| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандашийн Амарсанаа |
| Хэргийн индекс | 135/2020/00927/и |
| Дугаар | 33 |
| Огноо | 2021-05-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 33
Б.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2020/00927/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Р.М-ид холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагч Р.М-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн
2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Т- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Т- 2008 онд Р.М-той танилцаж, албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд нөхөр маань хайр халамжгүй, арчаагүй, залхуу, мөн гэр бүлээс гадуурх харилцаа байнга үүсгэдэг байсан.
Би өөрөө нэг дагавар охинтой суусан, мөн Р.М-ийн анхны хүүхэд болох охин Б- 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй /дауны синдром/ төрсөн, 2011 онд Н-, 2014 онд Т- төрсөн.
Эхний амьдралаа алдаж анхны нөхрөөсөө Р.М-ид сэтгэлтэй болж салсан тул Р.М-ийг засрах болов уу гэж маш их итгэж, зүтгэж, гурван охиныг нь өсгөхийн дээр гадаа гарч эр, гэрт орж эм болж их шаналсан. 2 жилийн өмнөөс Р.М- гэртээ амьдрахгүй хэсүүчлэн явуу учир одоо энэ хүнтэй амьдрах итгэл, сэтгэл үлдээгүй тул бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд өөрийн дагавар болон Р.М-ийн 3 охиныг ээж болох надаас өөр хэн ч өсгөж, өндийлгөж, хайрлаж халамжлахгүй тул 4 хүүхдийг миний асрамжид үлдээнэ үү гэжээ.
Хариуцагч Р.М- нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Р.М- нь 2008 онд анх гэр бүлийн хүн болох Б.Т-тай танилцаж гэр бүл болоод 3 хүүхдийн эцэг, эх болцгоосон юм. Гэр бүл болоход эхнэр Б.Т- маань нэг хүүхэдтэй буюу дагавар хүүхэдтэй гэр бүл болцгоосон. Бидний хамтын амьдралд 2019 оны нэг сараас эхэлж сэв сууж эхэлсэн. Учир нь миний бие Р.М- нь 2019 оны 02 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 25-ны хүртэл Хүнд машин механизм, операторын курс буюу дамжаанд сурч мэргэжлийн үнэмлэх авсан юм. Гэтэл миний байхгүй хойгуур эхнэр Б.Т- нь гэр бүлийн гадуурх харилцааг К.Д- гэгчтэй дотно харилцаа үүсгэсэн тухайгаа миний бэргэн эгчид үг цухуйлгаж ярьсан байсан. Тэрийг миний дүүгийн эхнэр бас сонсож, надад миний төрсөн дүү хэлсэн. Тухайн үед Б.Т-ыг ийм харилцаа үүсгэсэн байж магад гэсэн сэтгэл дотор бодол байсныг дүү маань улам баталсан.
Удалгүй 7 сарын 17-нд Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 290 жилийн ойн баяр наадамд миний бие Р.М- эхнэр Б.Т- хамт явсан удалгүй Сэлэнгэ аймаг Бугант суманд Оргил Мөнх ХХК-д ажиллаж байсан тул ажлаас дуудаад 18-нд буцсан. Миний байхгүй хойгуур Б.Т-, К.Д- нар амралтын газар хоносон тухайгаа хоёул надад ярьсан. Үүнээс хойш болсон явдлуудыг К.Д-тай миний бие Р.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 20-нд уулзаж ярьсан тухайгаа баталгаажуулж бичлэг хийсэн. Бичлэгийг дараа нь Б.Т-ад үзүүлэх мөн ах дүү нарт үзүүлэх сонсуулах зорилгоор хийсэн.
Б.Т- нь нэхэмжлэлдээ Р.М- намайг хайр халамжгүй, арчаагүй, залхуу мөн гэр бүлээс гадуурх харилцаа байнга үүсгэдэг гэсэн байсан. Учир нь миний бие гэр бүлээ тэжээх, гэрийнхээ санхүүгийн хэрэгцээг хангахын тулд мөн гэр бүлээ хэнээс ч дутахааргүй амьдруулахын тулд гэрээсээ хол хөдөлмөр эрхэлдэг байсан. Оргил мөнх ХХК-д 2019 оны 03 дугаар сарын 31-нээс 2019 оны 08 дугаар сарын 25-ныг дуустал, мөн 2020 оны 03 дугаар сарын 10-наас одоог хүртэл Amiyus ХХК-д хөдөлмөр эрхэлж байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаар шийдвэрээр:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б- овогт Б-ын Т- /регистрийн дугаар **********/, Б- овогт Р-гийн М- /регистрийн дугаар **********/ нарын гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Т-, 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин М.Н-, 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Б- нарыг эх Б.Т-ын асрамжид үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин М.Н-, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Т- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Б-ийг 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Р.М-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.М-оос улсын тэмдэгтийн хураамж 140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-ад олгож,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж,
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдэж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Т-од даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Р.М- давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тус шүүхийн шийдвэрт “...Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба насанд хүрээгүй хүүхэд болох М.Т-, М.Н-, М.Б- нарын амьдрах өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар эх Б.Т-ын асрамжид үлдээж,...” гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлж байсан. Мөн шүүх хуралдааны явцад “...Уржигдар 3-р ангийн хүүхдийг цохисон учир уурлаж хэлсэн.”, “...хүүхдүүд бол байнга дарамтанд байдаг юм, том охиныг 9 дүгээр ангид байхад нь оройтлоо гэдэг шалтгаанаар шалны модыг хугартал нь цохиход нь би салгаж байсан.” гэж хэлж хүүхдүүд маань хүчирхийлэлтэй орчинд өсч хүмүүжих болчхоод байгаа талаар дурдаж хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээвэл хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч хүмүүжих боломжгүй нөхцөлд хүрч байгаа тухай илэрхийлж байсан.
Ийм байхад шүүхээс 4 хүүхдийг хэрхэн ганц бие эх яаж хүмүүжүүлж эрүүл, аюулгүй орчинд байлгах боломжтой талаар асууж тодруулаагүй, надаас ч энэ талаар асуугаагүйд гомдолтой байна. Миний бие хүүхдүүдээ Б.Т-ын асрамжид үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Анхан шатны шүүхээс хүүхдийн асрамжийг өөрчлөх талаар шийдвэрлэхдээ биднийг хангалттай мэтгэлцүүлээгүй, энэ талаар асууж тодруулаагүй байж хүүхдийн асрамжийн талаар маргаагүй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Миний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Р.М-ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Р.М- гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг хийж байна.
Гэрлэгчид болох Б.Т-, Р.М- нар нь 2008 онд танилцаж, 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг Дархан сумын Иргэний гэр бүлийн бүртгэлд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн байх ба гэрлэгчдийн дундаас 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин М.Б-, 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин М.Н-, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин М.Т- нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх, эвлэрээгүй тохиолдолд гэрлэлт цуцлах тал дээр анхаарснаас биш хүүхдүүдийн асрамжийн талаар дүгнэлт хийх нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй байна.
Хэргийг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээх...” гэж зааснаар шүүх нотлох баримтын үндсэн дээр энэ талаар дүгнэлт хийх ёстой байхад, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй гэж дүгнээд хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй, зохигчдыг хүүхдийн асрамжийн талаар маргах эрхийг нь хангаагүй, талуудын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.
Энэ талаар хариуцагч Р.М-ийн “...хүүхдүүдийн асрамжийн талаар биднийг хангалттай мэтгэлцүүлээгүй, энэ талаар асууж тодруулалгүй, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй...” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Р.М-ийн давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Р.М-оос давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Л.АМАРСАНАА