Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2025/00214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д*******ийн Б*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00240/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1982 оноос 1989 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан ба хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажиллаж байсан ба хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн 1982-1983 он, 1988-1989 онуудад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 695 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/.

3. Шүүх санаачилгаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 маягт, Үндэсний төв Архиваас 1989 оны Хүн ам, орон сууцны тооллогын лавлагааг гаргуулан авсан болсон.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982-1983 он, 1988-1989 онуудад барилгачнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Д.Б******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар ажиллаж байсан болох нь цалингийн цэсийн лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт, болон ХААТР-1 маягт, 1989 оны Хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

4.Иймд хүсэлт гаргагч Д.Б*******г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д*******ийн Б*******г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА