Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02075

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 10 197/ШШ2025/02075

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Агваандорж нь Б.Отгонбаярт холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Бямбасүрэн овогтой Отгонбаяр нь Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, 43-43 тоотод амьдардаг ба хашаандаа хашааны гүйдэг хаалга 4 дүгээр сарын 16-ны өдөр авахаар ярилцаад 4 дүгээр сарын 19-ний өдөр гүйдэг хаалга суулгаж авахдаа 1,300,000 төгрөг өгөх ёстой байхаас 1,000,000 төгрөг өгөөд үлдсэн 300,000 төгрөгийг 3 хоногийн дотор өгнө гэсэн боловч оройноос нь эхлэн чи намайг залилсан гээд одоог хүртэл өгөхгүй байгаа тул энэ айлд гомдолтой байна. 1,300,000 төгрөгөө өгөөд тооцоо дуусах байтал одоог хүртэл 300,000 төгрөгөө өгөхгүй надаас гарах ёсгүй илүү зардал улсын тэмдэгтийн хураамж сэтгэл санааны хохирол зэрэг нийт 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Миний бие Бямбасүрэн овогтой Отгонбаяр нь иргэн Б.Агваандоржийн нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Агваандорж нь хариуцагч Б.Отгонбаярт холбогдуулан 500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг  төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,300 төгрөгийн тал хувь болох 21,150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,150 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Б.Агваандоржийн нэхэмжлэлтэй Б.Отгонбаярт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,300 төгрөгийн тал хувь болох  21,150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ