Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/1132

 

Г.Г, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Эрдэмбилэг,

шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,

шүүгдэгч С.Бын өмгөөлөгч А.Даваабилэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/753 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Агийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Г, С.Б нарт холбогдох 2209 00000 2051  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Г-ын Г, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... ... төрсөн, ... настай, э..., бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “ПЛ” ХХК-д ... ажиллтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

2. Х овгийн С-ын Б, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр .... аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт ... аймгийн ... багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

С.Б Г.Г нар нь бүлэглэж, 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам дагуу алхаж явсан Ж.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь “7 дугаар хавирганы шууд хугарал, гялтан хальсны цус хуралт, хоёр зулай, зүүн чамархай, дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн хацрын төвгөр, хоёр сарвууны чигчий хуруу, зүүн шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Б Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Г-ын Г, Х овогт С-ын Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /1 нэгж=1000 төгрөг/ 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Г-ийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, 240 /хоёр зуун дөч/ цагийг, С.Бын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус эдлэх ялаас хасаж тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогч Ж.Бы оршуулахтай холбоотой гарсан 14.965.230 /арван дөрвөн сая есөн зуун жаран таван мянга хоёр зуун гуч/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч Ж.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нөхөр болох Ж.Быг 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө шүүгдэгч С.Б, Г.Г нар нь бүлэглэн зодож, үүний улмаас миний нөхрийн амь нас хохирсон билээ. Үүний дагуу миний нөхрийн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээч томилон шүүх эмнэлэгийн 3 удаагийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтүүдээр “амь хохирогч нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ” гэж дүгнэсэн. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн дүгнэлт эргэлзээтэй. Прокурор хохирогч болон миний өмгөөлөгчийн тавьсан асуултанд бүрэн дүүрэн эргэлзээгүйгээр хариулт өгч чадаагүй. Шинжээчийн бүрэлдэхүүнд багтсан зүрхний нарийн мэргэжлийн эмч нар болох Л.Э, Ө.Ц нар нь дүгнэхдээ “...үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн эмч тодруулдаг. 142.2 кодтой өвчинг зүрхний гэнэтийн үхэлд хүргэх эрсдэлтэй 0.5-1.0 хувь гэж үздэг. Гэнэтийн үхлийн гол шалтгаан нь амь насанд аюултай зүрхний хэм алдагдал байдаг. ...томрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил нь амь насанд аюултай хэм алдагдалд хүргэдэг. Харин зодоон удаан үргэлжилсэн бол зүрхний ачааллыг ихэсгэж хэм алдагдалд хүргэж сэдрээх хүчин болсон байхыг үгүйсгэхгүй. Ө.Ц Монгол Улсын зөвлөх эмч” гэжээ. Мөн “Томрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил нь зодуулж бэртэх, айж цочирдох зэргээс сэдрэхгүй. Харин хүндрэх буюу аминд аюултай хэм алдагдал үүсч болохыг үгүйсгэхгүй. ...зүрхний хэвийн үйл ажиллагаанд бусдад зодуулах, хэт их айх, цочирдох гэмтэд өвдөлтийн шок зэрэг нь нөлөөлдөг. Л.Э дотрийн тэргүүлэх зэрэгтэй” гэжээ. Дүгнэлт хэсэгт “Бусдад зодуулах зэрэг стресст байдал зүрхний үйл ажиллагаанд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй” гэжээ.

Шүүх эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны баримт гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн эргэлзээ бүхий дүгнэлт гаргасан нэр бүхий шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, эргэлзээтэй дүгнэлтийг тодруулах зорилгоор гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хохирогч Э.А миний “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” хийлгэх хүсэлт зэргийг шүүх хүлээж аваагүй ба шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримт шинжлэн судалсны дараа уг хүсэлтүүдийг дахин гаргаж болохыг тайлбарласан мөртлөө нотлох баримт шинжлэн судалж дууссаны дараа шүүхийн хэлэцүүлгийг шууд дуусгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасан эрхийг минь хязгаарлаж дахин хүсэлт гаргах боломж өгөөгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хохирогчийн эрхийг зөрчсөн, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлыг нотлоогүй, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/753 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Агийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бөгөөд маргаан бүхий асуудлыг гаргасан. 1 шинжээч болон 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр сүүлд гарсан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан асуудлыг огт гаргаж тавиагүй. Сүүлд гарсан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр хөндлөнгийн Эрүүл мэндийн яамнаас томилогдсон 2 шинжээч зүрхний булчингийн эмгэгшил өвчин юуны учир амь насанд хохиролтой талаарх асуудлыг гаргаж тавьсан. Ингэхдээ “гэмтлээс үүдэлтэй амь нас хохироогүй, булчингийн эмгэгшил өвчнөөс болж амь нас хохирсон” гээд эмгэгшил өвчин ямар үед сэдэрч амь насанд аюултай нөхцөлд хүргэдэг талаар “зүрхний ачаалал хэт авах үед амь насанд аюултайгаар хэм алдагдаж аюултай нөхцөлийг үүсгэдэг” гэсэн. Энэ тайлбарыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс тухайн зодооны үеэр амь хохирогчид зүрхний ачаалал үүсч, зүрхний хэм алдагдалтад хүргэсэн гэж үзэж байна. Тодруулбал, тухайн хэрэг болсон процесс нь хяналтын камерын бичлэгээр нийт 33 минут үргэлжилсэн байдаг ба энэ хугацаанд хүний биед хэт их ачаалал ирж, зүрхэнд амьсгаадах, хэм алдагдалтад хүргэж, улмаар амь нас хохирсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй тул үүнийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд шүүх оролцогчийн эрхийг зөрчсөн гэж байгаа боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан хүсэлтийг одоогоор шийдвэрлэх боломжгүй байна гээд хуралдааныг үргэлжлүүлж, дүгнэлтийн шатанд хүсэлтийг нь сонсож эцэслэн шийдвэрлэсэн. Тэгэхээр үүнийг оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Хэрэг явдал шөнө 02 цаг 36 минутад дуусч өглөө 7-8 цагийн хооронд нас барсан байдаг бөгөөд энэ хооронд 5 цагийн хугацаа өнгөрсөн. Энэ хооронд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, дусал залгуулан, томографын зураг авахуулсан, зүрхний цахилгаан бичлэг хийсэн, валидол буюу тайвшруулах эм уусан нөхцөлүүд байдаг. Тиймээс маргалдсанаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрсөн харагдаж байна. 2 дугаар хавтаст хэргийн 167-170 дахь талд авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Бусдад зодуулсан зэрэг стресст байдал нь зүрхний үйл ажиллагаанд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Харин үхэлд хүргэсэн шууд хамааралт шалтгаан болоогүй” гэсэн, мөн удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтүүдээр “үхэлтэй шалтгаант холбоо байхгүй” гэж гарсан. Тусгай мэдлэгийн хүрээнд гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэсэн учраас шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч А.Даваабилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд зүрхний булчингийн эмгэгшилд буюу эмгэг өвчинд зодоон буюу харилцан зодолдсон үйлдэл нөлөөлсөн гэж байна. Гэтэл 2022 оны 2835, 2023 оны 56367 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр зүрхний томрох хэлбэрийн булчингийн эмгэгшил гээд суурь өвчин шалтгааныг нь маш тодорхой гаргасан бөгөөд энэ нь тухайн процесст үүсдэг зүйл биш бөгөөд удаан хугацаанд өвчлөлтэй явсан байдлыг илэрхийлнэ. Анхан шатны шүүх хуралдаанд зодоон болсон 33 минутад зүрхэнд ачаалал үүсч нас бараагүй, зодоон болсны дараа маргааш өглөө нас барсан тул аль хэдийн тайвшрах процесс явагдсан байсан гэж мэтгэлцсэн. Учир нь, зодоон болсноос хойш цагдаагийн байгууллагад хоёр удаа очсон, эмнэлэгт хандаж тусламж үйлчилгээ авсан ба эмч нар үзээд “зүгээр байна” гэсний дараа буцаж гарч явсан үйл баримт байдаг. Тиймээс хохирогч талын яриад байгаа нөлөөнд өртсөн байсан, зүрх нь цочролд автсан байсан зэрэг байдлууд тогтоогдоогүй, суурь эмгэг өвчлөл нь нөлөөлсөн гэдгийг хэлмээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байр суурийг ойлгож байгаа бөгөөд түүнд “Хэрвээ зодолдоогүй байсан бол” гэсэн бодол байгаа байх. Гэхдээ бид хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд ярих ёстой. Шүүгдэгч, хохирогч нар нь харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулж зодолдсон бөгөөд энэхүү үйл явдлаас амь хохирох нөхцөл үүсээгүй. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан шуурхай удирдлагын тусламжийн тэмдэглэлд архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул мэдүүлэг өгөх боломжгүй, тайвшраад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж явсан талаар тусгасан нь тухайн зодооны дараа тайвширсан байсныг нь харуулж байна. Түүнчлэн, давж заалдах гомдолд процедурын хувьд шүүхээс алдаа гаргаж, оролцогчийн эрхийг хангаагүй, зөрчсөн гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг үзвэл энэ хэрэг олон удаа хойшилж, олон удаа хүсэлт гаргаж шийдвэрлэгдэж байсан. Хүсэлтүүдийг шат шатанд нь, маш олон удаа гаргасан ба анхан шатны шүүх тухай бүр шийдвэрлэсэн. Зодоон нь үхэлтэй шалтгаант холбоо байхгүй гэдгийг 2022 оны 2835, 2023 оны 56367 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр маш тодорхой дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтэд “Зүрхний дутмагшилд орж болно” гэж дүгнэсэн ч ямар хугацааны дараа нас барсан, мөн ямар суурь өвчтэй болохыг шалтгаант холбоонд харгалзах нь зүйтэй. Улсын яллагчаас шүүгдэгч нарт зөв зүйлчлэлийг хийж, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тохирсон ял шийтгэлийг шүүгдэгч нарт оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Н.Эрдэмбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлыг амь хохирогчийн үхлийн шалтгаан зодооноос болсон буюу хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх ёстой гэсэн агуулгаар гаргасан байна. Хүний амь насыг хохироох гэмт хэрэг нь гэмт үйлдэл болон хохирогчийн амь нас хохирсон үйлдэл хооронд шууд шалтгаант холбоотойгоор бий болно. Энэ хэрэгт нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Хамгийн анх 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шинжээч эмч Цэцэгмаа дүгнэлт гаргахдаа үхлийн шалтгааныг зүрхний томрох хэлбэрийн булчингийн эмгэгшлийн улмаас зүрх зогсож нас барсан гэсэн бөгөөд үүнтэйгээ холбогдуулан мэдүүлэг өгсөн. Үүний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 56 дугаартай дүгнэлт гаргаж, шинжээч эмч Цэцэгмаагийн дүгнэлтийг хууль ёсны, үндэслэлтэй гэж дүгнэсэн. Мөн гаргасан хүсэлтийн дагуу бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. Үүнд Эрүүл мэндийн яамнаас томилогдсон шинжээч нар бүрэлдэхүүнтэй оролцож дүгнэлт гаргасан.  Шинжээч эмч Цолмон, Эрдэнэхүү нар “Зүрхний ачааллыг нэмэгдүүлэх сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Гэхдээ энэ нь үхэлтэй шууд шалтгаант холбоогүй байна” гэж дүгнэснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зөвхөн “Ачаалал нэмэгдүүлж болно” гэсэн хэсгийг тасдаж аваад гомдол гаргасан байна. Тиймээс шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээгүй гарсан гэж дүгнэж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оролцогчийн эрхийг зөрчсөн гэж байна. Хэрэгт авагдсан шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1797 дугаар захирамжаар хохирогчийн хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг тогтоолгох, тухайн хохирогчид учирсан сэтгэцийн үнэлгээг тогтоолгох тухай хүсэлтийг авч хэлэлцээд тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Энэ нь оролцогчийн эрхийг зөрчсөн зүйл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Б, Г.Г нарыг бүлэглэн, 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам дагуу алхаж явсан Ж.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь “7 дугаар хавирганы шууд хугарал, гялтан хальсны цус хуралт, хоёр зулай, зүүн чамархай, дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн хацрын төвгөр, хоёр сарвууны чигчий хуруу, зүүн шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Г, С.Б нарыг “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 2.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Гийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Г.Г, С.Б нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч нарын мэдүүлэг, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2835 дугаартай “...Амь хохирогч Ж.Бы цогцост баруун 7 дугаар хавирганы шууд хугарал, гялтан хальсны цус хуралт, хоёр зулай, зүүн чамархай, дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн хацрын төвгөр, хоёр гар сарвууны чигчий хуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээ үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэвтээ, босоо, суугаа байрлалуудын аль алинд нь үүсэж болно. Баруун талын 7 дугаар хавирганы шууд хугарал, зүүн зовхины цус хуралт, доод уруулын язарсан шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнөх 24 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийг авснаар идэвхтэй үйл хөдөлгөөн хийнэ. Талийгаач нь томрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, зүүн уушгины гялтангийн наалдцад үрэвсэл, элэгний дунд зэргийн өөхлөлттэй байжээ. Талийгаачийн цус, шээс, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаачийн ходоодонд 50мл орчим шар өнгийн шингэн агууламж байна. Цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна. Цогцсын урт 175см, жин 94 кг байна. Талийгаач нь ойролцоогоор 2022 онь 10 дугаар сарын 31-ний өдрийн 07-08 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна. Талийгаач нь томрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. ...” гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаартай “...ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2835 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогч Ж.Б нь томрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, зүрхний булчингийн томрол, өөхлөлт архаг өвчтэй байсан ба уг өвчний улмаас нас баржээ. Цочрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил өвчин нь гэмтлийн улмаас үүсэхгүй. Амь хохирогч Ж.Бы биед баруун талын 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, үхэлд нөлөөлөхгүй. Нойр булчирхайн цус харвалт, бөөрний сувганцрын үхжил, зүрхний булчингийн чичирхийлэл, баруун уушгины гялтан доор олон тооны голомтлог цус харвалтууд нь бусдад зодуулсны улмаас үүсэхгүй. Дээрх эмгэг өөрчлөлтүүд нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Задлан шинжилгээний зураг дээрх амь хохирогчийн тархинд цус харвалт үүссэн мэт судаснууд нь цусаар дүүрсэн харагдаж байна гэсэн нь тархины аалзан хальсан доорх цус харвалт биш, судасны цус дүүрэлт бөгөөд гэмтэлтэй шалтгаант холбоогүй. ...” гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 367 дугаартай “...ШШҮХ-н 2022.10.31-ны 2835 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б нь зүрхний булчин эмгэгших архаг өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Бусдад зодуулах зэрэг стресст байдал зүрхний үйл ажиллагаанд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй, үхэлд хүргэсэн шууд хамааралт шалтгаан болоогүй. Бд баруун 7-р хавирганы далд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, доод уруулын салстын шарх, баруун, зулай духанд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун зүүн сарвуу, зүүн шилбэнд зулгаралтууд тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нойр булчирхайн хальсан дахь голомтлог цус харвалт, нойр булчирхай болон бөөрний сувганцрын үхжил, баруун уушгины гялтан доорх олон тооны голомтот цус харвалтууд нь гэнэт нас барсан үед болон архины хордлогын үед үүсэх нийтлэг шинж ба механик гэмтэлд хамаарахгүй. Зүрхний булчингийн чичирхийлэл нь нас барахаас өмнө зүрхний булчингийн ширхгүүдэд жигд бус агшилт үүссэний шинж болно. Тархины аалзан бүрхүүлийн цус дүүрэлт нь цусны эргэлтийн алдагдлын үед болон гэнэт нас барах үед илрэх шинж бөгөөд тархины цус харвалт биш байна. 7-р хавирганы далд хугарал нь дотор эрхтнүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй. ...” гэсэн дүгнэлтүүд тус тус авагдсан байх бөгөөд сүүлийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 367 дугаартай дүгнэлтэд амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхой дурдаагүй, түүнд учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэсэн томрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил өвчинтэй шалтгаант холбоотой эсэхэд тодорхой хариулт өгөөгүй, эргэлзээ бүхий болжээ.

Мөн талийгаачийн биед “баруун 7-р хавирганы далд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, доод уруулын салстын шарх, баруун, зулай духанд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун зүүн сарвуу, зүүн шилбэнд зулгаралтууд” гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Г, Б.Б нарын хэн нь ямар ямар гэмтэл учруулсан талаар нарийвчлан тогтоогоогүй байна.

С.Б Г.Г нар нь бүлэглэж, 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам дагуу алхаж явсан Ж.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь “7 дугаар хавирганы шууд хугарал, гялтан хальсны цус хуралт, хоёр зулай, зүүн чамархай, дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн хацрын төвгөр, хоёр сарвууны чигчий хуруу, зүүн шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хохирогчийн амь насыг хохироох санаа агуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд аюул учрах эрсдлийг мэдэх боломжтой байхад хайхрахгүй орхисон нь “талийгаач томрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас барсан, томрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил нь биеийн хүчний ачааллын үед амь насанд нь аюултай хэм алдагдалд хүргэдэг, харин зодоон үргэлжилсэн бол зүрхний ачааллыг ихэсгэж, хэм алдагдал хүргэж, сэдрээх хүчин болсон байхыг үгүйсгэхгүй” гэсэн зүрх судасны өвчний эмчийн хариултаар хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүгдэгч нарын үйлдэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэх гол шинж нь гэм буруугийн хэлбэр бөгөөд санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсч үйлдсэн /шууд санаатай/, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн /шууд бус санаатай/ шинжтэй байдаг бол болгоомжгүй гэм бруугийн хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн хэдий боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байдлыг зүйлчлэлд гол шалгуур болгон авч үздэг.

Иймд дээрх байдлыг эргэлзээгүй тогтоох зорилгоор дахин шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй бөгөөд ингэснээр хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулахад чухал ач холбогдолтой тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/753 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Агийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/753 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Г, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ