Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/1133

 

Т.Н, Ц.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Н, Ц.Г нарт холбогдох 2210 02810 0064 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ч овгийн Т-ний Н, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... нарын хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

2. Б овгийн Ц-ын Г, 19... оны .... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1255 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн;

Ц.Г нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ Т.Н-тай санаатай нэгдэж 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын арын шар байрны зогсоол дээр 99-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан JWH-018 (ADB-BUTINACA)-ын агууламжтай “Санитол” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай 10 миллиграмм хэмжээтэй шар өнгийн шингэн бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Т.Н нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ Ц.Г-тай санаатай нэгдэж 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын арын шар байрны зогсоол дээр 99-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан JWH-018 (ADB-BUTINACA)-ын агууламжтай “Санитол” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай 10 миллиграмм хэмжээтэй шар өнгийн шингэн бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ц.Г, Т.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц-ын Г, Ч овогт Т-ний Н нарыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц-ын Г-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Ч овогт Т-ний Н-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 19 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Т.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа Raison гэсэн бичиглэл бүхий хайрцагтай Санитол гэсэн бичиглэлтэй хуванцар савтай 10 мг хэмжээтэй шар өнгийн шингэн, Ваzooка гэх бичиглэлтэй хуванцар савтай 56 мг хэмжээтэй шар өнгийн шингэн зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г, Т.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 99-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 16.686.614 /арван зургаан сая зургаан зуун наян зургаан мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Ц.Г, Т.Н нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 8.343.307 /найман сая гурван зуун дөчин гурван мянга гурван зуун долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

            Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Г, Т.Н нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Г, Т.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г, Т.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Н-ын өмгөөлөгч Б.Солонго гаргасан давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэх үүргээ биелүүлээгүй ба мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэх хуулийн заалтыг зөрчсөн.

Жишээ нь, шийтгэх тогтоолын 2 дахь талд “Ц.Г нь гэрийхэнтэйгээ муудалцаад гэртээ орж чадахгүй байсан тул хонох газар байхгүй 2-3 найзаасаа тусламж гуйсан боловч ганц Т.Н л хамгийн түрүүнд очьё гэдэг хариу өгсөн” гэж мэдүүлдэг ба энэхүү үйл процесс нь найздаа туслахын тулд ээжийнхээ машиныг аваад гарсан манай үйлчлүүлэгчийг ийнхүү гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцлийг бий болгосон. Манай үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд нисэхийн ховор өндөр шаардлагатай мэргэжил болох “нислэгийн удирдагч”-ийн мэргэжилтэй. Энэхүү мэргэжил нь бие махбодь болон эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг байх өндөр шаардлагатай байдаг тул ийм төрлийн бодис хэрэглэх үндэслэл байхгүй. Мөн түүнчлэн тухайн машин нь ээжийнх нь байсан тул уг машинд хар тамхи, мансууруулах бодис байх ямар ч боломж нөхцөл байхгүй байсан нь гэмт хэрэг үйлдэх, Ц.Гтай ямар нэг үйлдлээрээ нэгдэх ямар ч үндэслэлгүй болохыг бэлхнээ нотолж байгаа юм.

Мөн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт гэрч Т.Агийн таньж олуулах ажиллагааны тухай дурдсан байх ба тэрээр манай үйлчлүүлэгчийг нэрлэн заасан баримт хэрэгт авагдаагүй, мөн шийтгэх тогтоолын 3 дахь талд гэрч Т.А “тэр хүүхэн ахуйн газаар халаагаад утаа гараад сороод л ухаан алдаад таталт өгөөд байгаа юм шиг болоод байсан” гэх мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл сорсон, хэрэглэсэн гэх боловч шинжээчийн дүгнэлтээр хэрэглээгүй гэж гардаг. Ахуйн газ байсан гэх боловч цагдаагийн алба хаагч үзлэг хийсэн гэх тэмдэглэлд газ гэж дурдаагүй байдаг.

Мөн Агийн мэдүүлэгт “тэр 4 хүн миний машинд суугаад Ханын материалын эцэс ороод нэг нь хүн рүү залгаад утсаа авахгүй байх шиг байсан. Тэгээд буцаж 3, 4 ороод нэг хүн рүү залгаад утсаа авахгүй байх шиг байсан. Тэгээд буцаж 3, 4 дүгээр хороолол орж 1000 нэрийн худалдааны төвийн урд 1 эрэгтэй, 1 эмэгтэй нь буусан. Тэндээс 100 айл, Ботаникийн эцэс ороод үлдсэн 1 залуу нь бууна гэж байгаад буухаа болиод...” гэх үйл баримтуудыг өгүүлдэг. Гэтэл Ц.Гын электрон гав нь хязгаарлалтын бүсээс гараагүй гэдэг. Агийн машины явсан маршрутыг шалгаагүй, хамгийн гол нь хавтаст хэргийн 93 дахь талд А “би тэр өдөр өглөө 06 цагийн үед гэрээсээ хүүхдээ хичээлд нь хүргэж өгөөд буцаад явж байхдаа 3, 4 дүгээр хорооллын эцэс “Дархан нэхий” дэлгүүрийн урд зам дээр таксинд гараа 2 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 4 хүнийг машиндаа суулгаж таксинд явсан. Ханын материалын эцэс ороод, 3, 4 дүгээр хороолол ороод 1000 нэрийн худалдааны төв ороод 100 айл, Ботаникийн эцэс ороод 120 мянгатад ирсэн” гэдэг. 06 цагаас гэрээсээ гараад хотын баруун захаас зүүн зах хүртэл яваад буцаад урд зүгт ирсэн /замаараа 100 айл, хороололоор дайрсан гэх/ гэдэг. Гэтэл дуудлага мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 08:54 минутад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 99-89 УББ машинд нэг охин юм сороод ухаан алдаад байна” гэж өгсөн байдаг. Эндээс Агийн мэдүүлгийн үнэн зөв эсэхэд эргэлзээ төрөхөөр цаг хугацааны зөрүү гардаг. /1 хх 24/

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 92-98 дахь талд гэрч Т.Аг гэрчээр асуухдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйл буюу “Хохирогчийн эрх” гэх зүйлийг удирдлага болгосон байх ба түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэх заалтыг тайлбарлаж өгсөн талаар дурдаагүй байна. Энэхүү талд “Та гэрчийн эрх үүргээ ойлгож мэдсэн үү” гэж асуусан байх ба тайлбарлаж өгсөн талаар дурдаагүй байгаа нь мөн зүйлийн 2-д “Гэрч шүүх прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэх үүргийг мэдээгүй, хамаагүй мэдүүлэг өгсөн байна гэж үзэхээр байна.

1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх талд авагдсан гэрч Ш.Бын мэдүүлэг, 117-118 дахь талд авагдсан гэрч Б.Пын мэдүүлгүүд болон Т.Нын мэдүүлгүүдэд “жолоочийн хажуу талын зорчигчийн суудлын хаалганы бариул хэсэгт “Санитол” гэсэн бичигтэй хуванцар савтай шар өнгийн шингэн байсан” гэж дурдсан нь зорчигч тухайн шингэнийг авч машинд орж ирсэн, түүнийг Т.Н мэдээгүй болохыг тус тус нотолж байна. Ийнхүү Т.Н нь Ц.Гыг мансууруулах төрлийн бодис биедээ авч яваа гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, зорчих эрхээ хязгаарлуулсан гэдгийг нь мэдэж байсан бол “хонох газар байхгүй байна, туслаач” гэж гуйхад нь ээжийнхээ машиныг унаж очихгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Т.Нт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Т.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө 8 цаг өнгөрч байх үед ирсэн цагдаагийн албан хаагч нарын нэг нь намайг буугаад ир гэж дуудаж, улмаар би цагдаагийн машинд байсан албан хаагч дээр явж очин бичиг баримт, биеийн байцаалтаа шалгуулсан. Тухайн үед миний биеийн байцаалтыг шалгасан хошууч нь намайг “За за яв асуудалгүй байна” гэж хэлээд намайг эргэж хартал нөгөө албан хаагч нь энэхүү хэрэгт холбогдсон Ц.Гаас “Чи юу хийсэн бэ, юу хэрэглэсэн бэ” гэх мэт асуултыг тавьж байсан. Тэр нь ямар ч мөрдөн шалгах ажиллагаа байгаагүй. Би очоод “юу л байв гэж дээ” гэж хэлсэн. “Энд ийм ийм юм байна” гээд өөрөө тухайн шингэн зүйлсийг гаргаж өгч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбар хэсэгт байгаачлан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн хүнийг ялаас чөлөөлнө гэдэгт дүйцэж байна гэж үзэж байна. Миний бие 2021 оны 10 дугаар сараас хойш Тайланд улсын CATC (Civil aviation training center) нисэхийн сургалтын төвд суралцахын тулд бүх биеийн үзлэг шинжилгээнд хамрагдаж эрүүл байсан тул суралцах эрхээ авч чадсан. 2022 оны 8 дугаар сар гэхэд би аэродромын нислэг хөдөлгөөний удирдагч мэргэжлийг эзэмшсэн. 10 дугаар сард мэргэжил дээшлүүлэх бүсийн нислэг хөдөлгөөний удирдагчаар явж болох байсан боловч эндээ үлдэж ажилдаа эхлээд орох зорилтыг тавьж байсан. Мөн ийм хэрэгт холбогдсон тул гэм буруутай этгээд шиг оргон зайлж буй мэт харагдах байх, үнэн зөвөөр шийдэгдэх байх гэсэн бодолтой явж байсан. Би амьдралдаа таталт өгч ухаан алдаж үзээгүй. Уг хэрэг нь 9 дүгээр сарын 24-ний өдөр болсон хэдий ч машинд үзлэг хийсэн өдөр нь 11 дүгээр сарын 27-нд гэрэл зураг дарсан. 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарыг дуустал би байнга дуудагдаж цагдаагийн албан хаагчдын хэлсэн болгоныг нь хийж байсан. Нийт 10 удаа дуудагдснаас 5 удаад нь биологийн дээж өгч 11 дүгээр сарын 27-нд цагдаагийн албан хаагч намайг “Зүгээр хүрээд ир” гэж дуудуулсан. Яваад очтол “Машин чинь хаана байна” гэж асуусан. “Би машингүй ирсэн” гэхэд даргалуугаа орж “машингүй ирцэн байна, яах уу даргаа” гэж асуутал дарга нь “Хөөе залуу чи цагдаагийн байгууллагыг тоглоом гэж бодоод байна уу, авчраач” гэж зандрахад нь би үг дуугүй “за” гээд тэр өдөртөө буцаж яваад машинаа унаж очин гэрэл зураг авхуулсан. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сард Хан-Уул дээр дуудагдахад надаар нэг цаасан дээр зуруулж байсан 2 гарын үсэгний доор тухайн үеийн мөрдөн байцаагч “Энэ гарын үсэг чинь зөрөөд прокурор буцаачихлаа, ахиад доор нь зурчих” гээд нэг А4-ийн цаасан дээр дөрвөн гарын үсэг зуруулсан. Тухайн цаас нь биологийн дээж авсан материал шиг санагдаж байна. Энэ явдлын талаар би хар тамхитай тэмцэх газар дурдаж байсан. 2023 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл нийслэлийн хар тамхитай тэмцэх газар шалгагдсан. 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл би мэргэжлээрээ 2 сар тасралтгүй дадлага хийх цаг хугацаа гараагүй. 7-14 хоногийн хугацаанд үргэлж дуудагдаж шалгагдаж, яг л зорчих эрхийн хязгаартай мэт байсан. Эдгээр үйл явдлууд өрнөж шалгагдаж байх үедээ Ц.Гыг урьд өмнө нь ийм төрлийн хэрэгт холбогдож ял шийтгэл эдлэж байсныг мэдсэн. Би Өмнөговь аймагт очин дадлага хийж байх үедээ ч цагдаагийн албан хаагч дуудуулахад маргааш нь бэлэн байдалд ирдэг байсан. Ажилдаа орох нөхцөл байдал үргэлж боогдож хаагдаж байсан. Улмаар энэ хэрэг сунжирж явсаар би ээжийнхээ мишиныг 4 дүгээр сард үнэлүүлсэн. Анх хар тамхитай тэмцэх газар очиход мөн урьдын адил “Чи тэгсэн үү, ингэсэн үү, тэгээд л хэлээчдээ” гэх мэтээр надаас мэдүүлгээ авдаг байсан. Хошууч Марал-Эрдэнэ нэг удаа “энэ Гын баригдаж байгаа нь энэ удаа боловч энэ хэлтэс даяараа наад охиныг чинь мэднэ. Би чамайг хамт явуулна за юу” хэмээн хэлж байсан. Миний бие бүтэн жилийн хугацаанд цагдаагийн байгууллага гэр хоёрын хооронд явж яг л зорчих эрхийн хязгаартай мэт шалгагдаж, цагдаагийн албан хаагчдын бүх шаардлагыг үг дуугүй ямар ч зөрчилгүй биелүүлснийхээ төлөө анхан шатны шүүүхээс ял сонсож, машины үнэтэй дүйцэхүйц мөнгөн торгуулиар торгуулж хоцорсон. 2023 оны 7 дугаар сард Нийслэлийн прокурор дээр дуудагдаж яллах дүгнэлттэй уншиж танилцах гэхэд прокурор “Энэ нь дээр хүлээж авсан гээд гарын үсэг зурчих, тэгээд гадаа гараад унш” гэсэн. Би уншиж танилцсаныхаа дараа зарим зүйлсийг үгүйсгэж байгаагаа тэр дайруйдаа утсаар хэлсэн боловч прокурорын туслах “За за наадуулыг чинь тусгачихъя” гэж хэлсэн боловч миний гомдлыг тусгаагүй байсан. Миний бие ИНЕГ-ын харьяа нислэгийн сургалтын төвд байх үедээ бүх биеийн шинжилгээ болон СЭМҮТ-ийн 650 асуулттай тестийг бөглөж тэнцэж байсан тул эрүүл саруул гэдэг минь туйлын үнэн. Ийм учир гэрч Агийн намайг таталт өгөөд байсан гэдгийг эрс эсэргүүцэж байна. Тухайн үед дуудлагаар ирсэн гэгдэх хоёр цагдаагийн албан хаагчаар Аг тэнд байснаар ярьж байгаа боловч тэр үед ямар ч хүн байгаагүй. Намайг цагаан байрны гадаа буулгасан гэх боловч цагдаагийн албан хаагч нарын өгсөн шар байрны гадаах гэдэгтэй зөрүүтэй мэдээлэл байгаа. Эдгээр 2 төрлийн зогсоол нь тэс өөр 2 газар төдийгүй би ээжийнхээ машиныг унаж байсан хүний хувьд такси барих шаардлагагүй. Мөн миний унаж явсан машины цонхыг хэн ч тогшоогүй ба цонхыг нь тогшиход намайг салаавч гаргасан гэдэг нь миний хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр ярьж байгааг би эрс эсэргүүцэж байна. Тухайн үед миний унаж байсан 9989 УББ дугаартай тээврийн хэрэгсэл нь содон төрхтэй, миний ээжийн эзэмшлийн машин байсан. Би ээжийгээ болон миний дүү нарыг хичээл сургуульд нь хүргэж өгдөг, тухайн тээврийн хэрэгслийг унаж байх үедээ тийм болчимгүй үйлдэл хийж хүний дургүйг хүргэж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх зүйл хийхгүй билээ. Иймд миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Нэмж хэлэхэд би гэм буруутан биш, зүгээр л алдаа гаргасан хүн. Энд хоригдоод 2-3 сар болох хугацаанд хамт байгаа хүмүүс хийсэн хэргээрээ бахархаж ярьцгааж байна. Жишээлбэл, мөс, өвс хэрэглэсэн хүн “Би мөс, өвс хэрэглээд хадгалснаар орж ирсэн. Чи юу хэрэглэсэн бэ” гэж надаас асуусан. Би “Юу ч хэрэглээгүй” гэж хэлсэн. “Тэгвэл юу хадгалсан бэ, хадгалснаар явж байгаа биз дээ” гэж асуухаар нь “Тийм, JWH-018 хадгалсан” гэж хариулсан. “Тэр нь юу юм” гэж асуухаар нь “Мэдэхгүй” гэсэн. “Тэгвэл шээснээс чинь юу илэрсэн бэ. Юу илэрснээ хэлбэл юу гэдгийг нь мэдэх гээд байна” гэж асуухаар нь “Юу ч илрээгүй, минийх бүгд хоёр зураастай байсан” гэхээр “Тэгвэл яагаад 1 жил 6 сар авдаг юм бэ” гээд байсан. Хамт хэрэгт холбогдсон Ц.Г тухайн орой намайг дуудахад нь гарч очсон минь миний алдаа болсон.” гэв.

            Шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Ц.Гд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйлдлээрээ нэгдсэн гэх хэлбэрийг анхан шатны шүүх тодорхойлж чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар хэрхэн, яаж үйлдлээрээ нэгдсэнийг тогтоож шалгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн субъектийн субъектив талын шинжийн хувьд шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг хэрэг юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын хэн аль нь эсрэг байр суурьтай байдаг бөгөөд тухайн бодис байсан эсэхийг хэн, аль нь мэдээгүй, хаанаас эх сурвалжтай бодис болохыг мөн мэдэхгүй гэдэг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын зүгээс шалгаж тогтоогоогүй. Өмгөөлөгч миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх байдлыг шалгуулахаар холбогдох хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Хэрэв шүүгдэгч нар нь тухайн бодисыг хадгалж байгаа тохиолдолд зайлшгүй олж авах ёстой. Шүүгдэгч Ц.Г нь өмнө шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт буруутгагдан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлагдсан байсан. Хэрэгт түүний зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийн лавлагаа авагдсан бөгөөд энэ бүсээс огт гараагүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч дүгнэлт гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “Хориотой дээрх бодисыг Монгол Улсад хийх боломжгүй, гадаад улсаас импортоор оруулж ирж байгаа талаар мэдүүлдэг. Хууль бус бодисыг шүүгдэгч Ц.Гынх байсан, мэдэж байсан гэж үзэхийн тулд олж авсан байх асуудал яригдана. Бодисыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс олж авсан уу, эсхүл өөр хэн нэг этгээд олж аваад дамжуулсан уу гэдгийг тогтоох шаардлагатай. Шүүгдэгч Т.Ныг буруутгаагүй ч түүнд байсан эсэх, байсан бол хаанаас олж авсныг нь нарийвчлан шалгаагүй байж эсрэг байр суурьтай хүмүүсийг хоёулаа маргаж байгаа үндэслэлээр гэм буруутайд тооцуулах гэсэн улсын яллагчийн санал, шүүхийн хоёуланг нь буруутгаж байгаа үйл баримт үндэслэлгүй. Урьдчилан тохиролцоогүй хүмүүс яаж нэгдэх, мансууруулах бодис байна гэдгийг яаж мэдэх вэ. Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь үгүйсгэгдэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт сэдэлт, зорилгоороо нэгдэнэ гэж заасан. Шүүгдэгч нарыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэж буруутгасан бол тэдгээр нь бодисыг хадгалснаараа ямар ашиг сонирхолд хүрснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалган тогтоож байж хэн нэг этгээдийг гэм буруутайд тооцох ёстой байсан. Өмгөөлөгчийн үзэж байгаагаар хоёр шүүгдэгчийн нэг нь зайлшгүй гэм буруугүй, нөгөө нь гэм буруутай. Тиймээс үүнд анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хийхийг хүссэн хүсэлтүүдийг хангаж байгаагүй, ажиллагаанууд дутуу хийгдсэн. Өмгөөлөгч Б.Солонгын гомдолд дурдсан гэрч Т.Агийн мэдүүлэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийгээгүй. Гэрч нь хэргийн талаар олон нарийн, тодорхой зүйлсийг илэрхийлдэг. Гэтэл цагдаагийн байгууллага гэрчийн мэдүүлэгт дурдсан ахуйн газ, мөнгөлөг цаас зэргийг машин дотроос олж илрүүлээгүй. Гэрч мэдүүлээд байхад яагаад байсан газраас нь олдоогүй вэ. Шүүгдэгч Т.Н, Ц.Г болон өөр хоёр этгээд нь гэрчийн тээврийн хэрэгслийг авч Улаанбаатар хотоор такси үйлчилгээнд явсан бол яагаад бусад этгээдүүдийг шалгаж тогтоогоогүй вэ. Бусад этгээдүүдээс яагаад мэдүүлэг аваагүй вэ. Шүүгдэгч Ц.Гын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийн лавлагаа хэрэгт авагдсан бөгөөд тухайн лавлагаагаар шүүгдэгч Ц.Г бүсээсээ гараагүй болох нь нотлогдоно. Мөн гэрч шүүгдэгч нарын хэн алиныг нь хэлсэн болохоос зөвхөн Ц.Гыг хэлээгүй. “Тухайн хууль бус бодисыг ямар нэг байдлаар доороос нь халаагаад шатааж хэрэглээд ухаан алдаад татаж унаад байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт болон холбогдох шинжилгээний дүгнэлтүүдээр шүүгдэгч нар хэн аль нь тухайн бодисыг хэрэглээгүй гэж тогтоогддог. Шүүх гэрчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон бөгөөд уг мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдээд байхад шүүх эдгээр баримтын талаар дүгнээгүй. Эдгээр баримтуудаар шүүгдэгч Ц.Г хэрэгт оролцоогүй, хамааралгүй болох нь тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын зөрчил шалган шийдвэрлэх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй гэдгээ хэлж байсан бөгөөд энэ талаараа шийтгэх тогтоолдоо дурдсан байсан. Харин эсрэгээрээ өмгөөлөгчийн зүгээс Т.Нын зөрчил шалган шийдвэрлэх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь миний үйлчлүүлэгчийг буруутгах, мөн ажиллагаануудад өгч байгаа мэдүүлгийн эх сурвалж болж байгаа. Энэ эх сурвалжаараа шүүгдэгч Ц.Г гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болох нь тогтоогдоно. Жишээ дурдвал, шүүгдэгч Т.Нын 1 дүгээр хавтаст хэргийн 25-26, 48-49 дэх талд өгсөн гэрчийн мэдүүлгүүдээр тухайн хууль бус шингэн бодисыг “Raison” гэх тамхины хайрцагт Т.Н өөрөө хийсэн гэдэг нь нотлогддог. Ц.Г хий гэж даалгаж, үүрэг болгоогүй. Ц.Г зөрчил шалган шийдвэрлэх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө “Ийм зүйл байсныг би харсан. Гэхдээ юу болохыг нь мэдээгүй” гэдэг. Энэ агуулгаар шүүгдэгч нарын мэдүүлэг миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх буюу түүний өгч буй мэдүүлгийн эх сурвалжийг нотолж байна. Бусад баримтуудаар уг үйл явдал давхар нотлогддог тул хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 99-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл тухайн цаг хугацаанд шүүгдэгч Т.Нын эзэмшилд байсан бөгөөд түүний тээврийн хэрэгсэл дотор байгаа ямарваа нэг эд зүйлийг шүүгдэгч Ц.Г мэдэх боломжтой, эсхүл зайлшгүй мэдэх шаардлагатай хүн биш. Шүүгдэгч нарын мэдүүлгээс зайлшгүй зүйлс цаг хугацаагаараа тохирдог. Жишээлбэл, 2023 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед шүүгдэгч нар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатад уулзаад, машинд ойр зуурын юм ярьж байгаад унтсан гэдэг. Шүүгдэгч Т.Н “Г гаднаас ямар нэг зүйл барьж орж ирээгүй” гэдэг бол шүүгдэгч Ц.Г “Машинд юу байсныг анзаараагүй. Машин бохир байсан. Маш олон хог новш байсан. гэхдээ би юу юу байсныг нарийн анзаарч хараагүй гэдэг.  Ц.Г бодит байдал дээр хууль бус бодис байсан гэдгийг мэдээгүй тохиолдолд, мэдээгүйгээрээ тухайн машинд хамт байснаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй. Үйлдлээрээ нэгдэнэ гэдэг нь ямар нэг нуух, далдлах үйлдэлд хамтран оролцсон байх ёстой. Гэтэл бодит байдалд нууж, далдалсан, гаргаж өгч байгаа бүх үйлдлүүд зөвхөн Т.Нтай холбоотой болохыг шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүхэлд нь анхаарч үзнэ үү. Ялангуяа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсээсээ гарсан эсэх лавлагаа баримтыг бусад баримттай харьцуулж үзнэ үү. Шийтгэх тогтоолд Т.Агийн мэдүүлгийг үндэслэл болгосон учраас энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Т.Аг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй. Ирсэн бол энэ талаар тодруулж, мэтгэлцээд шалгах боломж байсан ч санаатай ирээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Агаар таньж олуулах ажиллагаа явуулахдаа зөвхөн Ц.Гыг таньж олуулсан, Т.Ныг таньж олуулаагүй. Т.Агийн мэдүүлэг үнэн байсан бол Т.Ныг мөн таньж олуулах байсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Шүүгдэгч Ц.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хангалттай нотлон тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гэм буруугүйгээр нийгэмд аюултай гэмт үйлдэлд холбогдсон ба уг гэмт хэрэг нь заавал сэдэлт, зорилго байхыг шаарддаг. Энэ агуулгаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Т.Нын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй гэж үзэж байна. Учир нь, миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Хэрэг гарах болсон нөхцөл байдал, хаана гарсан, хэн үйлдсэнийг бүрэн нотлоогүй тул өмгөөлөгч Б.Түвшинбаяртай санал нэг байна. Хэрэгт яригддаг бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон гэх бөгөөд өмгөөлөгчийн хувьд өмнө нь сонсож байгаагүй.  Манай Монгол улсад түгээмэл хэрэглэгддэг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын төрлүүд нь өвс, шавар, метамфетамин зэрэг байдаг бол JWH-018 (ADB-BUNINAC) гэх бодисыг ямар зорилгоор хэрэглэдэг талаар шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хүн дурлаж хэрэглэх бодис биш, маш их зовуурьтай харагддаг бодис байна. Шүүгдэгч нар уг бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгахад илрээгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд уг бодисыг хадгалах ямар зорилго байгааг тогтоогоогүй. Т.Н нь дээд боловсрол эзэмшиж, хариуцлагатай албанд ажиллахаар шалгалтдаа бэлдэж байсан бөгөөд заавал бодис хэрэглэх шаардлагагүй. Хар тамхины талаар ямар ч ойлголтгүй хүүхэд юм. Энэ хувийн байдлыг нь харгалзаж үзэх ёстой байсан. Бодис яагаад илэрсэн эх сурвалжийг заавал олж тогтоох ёстой. Иймд нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч “Энэ бодис нь электрон тамхины шингэнээр найруулж хэрэглэдэг бодис” гэж тайлбарласан. Хэргийн материалтай танилцахад Т.Н нь анхнаасаа “электрон тамхины шингэнийг электрон тамхины төхөөрөмжгүйгээр шатааж татсан”, “Сүүлд нь цагдаа ирэхэд тамхины хайрцагт нуусан” гэх мэтээр мэдүүлж, намайг уг хэрэгт холбоогүйг илэрхийлээд байдаг. Гэтэл анхан шатны шүүх Т.Нын дээрх мэдүүлгийг огт үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн тул шүүх бүрэлдэхүүн та бүхнийг эдгээр мэдүүлгүүдтэй сайн танилцаасай гэж хүсч байна. Мөн хаанаас худалдаж авснаа тайлбарладаг. Энэ хэргийг шалгах явцад мөрдөгч Марал-Эрдэнэ, прокурор Анхжаргал нар өмнө нь намайг энэ төрлийн хэрэгт холбогдож байсан гээд хамтатгаж, давхар буруутгах, хэргийг над руу чиглүүлэх байдлаар ажилласанд нь хувь хүний хувьд маш их гомдолтой байдаг.” гэв.

            Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудад үндэслэсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Н тухайн тээврийн хэрэгсэлд байсан бодисыг сайн дураараа гаргаж өгсөн тул ялаас чөлөөлөгдөх ёстой гэсэн агуулгыг давж заалдах гомдолдоо дурдсанаас үзэхэд тухайн бодис Т.Нт байсан, түүнийгээ мансууруулах төрлийн бодис гэдгийг мэдэж байсан нөхцөл байдлаа илэрхийлж байна гэж харж байна. Өмгөөлөгч Т.Солонго гомдолдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Агийн мэдүүлэгт дурдсан асуудлууд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн нөхцөл байдалтай тохирдоггүй, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримт, шүүгдэгч нарын мэдүүлэгтээ тохирдоггүй гэсэн агуулгыг дурдсан байна. Гэсэн хэдий ч шүүгдэгч нар нь өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Гэрч Т.А, тухайн үйл явдал болоход очсон цагдаагийн алба хаагчдын мэдүүлэг, мөн хураан авсан бодист шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт хийсэн нөхцөл байдлууд бүгд харилцан бие биенийгээ нотолдог. Мөн давж заалдах гомдолд 1 дүгээр хавтаст хэргийн 92-98 дахь талд гэрч Т.Агаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй гэж байгаа боловч 91-92 дахь талд эрх, үүргийг тайлбарлаж, мэдүүлэг авсан баримт авагдсан. Дээрх хуулийн зохицуулалтыг бичсэнээрэээ тухайн хүнд тайлбарлаж байгаа агуулга биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулж байгаа нь хуулийн зохицуулалтын хүрээнд явагдсан гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон JWH-018 (ADB-BUNINAC) гэх бодис нь Монгол улсад шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргаж байгаа шинэ төрлийн бодис бөгөөд энэ ч агуулгаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт хамааруулан шалгаж буй этгээдүүдээс шээсний тест авч тестерлэдэг багаж нь 10 төрлийн бодис илрүүлдэг. Үүнд JWH-018 (ADB-BUNINAC) гэх бодисыг илрүүлэх тестер одоохондоо байхгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс оролцсон шинжээч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Энэ нь шинэ төрлийн бодис бөгөөд шээснээс илрүүлэх ажил судалгааны шатанд явж байна” гэж мэдүүлсэн. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас авсан шээсний дээжээс тухайн төрлийн бодис илрээгүй гэдэг нь тухайн хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш. Шинэ төрлийн бодис учраас илрүүлэх явц судалгааны шатандаа байгаа учраас илрэхгүй байх нөхцөл байхыг үгүйсгэхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэлээд хэд хэдэн удаа дээж авсан ч энэ төрлийн бодис илрэхгүй байх боломжтой. Мөн бодис илэрснээрээ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бус тээврийн хэрэгсэлд хадгалснаараа Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Агийн өгсөн мэдүүлэг, мөн түүний цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын дагуу ирсэн алба хаагч нарын мэдүүлэгт дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгч нар бодисыг хэрэглэсэн, мансуурсан байж болзошгүйг илэрхийлдэг. Энэ нь цаашлаад гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог тодорхойлно гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Ц.Гыг зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтад байсан, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсээс гараагүй гэж байна. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 250, 2 дугаар хавтаст хэргийн 1 дэх талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг авагдсан байх бөгөөд уг албан бичиг болон бүсчлэлийн зураглалд тухайн шүүгдэгч нь өөрийн хязгаарласан бүсээс гарсан талаар дурдсан байдаг. Мөн өмгөөлөгч Э.Түвшинбаяр Т.Ныг таньж олуулах ажиллагаа явуулаагүй гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Агаар Ц.Гыг таниулсан. Ц.Г, Т.Н нар нь тээврийн хэрэгсэлд байгаагүй талаар маргаж мэтгэлцдэггүй учраас тухайн нөхцөл байдал шүүгдэгч нарын өөрсдийн мэдүүлгээр давхар нотлогддог учраас заавал Т.Ныг гэрчид таньж олуулах ажиллагаа хийснээр хэргийг нотлох агуулга байхгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.               

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ц.Г, Т.Н нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын арын шар байрны зогсоол дээр 99-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан JWH-018 (ADB-BUTINACA)-ын агууламжтай “Санитол” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай 10 миллиграмм хэмжээтэй шар өнгийн шингэн бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

гэрч Т.Агийн “...Тэр 4 хүн миний машинд суугаад Ханын материал эцэс ороод нэг нь хүн рүү залгаад утсаа авахгүй байх шиг байсан. Тэгээд буцаж 3, 4 дүгээр хороолол орж “1000 нэрийн” худалдааны төвийн урд 1 эрэгтэй, 1 эмэгтэй нь буусан. Тэндээс 100 айл, Ботаникийн эцэс ороод үлдсэн 1 залуу нь бууна гэж байгаад буухаа болиод хоёулаа 120-н автобусны хойд талын СU дэлгүүртэй цагаан байрны гадаа очоод хоёулаа буугаад машинаасаа мөнгө аваад өгье гээд тухайн байрны гадаа зогсоол дээр байсан 99-89 УББ улсын дугаартай дээр үеийн юм шиг загвартай машинд хоёулаа суугаад машинаа асаасан. Би машинтайгаа ард нь зогсчхоод машиных нь цонхон дээр очоод “таксины мөнгөө өг” гэсэн чинь тэр залуу нь над руу салаавч гаргаад машиныхаа хаалгыг дотроос нь цоожлоод байсан. Хажууд нь мөнгө өгчих юм болов уу гэж бодоод хэсэг хүлээсэн. Тэгэхэд машинд суусан хүүхэн нь машин дотроо жолоочийн хажуу талын суудал дээр суучхаад нарийхан шилтэй юмыг доороос нь асаагуураар халаахад сороод ухаан алдаж унаад таталт өгөөд байгаа юм шиг болоод амнаас нь хөөс сахраад байсан. Урд жолоочийн суудал дээрх залуу нь урдаа бариад ухаангүй тэвэрчихсэн, ухаангүй юм шиг байсан. Тэр хүүхэн ухаан алдаад хэсэг байж байгаад босож ирээд нөгөө шилтэй юмаа доороос нь ахуйн газаар халаагаад утаа гараад сороод л ухаан алдаад таталт өгөөд байгаа юм шиг болоод байсан. Хажууд нь сууж байсан залуу бас сороод ухаан алдаад таталт өгөөд байсан. Ээлжлээд л тэрийгээ сороод байсан. Би санаа зовоод 10 цагийн үед дуудлага өгсөн. Нэлээн удаж байгаад 2 алаг тэрэгтэй цагдаа ирээд аваад явсан. Би тэр хүүхнийг харвал шууд танина. ...Нарийн шилтэй ямар зүйл байсныг хараагүй, гараараа барьчихсан байсан. ...Миний машинд суухдаа тэр 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, юу ч үнэртэхгүй байсан. Тэгсэн мөртөө мэдрэл муутай элий балай хүн шиг юм яриад байсан. ...” /1хх 92-98/,

гэрч Ш.Бын “...Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрээс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 99-89 УББ машинд нэг охин юм сороод ухаан алдаад байна” гэх дуудлага мэдээлэлд дамжуулж ирүүлсний дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын арын шар байрны зогсоолд цагдаа М.П хамт очиход 99-89 УББ улсын дугаартай хуучны загвартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байсан, түүний хажууд анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх эрэгтэй хүн байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэлд жолоочийн суудал дээр 25 орчим насны залуу, жолоочийн хажуу талын урд суудал мөн ойролцоо насны эмэгтэй нар сууж байсан. Цонхыг нь тогшиж машинаас бууж ирэхийг хүсэж, иргэний бичиг баримт болон юу хийж байгаа талаар тодруулж асуулт асуухад эрэгтэй нь асуусан асуултад хариулж байсан, харин эмэгтэй нь мансуурсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт асуусан асуултад хариулахгүй, биеэ авч явж байгаа байдал нь сэжигтэй байсан. Мөн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын зорчигчийн суудлын хаалганы бариул хэсэгт “Санитол” гэсэн бичигтэй хуванцар савтай шар өнгийн шингэн, урд суудлын голын хайрцаг орчимд электрон тамхины шингэн гэх хуванцартай шар өнгийн шингэн байхаар нь ерөнхий жижүүртэй холбогдож жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж үзлэг хийлгэх талаар асуухад жижүүрийн бүрэлдэхүүн өөр гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэлд явсан учраас цагдаагийн хэлтэс дээр авчир гэсний дагуу тухайн эмэгтэй, эрэгтэй хоёрыг болон тээврийн хэрэгсэл дотор байсан хуванцар савтай шар өнгийн шингэн зүйлийг нь авч Цагдаагийн хэлтэст хүргэж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тухайн дуудлагад очиход 99-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёртой уулзахад согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан боловч эмэгтэй нь мансуурсан, согтуурсан мэт асуусан асуултад хариулахгүй, нүд нь хөхөрсөн, гар нь чичирсэн байдалтай байсан учраас жижүүрт хүлээлгэн өгч шалгуулсан. Бид нарыг очиход цагдаад анх дуудлага мэдээлэл өгсөн гэх 165 см орчим өндөртэй, махлаг, бор залуу байсан. Энэ эмэгтэй амандаа нэг зүйл сорчхоод суудал дээрээ ухаан алдаж унаад байна гэж ярьж байсан. Тэгээд ажилтай яарч байна гээд явчихсан. ...” /1хх 113-114/,

гэрч Б.Пын “...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрээс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 99-89 УББ машинд нэг охин юм сороод ухаан алдаад байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын арын шар байрны зогсоолд очиход 99-89 УББ улсын дугаартай хуучны загвартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд жолоочийн суудал дээр 25-27 орчим насны залуу, жолоочийн хажуу талын урд суудал дээр ойролцоо насны эмэгтэй нар сууж байсан. Тухайн 2 иргэнийг машинаас буулгаж бичиг баримтыг нь шалгаж, юу болсон талаар тодруулж асуухад эрэгтэй нь хэвийн асуусан асуултад хариулж, харин эмэгтэй нь асуусан асуултад хариулахгүй, биеэ авч явж байгаа байдал нь сэжигтэй байсан учраас тээврийн хэрэгслийг нь шалгахад уг тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын зорчигчийн суудлын хаалганы бариул хэсэгт “Санитол” гэсэн бичигтэй хуванцар савтай шар өнгийн шингэн, урд суудлын голын хайрцаг хавьд электрон тамхины шингэн гэх хуванцартай шар өнгийн шингэн байхаар нь ерөнхий жижүүртэй холбогдож танилцуулахад жижүүрийн бүрэлдэхүүн өөр дуудлага, мэдээлэлд явсан учраас цагдаагийн хэлтэс дээр авчирч шалгая гэсний дагуу тухайн эмэггэй, эрэгтэй хоёрыг болон тээврийн хэрэгсэл дотор байсан хуванцар савтай шар өнгийн шингэн зүйлийг нь авч Цагдаагийн хэлтэст хүргэж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тухайн дуудлагад очиход 99-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж байсан эрэгтэй, эмэгтэй 2-той уулзахад согтууруулах ундаа үнэртэхгүй байсан боловч эмэгтэй нь мансуурсан, согтуурсан мэт асуусан асуултад хариулахгүй, биеэ авч яваа байдал нь сэжигтэй байсан учраас жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч шалгуулсан. ...” /1хх 117-118/,

гэрч М.Тын “...Тус бодис нь синтетик каннабинойдын төрөлд багтах шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис юм. Энэ төрлийн бодисыг хууль бус лабораторид химийн аргаар гаргаж авдаг бөгөөд эмчилгээний заалт байхгүй. Синтетик каннабинойд нь сүүлийн жилүүдэд ихээхэн дэлгэрч байгаа. Энэ төрлийн бодисуудын хүний биед үзүүлэх хор нөлөө нь бүрэн тогтоогдоогүй. Гэсэн хэдий ч эдгээр бодисуудыг хэрэглэснээр тухайн бодисоос хордсон, нас барсан тохиолдол дэлхийн хэд хэдэн улсад бүртгэгдээд байгаа нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Нэгдсэн Үндэстний байгууллагын тайлан мэдээгээр тогтоогдсон. Синтетик каннабинойдыг хэрэглэснээр таталт өгөх, зүрхний шигдээс, олон төрлийн эрхтний дутагдалд орох, айдас түгшүүртэй болох, солио үүсэх, хэсэг хугацаанд ухаангүй болох зэрэг хор уршигтай. JWH-018 (ADB-BUTINICA) сэтгэцэд нөлөөт бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг. Уг бодисыг электрон тамхинд хийж ууршуулж татах, олсны ургамал буюу каннабист шүршиж татах зэрэг байдлаар хэрэглэдэг. ...” /1хх 88-89/,

шинжээч Д.Золзаяагийн “...Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Хандсүрэнгийн томилсон тогтоол болон эд мөрийн баримтыг 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээж авсан. Үзлэг хийхэд Санитол гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шар өнгийн шингэн нь 10 мл орчим хэмжээтэй ирүүлж байсан. Шингэн зүйлийг граммаар хэмжээгүй. Уг JWH-018 (ADB-BUTINICA) бодисыг хэрэглэсэн тохиолдолд биологийн дээжээс илрэх боломжтой. Бид батлагдсан стандарт зааврын дагуу шинжилгээ хийхэд Ц.Г 2022.09.30 гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Шинэ төрлийн биологийн мансууруулах бодисын биологийн дээжээс илрүүлэх судалгааны ажил хийгдэж байна. ... JWH-018 (ADB-BUTINICA) бодис нь шинээр гарсан бодис юм. Энэ бодис нь конвенцын жагсаалтад орсон. Ер нь конвенцын жагсаалт нь байнга шинэчлэгдсээр байдаг. “United nations office on drugs and crime” сайтад тодорхой харагдсаар байгаа. ...” /1хх 148-154/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4836 дугаартай “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “RAISON” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагт хийсэн “Санитол” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шар өнгийн шингэнээс JWH-018 (ADB-BUTINАCA) илэрч байна. Илэрсэн JWH-018 нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 120-121/ гэх дүгнэлт,

таньж олуулах ажиллагаа явуулсан “...Гэрч Т.А нь №1-4 гэж дугаарласан гэрэл зургийг хараад №2 дугаартай иргэнийг “99-89 УББ улсын дугаартай машины дотор юм сороод ухаан алдаж унаад байсан охин мөн байна” гэж заав. Гэрч “энэ охин нэг залуутай хоёулаа миний машинд сууж ийш тийшээ яваад 99-89 УББ дугаартай машиныхаа газар хүргүүлээд таксины мөнгөө өгөөгүй охин мөн” гэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 72-75/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ц.Г, Т.Н нарыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Г, Т.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Т.Ныг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Солонго нар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Т.Нт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Э.Түвшинбаяр “...Шүүгдэгч Ц.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хангалттай нотлон тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гэм буруугүйгээр нийгэмд аюултай гэмт үйлдэлд холбогдсон ба уг гэмт хэрэг нь заавал сэдэлт, зорилго байхыг шаарддаг. Энэ агуулгаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгч Т.Н, Ц.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь “99-89 УББ машинд нэг охин юм сороод ухаан алдаад байна” гэх дуудлага шуурхай удирдлагын тасагт ирсэн мэдээллийг шалгаж, цагдаагийн эргүүлийн цагдаа гэрч Ш.Б, М.Пүрэвжамц нарын мэдүүлгийн “2 иргэнийг машинаас буулгаж бичиг баримтыг нь шалгаж юу болсон талаар тодруулж асуухад эрэгтэй нь хэвийн асуусан асуултанд хариулж, харин эмэгтэй нь асуусан асуултанд хариулахгүй, биеэ авч яваа байдал нь сэжигтэй байсан учраас тээврийн хэрэгслийг нь шалгахад уг тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын зорчигчийн суудлын хаалганы бариул хэсэгт “Санитол” гэсэн бичигтэй хуванцар савтай шар өнгийн шингэн, урд суудлын голын хайрцаг хавьд электрон тамхины шингэн гэх хуванцартай шар өнгийн шингэн байхаар нь ерөнхий жижүүртээ танилцуулсан” гэх тэмдэглэлээр шинэ төрлийн JWH-018 /ADB-BUTINACA/ илэрч, шинжээчийн дүггэлтээр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг нь тогтоогдсон.

99-89 УББ улсын дугаартай NISSAN RYOGA тээврийн хэрэгсэлээс НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг JWH-018 /ADB-BUTINACA/ нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис гарч ирсэн ба хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр Т.Наар машин дотор байсан эсэхийг харуулсан байдлаар, мөн гэрч Ш.Б, М.Пүрэвжамц, Т.А нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Г, Т.Н нар нь гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаадах зорилгогүйгээр тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Ц.Г өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/1255 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна.

Зорчих эрх хязгаарлах ялыг хянах цахим бугуйвчийг хэзээ тайлсан талаар хэрэгт баримт байхгүй тул 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан хийх хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байсан гэж үзэх үндэслэлтэй тул үлдэх 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч Т.Н, Ц.Г нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны энэ өдрийг хүртэл тус бүр 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

            Прокурорын яллах дүгнэлтэнд болон анхан шатны шүүх дүгнэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан JWH-018 (ADB-BUTINICA) бодис гэж бичиж байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь: Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцийн нэмэлт өөрчлөлтөөр “хэрэв санал болгосон нэмэлт өөрчлөлтийг энэ зүйлийн 1 дэх хэсгийн /b/ дэд хэсгийн дагуу тарааснаас хойш арван найман сарын дотор түүнээс талууд татгалзаагүй бол тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болно” гэж зааж, “1 дүгээр жагсаалт, 2 дугаар жагсаалт, 3 дугаар жагсаалт, 4 дүгээр жагсаалт” гэж 2 дугаар зүйлд нийцүүлэн өөрчлөлт оруулж болох бөгөөд энэхүү конвенцид хавсаргасан сэтгэцэд нөлөөлөх бодисын зохих дугаарласан жагсаалтыг тус тус ойлгохоор тусгагджээ.

            НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг JWH-018 /ADB-BUTINACA/ нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис гэж яллах дүгнэлт болон анхан шатны шүүх нэрлэн бичиж байгаа нь НҮБ-ийн 1971 оны 2 дугаар жагсаалтад “JWH-018 /ADB-BUTINACA/” нэршил нь байхгүй бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар “Мансууруулах бодисын асуудал эрхэлсэн комисс” JWH-018-ыг 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад оруулахаар 48 санал авснаас 1 эсэргүүцэж, 1 түдгэлзэж, JWH-018-ыг 2 дугаар жагсаалтад оруулсан ба 2015 оны нэмэлт өөрчлөлтөөр гэж цаашид бичиж хэвших нь зүйтэй.

            Мөн Анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 04/16714 дугаартай албан бичгээр шүүгдэгч Ц.Г нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 19 хоногийн ялын үлдэгдэлтэй гэж тооцсон нь 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 19 хоногтой байсан, анхан шатны шүүх шүүх хуралдаанаар 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн ба 18 хоног шүүгдэгч Ц.Г зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байсан байдалд алдаатай тооцоо хийсэн тул 18 хоногийг ялаас нь хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...эдлээгүй үлдсэн 19 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “...эдлээгүй үлдсэн 1 хоногийн ялыг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Ц.Г нарын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр нийт 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ