Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 204/МА2021/00001

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10  дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2020/00785 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Т-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Д.Б нарт холбогдох “Гэм хорын хохиролд Б.Б-с 10000000 төгрөг, Д.Б-аас 10000000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг, Засаг даргын тамгын газрын урд шороон зам дээр зам тээврийн ослын улмаас хүү Т.Ш-г алдсан.

Энэ хэрэгт Б.Б гэм буруутай болох нь тогтоогдож шүүхээр шийтгүүлж, Д.Б иргэний хариуцагчаар орсон. Мөн Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох намайг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн.

Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүүгийнхээ амь насанд учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “АҮ” ХХК-иар хийлгэхэд 71774300 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнээс болгоомжгүйгээр хохирол учруулсан Б.Б-с 10000000 төгрөг, Д.Б-с 10000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нийт 20000000 төгрөгийн 3678800 төгрөг нь миний сэтгэл санааны хохирол, 16321200 төгрөг нь хүүг 7-н нас хүртэл өсгөхөд гарсан зардал гэжээ.

Хариуцагч Б.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие өөрөөс шалтгаалах гэм хорын хохирлыг бүрэн төлсөн. Монгол Улсын иргэний хуульд хүнийг үнэлэх заалт байхгүй. Хүүхдээ ослоор алдсан эх хүний зовлонг ойлгож байна. Энэ осол болгоомжгүй байдлаас болсон гэжээ.

Хариуцагч Д.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад нийт 3142050 төгрөг төлсөн. Одоо нэмж төлбөр төлөх боломж байхгүй. Тухайн осол болоход би хамт яваагүй гэжээ.

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэм хорын хохиролд Б.Б-аас 10000000 төгрөг, Д.Б-с 10000000 төгрөг гаргуулах тухай С.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Т улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тооло бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 785 дугаартай шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Аливаа эд зүйл өөрийн гэсэн үнэлгээтэй байдаг. Хулгайлах гэмт хэрэгт малыг, тээврийн хэрэгслийг гээд бүгдийг үнэлдэг. Хүмүүс хулгайд үхэр хонио алдвал үнэлгээний байгууллага үнэлээд хохирлыг нь Эрүүгийи шүүхээр гаргуулж эзэнд нь өгдөг. Үүнтэй ижил хүн ч гэсэн маш их үнэ цэнэтэй билээ. Хүүхэд өсгөхөд хүүхдийг төрүүлсэн эх хүн 38-40 долоо хоног хэвлийдээ тээдэг. Энэ маш их хөдөлмөр. Хүүхэд төрүүлж чадахгүй хүмүүс тээгч эх хөлслөхөд маш өндөр төлбөртэйгээр хөлсөлдөг. Эмэгтэй хүнээс хөдөлмөр шаарддаг учраас ийм үнэтэй байгаа. Мөн хүүхэд төрүүлэхэд эмэгтэй хүнээс маш их тэсвэр тэвчээр олон зүйлийг шаардаж хүүхдээ төрүүлдэг. Хүүхдээ төрүүлсний дараа 1 нас хүртэл нь эх хүн бүтэн нойртой хонохгүй. Шөнө бүр 1-3 удаа сэрж босч хүүхдээ хөхүүлнэ, хуурайлна. Заримдаа өвдсөн үед нь шөнөжин нойргүй хонох ч тохиолдлууд байна. Хүүхэд өсгөхөд хувцас, хоол хүнс, витамин, өвдвөл эм тариа, эмнэлэгт үзүүлэх замын зардал, эцэг эх хүний маш их хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө зарцуулсны үр дүнд хүүхэд хүн эрүүл энх өсөж том болдог. “АҮ” ХХК-ийн гаргасан “Хүний амь насанд учирсан хохирлын үнэлгээ” дотор талийгч хүүхдийг 7 нас хүртэл нь өсгөхөд гарсан зардал болон үнэлж болох эд хөрөнгийн хохирол тусгагдсан байгаа. Ийм байхад шүүх үүнийг үнэлж болохгүй эдийн бус гэж тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байхад тэр дундаа “амь насанд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь хуульд шаардах эрхийг нь заасаар байтал үнэлгээний байгууллага хүүг нас барснаар хүүг 7 нас хүртэл нь өсгөхөд ээж аав нь хамгийн багаар бодоход 16321200 төгрөг зарцуулсан байгааг, хүү амьд байсан бол ямар их баялаг бүтээх байсныг.... үнэлсэн байна. Ийм байхад үнэлж болох эд хөрөнгийн хохирол байхгүй эдийн бус хохирол байна гэж үзэж байгаад гомдолтой байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 785 дугаартай шийдвэрийг хянаж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.   

           Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Б.Б, Д.Б нарт холбогдуулан “Гэм хорын хохиролд Б.Б-с 10000000 төгрөг, Д.Б-с 10000000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.          

          Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй тул мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүй юм.

           Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгаж болохоор тусгайлан заасан байдаг. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгана.

             Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

             Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

            Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10  дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2020/00785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.