| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2309 00000 0512 |
| Дугаар | 2023/ДШМ/1139 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2023/ДШМ/1139
П.Б, Г.Ү нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
шүүгдэгч П.Б,
шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Б.Алтанзул,
хохирогч Н.Г, С.Ц, Ц.Ч, Г.Ж,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/545 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б, Г.Ү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 2309 00000 0512 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн П-ын Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа буйдан хийдэг гэх, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хорооллын ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
2. Б овгийн Г-ийн Ү, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” сургалтын төвд менежер ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гумдамжы ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
П.Б, Г.Ү нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “Чимэг буйдан” гэх пэйж хуудсыг нээн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Аму” худалдааны төвийн 2 дугаар давхарт буйдангийн үйлдвэр нээн, “буйдан захиалгаар үйлдвэрлэнэ” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, Орхон, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод аймгууд, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээс “захиалгын урьдчилгаа төлбөр”, “хөрөнгө оруулаач” гэж 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд Хаан банкны 5032583476, Төрийн банкны 109500193746 дугаартай дансаар нэр бүхий хохирогч нараас ...тус тус залилан авч, бусдад нийт 84.295.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Б, Г.Ү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт П-ын Б, Б овогтой Г-ийн Ү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Б, Г.Ү нарт Эрүүгийн хуулийн еренхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүрт нь 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч П.Б, Г.Ү нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч П.Бийн цагдан хоригдсон 55 хоног, Г.Үгийн цагдан хоригдсон 28 хоногийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх хорих ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч П.Бөөс 31.165.000 төгрөг, шүүгдэгч Г.Үгаас 31.165.000 төгрөгийг тус тус гаргуулж, энэ шийтгэх тогтоолын 1 дүгээр хавсралтанд заасны дагуу нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгож, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн эрүүгийн 2309 00000 0512 дугаартай хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхэгийг хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Б, Г.Ү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.1 дэх заалт, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтад тус тус зааснаар Б овогт Б-ийн Г /РД:... 6 настай/, Б овогт Б-ийн Н /РД:... 4 настай/ нарт асран хамгаалагч томилохыг Нийслэлийн .... дүүргийн засаг даргад даалгаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, Г.Ү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж, туйлын их гэмшиж, харамсаж байна. Мөн итгэлийг нь алдсан хохирогч нарынхаа өмнө хариуцлага хүлээж, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах болно. Миний бие амьдралаа дээшлүүлэхийн тулд 2020 оноос жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, хэрэглэгчдэд чанартай буйдан хямдаар хийж хүргэх зорилгоор энэ бизнесийг эхлүүлж байсан. Захиалга нэмэгдэж амжилттай явагдаж байсан тул үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шинээр ажилтнууд авч олноор нь захиалга авах болсон. Энэ үеэс корона вирустэй холбоотой хил гааль хаагдах, бараа материалын хомсдол, тогтворгүй ажиллах хүч, санхүүгийн зохион байгуулалт зэрэг гадаад болон дотоод эрсдэл нөхцөл байдлуудаа нарийн тооцоолоогүйгээс болж бизнесийн эрүүл тогтолцоо бүрдүүлж чадалгүй, улмаар олон хүнийг хохиролд хүргэсэн. Миний бие уг ажлыг эхлэхдээ бусдыг хохироох санаа огт байгаагүй ба манай орны зах зээлд үнэтэй, ховор байдаг импортын буйданг хэрэглэгчдэд чанартай, мөн хямд үнээр нийлүүлж, мөн өөртэйгөө адил олон залуусыг ажлын байраар хангаж тус дэм болох гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсан. Гэвч энэ бүхэн миний төсөөлж байснаас буруугаар эргэсэнд миний бие харамсаж, бүх гэм бурууг өөртөө хүлээж хохирогчдоос уучлал хүсэж байна. Мөн өөрийн хүүхдүүд, ар гэрээ давхар зовлонд унагаж, эхнэрээ хэрэгт холбогдуулж хамт ял эдэлж байгаадаа маш их харамсан гэмшиж байна. Анхан шатны шүүхээс намайг бусдад их хэмжээний хохирол төлбөртэй тул торгуулийн ялыг гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хорих ял оногдуулсан. Миний бие бусдад учруулсан хохирлоо барагдуулах зорилгоор шүүхээс олгосон тав хоногийн хугацаанд өмнөх буйдангийн захиалгуудаа боломжоороо хийж гүйцэтгэн 12.5 сая төгрөгийн хохирлыг тав хоногийн хугацаанд барагдуулж байсан. Хэрэв шүүхээс надад хохирол болон торгууль төлөхөөр үүрэг болгож, боломж олговол би дээрх жишгээр өөрийн ур чадвараа дайчлан хохирогчдын үлдэгдэл захиалгыг гүйцэтгэх, буйдан зарах зэргээр түргэн хугацаанд төлбөрөө барагдуулж болно гэдгээ хариуцлагатайгаар илэрхийлж байна. Мөн цаашид хийсэн алдаагаа ухамсарлан алхам бүртээ засан залруулж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, зөв шударга амьдрах болно. Миний нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, энэрэнгүй хандан боломж олгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийг хэрэглэн хоёр жилийн хорих ялыг минь торгуулийн ялаар солих, эсвэл багасгаж өгнө үү. Мөн хэрэгт нэгтгээгүй үлдээсэн Төв аймгийн хоёр үйлдлийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.
Шүүгдэгч Г.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оноос эхлэн нөхөр Бийн хамт бизнес хийх замыг сонгож, подваль түрээслэн ажлын гараагаа эхэлсэн. Ажил сайн явж байсан учир урамшин ажлын байраа томсгон, ажилчин авч цөөхөн ч гэсэн ажлын байраар хангаж, 3-5 настай хоёр хүүхдээ тэжээж сайхан амьдарч байсан боловч Корона вирусын хорионы үеэс материалын хомсдолд орж, ажил доголдож эхэлсэн. Шийтгэх тогтоолын 29 дүгээр талд иргэний нэхэмжлэгч Д.Б “Бид хоёр нэг оёдолчин, зургаан ажилчинтай хоёр сар гаран ажлын байрыг түрээслэн ажиллаж байсан. Одоо ч байранд нь материалаа хураасан байгаа. Өдөрт 2-3 буйдан хийдэг байсан” тухай мэдүүлсэн ба урьдчилж мөнгө аваад материал авдаг тухайг минь хүртэл ажиглаж байсан. 6 дугаар хавтаст хэргийн 194, 195 дугаар талд мэдүүлсэн байдаг. Бид санхүүгийн чадамжгүй учир урьдчилгаа авч материалыг нь аваад буйданг хийж өгөөд үлдэгдэл мөнгө авч ажилчдын цалин хөлс, унаа тээвэр, түрээсийн зардалд зориулдаг байснаар улам их алдагдалд орж, эхний хүмүүсийн захиалгаа өгөөд сүүлийн хүмүүсийн захиалгын өрөнд орж энэ байдлаас болж нөхөр бид хоёр таарамжгүй болсноор хоёр хүүхэд минь өнчирч, би өрх толгойлон амьдрах замд орж, эрч хүчтэй эхэлсэн. Сайхан амьдрал минь санхүүгийн мэдлэг муу, хуулийн мэдлэггүйгээс болон нурж, эцэст нь хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хоёр нялх хүүхдээ өнчирүүлж байгаадаа туйлын ихээр харамсаж байна. Өөрсдөө амьдралаа босгох гэж бусдын жишгээр бизнес эрхлэх гэж эрсдэлд орсон залуу хүмүүс бидэнд анх удаа гэмт хэрэгт холбогдож, мөн хоёр нялх хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж хорих ялыг өөр төрлийн ялаар сольж, ажиллаж хөдөлмөрлөж бусдад учруулсан хохирлоо төлөх боломж олгон тусална уу. Цаашид итгэл алдахгүй ажиллаж, амьдрах чин хүсэлтэй байна. Гэмт хэрэгт холбогдсон байдалдаа маш их гэмшин харамсаж байна. Төв аймагт үлдсэн байгаа хоёр хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тухайн үед Төв аймагт 6 хэрэг нэгтгэх гэж байсан ч 4 хэргийг Сүхбаатар дүүрэгт нэгтгэсэн. Төв аймгийн мөрдөгч Баянбат нь мөрдөгч Содмэргэнд намайг цагдан хоригдож байгаад гарснаас 6 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 04-ний өдөр бүх хэргийг нь нэгтгүүлье гэж хэлэхэд “Үгүй ээ, манай дээр хэрэг нь нэгтгэгдсэн” гэж хэлсэн. Би захиалагч нараасаа уучлал хүсмээр байна. Бидэнд итгээд захиалга өгч байхад нь ийм нөхцөл байдалд оруулж, хохирол учруулсандаа харамсаж байна. Надад захиалагч нараа залилах санаа зорилго байгаагүй. Ковидоос болж хил гааль хаагдаж, зарим айлын бараа материал дутуу ирж байсан тул эрсдэлд орж эхэлж байгаагаа мэдээд үйлдвэрээ ажиллуулж байх явцдаа давхар хүнсний дэлгүүрт ажиллан, нэмж цалин мөнгө олж, үйлдвэртээ зарцуулдаг байсан. Захиалга авсан захиалагч нарынхаа мөнгийг хувьдаа завшиж ашигласан зүйл байхгүй.” гэв.
Шүүгдэгч Г.Үгийн өмгөөлөгч Б.Алтанзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг маргаан 2022 оны 10 дугаар сард нэг хохирогч гомдол гаргаснаар үүссэн. Уг гомдлын дагуу Төв аймаг дахь цагдаагийн хэлтсийн мөрдөгч Содмэргэн энэ хэргийг шалгах явцдаа “Чимэг буйдангийн хохирогчид байвал энэ пэйж руу холбогдоно уу” гээд тухайн пэйж рүү өөрөө орж фэйсбүүк хаягт нийтэлсэнтэй холбоотойгоор хугацаандаа хийгдэж байсан буйдангийн 30 гаруй захиалагч бүгд хохирогч болсон. Өөрөөр хэлбэл, хугацаа тогтоож ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдэж байсан ажлуудыг тухайн мөрдөгч нь гэмт хэрэг үйлдсэн мэтээр оруулснаас болж хохирогч нар нэмэгдсэн. Энэ байдлыг тухайн үед манай үйлчлүүлэгч нар хууль, эрх зүйн мэдлэггүй, өмгөөлөгчгүй оролцсоны улмаас “Та яагаад цахим сүлжээнд пост оруулж байгаа юм бэ” гээд албаны даргад нь гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор буйдан хийлгэхээр тохирсон байсан бүх хүн хохирогч хэлбэрээр орсноор тэдгээрт хохирол төлбөр барагдуулах гэж эдийн засгийн эргэлтгүй болох нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолдоо зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж тайлбарласан. Зохиомол байдлыг зориудаар бий болгосон уу гээд харахаар П.Б нь 2014 оны 4 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл “Говь хангай мебель” ХХК-д, 2019 оны 12 дугаар сараас “Сонгодог буйдан” ХХК-д ажиллаж байсан. Энэ хугацаан дахь өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагад үндэслэн хувийн буйдан хийдэг үйлдвэр барьж, иргэдээс захиалга авч буйдан хийе гээд 220 харилцагчид буйдан хийж өгч, үүний төлбөрт 580 сая төгрөгийг урьдчилгаа төлбөрт авсан нь дансны хуулгаас нь харагдана. Энэ хэргийн улмаас хохирсон гэх хохирогч нарын мэдээллээр нийт 57 бүртгэлтэй байснаас 26 айлд буйданг нь зохих ёсоор хийж гүйцэтгэж өгсөн. 31 хохирогчийн гомдол, мэдээлэл үлдсэн нь мөрдөгч Содмэргэний буруутай үйлдлээс үүссэн. Монгол дахь зах зээлийн судалгаа энэ хэрэгт авагдаагүйгээс шалтгаалж энэ хэрэгт хохирогчид бий болсон. Монгол дахь буйдангийн зах зээлийн үнэ 1.500.000-5.400.000 төгрөгийн буйданг тухайн иргэд захиалга авч 1.500.000 төгрөгөөр хийж гүйцэтгэж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 41 хуудастай бөгөөд үүний 27 нь хохирогч нарын мэдүүлэг байдаг. Хохирогч нарын мэдүүлгийг нэг бүрчлэн шинжлэн судалж үзвэл, Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаар тогтоолд залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаанаас хэрхэн, яаж зааглах талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Тогтоолын 3-д хуурч мэхлэх арга гэж юу хэлэх вэ гэдгийг заасан. Бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хуурч мэхлэх байдлаар буюу огт хийж гүйцэтгэдэггүй ажлаа хийж гүйцэтгэсэн мэтээр тайлбарлаж хэрэгт зүйлчилсэн. Гэтэл энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь буйдан хийдэг, буйдангийн талаар мэдээлэл өгч, чанартай сайн хийгдэж байсан талаар хүмүүс цахим орчинд бичиж байсан. Үүнээс улбаалж бусад хүмүүс захиалга өгч байсан нь зохиомол байдал биш, бодитой хийгдэж байсан гэдгийг харуулна. Харин цаг хугацааны хувьд зөрүүтэй буюу хугацаа хожимдож байсан үйл баримт байсан. Хохирогч Билэгсайхан “Өөрөө тухайн фэйсбүүк хаягийг олж тухайн хаягаар нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг ажлын байранд нь очиж уулзан төлбөрөө төлж харилцаа үүсгэсэн” гэж мэдүүлсэн. Талуудын хооронд хэдийгээр бичгээр байгуулаагүй ч ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Хугацаа хожимдсон, хугацаандаа хийж чадаагүй үйлдэлдээ Г.Ү “Таны нийт төлбөрөөс 300.000 төгрөг хасч төлье” гэх байдлаар хэрэгт шалгагдаж эхэлснээсээ хойш 27 хүний буйданг гаргаж өгсөн. Тиймээс энэ үйл явцад шүүгдэгч нарт гэм буруугийн сэдэл зорилго буюу бусдыг залилах, хуурч мэхлэх үйлдлийн шинж байгаагүй. Анхан шатны шүүх зохиомол байдлыг зориудаар үүсгэхдээ фэйсбүүк платформ ашиглаж хэрэглэгчийг бүртгэх, шууд зохиомол байдал үүсгэсэн гэж дүгнэсэн. 31 хохирогчоос нэг ч хүн рүү шүүгдэгч нар “Манайх буйдан хийдэг, та захиалга өгөх үү” гэдэг байдлаар холбогдоогүй. Бүх хохирогч нар өөрсдөө холбогдоод буйдан хийлгэхээр хандсан. Энэ нь дараагийн хохирогч болон бусад мэдүүлгээр тогтоогдоно. Жишээлбэл, хохирогч Б-ы “Бид өөрсдөө судалж байгаад фэйсбүүк хаягаар олсон”, хохирогч И-ийн “Би гэртээ фэйсбүүкээр юм үзэж байгаад буйдан хийдэг Чимэг гэх газар руу холбогдож буйдан захиалсан”, хохирогч Э-гийн “би фэйсбүүкээр Чимэг буйдангийн дарга Ү гэх хүнтэй холбогдож тодорхой харилцан тохиролцож, захиалга өгсөн”, хохирогч Д-гийн “Би өөрөө хайж олоод тухайн буйданг захиалахдаа харилцан тохиролцсон”, хохирогч Б-ын “харилцан тохиролцож буйдангийн урьдчилгааг өгсөн”, Үгийн гэрчээр өгсөн “Би Жамухаас авсан мөнгийг айлуудын хугацаа хэтэрсэн буйдангийн төлбөрт шилжүүлсэн”, хохирогч Б-ын “Буйдан захиалах санаатай Чимэг буйдан гэх фэйсбүүк хаягт захиалга өгсөн”, хохирогч М-ийн “Би фэйсбүүкээр Чимэг буйдан гэх пэйжийг дагадаг байсан. Тэгээд гэртээ буйдан хийлгэх зорилготой хайж байгаад буйдан захиалсан”, хохирогч Д-ын “Би фэйсбүүк дотор буйдан авах зорилгоор Чимэг буйдан гэх хаягтай холбогдоод зарах буйдангийнх нь доор хүмүүсийн сэтгэгдэл маш ам сайтай байсан тул захиалга өгсөн”, хохирогч Б-ийн “Би буйдан авах зорилгоор Чимэг буйдан гэх фэйсбүүк хаягтай харьцаж эхэлсэн”, хохирогч Ц-ын “Би фэйсбүүкээр Чимэг буйдан гэх хаягийг олоод Дархан-Уул аймгаас өөрөө захиалга өгсөн”, хохирогч О-ийн “Би фэйсбүүкээр Чимэг буйдан гэх буйдан захиалгын газартай холбогдоод ор болон буйдан захиалахаар болсон”, шүүгдэгч Г.Үгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, энэ бүгдээс үзэхэд талуудын хооронд харилцан тохиролцсон Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинж агуулагдаж байна. Залилан мэхлэх гэмт хэрэг нь дан ганц өөртөө ашиг олох зорилготой бол талуудын хооронд байгуулсан гэрээгээр зах зээлийн үнэлгээнээс хямд үнээр буйдан хийж гүйцэтгэж байсан. Улмаар 220 айлын буйданг хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын дансны хуулгаар тогтоогддог. Мөрдөн байцаалтын шатанд зөвхөн хохирсон гэх хүмүүсийн мэдүүлгийг авахаас илүүтэй хийж гүйцэтгэж байсан, үйлдвэрлэл доголдсон, иргэний эрх зүйн, эсхүл эрүүгийн эрх зүйн харилцаа тогтоогдсон уу гэдгийг шалгаагүй. Өөрөөр хэлбэл, Гэрэл төв, Бүрд худалдааны төв, 22-ын товчоо зэрэг газруудад нийт 1 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын бараа материал авч, үүний дагуу борлуулалт хийж байсан үйл баримт байдаг. Шүүгдэгч нар нь 7 ажилтныг ажиллуулж, цалин хөлс олгож байсан. Үүнтэй холбогдуулан тухайн гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Мөн шүүгдэгч нарын яриад байгаа зах зээлд бодит байдлаар бараа материалын үнэ өсч нэмэгдсэн эсэхийг тогтоогоогүй, энэ байдалд шинжээч хэрхэн, яаж ажилласан нь тодорхойгүй. Гэрээний харилцааны явцад бараа материалын үнэ огцом өссөн нь талуудын хооронд залилах гэмт хэргийн шинжийг агуулахгүй тухай Улсын Дээд шүүхийн тогтоолын 8-д заасан. Өөрөөр хэлбэл, байгалийн давагдашгүй хүч, нийгэм эдийн засгийн харилцааны өөрчлөлт, гэнэтийн өсөлт, хорио цээр зэрэг талуудад үл шалтгаалах хүчин зүйл буюу гэнэт өөрчлөгдсөний улмаас үүрэг биелэгдээгүйг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй гэж заасан. 2021 оны 5 дугаар сарын 29-нийг хүртэл Монгол улсад дотоод хил гаалиар бараа материал хязгаарлагдсан байдлаар орж ирж байсан. Үүнээс хойш хил гаалиар бараа материал хэсэгчилсэн байдлаар орж ирж байсан. Залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахайн сэдэлтээр дан ганц ашиг олон, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилготой байдаг бол иргэний эрх зүйн харилцааны хувьд талууд тэгш эрхийн үндсэн дээр хийдэг онцлогтой учраас талуудын хооронд үүссэн харилцаа нь талуудын тэгш эрхийн үндсэн дээр үүссэн үү, нэг талд хэт ашиг олох зорилгоор хийгдсэн үү гэдгийг нарийвчлан тогтоох ёстой байсан. Түүнчлэн тус хэрэгт зөвхөн яллах талын баримт бүрдүүлэгдсэн. Зарим гаргасан гомдлуудыг иргэний эрх зүйн харилцаа байна гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан үйл баримтууд байдаг. Тиймээс энэ хэргийг бүхэлд нь эрүүгийн эрх зүйн харилцаа буюу залилах гэмт хэргийн шинжтэй гэж хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр үзэх боломжгүй. Хэн аль нь харилцан тохиролцож буйдан хийх, хийлгэх зорилготой байсан талаараа мэдүүлдэг. Иргэний хуульд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлээс юугаараа ялгагдаж байгаа талаар анхан шатны шүүх тодорхой заагаагүй, маш олон хохирогчтой гэж тайлбарласан. Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд хамааруулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийх, мөн нэмэлтээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгааг харгалзан эрх зүйн байдал нь давхар хөндөгдөж байгаа учир холбогдох нөхцөлийг давхар судлах, мөрдөн байцаалтын шатанд эрх зүйн мэдлэггүй, өмгөөлөгч авч чадаагүй нөхцөлтэй холбоотой зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай нэмэлт ажиллагаанууд байгаа дээрх байдлуудыг хангаж өгнө үү.” гэв.
Хохирогч Г.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч гэж бүртгэгдсэн анхдагч эрх ашиг нь бүрдсэн. Хорьсноороо бидэнд ямар ч давуу байдал үүсэхгүй. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэснээрээ энэ хэрэгт хохирогч гэж бүртгэгдсэн хүмүүс бидний хохирол төлбөрөө авах анхдагч хэрэгцээг зөрчиж байна. Шүүгдэгч нарыг хорих нь бидэнд ямар ч ашиггүй тул шүүх тэднийг гадуур ажил хөдөлмөр эрхэлж, хохирлоо төлж барагдуулах арга хэмжээ авах талаас нь шинжлэн судлахыг хүсч байна.” гэв.
Хохирогч Ц.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Хорих ял шийтгүүлсэн хүмүүсээс яаж хохирлоо авахаа мэдэхгүй байна.” гэв.
Хохирогч С.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх хүмүүсийнхээ захиалгыг өгөөгүй байж дахин буйдан гаргаж өгнө гээд урьдчилгаа мөнгийг нь аваад байгаа үйлдэл нь залилан биш юм уу гэж хэлмээр байна. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Н.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хорих ял шийтгүүлээд явахаар миний алдсан мөнгө 2 жилийн дараа хэдэн төгрөг болох вэ. Өдөр өдрөөр төгрөгийн ханш унаж байгаа энэ үед би нэг өдрийн өмнө ч гэсэн хохирлоо барагдуулж авмаар байна. Би хохирлоо авчихвал шүүгдэгч нарыг хорих сонирхол байхгүй.” гэв.
Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр дүгнэлт хийсэн. Шүүхийн гэмт хэргийн шинжийг агуулсан талаар хийсэн дүгнэлт, гэм буруу, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт хууль ёсны байх үндсэн шаардлагыг бүрэн хангасан. Ял шийтгэлийн хувьд, шүүгдэгч нарт хорих ялын санкцийг сонгосон нь үндэслэлтэй байсан гэж үзсэн. Өмгөөлөгч Төв аймагт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэж байгаа боловч шүүгдэгч нарыг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл байхгүй. Мөн энэхүү хэрэг нь цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн учраас хэргийг шалгах явцдаа 21 аймаг, 9 дүүрэгт прокурорын байгууллагаас шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгэх талаар албан бичиг хүргүүлж, хариу авсан. Энэ хугацаанд өөр ямар нэг хэрэгт шалгагдаж байгаа талаар мэдээлэл ирээгүй учраас Төв аймаг дахь гэх хэргийг мэдээгүй. Одоо хэрэг бүртгэлтэд байгаа гэх хоёр хэргийг нэгтгэх хуулийн зохицуулалт байхгүй. Өмгөөлөгч Б.Алтанзул шүүгдэгч нарын үйлдлийг эрүүгийн хэрэг биш, иргэний хэрэг гэж байгаа боловч нөгөө талаараа хэргүүдийг нэгтгэн шалгуулж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх нь зүйтэй гээд хоёр агуулгатай зүйл ярьж байна. Прокурор, шүүхийн зүгээс шүүгдэгч нарыг огт буйдан захиалгын ажил хийгээгүй гэж дүгнээгүй. Алдагдалд орсон байдлаа мэдсээр байж дахин захиалга авч, захиалагч нарыг хуурсан, “захиалгыг чинь ачаад явуулчихлаа, үлдэгдэл төлбөрөө хийгээрэй” гэж хэлээд мөнгийг нь авсан, буйдан хийх боломжгүйгээ мэдсээр байж дараагийн захиалагчийн төлбөрөөр өмнөх захиалагчийн буйданг хийж байсан үйл баримтууд тогтоогдсон учраас иргэний хэрэг гэж дүгнэх боломжгүй. Мөн шүүх энэ талаар шийтгэх тогтоолынхоо 31-32 дахь талд дүгнэсэн тул иргэний хэрэг үү, эрүүгийн хэрэг үү гэж маргах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч П.Б, Г.Ү нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
П.Б, Г.Ү нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “Чимэг буйдан” гэх пэйж хуудсыг нээн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Аму” худалдааны төвийн 2 дугаар давхарт буйдангийн үйлдвэр нээн, “буйдан захиалгаар үйлдвэрлэнэ” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, Орхон, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод аймгууд, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээс “захиалгын урьдчилгаа төлбөр”, “хөрөнгө оруулаач” гэж 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд Хаан банкны 5032583476, Төрийн банкны 109500193746 дугаартай дансаар нэр бүхий хохирогч нараас ... тус тус залилан авч, бусдад нийт 84.295.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.
Тухайн хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Г.Үгийн Хаан банкны 5032583476 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлт /7хх 129, 132-163/, фэйсбүүк пэйж хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх 181-191/, шүүгдэгч Г.Үгийн Төрийн банк дахь 109500193746 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /7хх 168-225/, дээрх нэр бүхий хохирогч нарын мөнгөө шилжүүлсэн гэх данснуудын дэлгэрэнгүй хуулгууд зэрэг нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч П.Б, Г.Ү нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч П.Б, Г.Ү нарын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 31 хохирогч, 1 хуулийн этгээд нартай фэйсбүүк цахим платформын “Чимэг буйдан” гэх пэйж хаягаар дамжуулан фэйсбүүк мессенжерээр болон утсаар хохирогч нартай холбогдох, биечлэн уулзах үедээ буйдан, ор, тавилгын захиалга авч хохирогч нараас урьдчилгаа мөнгө шилжүүлэн авах, буйдан, тавилгын захиалгыг гүйцээх гэсэн материалын мөнгө дутчихлаа, үлдэгдэл төлбөрөө шилжүүлэх юм бол захиалгыг гаргаж өгөх боломжтой гэх зэргээр дахин бэлэн бусаар шүүгдэгч Г.Үгийн эзэмшлийн Хаан банк, Төрийн банк дахь дансуудаар мөнгө шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний буюу 85.570.000 төгрөгийн хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Шүүгдэгч П.Б, Г.Ү нарын дээрх үйлдлийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Үгийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн еренхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Шүүгдэгч П.Б “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийг хэрэглэн хоёр жилийн хорих ялыг минь торгуулийн ялаар солих, эсвэл багасгаж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Г.Ү “...хорих ялыг өөр төрлийн ялаар сольж, ажиллаж хөдөлмөрлөж бусдад учруулсан хохирлоо төлөх боломж олгон тусална уу. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Шүүгдэгч Г.Ү нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол зэргээс дүгнэвэл шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч П.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгч нар нь бага насны 2 хүүхэдтэй, нэг гэр бүлийн гишүүд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Бийг 10.000 /арван мянга/ нэгжээр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч П.Бийн гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.Үгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/545 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Бийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Үг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Бөд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийн цагдан хоригдсон 152 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 2.280.000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж, үлдэх торгуулийн ялын хэмжээг 7.720.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Бөд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг бүхэлд нь, 3, 4 дэх заалтуудаас шүүгдэгч П.Бөд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч П.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.Үгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч П.Бийг нэн даруй сулласугай.
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ