Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 204/МА2021/00002

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12  дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2020/00913 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Х-д холбогдох “худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 28 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал /онлайнаар/, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Х-с 2018 оны 4 дүгээр сард BEIBEN ND3250 S маркын автомашиныг 28 000 000 төгрөгөөр худалдан авсан. Уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэтэл Б.С гэх мөнгө зээлдүүлдэг хүн зээлийн барьцаанд авч өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Үүний улмаас дээрх автомашиныг нэр шилжүүлэн авч, өмчлөх боломжгүй болсон.

Иймд Д.Х-с автомашины үнэнд өгсөн 28 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ж нь Д.Х-с шатахуун худалдаж авдаг байсан тул шатахууны төлбөрт “ГЭТ” ХХК-ийн өмчлөлийн ачааны автомашиныг 2017 оны 11 сард Ч.Ж-с авч, 2018 оны 5 дугаар сард Г.Б-д 28 000 000 төгрөгөөр зарсан бөгөөд тооцоогоо дуусгаад өмчлөгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож автомашиныг авсан.

Ингээд Г.Б хашаа, байшингаа зарж дээрээс нь мөнгө нэмж автомашины төлбөрийг төлж дуусгаад 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхээр “Г” ХХК дээр очсон. Энэ компани Г.Б-н нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг Авто тээврийн үндэсний төвд хийж өгсөн. Гэтэл Авто тээврийн үндэсний төв энэ автомашины өмчлөгч Б.С гэдэг хүн байна. Танд байгаа “ГЭТ” ХХК-ийн гэрчилгээ хүчингүй учраас хурааж авлаа гээд авсан тул Г.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Г.Б, Д.Х хоёрын хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж болно. Учир нь Б.С автомашины хууль ёсны эзэмшигч тул автомашинаа авна гэсэн шаардлагыг байнга тавьж, бүр авахаар ирж байсан. Харин Г.Б шүүхэд энэ асуудлаар хандсан учраас шүүхийн шийдвэр гартал энэ автомашиныг өгөхгүй гээд явуулсан. Өмнө нь энэ хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн. Уг нь Д.Х, Г.Б нарын хооронд хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх үүрэгтэй.

Г.Б нь Д.Х-с автомашин худалдаж авах үед “Г” ХХК-ийн нэр дээрх гэрчилгээ хүчингүй, Б.С гэж хүний нэр дээр байна гэдгийг огт мэдээгүй. Иймд Г.Б 28 000 000 төгрөгөө Д.Х-аас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэж байгаа гэжээ.

Хариуцагч Д.Х анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сард Ч.Ж-с 28 000 000 төгрөгийн түлшний төлбөрт уг автомашиныг авсан байсан. 2018 оны 5 дугаар сард Г.Б манай нэг дүү энэ автомашиныг унаж байсан. “Г” ХХК-д байхдаа мотор ямар ч задаргаа ороогүй, шинэ кроп тавьсан, уурхайн даргын дүү хувьдаа авна гээд диск нимгэрсэн тул дискийг нь авчихаад ажилд гаргахгүй байгаад байгаа юм байна. Ер нь өнгө үзэмж муутайгаас биш машины хувьд сайн машин байна. Машиныг чинь худалдаж авна гэж надтай уулзсан. Тэгээд төлбөр тооцоогоо яаж хийх юм гэхэд гурав хувааж өгнө, үнэ боломжийн юм гээд бид хоёр автомашины наймаа хийсэн. Автомашиныг хүлээлгэж өгөхдөө би Ч.Ж-с авсан “ГЭТ” ХХК-ийн гэрчилгээтэй автомашин байгаа шүү, Ч.Ж-тэй яриад С.Бийн компани дээр очоод гэрчилгээг шилжүүлэх юм. Гэрчилгээг шилжүүлж өгье гэхэд Г.Б би одоо шилжүүлэх шаардлагагүй, 10 сард уурхай буухаар Дорноговь руу жоншинд явна. Орон нутгийн дугаартай автомашин хол газар дэмий байдаг гэж хэлсэн.

Дараа нь 2018 оны 7 дугаар сард Г.Б өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэж “Г” ХХК-аас хасалт хийлгэсэн байдаг. Мөн 2018 оны 10 дугаар сард жоншны уурхайд түрээсээр явах гээд авто тээврийн үзлэг оношилгоондоо Өвөрхангай аймагт орсон. Тэгэхэд ямар ч бичиг баримтын зөрчилгүй байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сард яагаад Б.С гэсэн хүний нэр дээр шилжүүлсэн байдаг юм. Энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй. Ч.Ж нь Б.С гэдэг хүнд барьцаанд тавьсан гэдгийг Г.Б сүүлд мэдсэн.

Тухайн автомашин 2018 онд Дорноговь аймагт тээвэр хийж байгаад 2019 оны 4 дүгээр сард зарах гэхэд гэрчилгээ болохгүй байсан. Өмнө нь шүүх хурал дээр Г.Б-оос Б.С гэдэг хүн машинаа аваад явсан. Хашаа, байшингаа зарсан мөнгө төгрөг байхгүй гээд ярьж байсан. Тэгсэн одоо Б.С хэзээ ч хамаагүй ирж авна гээд байх юм. Б.С гэдэг хүн үнэхээр барьцаанд авсан юм бол над дээр болон Г.Б дээр байхад тухайн автомашиныг ирж үзэх ёстой байсан.

Г.Б тухайн автомашинаар 2018 онд нэг сарын 6 000 000 төгрөгийн түрээсэнд явсан. 2018 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэл жоншны уурхайд түрээсэнд явсан. 2019 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд уурхайд түрээсэнд явсан. Машины төлбөрөө хангалттай олсон гэж үзэж байна. Надаас болоод хамаг юмаа байхгүй болгосон юм яриад байдаг. Тэгээд тухайн автомашиныг унаж эдэлж байхдаа Г.Б хоёр удаа унагасан. Одоо автомашин ямар байдалтай байгааг мэдэхгүй. Өөрсдөө тухайн автомашиныг унаж мөнгөө олчихоод эргээд Б.С гээд хаанаас ч гараад ирсэн нь мэдэгдэхгүй хүн дээр бичиг баримтыг шилжүүлчихээд буцаад надад явахаа байсан автомашин өгөх гээд мөнгө нэхэмжлээд байна гэж хараад байна. Өмнө нь болсон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь намайг бодитойгоор дүгнэж залилангийн хэрэг хийгээгүй гэдгийг тогтоож өгсөн гээд баярлаж явдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үнэн бодитой гарсан гэжээ.

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Х-с 28000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Х-с 297950 төгрөгийг гаргуулж Г.Бид олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2020/00913 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1.Талуудын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар *** улсын дугаартай ВЕIBEN ND3250 S маркын автомашин нь 2015 оны 07 дугаар сарын 8-наас “ГЭТ” ХХК-ийн нэр дээр байсан ба хариуцагч Хайдав нь Ч.Ж-ээс 2017 оны 10 сард шатахууны өрөнд авах хүртэл тухайн байгууллагын нэр дээр байсан. Тус автомашиныг хариуцагч нь 2018 оны 04 сард Г.Б-д худалдсан 2018 оны 04 сараас хойш одоог хүртэл Г.Б-н эзэмшилд ашиглалтад байгаа ба тухайн үед нэр дээр нь шилжүүлэх бүрэн эрхийг өгсөөр байтал Г.Б нь өөрийн нэр дээр шилжүүлэлгүй өдийг хүрсэн байдаг.

Мөн тухайн үед Г.Б тухайн автомашинд ямар засвар үйлчилгээ хийгдсэн, “ГЭТ” ХХК-ийн нэр дээр байгааг мэдсээр байж худалдах худалдан авах гэрээ хийх санал тавьсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хайдаваас 2018 оны 04-р сард ВЕIBEN ND3250 S маркын автомашиныг 28.000.000 төгрөгөөр худалдсан авсан талаар тодорхой дурдсан, түүнчлэн иргэн Г.Б нь тухайн автомашиныг 2018 оны нэг сард 6 000 000 төгрөгөөр, 2018 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэл жоншны уурхайд мөн 2019 онд Өвөрхангайн *** сумын уурхайд түрээсэнд явуулж тогтмол өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байсан нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасны дагуу тухайн машиныг түрээслэн ашигласан нь тодорхой үйлдэл хийсэнд тооцогдох тул худалдан худалдан авах гэрээ хийсэн болох нь харагдаж байна.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн тул Автотээврийн тухай хуулийн 171дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт зааснаар хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, Нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлэх ёстой.

Гэтэл Д.Х 2017 оны 10 дугаар сард Ч.Ж-с 28.000.000 төгрөгийн түлшний төлбөрт ВЕIBEN ND3250 S маркын *** улсын дугаартай ачааны автомашиныг авсан гэх боловч Авто тээврийн хуульд заасны дагуу бүртгэл хийлгээгүй байх тул гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Учир нэхэмжлэгч болон хариуцагч аль аль нь дээрх хуульд заасны дагуу бүртгэлд бүртгүүлээгүй боловч Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу худалдах худалдан авах гэрээний дагуу Г.Б нь тухайн ВЕIBEN ND3250 S маркын *** дугаартай авто машиныг тухайн үед хүлээн авч, гэрээний үнийг төлж одоог хүртэл өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байна.

Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж зааснаар хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйл зааснаар худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Дээр дурдснаар талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байхад дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, бодит байдалд нэхэмжлэгч нь автомашины үнийг төлсөн, үүнийхээ дагуу автомашиныг одоог хүртэл эзэмшилдээ байлгаж байгаа буюу нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд гэрээтэй холбоотой маргаантай асуудал үүсээгүй атал шүүхээс нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 145/ШШ2020/00913 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Х-д холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 28 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн  166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

         1. 2018 оны 5 дугаар сард Г.Б нь Д.Х-с ВЕIBEN ND3250 S маркын *** дугаартай автомашиныг 28 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, үнийг хэсэгчлэн төлж, худалдан авагч нь машиныг эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогджээ.

        Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах харилцаа үүссэн ба гэрээний зүйл болох автомашин эрхийн доголдолтой байсан эсэх асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болсон байна.

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.

          Г.Б нь Д.Х-с ВЕIBEN ND3250 S маркын автомашиныг 28 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2019 оны 1 дүгээр сарын 21 хүртэлх хугацаанд үнийг хэсэгчлэн төлж дуусгаад, 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр тухайн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгож солиулахаар Авто тээврийн үндэсний төвд очиход уг машин 2018 оны 3 дугаар сарын дугаар сарын 13-нд Б.С гэдэг хүний нэр дээр шилжсэн байх тул “Г” ХХК-ны нэр дээрх бүртгэл хүчингүй гээд гэрчилгээг хураан авснаар худалдан авагч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан байна.

          Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгө эрхийн доголдолтой бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

            Хариуцагч Д.Х анхан шатны шүүх хуралдаанд  “...Г.Б өөрийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлэхээс татгалзаж, Улаанбаатар хотын дугаартайгаар нь ашиглана гээд бичиг баримтыг авч явсан...миний буруугаас болж бичиг баримт шилжүүлэх асуудал саатаагүй...”/хавтаст хэргийн 205 дугаар хуудас/ гэж, хариуцагчийн өмгөөлөгч “...Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардах эрхээ алдана гэж заасан. Гэтэл бусдын нэр дээр байгаа хөрөнгийг худалдаж авах гэж байгааг нэхэмжлэгч нь өөрөө мэдэж байсан...” гэжээ. 

        Хэрэгт нотлох баримтаар авагдсан Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанаас үзвэл /хавтаст хэргийн 193 дугаар хуудас/ зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэхээс өмнө гэрээний зүйл нь иргэн Б.С-н өмчлөлд шилжсэн байхад Д.Х нь өөрийн өмчлөлийн бус зүйлийг бусдад зарж борлуулах үйлдэл хийсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээнд тавигдах худалдагч эд хөрөнгийн өмчлөгч байх шаардлагыг хангахгүй байгаа учраас эрхийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

          2. Анхан шатны шүүх маргаж буй талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар эрх зүйн дүгнэлтийг хийх шаардлагатай бөгөөд энэ нь гэрээний харилцааг тодорхойлоход зайлшгүй хийгдэх дүгнэлт юм. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад тохироогүй боловч дүгнэлтийг залруулах боломжтой байна. Г.Б нь машины өмчлөх эрхийг шилжүүлж байгаа Д.Х-г  өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан, мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан нь тогтоогдоогүй тул түүнийг буруутгах үндэслэлгүй юм. Тэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “Г” ХХК-нд бүртгэлтэй байсанд үндэслэж тухайн автомашиныг худалдан авсан боловч эрх бүхий байгууллагаас “Г” ХХК-нд бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авсан тул эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэл бий болжээ. Д.Х нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээдэг тул гэм буруугүй эсэхээс үл хамаарч үүргээ биелүүлэх ёстой юм.

         Хэдийгээр хариуцагч болон түүний өмгөөлөгч “...ВЕIBEN ND3250 S маркын автомашин нь 2015 оны 07 дугаар сарын 8-наас “ГЭТ” ХХК-ийн нэр дээр байсан ба хариуцагч Хайдав нь Ч.Ж-с 2017 оны 10 сард шатахууны өрөнд авах хүртэл тухайн байгууллагын нэр дээр байсан...” гэж тайлбарлаж байгаа боловч автомашиныг Г.Б-д худалдах үед Д.Х Ч.Ж-с машины талаарх мэдээллийг тухайлбал “Г” ХХК-ний өмчлөлөөс өөр этгээдэд шилжсэн эсэх талаарх мэдээллийг шаардах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Харин машиныг худалдах үед Ч.Ж-с авах ёстой байсан тэрхүү мэдээлэл нь Г.Бийн өмнө гүйцэтгэвэл зохих үүргийг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Ч.Ж-ээс мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлээгүй нь Д.Х Г.Б-д мэдээлэл дутуу өгч автомашин шилжүүлснийг зөвтгөх үндэслэл болохгүй. Худалдагч нь гуравдагч этгээдийн шаардах эрхээс чөлөөтэй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй. Энэ нь тухайн эд хөрөнгийн талаарх бусад этгээдийн эрхийн тухай худалдан авагчид мэдээлэл өгөх үүргийг худалдагчид үүсгэдэг тул эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсний хариуцлага худалдагчид ногдоно.

          Хариуцагч “...надаас мөнгө нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй... Г.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хүн нь Ч.Ж...” гэж тайлбарлаж байгаа боловч /хавтаст хэргийн 125 дугаар хуудас/ Д.Х  нь Г.Б-той байгуулсан хэлцлийн дагуу автомашин худалдаж уг эд хөрөнгийн үнийг хүлээн авсан, худалдах-худалдан авах гэрээнд нэг тал  болж оролцсон тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Түүнчлэн “автомашиныг 30 000 000 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон, одоо 2 000 000 төгрөг дутуу байгаа” гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

         Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

          Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

         1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2020/00913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргалын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.