйгээр зөвхөн Д.*******гийн үгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. өмнө нь Д.******* энэ мөнгийг Б.Цэцэгмаагаас нэхэмжлээд шүүх цагдаагаар явж байсан атлаа манай нөхрийг бичиг баримтаа нэхэмжлэхээр эргүүлээд надаас нэхэмжилж байгаа болно. Миний хувьд Д.*******д өр төлбөр төлөх үндэслэлгүй харин хашгирч загнаад байхаар нь талыг нь төлье гэсэн боловч зөвшөөрөөгүй. Харин би Б.Цэцэгмаатай өр төлбөртэй байсан нь үнэн бөгөөд энэ төлбөртөө би амьдарч байсан орон гэр болох хашаа байшингаа 15 сая төгрөгөөр тооцож өгч одоо айлын гэр бариад түрээсийн хашаанд амьдарч байна. Эцэст нь хэлэхэд Д.******* нь Б.Цэцэгмаагаас зээлүүлсэн мөнгөө бүрэн авсан гэсэн. Харин надаас нэхээд байгаа мөнгө нь Б.Цэцэгмаагийн зээлсэн 10 сая төгрөгний хүүг нэхээд байгаа юм билээ. Иймд асуудлыг шалгаж үнэн зөвийг олж өгнө үү. Дахин дахин хэлэхэд би Д.*******д мөнгө төлөх үндэслэлгүй зөвхөн Б.Цэцэгмаатай тооцоотой байгаа түүнд төлсөн. Д.******* нь Б.Цэцэгмаатай л тооцоо хийх ёстой юм. Иймд шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү.. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гаргасан өөрийн нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, охин Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ, эхнэр Ч.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримт бичгийг хууль бус барьцаанаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.******* нь Т.*******, Ч.******* нарт холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөгийг Т.*******, Ч.******* нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ч.******* үл хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Хариуцагч Ч.******* гомдлын үндэслэлээ ...би Д.*******гээс зээл чөлөөлөөд өгөөч гэж Б.Цэцэгмаагийн гуйлтаар очиж уулзсан. Уг мөнгөнөөс нэг ч төгрөг гар дээрээ аваагүй, харин Б.Цэцэгмаатай өмнө нь тооцоотой байсан ба үүнийгээ хашаа байшингаа өгч тооцоогүй болсон. Б.Цэцэгмаа уг мөнгийг нөхрийнхөө дансанд хийлгэж авсан байхад биднээс нэхэмжилж шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгчийн эхнэр Ч.******* нь өөрийн танил Б.Цэцэгмаагийн гуйлтаар хариуцагчаар татагдсан Д.******* дээр очиж 5.800.000 төгрөгийг зээл чөлөөлүүлэх нэрээр зээлдэн авах хүсэлт тавьсны дагуу хариуцагч Д.******* өөрийн охин Э.Саранзаяагийн эзэмшдэг Хаан банкны 5117080230 дугаарын данснаас Б.Цэцэгмаагийн нөхөр Б.Батбаатарын 5001194066 дугаарын данс руу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5.800.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

Энэхүү зээлийг олгохдоо талууд бичгээр гэрээ байгуулаагүй ба харин зээлийн барьцаанд нэхэмжлэгчээс албадан гаргуулж авахаар шаардлага тавьж буй бичиг баримтуудыг барьцаа болгож үлдээсэн байна.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болно гэж,

7.2-д ...Хуульд заасны дагуу төлбөр гаргуулж болохгүй хөдлөх эд хөрөнгө болон бусдын өмчлөлд шилжүүлж үл болох эрх барьцааны зүйл байж болохгүй гэж тус тус заасны дагуу бусдын ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлж буйг нотлох бичиг баримт, Монгол улсын иргэний төрсний гэрчилгээ зэрэг баримтууд нь барьцааны зүйл болохгүй төдийгүй, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг барьцаалсан нөхцөлд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах зохицуулалтай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Түүнчлэн Д.******* нь бусдад зээл олгох, зээлийн барьцаа болгож хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцаалж болох боловч энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсад үйлчилж буй хуулийн дагуу явагдах бөгөөд барьцааны гэрээг бичгээр үйлдсэн нөхцөлд хүчин төгөлдөр байхаар дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан байдгийг дурьдав.

Нэхэмжлэгч Т.******* өөрийн болон эхнэр хүүхдийнхээ бичиг баримтыг хууль бус барьцаанаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй түүнийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-д заасан заалтуудыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Т.*******ийн хууль бус барьцаанаас бичиг баримтаа албадан гаргуулах нэхэмжлэлийг мөн хуулийн 154 дугаар зүйлийн 154.1-д заасан барьцааны зүйл гэж үзэж өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

Харин хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой атал улмаар хүлээн авч ажиллагаа явуулан хэргийг шийдвэрлэснийг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д ..Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж, 73.2-д ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заасан бөгөөд хууль бус барьцаанаас өөрсдийн бичиг баримтыг албадан гаруулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******гээс гаргасан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.000.000 төгрөгийг Т.*******, Ч.******* нараас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох шинж чанар байхгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь: Хариуцагч Д.******* бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгчийн эхнэр Ч.*******тай байгуулсан гэх зээлийн гэрээний үүргийг Т.*******аас шаардаж байгаа нь үндсэн нэхэмжлэлтэй огт хамааралгүй, Т.*******, Д.******* нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байхад сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох шинжгүй байна.

Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулж гаргадаг ба өөр хамтран хариуцагч шинээр нэмж татах, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч гэх ойлголтууд байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасныг баримтлан Д.*******гээс Т.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ 1 ширхэг, Ч.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр, ажлын үнэмлэх зэргийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг баримтлан Т.*******, Ч.******* нараас 6.000.000 төгрөг гаргуулах тухай Д.*******гийн сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 2 дахь заалтыг:

Нэхэмжлэгч Т.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний 42 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Д.*******гээс 70.200 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, Д.*******гээс сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулан буцаан олгосугай... гэж тус тус өөрчлөн найруулж бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч.*******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 Б.ЭРДЭНЭХИШИГ