Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 204/МА2021/00003

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 145/ШШ2021/00034 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.А-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.С-д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, Н.А-д холбогдуулан “хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Алдар, хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.С-тэй 2002 онд танилцаж улмаар гэрлэлтээ батлуулж хамтран амьдарсан. 2010 онд Ж.С нь надад хэлэлгүйгээр хот руу явсан бөгөөд дараа нь тэрээр намайг хотод хүрээд ир гэхээр нь би хот орж бид хоёр яармагт айлын хашаа хөлсөлж амьдарсан. Бидний дундаас 2013 онд хүү О төрсөн. Ж.С нь 2018 оноос Ч гэх залуутай гэр бүлийн харилцаатай болж архи ууж, гэртээ тогтохоо больсон. Гэртээ ирэхээрээ архи ууж, агсам тавьж ах дүү нартайгаа нийлэн намайг зодож бие махбодь болон сэтгэл санааны дарамтанд оруулдаг болсон. Энэ талаар хорооны цагдаа нарт тэмдэглүүлж байсан. Гэвч Ж.С-н зан авир улам эвдэрч улмаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү бид хоёрыг орхиж яваад эргэж ирээгүй бөгөөд одоогоор Зүүнбаян-Улаан суманд хүнтэй сууж амьдрал зохиосныг би саяхан мэдсэн. Ж.С нь хүү О-той уулзаж, утсаар ярилгүй өдийг хүрсэн. Тэр ч байтугай О-н хүүхдийн мөнгийг авч өөртөө зарцуулдаг. Хүү бид хоёрт ямар ч өгсөн зүйл байхгүй. Хүүхдийнхээ мөнгийг хүү О-д зарцуулмаар байна. Нэгэнт Ж.С бусадтай сууж амьдрал зохиосон учраас бид эргэж нийлж амьдрах боломжгүй. Эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй тул гэрлэлт цуцлуулж А.О-г өөрийн асрамжинд авч Ж.С-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.С нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бидний дундаас 2006, 2013 онуудад хоёр хүүхэд төрсөн. Би бол А-н өргөдөлд бичсэнтэй адил ааш араншинтай, архи ууж идсэнээ шингээж чаддагүй, худалч, бусдыг дандаа муулж хүмүүсийг дээрлэхэж явдаг жудаггүй хүн биш. Би амьдрах хугацаандаа А-н дарамтанд зодуулж маш их зовж хамар, хүзүүгээ гэмтээлгэж эмнэлгийн тусламж авч сэхээнд байсан. Хотод очоод А-г ажилд оруулж болж бүтэх байх гээд амьдартал хуучин байдал хэвээр үргэлжилж, ажлын гАар очиж, ажилд саад болж ажиллагсадтай хардаж ажил хийх аргагүй болгож байсан. Гэрт хэрүүл маргаан хийхээр намайг үсдэж зодож цохьсон гээд байнга цагдаа дуудаад намайг өгч байсан. 2013 онд төрсөн хүү О-тойгоо би 2018 онд өвлийн хүйтэнд хөөгдөөд явсан. Би хотод эгчийндээ хүүхэдтэйгээ байдаг байсан. 2019 оны хавар А дүү А гэгч залуу эхнэрийнхээ хамт ирээд аав нь хүүхдээ санаад байна уулзуулчихаад ирье гээд авч яваад авчирч өгөөгүй. 2019 онд хүү Өвөрхангай аймгийн Уянга суманд А эгч Б-д сургуульд сурч байгаа дуулдсан. Энэ жил ч мөн сурч байгаа сурагтай. Би хүүхэдтэйгээ уулзах, утсаар ярих ямар ч боломжгүй, хэрнээ уулзаж утсаар холбогдвол хүүхдэд маш хүнд дарамт учруулдаг гэж ойлгосон. Мөн хүүхэд хааяа нэг холбогдсон тохиолдолд цаана нь А согтуу үг зааж өгөөд тэр хүний хэлснээр хүүхэд өрөвдөлтэй хэдэн үг дамжуулж байдаг. А хот тохижуулахад ажилладаг өглөө эрт гараад орой ирдэг. Хүүхэд өдөржингөө эзэнгүй гэрт ганцаараа хоцордог байсныг би өөрийн нүдээр харсан. Ийм хүнд хэцүү нөхцөлд байгаа хүүхдээ хараад сэтгэл санааны гүн дарамтанд орсон. Би хүнтэй суухаар тохирч жирэмсэн болсон. Атай хамтран амьдрах боломжгүй гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүгээ түүнд өгөхгүй. Архины хамааралтай, эзэнгүй эрсдэлтэй орчинд үр хүүхдээ байлгахыг зөвшөөрөхгүй. Би хүүхдээ өөрийн асрамжиндаа авах сөрөг нэхэмжлэл гаргана. Би хүүхдийнхээ мөнгийг өөрөө авдаггүй, хадгаламжийн данс нээлгэж тэндээ байршдаг гэжээ.

Хариуцагч Ж.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь Н.А-тай танилцаж, улмаар гэрлэж хамт амьдарсан. 2006 онд охин Ц төрсөн. Н.А эхний жилүүдэд ааш зан нь хэвийн байсан ба сүүлийн жилүүдэд архи ууж, агсан тавьж, намайг хөөж, зодож, дарамталж, аав ээж, ах дүү нарыг минь хэл амаар доромжилж бидний хоорондын харилцаа муудаж, хэрүүл маргаан тасрахгүй хэд хэдэн удаа салж нийлж, амьдрал амьдрал биш болж ирсэн. Миний хувьд үр хүүхдээ бодоод амьдрах гэж зөндөө үзсэн боловч А ааш зан засарч өөрчлөгдөөгүй маш их зодуур зовлон туулсан. Би 2013 онд хоёрдахь хүү О-ыг төрүүлсэн. А-г ажилд оруулж амьдрал үр хүүхдээ зөв авч явах талаар өчнөөн хэлдэг боловч хүний үгэнд ордоггүй зөрүүд зантай, архинд маш их дуртай, архи уусан үедээ харгис хэрцгий зантай, намайг бусадтай байнга хардаж зоддог байсан. Улмаар ажлын гАар ирж ажилчидтай хардаж хэрүүл маргаан үүсгэж ажил ч хийх нүүргүй болгож эхэлсэн. Янз янзын дугаараас танихгүй хүнээр яриулж дарамталдаг болсон. 2018 оны өвөл А хүү бид хоёрыг гэрээсээ хөөж бид хоёр хотод эгчийндээ хэсэг хугацаанд амьдарсан. Энэ үед 2019 оны хавар А-ы дүү А гэдэг залуу аав нь хүүхдээ санаад байна уулзуулаад ирье гэж хүүг авч яваад ирээгүй. 2019 оны намраас хойш хүүг минь Өвөрхангай аймгийн Уянга суманд А-ы эгч Б-ынд суулгаж сургуульд оруулж байсан. Миний хувьд хүүхэдтэйгээ уулзах ямар ч эрх мэдэл  байхгүй, утсаар ч ярих эрхгүй А хааяа өөрөө залгаж хүүхдэд цаанаас нь үг зааж өгч яриулж байсан. Сүүлийн жил огт яриулаагүй. А хүүхэд авч явах чадваргүй хүн. Учир нь хот тохижуулахад үйлчилгээний ажилчин. Өглөө 5, 6 цагт ажилдаа явж орой 10,11 цагийн үед түгжирч явсаар ирдэг. Энэ хооронд хүүхэд маань ямар ч хараа хяналтгүй гэрт цоожтой үлддэг. Мөн А гэртээ архины хамааралтай найз нөхөд гэх эр эм хүмүүсийг цуглуулж наргиж байхыг би өөрийн нүдээрээ үзэж байсан. Иймд хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүмүүжил эрсдэлтэй нөхцөл маш их байгаа. Хичээл сургууль эхлэх үеэр А өөрөө хүүхдээ хүргэж өгөх авах ямар ч боломжгүй учир арга буюу өөрийн эгч рүүгээ хөдөө орон нутагт сургуульд суулгахаар явуулж байна. Хүүхэд эцэг эхийн хэний ч хайр халамжийг үзэхгүй хараа хяналтаас гадуур айл айлын хооронд л явж байна. Хүүг хичээлийн бус үе, амралт, хорио цээрийн үед агаар, цагаан идээн дээр явуулж болно шүү дээ. Тэгэхэд хотод утаан дунд ганцааранг гэрт нь цоожлоод байгааг хүүхдийн эрхийг ноцтой хязгаарлаж байна гэж үзэж байна. Миний бие эхийн хувьд хүүг эрсдэлтэй нөхцөл орчинд байгааг тэсвэрлэхгүй байна. Сэтгэл маш их шаналж байна. Иймд хүү А.О-г өөрийн асрамжиндаа авч эцэг Н.А-с хуулийн дагуу тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би Ж.С-тэй цуг амьдарч байх хугацаандаа өмнөө таарсан ямарч хамаагүй ажил хийдэг байсан би бол үнэндээ эхнэр Ж.С-н эрхэнд орсон байсан. Ч гэх хүнтэй нөхөрлөөд намайг хаясан юм. Намайг утсаар хүүгээ ав гэж хэлсэн. Би дүүгээ очоод аваадах гэж хэлээд дүү авч надад өгч явуулсан. Хүү минь ирээд ээж намайг эмээгийнд орхиод Чгийнд цагаан сараар байсан гэж ярьсан. Надаас хүүг авч яваад хир ихтэй, нэгч усанд оруулаагүй, үс нь их ургасан байсан. Миний хүүг хаясан нь үнэн гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар *** овгийн *** А, *** овгийн Ж.С нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн хүү А.О-ыг эцэг Н.А-н асрамжинд үлдээж, хариуцагч Ж.С гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн хүү А.О-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болсон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан сар бүр эх Ж.С-р тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ж.С-с 210600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.С-с 34214 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 145/ШШ2021/00034 тоот шийдвэр нь хууль ёсны бус бөгөөд үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр болсон байна.

Үүнд: Ж.С, Н.А нарын хүү болон насанд хүрээгүй О-с тайлбар авахдаа өмгөөлөгч Л.Лхааганжавыг оролцуулан тайлбар авсан атал “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгчөөр Л.Лхааганжавыг оролцуулан тус хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин шийдвэрлэсэн байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 145/ШШ2021/00034 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Н.А-н нэхэмжлэлтэй хариуцагч Ж.С-д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг, Ж.Сэс Н.А-д холбогдуулан “хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

   Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байгааг харгалзан тэдний гэрлэлтийг цуцалж, Б.М-с шүүхэд гэрчээр өгсөн тайлбар, насанд хүрээгүй А.О-н саналыг харгалзан хүүхдийг эцэг Н.А-ын асрамжинд үлдээж, эх Ж.С-с хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

   Гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хүүхдийг хэн асрамжлах талаар тохиролцож чадаагүй бол шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан асрамжийг тогтооно.

  Шүүх гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж буй явдал нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах гарыг тогтоож байна гэсэн үг юм. Энэ утгаар хүүхдийн оршин суух, амьдрах гарыг тодорхойлохын тулд ямар нөхцөл байдал баримтаар тогтоогдсон байх учиртайг онцгой анхаарах учиртай. Хэргийн оролцогч эрх зүйн маргааны эсрэг талд хүүхдийн асрамжийг хариуцуулж болохгүй гэх байдлыг нотолгооны гол зүйл болгодог. Гэтэл эсрэг талын дутагдалтай тал маргааны нөгөө талд давуу байдал үүсгэх боломжтой боловч энэ нь хүүхэд эцэг, эхийн хэнтэй нь амьдрахыг тодорхойлох гол нөхцөл биш юм. Эцэг, эхийн хэн нэг нь дутагдалтай байх нь нөгөөхийг нь дутагдалгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

          Нөгөө талаар хүүхэд нь гэр бүлийн эрх зүйн маргааны объект болж буй ч тухайн харилцааны бие даасан субъект учир тухайн маргааныг хянан шийдвэрлэх гол нөхцөл нь хүүхдийн өөрийнх нь эрх ашиг байдаг.

         Бага насны болон насанд хүрээгүй хүүхэд гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрахыг тогтооход нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүүхэд эцэг, эх, ах, дүү, гэр бүлийн бусад гишүүдэд ээнэгшсэн дассан байдал, хүүхдийн нас \хүүхэд насны онцлогоосоо шалтгаалан орчныг болон эцэг, эхийн хоорондын харилцааг зөв хүлээн авч, ойлгон ухамсарлах чадвар, бусдын халамж, үйлчилгээ шаардагдах онцлог\, эцэг, эхийн ёс суртахууны болон хувийн шинж чанарууд, хүүхэд болон эцэг, эхийн хооронд тогтсон харилцаа, хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж, эцэг, эхийн оршин сууж буй гАрын нөхцөл байдлыг нотолсон байвал зохино.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн  118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэжээ. Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлах бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байгаа явдал юм.

  Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 14.7-д заасан шаардлага л үндэслэл болно. Хүүхдийн саналыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар хуульд заагаагүй байна. Харин хүүхдийн санал энэ үндэслэлийг тогтооход ач холбогдолтой нотолгооны хэрэгсэл юм. Тийм ч учраас хүүхдийн саналыг “харгалзана” гэж хуульд заажээ.

Саналыг авахад өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, иргэдийн төлөөлөгчдийн аль нэгийг байлцуулах нь зүйтэй байдаг. Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай “Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 9.7-д “Мөн зүйлийн 14.7-д заасан “долоо ба түүнээс дээш насны хүүхдийн санал”-ыг авах шүүхийн ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулах шаардлагатай гэж шүүх үзвэл тухайн иргэний хэргийн зохигчдын өмгөөлөгчөөс өөр өмгөөлөгчийг оролцуулна.” гэж тайлбарлажээ.

 Анхан шатны шүүх хүүхдээс санал авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгч Л.Лхааганжавыг оролцуулсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлтэй болно.

          Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн  шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх үндэслэл болсон нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч Ж.С давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 145/ШШ2021/00034 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч Ж.С давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.