Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: А.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхбат,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох 1728000410034 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

А. нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын 2 дугаар багийн нутаг Баянхөтөл гэх газраас П.Идэрсайханы дробин-16 маркийн буу, сум 2 ширхэг, хаан банкны виза карт, мотоцикль зэргийг хулгайлан авч 776.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Нд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч А.Нв нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын 2 дугаар багийн нутаг Баянхөтөл гэх газраас хохирогч Б.Х гэрээс хаан банкны виза карт, П.Идэрсайханы эзэмшлийн дробин-16 маркийн буу, сум 2 ширхэг, мотоцикль зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 776.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ...”бууг аваагүй” гэж мэдүүлсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбат дүгнэлтдээ... “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бууны гэрчилгээнээс харахад 2016 оны 06 дугаар сард ямар нэгэн байдлаар татвар төлөөгүй байдаг. Хууль журам дээр буу сумыг нэг дор хадгалдаггүй гэж заасан боловч журмын дагуу хадгалж байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Галт зэвсгийг худалдаж авсан ч хувийн дугаар бүртгэлтэй байдаг. Гэтэл энэ буу нь хаанаас хэнээс авсан нь тодорхойгүй байна. Үнэхээр тэр ширдэг доогуур 3 салсан дробин буу байлаа гэхэд яагаад онгоц модыг үлдээх вэ? Малчин хүн өөрийн буугаа хэзээ ч шороотой хутгаж хадгалахгүй” гэж улсын яллагчтай мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгч А.Намсрайжавын “бууг аваагүй” гэх мэдүүлэг, өмгөөлөгч А.Энхбатын “бууг хаанаас хэнээс авсан нь тодорхойгүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүргийг, гэрчид мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх” үүргийг тус тус хүлээлгэж, үүргээ зөрчвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хууль танилцуулж баталгаа гаргуулан мэдүүлэг авсан. Ийнхүү мэдүүлсэн мэдүүлэг, түүний эх сурвалжийг заасан тохиолдолд нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй. Шүүгдэгч А.Намсрайжавт холбогдох эрүүгийн хэрэгт буу хулгайлагдсаныг үгүйсгэх нотлох баримт цуглаараагүй байна.

Хохирогч Б.Хишигтөмөрийн нөхөр П.Идэрсайхан 2002 оны 11 сарын 11-ний өдрөөс Дробин 16 маркийн гол төмрийн № 20011, замагны № 20011 галт зэвсэг эзэмшигч бөгөөд бүртгэлд бүртгүүлэн татвар төлдөг болох галт зэвсгийн гэрчилгээгээр нотлогдсон байна. Шүүгдэгч А.Намсрайжав хэрэг гарахын өмнөх өдөр “калибарь буутай болмоор байна гэхээр нь буугаар яах гэж байгаа юм бэ гэхэд тарваганд явна” гэж байсан, шүүгдэгч өндөр нь 60 см, өргөн 40 см хэмжээтэй том хар цүнхтэй болохыг хохирогч Б.Хишигтөмөр мэдүүлдэг,  гэрч Ц.Цэцэгдэлгэр... “нэг цүнх үүрсэн бор царайтай намхан нуруутай залуу байсан” гэж тус тус мэдүүлжээ.  Хэрэг учралын үед байсан Дробинк буу нь онгоц мод, гол төмөр, бариул хэсгээр задарсан угсраагүй байсан болох нь хэргийн газрын үзлэгээр гэрийн хойморын хулдаасан дороос гарсан онгоц модоор тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Намсрайжавыг хохирогч Б.Хишигтөмөрийн гэрээс Дорбинк 16 маркийн галт зэвсгийг хулгайлсан гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

“Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ.

Шүүгдэгч А. нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Б.Хишигтөмөр мөрдөн байцаалтын шатан өгсөн:... “2017 оны 08 дугаар сарын 10-ны үдээс хойно Баяндалай сумын цагдаа Сүхээ над руу утсаар залгаад та малчин авна гэсэн юм уу Намсрайжав гэдэг залуу ирээд танайд мал маллана гээд таны утсыг хэлж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тиймээ малчин авна гэж хэлсэн. Тэгээд би түүнийг очиж авахаар болсон. Тэгээд би шөнө нь суман дээр машинтайгаа очоод Намсрайжавтай уулзаад би чамд мөнгө өгч чадахгүй сувай малаа маллуулна /манайх 1000 гаран малтай юм/ би хавар чамд 6 сарын 01-ний өдөр 50 мал өгнө гэж хэлсэн чинь Намсрайжав тэгье гэж уриалгахан зөвшөөрсөн. Маргааш өдөр нь би Намсрайжавтай хамт сумын төв рүү орж суман дээр үлдээсэн мотоциклио авах байсан болохоор Намсрайжаваар унуулаад явуулахаар болсон. Тэгж байхдаа би түүнд виза картаа өгөөд нууц кодыг нь өгөөд тос клонк дээрээс аваад ир гэж хэлээд явуулсан. Би виза картаа Намсрайжаваас аваад машиндаа хийсэн байсан. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би Намсрайжавыг өөрөөсөө холдуулахгүй хажуудаа юмыг яаж мэдэх вэ гэж бодоо хараад байсан. 15-ны өглөө Намсрайжав машины арын хаалгаар ороод гарч ирэхгүй юм ухаад байгаа юм шиг надад санагдсан болхоор хараад байсан. Тэгсэн тэр машинаас гарч ирээд гэр лүү орж байгаа харагдсан. Тэр гэрээс гарч ирээд гар нүүрээ угаахаар нь ямаа саалцах юм байна гэж бодоход эргээд гэр лүүгээ орж байгаа харагдсан. Тэр ямаанд яваад өдөр 13 цагийн үед гэнэт гэрт ороод ирэхээр нь би түүнийг яав гэж асуухад тэр зүгээрээ гэж хэлсэн. Тэгээд би 16 цагийн үед сум руу явахаасаа өмнө нь машинд байсан виза карт байхгүй болсныг нь мэдсэн. Гэртээ ирээд утсаа цэнэглээд, овоон дээр гарч сүлжээнд гараад банкуу асуухад миний виза картнаас 210.000 төгрөг Баянцагаан дэлгүүрээс уншуулаад авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би картыг хаачих гэж хэлээд картаа хаалгасан. Тэгээд би сумын цагдаад хэлсэн байсан сумын цагдаад хар ногоон өнгийн мотоцикль Намсрайжав аваад явсан магадгүй суман дээр хаясан байж магадгүй гэж хэлсэн. Дробинк маркын буу 2 ширхэг сумны хамт байхгүй болсон байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй хохиролоо нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч П.Идэрсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Манайх гэрээрээ Өмнөговь аймгийн Баяндалай сумын 2 дугаар баг Баян хөтөл гздзг газарт нутаглаад 10 гаран жил болж байна. 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед байх өдөр хоногоо сайн санахгүй байна. Зам ангийн хийсэн үерийн хаалтад тогтсон усаар малаа услаад байж байтал нэг танихгүй хүүхэд ирээд би Өвөрхангай аймгаас ирсэн намайг Намсрай гэдэг гэхээр нь за тэгвэл уулзаарай гэж хэлээд би явсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрт Намсрай гэж өөрийгөө танилцуулсан залуу гэрт ирэхээр нь би малаа маллуулсан. Үүний дараа Намсрай гэж хүүхэд 2017 оны 08 дугаар сарын 11-15-ны өдөр хүртэл байж байгаад тэр өдрийн 14 цагийн үед миний мотоциклийг унаад надад хэлэлгүй урд гэрээс миний нэр дээр бүртгэлтэй дробинк маркийн галт зэвсгийг 2 ширхэг сумын хамт эхнэр Хишигтөмөрийн Хаан банкны виза картыг машинаас хулгайлаад алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч Х.Оюун-Ундарга мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...” Манайх гэр бүлээрээ Өмнөговь аймгийн Баяндалай сумын хоёрдугаар багт амьдардаг. Манайд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аав Идэрсүрэн нэг танихгүй малчин авж ирээд мал маллуулахаар болсон. Тэгээд тэр хүн өглөө гараад өдөр нь буцаад гараад орой нь ирэх маягаар 2017 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл манайд байсан. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн үед намайг ямаагаа саагаад байж байтал Намсрай гэдэг хүн гэрээс цүнх хувцасаа аваад гэрийн баруун талаар явж байгаа харагдсан. Удалгүй ээжид би Намсрай цүнхтэй хувцсаа аваад явах маягтай машины хойд талд хувцасаа тавьсан. Үүний дараа 14 цагийн үед Намсрай мал харлаа гээд алга болсон. Тэгээд ээж сумын төврүү явах гээд Хаан банкны виза картаа хайгаад оядохтүй болохоор нь зүүн талын орой дээр гарч Хаан банкмы төвтэй холбогдож асуухад 210.000 төгрөгийг Баян цагаан дэлгүүрээс бэлнээр гаргуулан авсан гэхээр нь ээжийн виза картыг Намсрай хулгайлсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Б.Сүхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Би 2017 оны 08 сарын 15-ны өдөр Баяндалай сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Хишигтөмөр гэх иргэн утсаар мэдээлэхдээ манайд мал маллаж байсан Намсрайжав гэдэг хүн мотоцикль унаад виза карт аваад явчихлаа. Тэгээд банкнаас асуухад 200.000 мянган төгрөгний гүйлгээ хийгдсэн байна гэж дуудлага ирсэний дагуу Баяндалай сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Маргад гээд дэлгүүрийн урд талд ногоон өнгийн сэжиг бүхий мотоцикль тавиатай байсан. Тэгээд шалгаж үзэхэд алдагдсан мотоцикль байсан. Тэгээд би портер машин дээр мотоциклийг ачаад хэсгийн грашд хийсэн. Тэгээд би Хишигтөмөр гэж хүн рүү утсаар залгаад мотоциклийг чинь олчихпоо ирж ав гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Ц.Цэцэгдэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Би 2017 оны 08 сарын 15-ний өдөр 16 цагийн үед Баяндалай сумын төвд байрлах Баянцагаан дэлгүүрт ажлаа хийгээд байж байх үед гаднаас нэг хүн орж ирээд картнаас бэлэн мөнгө гаргахуу гэсэн. Тэгээд би тэр хүнд 5000 төгрөгний худалдан авалт хийвэл 100,000 мянган төгрөг гаргаж өгч болох пост машин байдаг гэсэн чинь Тэр хүн картаа өгөөд ундаа чихэр пичень авсан. Тэгээд 100.000 мянган төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд дахиад 5000 төгрөгөөр идэж уух юм авъя гээд картаа өгөөд авсан юм нь 6000 төгрөг болсон. Тэгээд би дахиад 100.000 мянган төгрөг гаргаж өгсөн. Манай пост машин бол заавал пин кодоо мэдэж байгаа тохиолдолд гүйлгээ хийгддэг” Гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Яллагдагч А.Намсрайжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Би Өвөрхангай аймгаас 2017 оны 08 дугаар сард Өмнөговь аймгийн Баяндалай суманд мал маллах гээд ирсэн. Баяндалай суман дээр ирээд Идэрсайханы эхнэртэй утсаар яриад гэрт нь очихоор болоод намайг шөнө хөдөөнөөс ирээд аваад явсан. Хөдөө очиж хоноод маргааш өдөр нь буцаж Баяндалай суман дээр ирээд хар ногоон өнгийн мотоцикль аваад клонкоос би Идэрсайханы эхнэрийн виза  картыг авч яваад масло авсан. Хөдөө очиж гэрт нь гурав хоносон. Энэ хооронд тэдний малыг усалж хариулсан. Би тэр өдөр ямааг нь усалчихаад хонийг нь хойш гаргаад ирж хоол идсэн. Гэрт Идэрсайханы эхнэр хүүхэд байсан. Идэрсайхан өөрөө хонь руу явсан байсан. Би Идэрсайханы эхнэрт ямаа руугаа явлаа гэж хэлээд гэрийн гадаа байсан мотоцикль асаагаад ямаан дээр очоод ямааг нь гэрлүү тууж эргүүлээд шууд Баяндалай сум руу явсан. Сумын төв дээр ирээд аймгийн төв рүү явах унаа хайж байгаад дэлгүүрт орж виза картнаас нь 200000 төгрөг аваад тэндээс гарч цагаан байшингийн ард унаж ирсэн мотоциклийг үлдээгээд нэг хар машинд суугаад аймгийн төвд ирсэн. Улаанбаатар хотруу явах унаа хайж байгаад автобусанд суугаад хотруу явсан. Би Идэрсайханы гэрийн гадаа байсан машинаас виза карт, гэрийн гадаа байсан мотоицикль хоёрыг авсан. Өөр зүйл аваагүй. Өмнө өдөр миний толгой өвдөөд байсан тэгээд явмаар санагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Намсрайжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Авсан зүйлээ мэдэж байгаа. Бууг бол аваагүй. Ганц удаа дугуйны юм авах гэж тэр айлд очсон байсан. Тэгээд дараа нь малыг маллахаар болоод очсон. Тэр айл жаахан нарийн айл шиг санагдаад байхаар нь явмаар санагдаад, сүүлд нь явъя гэж шийдээд явсан. Буу алга болсныг дараа нь мэдсэн. Хэзээ алга болсныг мэдэхгүй. Бууг би аваагүй“ гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “... уг гэрийн ертөнцийн зүгээр хойд хойморын хулдаас доороос хулгайд алдагдсан гэх галт зэвсгийн онгоц модыг эд мөрийн баримтаар  хураан авч, ...монгол гэрийн урд талд 4.8 метрийн зайнд 52-12 ӨМА улсын дугаартай хөх өнгийн HONDA CR-V маркийн тээврийн хэрэгсэлд үзлэгийг хийхэд Хаан банкны виза карт байсан гэх уг тээврийн хэрэгслийн хянах самбарт ямар нэгэн ул мөр илрээгүй бөгөөд хэргийн газрын үзлэгээр пакон маркийн зургийн аппаратаар 14 кадр гэрэл зургийг бэхжүүлэн авав” /хх-ийн 05-09 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2018.02.20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол “Эрүүгийн 1728000410034 дугаартай хэрэгт гол төмрийн 20011, замагны 20011 дугаартай Дробинк-16 маркийн ангийн зориулалттай бууны гэрчилгээг эд мөрийн баримтаар тооцсугай” /хх-ийн 10 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2017.08.16-ны өдрийн мөрдөгчийн тогтоол “Галт зэвсгийн онгоц модыг эд мөрийн баримтаар тооцсугай” /хх-ийн 11 дүгээр хуудас/

 “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт №ӨМА553 “Дробинк 16 маркийн буу 1 ширхэг нь зах зээлийн дундаж үнэ 350.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” /хх-ийн 26 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт №184 “Мустанг-150 маркийн хар ногоон мотоцикль 1 ширхэг 200000 төгрөг, Дробинк-16 бууны сум 2 ширхэг нь 6000 төгрөг, Хаан банкны виза карт 1 ширхэг 3000 төгрөг, нийт 215000 төгрөг” /хх-ийн 30 дугаар хуудас/

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай 2018.02.14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 34 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.15-ны өдрийн №13 дугаар яллаглагч А. цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж /хх-ийн 39 дүгээр хуудас/

Эрэн сурвалжлагдаж буй хүний мэдээлэл /хх-ийн 49-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримт нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч А.Н нь хохирогч Б.Хишигтөмөрийн гэрт ажил гүйцэтгэх хэлцлийн үндсэн дээр мал маллаж амьдарч байсан тул шүүгдэгчийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж хүндрүүлэн зүйлчлээгүй, түүнд холбогдох  хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Шүүгдэгч А.Ннь хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлджээ.

Иймд шүүгдэгч А.Н бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн”ХХК-ний үнэлгээгээр Дробин16 ангийн зориулалт бүхий буу 350000 төгрөг, Мустанг ява мотоцикль 200000 төгрөг, Хаан вика карт сэргээх үнэ 3000 төгрөг, дробин бууны 2 ширхэг сум 12000 төгрөг, пост машинаас 210000 төгрөг нийт хохирогч  Б.Хишигтөмөрт 776.700 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 200000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг биет байдлаар хүлээн авсан байх тул шүүгдэгч А.Н 576700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хишигтөмөрт олгох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Нн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн 1728000410034 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагын тодорхойлолт /хх-ийн 82-88 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үүрэн холбоо, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, үүрэн холбооны байгууллагуудын тодорхойлолт/хх-ийн 54,58-69, 71-76, 79-81 дүгээр хуудас/

Шүүгдэгч А.Ниргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 92 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Нял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Н 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 26 /хорин зургаа/ хоног урьдчилан хоригдсон тул ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20011 дугаартай бууны гол төмөр, 20011 дугаартай замагны дробинк-16 маркийн ангийн зориулалттай бууны гэрчилгээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Х /регистрийн дугаар: КА74081828/-д буцаан олгож шийдвэрлэлээ.         

          Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.