| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0161/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Шүүгдэгч /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овгийн холбогдох эрүүгийн 1709017040050 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Евро электроникс” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 13 дугаар байрны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, , /РД:ЧЙ 83110631/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрилла Улаанбаатар” зочид буудлын ресторанд үйлчлүүлээд 01.00 цагийн үед согтууруулх ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарах хаалга нь онгойхгүй байсанд уурлан улмаар тус зочид буудлын б1 давхарт байрлах хяналтын камерийг эвдэлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, тухайн үйлдлийг нь таслан зогсоож шаардлага тавьсан хамгаалагч Ж.Зоригтбаатарын толгой, нүүр тус газарт 2 удаа мөргөж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Нямбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 1709017040050 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Нямбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангрилла молл”-ын 2 давхарт байрлах ресторанд өөрийн ажлынхны хамт виски ууж сууж байгаад нилээн орой болсон. Тэгээд B1 давхар руу ажлын хүний машин руу явж байгаад хамгаалагч нартай маргалдаад уур хүрээд хяналтын камер болон машин орж гардаг хаалтыг эвдсэн. Тэгээд нэг хамгаалагч нь надад шаардлага тавихаар нь согтуудаа нөгөө хамгаалагчыг нэг удаа толгой хэсэг рүү нь мөргөсөн бусад асуудлыг сайн санахгүй байна. Машин гардаг хаалгыг онгойлгохгүй удаад тэгээд би хяналтын камерийг эвдсэн чинь намайг явуулахгүй гэсэн тэгээд хамгалагчтай маргалдах болсон. Өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн хамгаалагчийн хохирлыг бүрэн барагдуулж гомдолгүй болгосон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Зоригтбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед хоол идээд сууж байсан юм. Тэгтэл камерийн өрөөнөөс доор согтуу хүн юм эвдээд байна гэсэн дуудлага ирсэний дагуу би хамгаалагч Баяртогтохтой очсон тэгэхэд манай хамгаалагч Сугар очсон байсан улсын дугаарыг нь санахгүй байна хар өнгийн “Тоёота Приус 20” маркийн автомашинтай 2 гадаад улсын иргэн 3 Монгол залуу байсан ба 2 залуу нь юм ярьж байгаад явсан. Тэгээд нэг залуу нь үлдсэн ба тэр залуу нь машины орох гарцны 2 камерийг эвдсэн байсан. Тэгээд тухайн залуугаас яасан юу болсоныг асуухад урдаас шууд та нар яадын ална шүү гээд хэл амаар доромжилсон байсан ба машиныг нь явуулахгүй гээд хаагаад зогссон ба тухайн үедээ цагдаа дуудсан байсан юм. Тэгээд байж байтал тухайн залуу нь цаашаа явахаар нь би “та хаачих гэж байна хүлээж байгаарай” гэтэл тухайн залуу гүйгээд зугтаагаад явсан. Тэгэхээр нь араас нь очоод барьж аваад “та яагаад маяглаад байгаа юм бэ” гэхэд “би төөрчихлөө” гээд мэлзээд байсан. Тэгээд миний араас хамгаалагч Сугар ирээд бид 2 аваад буцаад камер эвдсэн гэх газраа буцаад ирсэн. Тэгээд байж байтал 2 гадаад улсын иргэн нь 00-н өрөө орж бие засахаар явсан ба тухайн үед Сугараа дагаад явсан юм. Тэгтэл нөгөө залуу дахиад ийшээ тийшээ зугтаах гээд байхаар нь би “та байж бай одоо цагдаа нар ирж байгаа түр хүлээж бай” гээд нөгөө залууг явуулахгүй барьж байтал тэр залуу намайг нэг удаа толгойгоороо нүүр рүү мөргөсөн тухайн үед манай ээлжийн ахлах Майжаргал, Баяртогтох нар байсан ба түүнийг салгаад цаашаа болгосон тэгтэл тухайн залуу чамайг хэн гэдгийн гээд дахиж ирээд энгэрээс зуурч байгаад хамар руу дахиад нэг удаа мөргөсөн тэгээд миний хамарнаас цус гараад нөгөө залуу зугтаагаад явсан. Түүний араас Баяртогтох гүйгээд машин гаргадаг цоожтой хаалган дээр очоод баригдаад Баяртогтох дагуулаад ирж байхад нь би урдаас нь очсон ба тухайн залуу “би энийг алчихъя” гээд дайраад байсан. Тэгээд буцаад камер эвдсэн газар буцаад очоод зогсож байтал намайг дахиж заамдаад цохих гэхэд нь би хөлийг нь дэгээдэж унагаад гарыг нь ард нь өчсөн тэгээд тэнд байсан ажилчид намайг салгаад Зоригоо чи явж бай чамайг энд байх юм бол энэ хүн ингээд байх юм байна гээд би явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 16-18 дугаар хуудас/,
Гэрч Г.Баяртогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Яг өдрийг нь санахгүй байна тухайн үед би “Шангрилла молл”-ын хамгаалагч ажилтай байсан ба намайг ээлжтэй өдөр доор камер эвдлээ гээд станцаар дуудсан дотор хамгаалагч нарт нэмэлтээр очоод өгөөч гээд Б1 давхрын орж гарах гарцан дээр очиход нэг согтуу залуу 2 гадаадын иргэнтэй автомашинтай зогсож байсан ба манай хамгаалагч нар очоод саатуулсан байсан. Тэгээд байж байхад согтуу залуу нь дээшээ зугтаагаад явсан тэгээд хамгаалагч Зоригоо гээд залуу хойноос нь яваад барьж ирсэн тэгэхэд барьж ирлээ гээд уурласан юм уу яасан юм тэр залуу Зоригоог нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд дахиад гражийн хаалганы тийшээ зугтаагаад тэгээд дахиад барьж ирээд дахиад нэг мөргөсөн. Тэгэхэд Зоригоо хойшоо налаад хамраас нь цус гараад эхэлсэн. Тэгээд Зоригоо тухайн хүнийг өчиж доош нь дарж зогсоосон тэгээд хамт явж байсан хүмүүс нь яваад тухайн хүнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Б.Сугаржав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 28-ны шөнө би Шангрила Улаанбаатар зочид буудлын дээд давхарууд дээр эргүүл хийгээд явж байсан юм. Тэгтэл станцаар согтуу хүн камер эвдээд байна гээд байсан. Тэгээд доошоо буугаад очиход 2 гадаад жолоочтой, нэг өндөр залуу их согтуу хэл амаар доромжилоод байсан юм. Тэгээд удаагүй байтал манай ээлжийн ахлах Майжаргал, Зоригтбаатар, Баяртогтох нар ирсэн юм. Тэгээд ерөнхийдөө нөгөө согтуу хүнд шаардлага тавиад цагдаа дуудаад байж байтал Зоригтбаатар руу дайрч нүүр рүү нь мөргөсөн юм. Тэгээд цаашаагаа зугтаасан тэгээд араас нь Зоригоо бид 2 гүйгээд авчирсан дахиад Зоригтбаатар руу дайрч байгаад дахиад мөргөсөн. Тэгээд Зоригтбаатар хамраа дараад цаашаа явсан ба би Баяртогтох нартай үлдээд байж байтал цагдаа нар ороод ирсэн юм. Намайг очиход 2 камер нэг нь салаад газар унасан нэг нь утасан дээрээ тогтож байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор:
Бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “…”Шангирилла молл”-ын Б1 давхрын зогсоолын бичлэг байх ба уг бичлэгт хэсэг хүмүүс согтуу тэврэлдэн зогсож байгаа харагдах ба Б.Нямбаяр нь камерийн доороос гарч ирэн хананд түшүүлэн тавьсан байсан эд зүйл татаж унагаагаад цааш яван машин гардаг хаалтан дээр ирэн хаалтыг өшиглөж мөн хаалтны хажууд ямар нэгэн зүйл эвдэлж байгаа бичлэг харагдах ба цааш яваад буцаад ирж машин ордог хаалтыг дахин өшиглөж хажууд нь байсан камерийг эвдэлж байгаа бичлэг харагдаж байв. 2 дахь бичлэгийг нээн үзэхэд Шангирилла моллын Б1 давхарын зогсоолын бичлэг байх ба Б.Нямбаяр нь хэсэг хүмүүстэй маргаж байгаад цааш явж байгаад дахин хар хувцастай хүнтэй маргаж түүний өөдөөс юм ярьж зогсож байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөж байгаа бичлэг байх ба Б.Нямбаяр нь цааш явж байгаад машин ордог хаалт өнгөрөөд цааш гүйж байгаа бичлэг байв…” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹12327 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Б.Нямбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Нямбаяр нь согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Шангрилла Улаанбаатар” зочид буудлын ресторанд үйлчлүүлээд 01.00 цагийн үед гарах хаалга нь онгойхгүй байсанд уурлан улмаар тус зочид буудлын Б1 давхарт байрлах хяналтын камерийг хууль бусаар эвдэж устган бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, тухайн үйлдлийг нь таслан зогсоож шаардлага тавьсан хамгаалагч Ж.Зоригтбаатарын толгой, нүүрэн тус газарт 2 удаа мөргөж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Нямбаярын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Зоригтбаатарын мэдүүлэг, гэрч Г.Баяртогтох, Б.Сугаржав нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №12327 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол болон бусад хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нямбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Нямбаярыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Нямбаярт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Нямбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 960 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 960.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт авагдсан Шангрилла моллын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сансараас бичгээр гаргасан хүсэлтэд “Камерийн үнэ болох 2.000.000 төгрөгийг Б.Нямбаяраас хүлээн авсан. Одоо манай байгууллагад учирсан хохирол барагдсан өөр нэхэмжлэх зүйлгүй болно” /хх-ийн 57/, хохирогч Ж.Зоригтбаатараас бичгээр гаргасан хүсэлтэд “Эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөгийг 2018 оны 01 сард авсан. Б.Нямбаярт гомдолгүй болно” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. /хх-ийн 65 дугаар хуудас/,
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Нямбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.