Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 222

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Х овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010032 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Н.Б, Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт жолооч ажилтай, оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20 цаг 57 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн “Шинэ Ундарга Ойл” ШТС-ын хойд замд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл гэмтэл” 3.1 Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ...бага болсон” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-ийг мөргөж, амь нас хохирсон гэх хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20 цаг 57 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн “Шинэ Ундарга Ойл” ШТС-ын хойд замд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл гэмтэл” 3.1 Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ...бага болсон” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-ийг мөргөж, амь насыг нь хохироосон” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд: “...2018 оны 11 дүгээр сарын 01-нд ажлаасаа чөлөө аваад эхнэр нурууны хагалгаанд ороод 11 дүгээр сарын 09-нд эмнэлгээс гараад эхнэрээ сахиж байгаад орой нь Архангай аймагт байдаг дүү эхнэр, хүүхдийн хамт ирж байгаад замд машин эвдэрсэн, би эхнэр, хүүхдээ замын машинд суулгасан, та тосоод аваарай гэсэн. Би орой 10 цагийн үед 5 шараас тосож аваад, маргааш өглөө нь эхнэрээ эмнэлэгт аваачиж боолтыг нь хийлгээд, Сутайн буянт захаас машины сэлбэг аваад 12 цагт хотоос 178 км орчим яваад үдээс хойш 15 цагийн үед машин эвдэрсэн газарт очсон. Машинаа засаад 17 цагт Улаанбаатар хот руу гарсан. Дүүгийн маань ачаа нь жаахан хүндэдсэн гээд зөөлөн яваад байсан,  би замдаа хүлээсхийж явсаар байгаад түрүүлээд 20 цагийн үед Уушигийн хөтөл гэх газар ирсэн. Миний утасны дуудлагын цагаар 20 цаг 41 минутын үед Эмээлтийн баруун хойноос уруудаад машин зүүн урдаасаа орж ирээд тэгширдэг хэсэг дээр 3 шатахуун түгээх станц байдаг. Замын урд “Шинэ ундарга” шатахуун түгээх станц дээр ирж байтал үнийн самбарын араас 4-5 метр ойрхон зайтай хүн гараад ирсэн. Дуут дохио өгч, тоормос гишгэсэн боловч нөгөө хүн биеэ татаж чадалгүй шууд салхины шилний баруун талаар ороод ирсэн. Машин зогсоход талийгаач саваад унасан, би машинаасаа бууж ирэхэд нөгөө хүн баруун урд дугуйн хажууд хэвтэж байсан. Мөрөн дээрээс нь татаад тэгшилсэн, толгойноос нь цус гараад байхаар нь чамархай тус газар нь дарахад цус нь тогтох шинжгүй болохоор нь цагдаа болон түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 1 цагийн дараа ирсэн, гэмтлийн эмнэлэгт ирээд 20 минутын дараа нас барсан. Ийм хэрэг болсонд гэмшиж байна...” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд: “…Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Хохирлын баримт давхардсан зүйл байгаагүй. Тухайн үед газарт явах болон талийгаачийг оршуулах ажилд 2 ижил машин явсан. Бензины тоон дүн нь ижил байсан. Лам залах болон сүү цагаан идээний зардлыг нэхэмжлээгүй, миний дүүгийн амь нас хохироогүй байсан бол нааш, цааш явах зардал гарахгүй байсан. Бидний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү. Баримттай 7,281,000 төгрөгийг нэхэмжилж байна, нэмээд сая ирсэн зардлаа нэхэмжилж байна гэв.  …” гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Б нь миний төрсөн дүү бөгөөд манай дүү ааваар овоглодог ба би ээжээрээ овоглодог юм. Би 2017 оны 09 дүгээр сард нэг удаа утсаар ярьсан юм. Тэр үед манай дүү “би Улаанбаатар хотод байр хөлслөөд сууж байна, Эмээлт зах дээр хүний туслах хийгээд байж байгаа” гэж хэлж байсан. Архи согтууруулах ундаа хаяа нэг хэрэглэдэг байсан гэхдээ байнга бол уудаггүй байсан бөгөөд зан чанарын хувьд хүнтэй хэрүүл маргаан хийхгүй хүнд тусархуу, нөхөрсөг хүн байсан юм. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг  (хх32-33),

4. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн “Шинэ Ундраа Ойл” ШТС-ын хойд асфальтан, шулуун тэгш, цастай, хальтиргаатай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун цаг агаартай, эерэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ, хашлагатай хайсгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх8-13),

5. Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Шинэ Ундраа шатахуун түгээгүүр, машины зогсоолын талбай, хойд талд нь баруун аймаг явдаг төв зам харанхуй үзэгдэх орчин муу харагдаж байгаа байдалтай байх бөгөөд автомашинууд баруун зүүн тийш зөрж явж байв. 20:56:52 цагт хохирогч нь “Шинэ Ундраа” шатахуун түгээх станцын хойд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш замын нэгдүгээр эгнээнд алхаж явж байгаа бүдэг дүрс орж ирээд, 20:57:18 цагт үнийн самбарын талаар орж, 20:57:24 цагт дэлгэцэд харагдах шатахуун түгээгүүрийн баруун талаас 3 дахь түгээгүүрийн цаад талаар гартаа ямар нэг гялгар юм барьсан байдалтай замын нэгдүгээр эгнээнд ирж байгаа машины урдаас чигээрээ алхаж байгаа дүрс, 20:57:25 цагт явган хүний баруун гар талаар нь цагаан өнгийн суудлын марк, дугаар нь тодорхойгүй автомашин зөрж өнгөрөөд 20:57:26 цагт мөнгөлөг саарал өнгийн суудлын жижиг машинд урд хэсгээр нь мөргөгдөж машины хөдөлгүүр ангийн таг хэсэг дээр налж унаж байгаа дүрс бичигдэн 20:57:29 цагт хоёрдугаар буюу голын түгээгүүрийн цаад талд машины баруун урд хэсэгт унаж байгаа дүрс бичлэг байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх26-28),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2239 дугаартай: “...Талийгаач Д.Б-ийн цогцост гавлын зүүн чамархайн цөмөрсөн, зулай, баруун чамархай хамарсан шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн шарх, зүүн эгэм, мөр, бугалганы гадна дээд хэсэг, зүүн сарвуу, баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, дух, хамар, баруун хацар, шанаа, зүүн хацар, эрүү, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавлын зүүн чамархайн цөмөрсөн, зулай, баруун чамархай хамарсан шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус хуралт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. 2017-11-11-ний 00:40 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 4-6 цаг болсон байжээ. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр цусанд 2.8 промиль спирт илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ” гэсэн задлан шинжилгээний дүгнэлт (хх-14-17),

7. Сонгинохайрхан дүүрэг дэх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17/75774 дугаартай: ”...Тоёота карина маркийн улсын 18-90 УНБ дугаартай автомашины .... жолооны механизм АВЗ систем, их гэрэл, гэрлийн тусгал, баруун урд дохио, салхины шил, дугуйн хээний гүн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Жолооны механизм, АВS систем, их гэрэл, гэрлийн тусгал, дугуйн хээний гүн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн осолд нөлөөлсөн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх61-66),

8. Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 668 дугаартай: “...Тоёота Карина маркийн 18-90 УНБ улсын дугаартай автомашины жолооч Н овогтой Б нь МУ-ын ЗХД-ийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл гэмтэл” 3.1 Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын мотоцикль мопедонд 0.8 мм-ээс бага болсон гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, мөн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан  дүүрэг дэх Техник хяналтын үндэсний төвийн шинжээч инженер С.Б, зөвлөх инженер Б.З, мэргэшсэн инженер Д.Т нарын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17/75774 дугаартай дүгнэлтэд Тоёота Карина маркийн 18-90 УНБ улсын дугаартай автомашины “жолооны механизм. АВS систем, их гэрэл, гэрлийн тусгал, дугуйн хээний гүн, техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байгаа нь осолд нөлөөлсөн байх боломжтой” гэсэн дүгнэлт, мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн автомашины “баруун тоормосны дугуйн мөр 26 метр, зүүн тоормосны мөр 9 метр” гэсэн зэргээс үзэхэд тухайн автомашин техникийн хувьд стандартын шаардлага хангахгүй байх тул осол хэргийн газарт гарсан тоормосны мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осол хэрэг гарахад нөлөөлсөн бусад зүйл болон хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн дүгнэлт (хх-57-58),

9. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-93),

10. Замын цагдаагийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч, гэрэ зургууд (хх 08-13),

11. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-17 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтэд: Миний үйлчлүүлэгч Н.Б нь Ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш 40-50 км/ц-ийн хурдтай, зорчих хэсгийн нэгдүгээр явж байсан бөгөөд амь хохирогч гарцгүй газраар богино зайд гэнэт гарч ирсэн. Тодруулбал, дугуйн хээ хэвийн байсан ч зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан гэж үзэхээр байна. Түүнчлэн, амь хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогджээ. Иймд шүүгдэгч Н.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүх дараах нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Б нь бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж үзлээ. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Эмээлтийн “Шинэ Ундраа Ойл” ШТС-ын хойд асфальтан, шулуун тэгш, цастай, хальтиргаатай, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй...” (хх 8-13),

2. Сонгинохайрхан дүүрэг дэх Техникийн хяналтын үзлэгийн төв шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өрдийн 17/75774 дугаартай: ”...Тоёота карина загварын 18-90 УНБ улсын дугаартай автомашины .... жолооны механизм АВS систем, их гэрэл, гэрлийн тусгал, баруун урд дохио, салхины шил, дугуйн хээний гүн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Жолооны механизм, АВS систем, их гэрэл, гэрлийн тусгал, дугуйн хээний гүн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн осолд нөлөөлсөн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-61-66);

3. Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 668 дугаартай: “...Тоёота Карина маркийн 18-90 УНБ улсын дугаартай автомашины жолооч Н овогтой Б нь МУ-ын ЗХД-ийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл гэмтэл” 3.1 Дугуйн хээний гун нь газарт тулах хэсгээрээ суудлын мотоцикль мопедонд 0.8 мм-ээс бага болсон гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Сонгинохайрхан техник хяналтын үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17/75774 дугаартай “Тоёота Карина” загварын 18-90 УНБ улсын дугаартай автомашины “жолооны механизм, АВS систем, их гэрэл, гэрлийн тусгал, дугуйн хээний гүн, техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байгаа нь осолд нөлөөлсөн байх боломжтой” гэсэн дүгнэлт, мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн автомашины “баруун тоормосны дугуйн мөр 26 метр, зүүн тоормосны мөр 9 метр” байгаа зэргээс үзэхэд тухайн автомашин техникийн хувьд стандартын шаардлага хангахгүй байх тул осол хэргийн газарт гарсан тоормосны мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт (хх57-58),

4. Камерын бичлэгт хийсэн үзлэг: “...20:56:52 цагт хохирогч нь “Шинэ Ундараа” шатахуун түгээх станцын  хойд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш замын нэгдүгээр эгнээд алхаж явж байгаа бүдэг дүрс орж ирээд 20:57:18 цаг үүнийг самбарын цаад талаар орж 20:57:24 цаг дэлгэцэд харагдах шатахуун түгээгүүрийн баруун талаар 3 дахь түгээгүүрийн цаад талаар гартаа ямар нэг гялгар юм барьсан байдалтай замын нэг дүгээр эгнээд ирж байгаа машины урдаас чигээрээ алхаж байгаа дүрс 20:57:25 цагт явган хүний баруун гар талаар нь цагаан өнгийн суудлын марк, дугаар нь тодорхойгүй автомашин зөрж өнгөрөөд 20:57:26 цагт мөнгөлөг саарал өнгийн суудлын жижиг машинд урд хэсгээр нь мөргөгдөж машины хөдөлгүүр агийн таг хэсэг дээр налж унаж байгаа дүрс бичигдэн 20:57:29 цаг хоёр дугаар буюу галын түгээгүүрийн цаад талд машины баруун урд хэсэгт унаж байгаа дүрс бичлэг байв...” (хх26-28),

Шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бус болохыг мэдэж байсан атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 заалтаар хориглосныг зөрчиж, тээврийн хэрэгслээ ашигласан буюу хөдөлгөөнд оролцсон байна. Хэрэв тэрээр дээрх хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй байсан бол энэ гэмт хэрэг гарахгүй байх бүрэн боломжтой тул түүний үйлдлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б-ын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр хууль бус үйлдлээ мэдэхийн сацуу түүний улмаас учирч болох хор уршгийг мэдэх ёстой буюу мэдэх үүрэгтэй тул түүнийг гэм буруугийн хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь энэ гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар буюу хор уршиг бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-аас нэхэмжилсэн амь хохирогчийн оршуулгын болон бусад зардлыг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь гэмт хэрэгтэй холбогдсон зардалд нийт 7.281.770 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх боловч шүүх хавтаст хэрэгт давхардсан 495.000 төгрөгийн баримтыг хасаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 6.286.772 (зургаан сая хоёр зуун наян зургаан мянга долоон зуун далан хоёр) төгрөгөөр тогтоов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлэхээр яаралтай тусламжийн дуудлага өгсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Н.Б шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа шүүх хуралдааныг 4 (дөрөв) хоногоор завсарлуулах хүсэлт гаргаж, энэ хугацаанд 6.286.772 төгрөгийн хохирлыг сайн дураараа бүрэн төлсөн байв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөгийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардалд хамаарч байх тул мөн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Б-оос уг зардлыг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэг талаас, хохирогчийн хувьд өмгөөлөгч авах эсэх нь тэдний эрх хэдий ч нөгөө талаар хэргийн нөхцөл байдлын хувьд авч үзвэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй Улаанбаатар хотоос даруй 1000 (мянга) орчим километр зайд байрлах Завхан аймгийн Идэр суманд оршин суудаг байх тул түүнд өмгөөлөгч авах хэрэгцээ шаардлага тулгарсан буюу уг зардлыг зайлшгүй гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзлээ.

Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүх шүүх хуралдаанаар тогтоосон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.Б-ын хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Харин түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №356 дугаартай үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамт Замын цагдаагийн газрын Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овогт Н.Б-ыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Н.Б-ыг мөн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэлт жолоодохыг хориглож, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт тус тус зааснаар Н.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5.Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэм буруугийн шүүх хуралдаанаас тогтоосон 6.286.772 төгрөгийн хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байгааг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, Н.Б-оос гаруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-т олгосугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №451089 дугаартай үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийндотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан эсхүл, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА