Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01240

 

С.Алтанцэцэгийн  нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03303 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1266 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : С.Алтанцэцэг  

Хариуцагч : Ж.Цэдэвсүрэн 

Нэхэмжлэлийн шаардлага : Зээлдэгч нь 2015.03.30-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгох,  мөн өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага : 23.000.000 төгрөг гаргуулах тухайн иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн  гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Э.Хэрлэнхүү, хариуцагч Ж.Цэдэвсүрэн, түүний өмгөөлөгч Д.Гансүх, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Алтанцэцэг нь 2015.03.30-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Баялаг хотхоны 61 дүгээр байрны 01 тоотод байрлах 55 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205019814 бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг барьцаалан 15 сая төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 8 % хүүтэй зээлж, гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. 15 сая төгрөгийг С.Алтанцэцэгт биш, харин Г.Ганбаяр, Г.Бямбасүрэн нарт өгсөн. Иймд С.Алтанцэцэг, Ж.Цэдэвсүрэн нарын хооронд 2015.03.30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч биелүүлээгүй болохыг тогтоолгох, мөн өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Ж.Цэдэвсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015.03.30-ны өдөр С.Алтанцэцэг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 15 сая төгрөг зээлсэн. Мөнгийг бэлнээр өгсөн, ямар нэгэн акт баримт үйлдээгүй болохоор мөнгө аваагүй гээд байна. Тухайн өдөр нэг эмэгтэйтэй хамт ирсэн бөгөөд охин нь гэж ойлгосон. Би С.Алтанцэцэгт мөнгийг өгсөн тэгэхэд дагаж ирсэн эмэгтэй нь мөнгийг тоолж авсан. Мөнгө аваад жил гаруйн хугацаанд хүүд 1.900.000 төгрөг төлсөн. Үүнээс өөр мөнгө төлөөгүй. Би тухайн үед найз О.Очирбаатарын дансны дугаарыг өгсөн байсан учраас энэ дансаар 1.900.000 төгрөг орж ирсэн. Нотариатаар батлуулаад бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн байгаа гэжээ.

Ж.Цэдэвсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015.03.30-ны өдөр С.Алтанцэцэгтэй зээлийн гэрээ байгуулж мөнгө өгсөн. Зээлийн гэрээний 3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувиар алданги төлөх гэрээ байгуулсан, барьцааны гэрээний дагуу Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Баялаг хотхон, 61 дүгээр байр 01 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг барьцаалсан. С.Алтанцэцэг нь зээлээс нийт 1.900.000 төгрөг төлж,өөр мөнгө төлөөгүй тул С.Алтанцэцэгээс үндсэн зээл 15 сая төгрөг, хүү 500.000 төгрөг, алданги 7.5 сая төгрөг нийт 23 сая  төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 102/ШШ2016/03303 дугаартай шийдвэр гаргаж  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “зээлдэгч 2015.03.30-ны өдрийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгох, мөн өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С.Алтанцэцэгээс 19.250.000 төгрөг гаргуулж Ж.Цэдэвсүрэнд олгож, сөрөг нэхэмжлэлээс 3.750.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 232.950 төгрөг, хариуцагчаас 272.950 төгрөгийг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Алтанцэцэгээс 254.200 төгрөг гаргуулан Ж.Цэдэвсүрэнд   олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1266 дугаартай магадлал гаргаж, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн  102/ШШ2016/03303 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2015.03.30-ны өдөр талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдаж мөнгө хүлээлцсэн акт үйлдэхээр гэрээнд заасан ч 15 сая төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгөөгүй, энэ тухай баримт үйлдээгүй. Мөнгийг авч захиран зарцуулсан этгээд төлөлт хийж байсан ба энэ тухай баримт хэрэгт авагдсан байгаа.  Иргэний хуулийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд  тооцно. Мөнгийг бодитоор шилжүүлэн өгсөн бол хүү, алдангийг төлөх үүргийг хүлээнэ. Гэтэл шилжүүлж өгсөн баримт хэрэг авагдаагүй байхад шүүх бодит үнэнд нийцсэн шийдвэр гаргасангүй. Гэрч Бямбасүрэнгийн мэдүүлгээс үзвэл  С.Алтанцэцэгт хандаж Жигжидсүрэнгийн зээлийн гэрээ байгуулах тухай нийтэд гаргасан саналыг Бямбасүрэн хүлээн авсан гэдэг нь харагдаж байна. Иргэний хуулийн нийтлэг зохицуулалт үйлчлэх бөгөөд гэрээний хүчинтэй санал болон саналыг хүлээн авсан хүчинтэй мэдэгдэл байх тухай Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсан байгаа.Гэрээнд  гарын үсэг зурсан байгаа ч  хэрэгцээ нь Г.Ганбаяр нарт байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

С.Алтанцэцэг нь 2015.03.30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг Ж.Цэдэвсүрэн  биелүүлээгүй болохыг тогтоолгох, 2015.03.30-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах /хх 1, 33/ тухай нэхэмжлэл, Ж.Цэдэвсүрэн нь нэхэмжлэгчээс үндсэн зээл 15 сая төгрөг, хүү 500.000 төгрөг, алданги 7.500.000 төгрөг нийт 23 сая төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж, зохигчид маргасан байна. 

Хоёр шатны шүүх С.Алтанцэцэгээс 19.250.000 төгрөг гаргуулж Ж.Цэдэвсүрэнд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 3.750.000 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв. 

Хэргийн 6 дугаар талд буй 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнээс үзвэл   Ж.Цэдэвсүрэн нь С.Алтанцэцэгт 15 сая төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нэг сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэх, С.Алтанцэцэг уг мөнгийг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгах үүргийг тус тус хүлээсэн ба зээлдүүлэгч нь 15 сая төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт гэрч Г.Бямбасүрэн, Г.Ганбаяр нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул “...зээлийн гэрээний дагуу 15 сая төгрөгийг Ж.Цэдэвсүрэнгээс аваагүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдоогүйгээс гадна 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд заасан үүргээ Ж.Цэдэвсүрэн биелүүлсэн, С.Алтанцэцэг зээлийн гэрээний дагуу 15 сая төгрөгийг хүлээн авсан байх тул С.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Үндсэн зээл, зээлийн хүү, алданги төлөх талаар зохигчид тохиролцсон, сөрөг нэхэмжлэлийн талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-г зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй. 

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03303 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1266 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 233.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР                                            

                                     ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ