| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 160/2019/0085/Э |
| Дугаар | 457 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 457
Ч.Г д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар магадлалтай, Ч.Г д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж байсан, Ч овогт Ч-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Г-ыг бусдын малыг хулгайлсан гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хот тохижилт үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоож,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ч.Г-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 550,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны халтар зүсмийн морийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхээс 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1. Шүүх Ч.Г д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл, хохирогчид учирсан хохирлын байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломж байсан. Ч.Г-ын хувийн байдал маш хүнд байхад үүнийг анхаарч үзсэнгүй. Ч.Г-ын аав Ч, ээж Ц нар нь хоёулаа тархиндаа цус харваад хүний асаргаанд орсон. Ч.Г-ын аав ээж хоёр нь ...бусдын тусламжтайгаар хоол цайгаа идэж уудаг, асаргаа заавал шаардлагатай байдаг тул Ч.Г нь аав, ээжийгээ ...гэртээ асарч байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Г ас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 550,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны халтар морийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэсэн. Гэтэл тухайн морь нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө биш, мөн бусдад төлөх төлбөргүй байхад түүнээс морь хурааж улсын орлого болгосон нь буруу гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хэргийг хянаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр хэлсэн саналдаа “...Ч.Г-ын үйлдэлд хулгайн гэмт хэргийн шинж байгаа эсэхэд эргэлзээ байдаг. Ч.Г бяруугаа алдаад хайж олоод буцах замдаа тааралдсан үхрүүдийг хамт туугаад гэр лүүгээ явсан, үхрүүд нь тэндээс алга болсон ийм үйл баримт байдаг. Тэгэхээр энэ талаар хэргийн сэдэлт зөв тогтоогдсон эсэхийг хянуулах хүсэлтэй байна. Мөн гэмт хэргийн улмаас олсон орлого байхгүй, хохирлоо төлсөн байхад Ч.Г-ын унаж явсан морийг улсын орлого болгосон нь хууль хэрэглээний хувьд зөв эсэхийг хянуулах хүсэлтэй байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Хэрвээ энэ заалтыг хэрэглэх боломжгүй бол мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулаад тэнсэх боломж байна гэж ойлгож байгаа. Ч.Г-ын хувийн байдлын хувьд хүнд байдалтай байна. Түүний эцэг, эх нь хүний асрамжинд байдаг учир Ч.Г-ын дүү нь харж ханддаг байсан. Гэтэл дүүгийнх нь хүүхдийн бие нь тааруу тул хүүхдээ эмчлүүлэхээр дүү нь эмнэлэгт хэвтсэн. Ч.Г өөрөө Төвшрүүлэх суманд амьдардаг байтал шийтгэх тогтоолоор аймгийн төвд нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр заасан. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож Ч.Г-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх агуулгатай гомдол гаргасан гэж ойлгосон. Тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах саналгүй. Харин анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг улсын орлого болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдэхдээ морийг зориуд ашигласан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагддаггүй. Харин шүүгдэгч өөрийнхөө малыг хайж яваад олохдоо тухайн малыг хамт тууж явсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогддог. Монгол ахуйд малаа маллахдаа морийг ашигладаг тул хулгайн үйлдэлдээ зориуд ашигласан гэж үзэх үндэслэлгүй гэж үзээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ч.Г д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багийн нутаг “Сөрт” гэх газраас хохирогч С.Б-ны өмчлөлийн 2,390,000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны үхрийг нууцаар авсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох ямар нэг зөрчил, ноцтой зөрчил гаргаагүй байна.
Анхан шатны шүүх Ч.Г-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцож, бусдын малыг хулгайлахдаа ашигласан морийг хурааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг ял бөгөөд тухайн хүний болон гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан ял, эрүүгийн хариуцлагыг оновчтой, үр нөлөөтэй сонгох явдал нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцэх учиртай.
Ч.Г-ын хувьд нийтэд тустай ажлыг хийх явцад гэр бүлийн гишүүдэд нь гарч болох эрүүл мэнд, амьжиргааны эрсдлийг харгалзан түүнд оногдуулсан ялыг ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломжтой гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоос “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх...” гэснийг хангаж, “Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Ч.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасан болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН