Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 119/ШШ2025/0013

 

                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                  

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би **ийн аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн статистикийн улсын байцаагч **д холбогдуулан гаргасан Улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0530922 дугаартай шийтгэлийн хуудсаар **д Зөрчлийн тухай хуулийн 15.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “** би тус аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн статистикийн улсын байцаагч ** нь “Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний их эмч ** нь статистикийн мэдээг санаатайгаар буруу мэдээлсэн” зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, **д 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шалгалтаар хянав.

Холбогдогч ** нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн их эмчээр ажилладаг төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдээлэгдсэн амьсгалын замын цогчмог хүнд халдварт өвчнөөр нас барсан тухай хүний мэдээллийг илгээхдээ нян судлалын сорьцын шинжилгээ хийгдсэнийг хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас шинжилгээ хийгдээгүй гэж мэдээлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Статистикийн мэдээг удаа дараа тасалж хожимдуулсан, эсхүл санаатайгаар буруу мэдээлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан бөгөөд зөрчлийн материалд авагдсан нотлох баримтаар ** нь статистикийн мэдээг удаа дараа тасалж хожимдуулсан, эсхүл санаатайгаар буруу мэдээлсэн нь нотлогдоогүй байна.

Эрх зүйн онолд аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үздэг.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн заасан ба эрх бүхий албан тушаалтны шийдвэр шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Мөн ** нь төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн нь холбогдогчийн мэдүүлэг, ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар, эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д зааснаар "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ“ гэж,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр, гэмт хэргийн шинжтэй бол энэ хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорт даруй мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Прокурор нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Орхон Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн статистикийн улсын байцаагч **ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 0530922 дугаартай шийтгэлийн хуудсаар **д Зөрчлийн тухай хуулийн 15.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн статистикийн улсын байцаагч ** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Орхон аймгийн  Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн статистикийн улсын байцаагч ** миний 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0530922 дугаартай шийтгэлийн хуудсаар **д Зөрчлийн тухай хуулийн 15.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хүчингүй болгох **ийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

** нь аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн статистикийн улсын байцаагч **д холбогдуулан ““Улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0530922 дугаартай шийтгэлийн хуудсаар **д Зөрчлийн тухай хуулийн 15.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ** прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлжээ.     

Ийнхүү хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн статистикийн улсын байцаагч ** ын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар “2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0530922 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан **ийн аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн статистикийн улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0530922 дугаартай шийтгэлийн хуудсаар **д Зөрчлийн тухай хуулийн 15.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2025/0013/з дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА