| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2025/0005/З |
| Дугаар | 118/ШШ2025/0007 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 118/ШШ2025/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ын
Хариуцагч: Завхан аймгийн Нийгмийн даатгалын газар
Гуравдагч этгээд:С.,
Завхан аймгийн *******ны газар нарын хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх акт гаргуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. /цахимаар/, хариуцагч Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ч., гуравдагч этгээд Завхан аймгийн *******ны газрын дарга С. /цахимаар/, гэрч Ж. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Ж.аас Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “1996 оны 5, 8 дугаар саруудын цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг Завхан аймгийн *******ны газраар нөхөн төлүүлэх акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дээрх актыг гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэргийн нөхцөл байдал:
2.1. Завхан аймгийн сумын багийн иргэн Ж. нь тус аймгийн *******ны газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаар тушаалаар анх ******* сумын салбарын залгагчаар томилогдон ажиллаж байгаад хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан үндэслэлээр -ийн Завхан аймгийн салбарын захирлын 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр тушаалаар дээрх ажлаас чөлөөлөгдсөн.
2.2. Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр Ж.ад өндөр насны тэтгэвэр тогтоон олгож байсан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар актаар “…ажилласан жилийн болзол хангаагүй хүнд хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоож олгосон…” гэх үндэслэлээр тэтгэврийг зогсоож, илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр тогтоосон.
2.3. Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар актаар Ж.ын 1995 оны 1-6 дугаар саруудын цалин хөлсний орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг Завхан аймгийн газраар нөхөн төлүүлэхээр акт тогтоож, харин 1996 оны 5, 8 дугаар саруудын цалин хөлсний орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар акт гаргахаас татгалзсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн.
Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс “...Завхан аймгийн ******* сумын салбарын залгагчаар 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тасралтгүй ажиллаж, цалин хөлс авсан, ажил олгогч байгууллагаас 1996 оны 5, 8 дугаар саруудын цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлөөгүйгээс уг хугацааг ажилласан жилд оруулан тооцохгүй болж, өндөр насны тэтгэвэрийг зогсоох нөхцлийг үүсгэсэн байхад нийгмийн даатгалын байгууллагаас нөхөн төлбөрийн акт гаргахгүй байгаа нь хууль бус…” гэж маргасан.
3.2. Хариуцагчаас “...Завхан аймгийн *******ны газрын ажилтнуудын эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн 1996 оны сар, улирлын тайлангууд, Ж.ын цалингийн тодорхойлолт зэргээс харахад Ж.ын нэрээр 5 болон 8 сард цалин хөлс олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар тайланд тусгагдаагүй учраас дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг *******ны газраар нөхөн төлүүлэхээр акт тогтоох үндэслэлгүй, нэхэмжлэгч тухайн саруудад ажиллаж цалин хөлс авсан нь баримтаар тогтоогдоогүй...” гэж тайлбарласан.
3.3. Гуравдагч этгээдээс “…Нийгмийн даатгалын газраас Ж.ын 1996 оны 5 ба 8 дугаар сарын цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн шаардлага ирүүлээгүй, цаашид хуульд заасан журмын дагуу уг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх шаардлагатай гэж үзвэл төлөхөд татгалзах зүйлгүй…” гэж тайлбарласан.
Гомдол, нэхэмжлэл гаргасан талаар:
4. Нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх акт гаргуулах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаж, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/242 дугаар албан бичгээр, Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар албан бичгээр хариу авснаар тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
5.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1990 оны 10 сарын 01-нд Завхан аймгийн газарт ******* сумын залгагчаар ажилд орж, 2007 он хүртэл тасралтгүй ажилласан. Гэтэл ажил олгогч *******ны газар нь 1995 оны 1-3 дугаар сар болон 4-6 дугаар сар, 1996 оны 5, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тасалдуулсан бусад саруудад хэвийн төлөгдсөн байсныг би тэтгэвэр тогтоолгох баримт бүрдүүлэх үед мэдсэн. Ингээд би дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх акт гаргуулахаар Завхан аймгийн нийгмийн даатгалын газарт хандаж өргөдөл гаргахад надад татгалзсан хариу өгсөн тул Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан, ...миний өргөдлийг хүлээж аваад 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/242 дугаар албан бичгээр "иргэн Ж.ын *******ны газарт 1995, 1996 онд ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн газрын санхүүгийн баримтад шалган, хүүхдээ асрах болон хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй" гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар актаар хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах шийдвэр гарсан. Тус актаар миний 1995 оны 1-3 сар, 4-6 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч 1996 оны 5, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг орхигдуулсан. Иймд би 1996 оны 5, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх акт тавиулах талаар Завхан аймгийн нийгмийн даатгалын газарт 2025 оны 1 дүгээр сарын 21-нд өргөдөл өгсөн. Гэтэл өргөдлийн хариуг 2 сарын 04-нд өгөхдөө "1996 оны 5 сард ажиллаж байсан нь баримтаар нотлогдохгүй байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжгүй" гэсэн хариу өгсөн. 1990 оноос 2007 он хүртэл Завхан аймгийн *******ны газарт ажиллаж байсныг нотлох томилсон болон чөлөөлсөн тушаал шийдвэрүүд байдаг. Энэ хугацаанд би тасралтгүй ажиллаж байсан. Харин тухайн үед ажил олгогч байгууллагын зарим ажилтны хайхрамжгүй үйлдлийн улмаас нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан байсан. Тухайлбал, 1995 онд жирэмсний амралттай байсан сар болон ажиллаж байсан зарим саруудад шимтгэл тасалдуулсан байсан бөгөөд түүнийг нийгмийн даатгалын газраас акт тавьж нөхөж төлүүлсэн. Гэтэл энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр 1996 оны 5, 8 дугаар сард намайг ажил хийж байгаагүй гэж үзээд шимтгэл нөхөн төлүүлэхгүй байгаад гомдолтой. Нийгмийн даатгалын ерөнхий газраас урьд нь (2024.11.05) аймгийн нийгмийн даатгалын газарт 1995, 1996 оны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх талаар албан бичиг өгсөн боловч 1996 оныг орхигдуулж дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймээс иргэн миний Завхан аймгийн *******ны газарт ажиллаж байсан хугацааны буюу 1996 оны 5, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын байцаагчийн акт тавихгүй байгаа Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1996 оны 5, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг Завхан аймгийн *******ны газраар нөхөн төлүүлэх акт тавихыг хариуцагчид даалгаж өгнө үү... Нийгмийн даатгалын газраас 1996 оны 5, 8 сард ажиллаж байсан гэж үзэх баримт байхгүй гэж хариу өгсөн. Хөдөлмөрийн дэвтэрт хэзээ ажилд орсон, хэзээ ажлаас гарсан тушаалууд он сартайгаа байдаг. Ажилд орсноос ажлаас гарах хүртэлх хугацааг ажилласан жилд тооцно. Хэргийн материалд 1996 оны 5 дугаар сарын 1-ний 20 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан гэсэн баримт гарч ирсэн, би тухайн үед ажлаас халагдаж байгаагүй. Хэрэв тухайн үед намайг ажлаас халсан бол нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн байх ёстой. Гэтэл ийм тушаал огт байхгүй. 1996 оны 5 сард чөлөөлсөн бол 1996 оны 6 дугаар сараас цалингаа аваад, нийгмийн даатгал төлөгдөөд явсан байна. Энэ талаар ойлгомжгүй байдал үүссэн. 1996 онд ******* сумын *******ны салбарын эрхлэгч , монтёр нартай ажиллаж байсан нь үнэн. Ийм учраас ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх акт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
5.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Одоо мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлүүлнэ гэж заасан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 25.2 дахь хэсэгт заасан хугацаанд шимтгэл төлөөгүй тохиолдолд улсын байцаагч акт тогтоож ажил олгогчоор нөхөн гаргуулахаар байгаа. Ажил олгогч буюу *******ны газар 1996 оны 5, 8 дугаар саруудад ажиллаж байсан нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв мэдүүлээд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх байтал энэ үүргээ зөрчсөн. Нийгмийн даатгалын хуулиас харахаар Нийгмийн даатгалын байгууллага болон эрх бүхий албан тушаалтнууд энэ зөрчлийг шалгаж тогтоохоор байхад бодит байдлыг тогтоогоогүй, зөвхөн ажил олгогчийн өгсөн тайлан мэдээллийг 100 хувь үнэн зөв гэж үзээд байна. Нийгмийн даатгалын хуульд зөрчлийг шалгах, тогтоох зөрчил гаргасан этгээдэд хариуцлага оногдуулах, даатгуулагч болон ажилтны учирсан хохирлыг барагдуулах, эрхийг сэргээх үүргээ нийгмийн даатгалын байгууллага биелүүлээгүй гэж үзэж байна... Ж.ад ямар асуудал тулгараад байна гэхээр тэтгэвэр зогсоох улсын ахлах байцаагчийн акт тавигдсан. Энэ акттай холбоотой Ж. өргөдөл гомдлоо Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хүртэл нэхэмжлэл гаргаад байгаа. Тэгэхээр улсын ахлах байцаагчаас бид нарт 1996 оны 5, 8 дугаар саруудын шимтгэл төлөгдөөгүй байна. Энэ хугацааг хасахаар таны ажилласан жил хүрэхгүй байна гэсэн тайлбар өгдөг. Нөгөө талаас жирэмсний амралттай байсан үеийн нөхцөлийг тооцохгүй гэдэг хоёр үндэслэлээр улсын ахлах байцаагч акт гаргасан гэж хэлж байгаа. Улсын ахлах байцаагчийн акттай холбоотой асуудлаар Нийслэлийн шүүхэд маргаан явж байгаа. 1996 оны 5, 8 дугаар сар дээр төлбөр төлөх төлүүлэхгүй гэдэг асуудлыг харьяаллын дагуу Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулаад, тус захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлж байна. 1996 оны 5, 8 дугаар саруудыг тогтоолгож байж Ж.ын эрх ашиг сэргээгдэх ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Нийгмийн даатгалын газар 1996 оны 8 дугаар сарыг тооцсон гэж одоо тайлбар хэлж байгаа боловч, цаана нь улсын ахлах байцаагч үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр акт тавьчхаад байгаа. 1995 он, 1996 оны хоёр асуудал гарч ирээд 1995 оных дээр акт тавиад төлөгдсөн, 1996 он орхигдсон учраас адилхан журмаар тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан... Эхлээд *******ны газарт хандсан. Ажилд орсон, чөлөөлөгдсөн баримтууд байгаа учраас нөхөн төлөөд өгөөч гэхээр акт тавигдаж байж нөхөн төлөх боломжтой гэдэг хариулт өгсөн... Нэхэмжлэгч Ж. 1990-2007 он хүртэл тасралтгүй салбарт залгагчаар ажилласан. Анх ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэргийн материал дахь Завхан аймгийн *******ны газрын даргын 1996 оны 05 дугаар сарын 01-ний 20 дугаартай тушаал нь ******* сумын залгагчаар ажиллаж байсан , нарыг ажлаас чөлөөлж, залгагчаар *******ыг томилсон агуулгатай. Нэхэмжлэгч талаас энэ тушаалыг бодит байдалд нийцээгүй, эрх бүхий албан тушаалтны гаргасан тушаал биш гэж үзэж байгаа. Ингэж үзэх хэд, хэдэн үндэслэл бий. Тушаалд зурсан гарын үсэг нь *******ны дарга *******хаас өөрөөр зурагдсан, өмнөх онуудын тушаалыг харахад ******* даргын гарын үсэг байгаа. Нэхэмжлэгч тэр гарын үсгийг инженер Эрдэнэбатын гарын үсэг байж магадгүй гэж тайлбарласан. ******* сумын залгагчаар ажиллаж байгаа ийг ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэмж олгох гэсэн тушаал байна. гэдэг хүнийг 20 дугаар тушаалаар биш, 1996 оны 65 дугаар тушаалаар 04 дүгээр сарын 15-наас ажлаас нь бас чөлөөлсөн байдаг. Ингээд гэдэг хүнийг чөлөөлсөн байхад дахиад дараагаар 1996 оны 05 сард 20 тоот тушаалыг хуурамчаар үйлдсэн байж болох нөхцөл байдал үүссэн. Ж.ын нийгмийн даатгалын дэвтэрт тэр үед чөлөөлсөн тушаалууд нэг бүрчлэн бичигдсэн. 1996 оны 20 дугаар тушаал бол бичигдээгүй. ******* суманд 1995-1996 онуудад ******* гэх хүнийг ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч байдаггүй. Харин нэхэмжлэгч Ж.ын талаар ажиллаж байсан, ямар оролцоотой байсан бэ? гэдгийг мэдүүлсэн. 1996 оны 20 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.ыг ажлаас чөлөөлсөн бол яагаад 1996 оны 6, 7, 8 дугаар саруудын цалинг олгоод, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд 2007 он хүртэл ажиллуулсан юм бэ? 1996 оны 5 сард чөлөөлөгдсөн хүн хэзээ эргүүлээд ямар тушаалаар авсан гэх ийм нөхцөл байдлууд үүсэж байгаа. Тэгэхээр хэрэгт авагдсан 1996 оны 05 сарын 20 дугаар тушаал нь нотлох баримтын хуулийн шаардлагад нийцэхгүй харагдаж байгаа. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд эргэлзээтэй 20 дугаар тушаалаас өөр нэхэмжлэгч Ж.ыг 1996 оны 5, 8 дугаар саруудад ажиллаагүй гэж үзэх баримт шийдвэр байдаггүй. Өөрөөр хэлбэл, 1996 оны 5 сард ажлаас гараад 6, 7 саруудад эргэж ажилласан байна, 8 сард тасалдаад, 9, 10 саруудад ажиллаад байсан байна гэж дүгнэхээр нөхцөл байдал ямар нэгэн байдлаар тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ 1995 онд хүүхэд асрах чөлөөтэй байсан байна, мөн ажиллаж байсан зарим хугацааны саруудын хөдөлмөрийн хөлс олгосноос ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил гаргасан нь тогтоогдсон. 20 дугаар тушаалд дурдагдаад байгаа ******* гэдэг хүн ******* сумын *******ны эрхлэгчийн охин мөн гэдэг нь гэрч болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Эрхлэгч нь охиныхоо нэрээр тухайн үед тайлан өгч байсан нь тогтоогдож байгаа. Үүний улмаас 1996 оны 5, 8 дугаар саруудын хэдийгээр ажиллаж байсан ч гэсэн түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас одоо хохироод яваад байгаа. Энэ нөхцөл байдлуудыг дүгнээд үзэхээр ******* сумын *******ны салбарт ажиллаж байгаагүй хүний шимтгэл төлөгдөөд, ажиллаж байсан хүнийхийг орхигдуулсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Тийм учраас ******* сумын холбоонд ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.ын 1996 оны 5, 8 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх акт тогтоох нь хуульд нийцнэ. Тухайн байгууллага албан ёсоор томилогдож ажиллаагүй хүний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн нь хуулиар ямар арга хэмжээ авах талаар эрх бүхий байгууллага тогтоох байх. Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайланд нэхэмжлэгч Ж.ын нэрийг тусгаагүй байдал нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа түүнээс шалтгаалсан зүйл байхгүй, тухайн ажил олгогчийн үйл ажиллагаа, тухайн үеийн нийгмийн даатгалын байгууллагын хяналттай холбоотой гэж үзэж байна. 1996 оны Нийгмийн даатгалын хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт ажил олгогч мэдээллийг үнэн зөв тодорхойлох ёстой гээд заагаад өгсөн. Хуульд заасны дагуу тодорхойлж байгаа гэж хандах биш, үнэн зөвийг тодорхойлуулах, Нийгмийн даатгалын хуулийн биелэлтийг хангах чиг үүрэг нь Нийгмийн даатгалын байгууллагад байгаа учраас эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзээд ******* сумын *******ны салбарт ажиллаж байсан 1996 оны 5, 8 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсэж байна гэв.
5.3. Хариуцагч Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Завхан аймгийн нийгмийн даатгалын газарт Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн ба шалгалтын хамрах хүрээ нь үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, цалин хөлс бодолт, олт, орон тоо, төсөв зарцуулалт, цагийн бүртгэл, иргэний өргөдөл, гомдол, мэдээлэлд дурдсан тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэг, санхүүгийн болон анхан шатны бусад баримт бичгийг хамруулан шалгасан. Уг шалгалтаар иргэн Ж.ын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс тогтоолгон олгогдож байсан өндөр насны тэтгэвэр нь Завхан аймгийн *******ны газарт ажиллаж байсан 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанаас 1995 оны 1-6 дугаар сар, 1996 оны 5, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь Нийгмийн даатгалын газрын архиваас лавлагаа гараагүй тул Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар актаар тэтгэвэр олтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоосон. Мөн актаар "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь "..., нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 насанд хүрсэн эмэгтэй" гэх нөхцөл болзлыг хангахгүй байгаа тул 12,778,096 (арван хоёр сая долоон зуун далан найман мянга ерэн зургаан) төгрөгийн төлбөр зөрчлийг барагдуулахаар тогтоосон… Ж.ын ажиллаж байсан аймгийн *******ны газар нь 1995 оны 1-3 дугаар сарын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаа, мөн 4-6 сарын ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг орхигдуулсан байсныг Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай акт тогтоон хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлсэн. Ж.ын нэхэмжлэлд дурьдсан хугацааны буюу 1996 оны 5, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь манай архивт байгаа 1996 оны хадгаламжийн нэгжид *******ны газраас тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын НД-8 тайланд нэр нь байгаа боловч хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг мэдүүлээгүй буюу олгогдсон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого байхгүй байгаа тул Нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт тогтоон холбогдох газраар нөхөн төлүүлэх боломжгүй… 2023 оны Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын баталсан 2023 оны А/199 дүгээр журамд шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар зүйл заалтууд байгаа, хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тогтоогдсон шүүхийн шийдвэртэй тохиолдолд улсын байцаагчийн актаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болно, бусад тохиолдолд боломжгүй... Ж.ын тухайд 1995 он болон 1996 оны 5, 8 дугаар сарууд орж байж энэ хүний нийт ажилласан жил болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жил тооцогдож байсан. Энэ сарууд тасарсан учраас хүнд нөхцөл буюу нийт 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан түүнээс 12 жил 6 сар нь тухайн хүнд нөхцөлөөр ажилласан байх гэдэг нөхцөлийг хангахаа больсон... Яагаад нийгмийн даатгалын газар нь 1996 оны 5, 8 дугаар саруудыг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй гэж үзэж байгаа гэхээр *******ны газрын 1996 оны нийгмийн даатгалын тайланд /хэрэгт авагдсан/ 5 дугаар сарыг тухайн ажил олгогч хэрээс тэмдэг тавиад, түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тавиагүй байгаа. Мөн 1996 оны 8 дугаар сарыг мөн адил бичсэн байгаа тул манайд хадгалагдаж байгаа *******ны газрын уг баримт дээр 1996 оны 5, 8 дугаар саруудад Ж.ын нэрээр мэдээлэл байхгүй байдаг. Манайх анх 2022 оны 07 дугаар сарын 7-нд тэтгэвэр тогтоохдоо 1996 оны 5 дугаар сарыг түүний ажилласан жил болон хөдөлмөрийн хөлсөнд огт оруулан тооцоогүй. 1996 оны 8 дугаар сарыг оруулан тооцож, 1996 оны 7, 8 дугаар сарыг ээлжийн амралттай, өмнөх авч байсан цалингуудаас 7 дугаар сарын цалин хөлс өндөр байгаа учраас ээлжийн амралтай байх хугацаа гэж үзэж тогтоосон байгаа... Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нотлох баримтыг бүрдүүлэхэд газраас 1996 оны цалингийн цэс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нотлох баримт гарч ирээгүй. Мөн нийгмийн даатгалын газар хадгалагдаж байгаа архивын баримт буюу *******ны газрын 1996 оны эрүүл мэндийн тайлан, нийгмийн даатгалын тайланг авч үзсэн. Энэ баримт дээр 5, 8 саруудад Ж.ын нэрээр мэдээлэл байхгүй учраас нийгмийн даатгалын газраас нотлох баримтыг үндэслэж улсын байцаагчийн акт үйлдэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
5.4. Гуравдагч этгээд Завхан аймгийн газрын дарга шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн газар нь 2007 оноос өмнөх бүх даргын тушаалаа Төрийн архивын тасагт шилжүүлж өгсөн байдаг. 1995-1996 оны үед цахим системд шилжсэн учраас тэр үеийн баримт байдаггүй. Иймд Ж.тай холбоотой 1995, 1996 оны тушаалууд манай байгууллагын архивд байхгүй тул 1996 оны 5, 8 дугаар саруудад ажиллаж байсан эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийг яагаад төлөөгүйг хэлж мэдэхгүй байна... Нийгмийн даатгалын газраас Ж.ын 1996 оны 5 болон 8 дугаар саруудын цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн шаардлага ирүүлээгүй, цаашид хуульд заасан журмын дагуу уг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх шаардлагатай гэж үзвэл төлөхөд татгалзах зүйлгүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчээс Завхан аймгийн нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “1996 оны 5, 8 дугаар саруудын цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг Завхан аймгийн *******ны газраар нөхөн төлүүлэх акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нөхөн төлбөрийн акт гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
2.1. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д “Газрын дор болон хөдөлмөрийн ...хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: ...3/...нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй даатгуулагч хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход баримтлах нас болон хугацааны шаардлагыг тодорхойлсон.
2.2. Завхан аймгийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгч Ж.ыг дээрх хуульд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэж, анх 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг 500 000 төгрөгөөр, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 550 000 төгрөгөөр шинэчлэн тус тус тогтоон олгож байсан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” дугаар актаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан ажилласан жилийн болзол хангаагүй хүнд хөнгөлөлтэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож олгосон” гэх үндэслэлээр тэтгэвэр олтыг зогсоож, 12 778 096 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан тэтгэвэр тогтоолтын хуудас, тэтгэвэр олтын тооцоолол, тэтгэврийн хувийн хэргийн материал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 29-47 дугаар хуудас/
2.3. Дээрх актад тусгагдсан буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: ...5.1.5.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж хүнд нөхцөлд ажиллаж, нийгмийн даатгал шимтгэл төлсөн эрэгтэй, эмэгтэй даатгуулагчийн тухайд хангагдах болзол, шаардлагыг шинэчлэн зохицуулсан байна.
2.4. Өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Ж.ын ажилласан жилд аль аль хугацааг оруулан тооцсоныг үндэслэлгүй, зөрчилтэй гэж үзсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны дугаар актад тодорхой тусгагдаагүй байх ба Ж.ад 1995 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар, 1996 оны 5, 8 дугаар саруудад цалин хөлс олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд түүний нэрээр тайлагнасан мэдээлэл байхгүй гэх үндэслэлээр тухайн 8 сарын хугацааг ажилласан жилээс хасаж тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзол хангаагүй гэж үзэж, тэтгэвэр олтыг зогсоож, нөхөн төлбөрийн акт гаргасан талаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тодруулан тайлбарласан /энэ талаар маргаагүй/.
2.5. Тэтгэвэр олтыг зогсоосноос хойш нэхэмжлэгч Ж. нь 1995, 1996 онд дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийг Завхан аймгийн газраар нөхөн төлүүлэх талаар акт гаргуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаж, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/242 дугаар албан бичгээр “…иргэн Ж.ын *******ны газарт 1995, 1996 онд ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хүсэлтийг хуульд заасны дагуу түргэн шуурхай шийдвэрлэх, хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх…” гэх хариуг авсан.
2.6. Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас Ж.ын холбогдох баримтуудыг нягтлан үзээд 1995 оны 1, 2, 3 сарын хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны, 4, 5, 6 саруудад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэх зөрчлийг илрүүлж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” ******* дугаар актаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд тусгаагүй 71 700 /далан нэгэн мянга долоон зуун/ төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох 16 960,20 /арван зургаан мянга есөн зуун жаран бүхэл хорь/ төгрөгийн шимтгэл, уг шимтгэлийн дүнгээс тооцсон 8480 /найман мянга дөрвөн зуун ная/ төгрөгийн алдангийг Завхан аймгийн газраар нөхөн төлүүлэхээр тогтоосон байна. /Хавтаст хэргийн 45-55 дугаар хуудас/
2.7. Харин Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар албан бичгээр “…архивын баримт, *******ны газрын 1996 оны 1-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, цалингийн лавлагаа, анх тэтгэвэр тогтоолгон авч байсан хувийн хэргийн материалыг тулган шалгахад 1996 оны 5 дугаар сард ажиллаж байсан нь баримтаар нотлогдохгүй байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжгүй” гэх татгалзсан хариу өгснийг хууль бус хэмээн үзэж шүүхэд маргаан үүсгэжээ. /Хавтаст хэргийн 13 дугаар хуудас/
3. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухайд:
3.1. Шүүх нэхэмжлэгч Ж.ын 1996 оны 5, 8 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг Завхан аймгийн газраас хуульд заасан хугацаанд тайлагнаж, төлөх үүргээ биелүүлээгүй эсэх, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар акт гаргахаас татгалзсан Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй хууль бус эсэх талаар тус тус дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.
3.2. 1996 онд Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/ хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн”, 15 дугаар зүйлийн 1-д “…даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө...” гэж зааснаар иргэн болон аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын санг бүрдүүлэх үүрэгтэй байна.
3.3. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөхөөр хуульчилсан.
3.4. Одоо үйлчилж байгаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар ажил олгогчийн хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахааргүй байна.
3.5. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ: …24.1.2.ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол”, 37 дугаар зүйлийн 37.14-д “Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.14.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах…”, 38 дугаар зүйлийн 38.2-д “Нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд хийх хяналт шалгалтыг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлнэ”, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан.
3.6. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад ажил олгогч нь даатгуулагчийн цалин хөлснөөс зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон тогтооосон хугацаанд төлөх, нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажиллагааг зохион байгуулах, хяналт шалгалтыг баримтад үндэслэж хийх, хууль тогтоомж зөрчсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид хариуцлага ногдуулах, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үүрэгтэй байна.
3.7. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаар тушаалаар ******* сумын салбарт залгагчаар томилогдон ажилласан, 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар тушаалаар амаржсаны болон хүүхэд асрах үндэслэлээр 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 03 хүртэл 2 жилийн тэтгэмжтэй чөлөө олгогдсон, Завхан аймгийн газар өөрчлөн байгуулагдсан үндэслэлээр -ийн Завхан аймгийн салбарын захирлын 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. /Хавтаст хэргийн 5, 56, 107, 119 дүгээр хуудсанд/
3.8. Нэхэмжлэгч нь хүүхэд төрүүлэх, асрахаас бусад хугацаанд тасралтгүй ажиллаж, цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэж тайлбарласан бөгөөд гэрч М.*******, Ц.*******, Ж. /шүүх хуралдаанд оролцсон/ нар тийнхүү батлан мэдүүлж байгаа боловч Монын цахилгаан холбоо ХК-ийн Завхан аймгийн газрын даргын 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тушаалаар Ж.ыг ажлаас чөлөөлж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг олгохоор шийдвэрлэсэн байх тул дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй. /Хавтаст хэргийн 66, 70, 82 дугаар хуудсанд/
3.10. Завхан аймгийн газрын даргын 1996 оны 20 дугаар тушаал дахь гарын үсгийн хэсэг буюу “дарга Ч.*******“ гэх хэсэгт зурагдсан гарын үсэг нь хэрэгт авагдсан бусад тушаалуудад зурагдсанаас өөр байгаа тул хуурамчаар үйлдэгдсэн баримт гэж үзэх үндэслэлтэй гэж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар тайлбарласан.
3.11. Шүүх хуралдааны явцад дээрх 1996 оны 20 дугаар тушаалд зурагдсан Ч.******* даргын гарын үсгийг хэрэгт авагдсан бусад тушаалууд болох 1990 оны 75 дугаар, 1993 оны 36 дугаар, 1996 оны 05, 65 дугаар тушаалуудад зурагдсан гарын үсэгтэй харьцуулан үзэхэд өөрөөр зурагдсан байдалтай харагдах боловч уг 20 дугаар тушаалын “дарга” гэсэн үгийн дараа “-г” гэж тэмдэглээд гарын үсэг зурснаас дүгнэхэд тухайн байгууллагын даргыг орлож өөр этгээд зурсан гэж үзэж болохоор байх ба нэгэнт байгууллагын тамга дарагдсан бөгөөд уг тушаал Завхан аймгийн *******ны газрын даргын 1996 оны тушаалын эх хувьд хадгалагдаж байгаа тул хуурамч баримт гэж шууд үзэх үндэслэлгүй юм. /Хавтаст хэргийн 5, 82, 83, 119, 121 дүгээр хуудсанд/
3.12. Түүнчлэн уг 20 дугаар тушаалд “Ж.ыг ажлаас чөлөөлж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг олгох” агуулга тодорхой тусгагдсан, өөрөөр хэлбэл “Ж.ыг ажлаас чөлөөлөх” тухай утга эргэлзээгүйгээр, хоёрдмол утгагүйгээр тодорхой илэрхийлэгджээ.
3.13. Завхан аймгийн газрын даргын 1996 оны нийт тушаалын эх хувьд Ж.тай холбоотой өөр тушаал байхгүй болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/421дүгээр албан бичгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, Ж.ыг ******* сумын салбарт залгагчаар үргэлжлүүлэн ажиллуулахаар дахин томилсон эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. /Хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд/
3.14. Ж.ын ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлсний орлого, төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, Завхан аймгийн газрын ажилтнуудын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн 1996 оны сар, улирлын тайлангуудаас харахад 5, 8 дугаар саруудад Ж.ын нэрээр олгосон цалин хөлс, төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл байхгүй, харин тус *******ны газрын даргын 1996 оны 20 дугаар тушаалаар ******* сумын салбарын залгагчаар томилогдсон Ц.*******ы нэрээр 1996 оны 5, 8 дугаар саруудад эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр тайлагнасан байх тул нэхэмжлэгчийн маргаж буй дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Завхан аймгийн *******ны газраар нөхөн төлүүлэх талаар хариуцагч Завхан аймгийн нийгмийн даатгалын газраас нөхөн төлбөрийн акт гаргах үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал /эс үйлдэхүй/-ыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /Хавтаст хэргийн 32-44, 58, 129-132 дугаар хуудсанд/
3.15. Завхан аймгийн *******ны газрын даргын 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалаар ажилтнуудын орон тоо, цалингийн хэмжээг тогтоосон байх ба тушаалын хавсралтаас харахад ******* сумын салбарыг эрхлэгч 1, залгагч, монтёр 2, нийт гурван орон тоотой байхаар тогтоосон ба 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тушаалаар н.ийг тус салбарын эрхлэгчээс чөлөөлж, монтёроор, Г.г эрхлэгчээр, н., Ж. нарыг залгагчийн ажлаас чөлөөлж, Ц.*******ыг залгагчаар тус тус томилсон байгаагаас харахад тус салбарт 1996 оны 5 дугаар сард 2 залгагчтай буюу нийт 4 орон тоотой ажилласан байх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.ыг 1996 оны 5 дугаар сард залгагчаар ажиллаж, цалин хөлс авсан гэж үзэх үндэслэлгүй байна. /Хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудсанд/
3.16. Завхан аймгийн газрын даргын 1996 оны 20 дугаар тушаалд дурдагдсан залгагч н.ийг мөн 1996 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь дахин чөлөөлсөн байх тул 1996 оны 20 дугаар тушаалыг үнэн зөв гэж үзэх боломжгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй, цаг хугацааны хувьд тухайн 65 дугаар тушаалыг 20 дугаар тушаалыг гаргаснаас хойш 7 сар гаруй хугацааны дараа гаргасан /тухайн хугацаанд н. залгагчаар дахин ажилласан байх боломжтой/ бөгөөд тус газрын даргын тушаалын эх хувьд хадгалагдаж байгаа тул эдгээр тушаалуудыг шүүх үнэн зөв гэж үнэлэх үндэстэй. /Хавтаст хэргийн 121 дүгээр хуудсанд/
3.17. Дээрх тушаалуудыг хуурамчаар үйлдэгдсэн гэж үзвэл эрх бүхий байгууллагаар шалгуулж тогтоолгох, мөн 1996 оны 5, 8 дугаар саруудад ажилласан байдлаа иргэний шүүхээр тогтоолгох эрх нэхэмжлэгчид нээлттэй бөгөөд энэ шүүхийн шийдвэрээр уг эрх хязгаарлагдахгүй болохыг дурдах нь зүйтэй.
3.18. Иймд нэхэмжлэгч Ж.ыг 1996 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс ******* сумын салбарын залгагчийн ажлаас чөлөөлсөн, тухайн сард цалин хөлс олгогдоогүй, түүний нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар тайланд тусгагдаагүй, Ж.ын оронд Ц.*******ыг залгагчаар томилон ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.ын 1996 оны 5, 8 дугаар саруудын цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг Завхан аймгийн *******ны газраар нөхөн төлүүлэх үүргийг хариуцагч Завхан аймгийн нийгмийн даатгалын газраас биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул нөхөн төлбөрийн акт гаргахаас татгалзсан хариуцагч байгууллагын татгалзлыг хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэв.
3.19. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны акт гаргах хангалттай үндэслэл байгаа бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх учиртай.
3.20. Энэ маргааны тухайд дээр дурдсан эрх зүйн үндэслэл, дүгнэлтээр хариуцагч Завхан аймгийн нийгмийн даатгалын газрыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан “…хуульд заасан хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх…” үүргийг биелүүлээгүй хэмээн буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.21. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар актын талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.аас Завхан аймгийн нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “1996 оны 5 болон 8 дугаар сарын цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг Завхан аймгийн *******ны газраар нөхөн төлүүлэх акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дээрх актыг гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ