| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0202/э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2018-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 206
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч А.Ганзориг, хохирогч Б.Б, шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708012700045 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г.Э, Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Залуу баригад” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдүүдийн хамт, оршин суух хаягтай, регистрийн дугаартай, урьд хоёр удаа ял шийтгүүлсэн,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 3 (гурван) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 (гурван) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Яллагдагч Г.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 188 тоот хашааны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б “...гэртээ харих гэлээ...” гэх шалтгаанаар түүний толгой, нүүр рүү цохиж, бие махбодод нь “...зүүн нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Г.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр буюу согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 188 тоот хашааны гадна гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Б.Б-тай “...гэртээ харих гэлээ...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой, нүүр рүү цохиж, бие махбодод нь “...зүүн нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
2. Хохирогч Б.Б шүүх хуралдаанд: “…Э-ыг 3-4 хоног гэртээ ирээгүй болохоор нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би уурандаа архинаас нь хувааж уусан. Том хүүхдийн хичээл орох гэж байхад тоогоогүй, тэгээд Э-той маргалдсан. Дараа нь би “харьлаа” гээд эгчийнх нь хашаанаас гүйн гартал Э араас гарч ирээд намайг бариад авахад нь би хашгирсан. Э намайг чимээгүй бай гэсэн боловч би орилоод байсан. Гэтэл Э намайг цохьсон. Би уйлаад газар явган суухад, хажуу айлын хашаанаас хоёр хүн гарч ирээд “болиоч” гэсэн. Бид хоёр санаа зовоод эгчийнх нь гэр лүү буцаж ороод байж байтал цагдаа нар ирсэн. Тэр үед Э зугтсан. Би цагдаагийн машинтай Э-ыг хайж, Зүүн салааны эцэс хүртэл явсан. Тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт очиж нүдээ үзүүлсэн. Надад хөнгөн гэмтэл гарсан гэж хэлсэн. Тухайн үед би бас согтуу байсан…” гэв.
3. Хохирогч Б.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд (хх-ийн 20-21-р хуудас),
4. Хохирогч Б.Б-гийн “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр...би уурлаад маргалдаж байгаад бид хоёр эвлэрээд Э-ын эгч Э-гийн гэрт очоод байж байгаад Э шартаад байна гээд дэлгүүрээс 2 шил архи авчраад бид хоёр хувааж уусан. Тэгээд бид хоёр хоорондоо мөнгөнөөс болж хэрэлдээд би харилаа гээд хашаанаас гараад явтал миний араас Э гүйж гарч ирээд миний нүд рүү нэг удаа цохиод авсан. Тэгэхэд хажуу айлын нэг залуу гарч ирээд бид хоёрыг салгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),
5. Гэрч Б.А “...би 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би хүүгийнхээ хамт хашаа дотор хашаагаа янзлаад байж байхад хашааны гадаа гудамжинд эмэгтэй хүн амь авраарай гэж орилсон. Тэгээд би хүү Баянжавын хамт гарч харахад нэг залуу эхнэрээ цохиод унагасан тэгээд тэр эмэгтэй ам хамарнаас цус гарч байсан. Тэгээд манай хүү боль гээд салгахад...би цагдаа дуудсан. Бид нарыг гарч ирэхэд тэр залуу эхнэрээ нэг удаа цохиод унагаасан.Тэгээд тэр эмэгтэйн ам хамарнаас цус гараад унасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),
6. Гэрч Г.Т “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 18 цагийн үед би гэртээ байж байхад манай охин Б.Б гаднаас нэг хүнээр дамжлуулсан байдалтай бас нэг хүн хүүхдийг нь тэвэрсэн орж ирсэн. Тэгээд би яасан гэж асуухад нөхөр Э нь зодсон гэж хэлсэн. Тухайн үед манай охин нүүр нь нэлэнхийдээ цус болсон...хоёр нүд нь хавдсан юм харж чадахгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),
7. Гэрч Г.Г “...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цагийн үед хэлтсийн жижүүр “АЧИТ 10”-аас ирүүлсэн “нөхөр нь эхнэрээ зодоод байна хурдан ирээрэй” гэх дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-188 тоот хаягаар очиход зодуулсан гэх эмэгтэй хүүхдээ тэвэрчихсэн хашааныхаа гадна зогсож байсан бөгөөд нөхөртөө зодуулсан, нөхөр нь сая хашаа даваад зугтаачихлаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас),
8. Шинжээч эмч Ж.Г “...дээрх гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...хатуу мохой зүйлд мөргөх, өшиглөх, цохих зэрэгт хамаарна...Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),
9. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11323 дугаартай “...Б.Б-гийн зүүн нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 40-р хуудас),
10. Шүүгдэгч Г.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дэнжийн мянгад байрлах гэртээ очсон. Тэгээд манай гэрт эхнэр Б хүүхдүүд маань байсан бөгөөд Б бид хоёр хамгийн бага хүүгээ аваад Дэнжийн мянгад байдаг дурлалын шат гэх газар очиж нэг шил архи хувааж уугаад тэгээд Зүүнсалаанд байдаг манай эгчийн гэрт очоод дахиж нэг шил архи аваад мөн Б хувааж уусан. Тэгээд Б явлаа гээд гараад гүйхээр нь би араас нь очоод тэврээд, битгий орилоод бай гэхэд цагдаа гээд орилоод байхаар нь нүүр лүү нь цохисон. Тэгээд хажуу айлын хүн гарч ирээд болиоч ээ цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Тэгээд би Б аваад эгчийнхээ гэрт ороод байж байхад цагдаагийн машин дугархаар нь гараад ар талын хашааг нь даваад зугтсан. Би эхнэрийнхээ биед гэмтэл учруулсандаа гэмшиж, гэм буруугаа ойлгож ухаарч байгаа дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 117-118-р хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э-ын үйлдэл нь идэвхтэй ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-гийн биед гэмтэл учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Э нь учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, харин ойр дотны хүний буюу эхнэрийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж, түүн дээр урьд шийтгүүлсэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгч Г.Э нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 (гурван) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.
Гэхдээ шүүх дараах үндэслэлүүдээр энэхүү шийдвэрийн хууль зүйн үр дагавар дуусгавар болсон гэж үзсэн болно. Үүнд:
Нэгдүгээрт, 2015 оны Эрүүгийн хуульд хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Энэ нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлалтай шууд холбоотой бөгөөд зарчмын хувьд шүүх оногдуулсан ялаа тэнсдэг бус, харин ял оногдуулах эсэх асуудлаа тэнсдэг байхаар хуульчлагджээ. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулиар түүний эрх зүйн байдал нь дээрдсэн гэж үзнэ.
Хоёрдугаарт, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тогтоосон хугацаа нь мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал гэх хууль зүйн ойлголттой шууд холбогдох бөгөөд энэ хугацаагаар ялгүй болох эсэхийг зохицуулж байсан. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын тухай хууль зүйн ойлголт байхгүй болсон тул шүүгдэгч Г.Э-ыг хянан харгалзах хугацааны хууль зүйн үр дагавар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон гэж үзнэ.
Гуравдугаарт, шүүгдэгч Г.Э-ын урьд шийтгүүлсэн танхайрах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй болсон бөгөөд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журмын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд танхайрах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, биечлэн эдэлж байсан ба хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан ялтнуудын хувьд шүүх тэдний үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн шинжтэй тохирч байна гэж дүгнээд энэ зүйл, хэсэг нь хорих ялгүй болсон үндэслэлээр хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн билээ. Иймд хорих ялыг биечлэн эдлээгүй байсан хүний эрх зүйн байдлыг биечлэн эдэлж байсан хүний эрх зүйн байдлаас дордуулж болохгүй.
Эдгээр үндэслэлд тулгуурлан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон шүүгдэгч Г.Э-ын урьд хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзсан 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацааны хууль зүйн үр дагавар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байх тул прокурорын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр Г.Э нь ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчийн шүүхэд гаргасан “...хэрэв Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлбэл үндсэн ажлаа хийх боломжгүй болж, манай өрхийн амьжиргаа тасалдах аюултай байна. Хэрэв торгох шийтгэлийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой байвал дөрвөн хүүхдийн маань идэх хоолноос хасагдах хэдий ч огт хоолгүй болох эрсдэлгүй юм. Иймд шүүх ял оногдуулахдаа бидний амьдралыг харгалзаж үзнэ үү...” гэсэн мэдүүлэгт үндэслэн шүүх шүүгдэгч Г.Э-ын хөрөнгө, орлого, ахуй амьдралын байдлыг харгалзан түүнийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохистой, энэ ял үр нөлөөтэй байх боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон шүүгдэгч Г.Э-ын урьд хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзсан 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацааны хууль зүйн үр дагавар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байгааг дурдсугай.
2.Б овогт Г.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Э-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА