Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 204/МА2021/00021

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2021/00399 дугаар шийдвэртэй

Ц.Б-ын нэхэмжлэлтэй Д.Н-д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н-тэй 2001 онд танилцаж 2002 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарсан. Гэр бүл болсноос хойш 2002 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүү Н.Жа, 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдөр охин Н.Ж, 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү Н.Ө нар төрсөн. Д.Н нь сүүлийн 10 гаран жил согтууруулах ундааг байнга хэрэглэж ааш зан нь эвдэрч, гэр бүл, үр хүүхдийн амьдрал хүмүүжилд муугаар нөлөөлж, гэр бүлийн гишүүдийг хүндэтгэн үзэхээ больсон. Бид сүүлийн хоёр жил тусдаа амьдарсан. Охин Н.Ж маань төрөлхийн хавсарсан (сонсголгүй ярихгүй, дауны өөрчлөлттэй) гажигтай төрсөнөөс болж одоогоор байнгын асаргаанд байдаг. Ц.Н нь архи уугаад бид таарч тохирохгүй болсон. Архи уудаг асуудлаас болж гэр бүлийн зөрчилдөөн үүсдэг. Энэ үйлдлээ засах байх гэж зөндөө олон жилийг зарцуулсан. Үр дүнд хүрсэнгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, охин Н.Ж, хүү Н.Ө нарыг миний асрамжинд өгч Д.Н-ээс охин Н.Ж, хүү Н.Ө нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн бид хамтран амьдарсанаас хойш гэр бүлийн хэрэгцээ болон амьжиргааны хонь, ямаа, үхэр, адуу зэрэг малуудыг хамтын хүч хөдөлмөрөөр өсгөн үржүүлж бий болгосон бөгөөд эдгээр хөрөнгөнөөс өрхийн гишүүн бүрт хуваарилан оногдуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар *** овгийн Д.Н, *** овгийн Ц.Б нарын гэрлэлтийг цуцлаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Н.Ж, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн хүү Н.Ө нарыг эх Ц.Б-ын асрамжинд үлдээхээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *** оны *** дугаар сарын ***-ний өдөр охин Н.Ж, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр хүү Н.Ө нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Д.Н-ээр тэжээн тэтгүүлэхээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ, түүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдан, Иргэний хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 53-н толгой адуунаас Д.Н-д 10-н тооны адуу, Ц.Б-д 10-н тооны адуу, Н.Жа-т 10-н тооны адуу, Н.Ө-т 10-н тооны адуу, охин Н.Ж-д 13-н тооны адуу, 9-н толгой үхэрнээс Д.Н-д 3-н тооны үхэр, Ц.Ба-д 1 тооны үхэр, хүү Н.Жа-т 1 тооны үхэр, хүү Н.Өт 1 тооны үхэр, охин Н.Ж-д 3-н тооны үхэр, 85-н толгой хониноос Д.Н-д 17-н тооны хонь, Ц.Б-д 17-н тооны хонь, Н.Жа-т 17-н тооны хонь, Н.Ө-т 17-н тооны хонь, охин Н.Ж-д 17-н тооны хонь, 80-н толгой ямаанаас Д.Н-д 16-н тооны ямаа, Ц.Б-д 16-н тооны ямаа, Н.Жа-т 16-н тооны ямаа, Н.Ө-т 16-н тооны ямаа, охин Н.Ж-д 16-н тооны ямааг тус тус олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.Н-ээс 714700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 714700 төгрөгийг орон нутгийн орлогын дансанд хэвээр үлдээхээр, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 112000 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Н гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2021/00399 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хурал хаана болох талаар шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй. Д.Н-н эзэмшилд байгаа малыг 2020 оны малын “А” дансаар хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн хуваасан нь буруу, тухайн мал нь хэрэг хянан шийдвэрлэх 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд үхэж үрэгдсэн, хүнсэндээ зарцуулсан. Мөн 2010 оноос хэрэгжиж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар одоогийн зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлүүлсэн үнэлгээг үндэслэн эд хөрөнгийг хуваах ёстой малыг үнэлүүлэлгүй хуваасан. 2002 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Н.Жат малыг хувааж шийдвэрлэсэн зэрэг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Д.Н-д шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хурал болох газрыг мэдэгдээгүй, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2010 оноос хойш хэрэгжиж эхэлснээс хойш тухайн эд хөрөнгийн маргаантай хүмүүсийн малыг заавал үнэлүүлэх, хэрэв мал байхгүй бол үнийн дүнгээр нь хуваах ёстой байтал түүнийг огт үнэлэхгүйгээр малыг хуваасан, зохигчидийн хүү болох Н.Жа нь цэргээс ирээд тусдаа гарсан байхад нь малыг хуваасан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзвэл дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу талуудын санаачилгаар явагдах боловч уг маргаантай хэргийг хянан шийдвэрлэх гэж буй шүүгч, хэргийн оролцогчдыг эрх, үүргээ хэрэгжүүлж мэтгэлцэх боломжоор хангахын тулд хуульд заасан зайлшгүй хийгдэх ажиллагааны нэг болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77 дугаар зүйлд заасан шүүх хуралдааныг товлож хуралдаан хэзээ хаана болохыг хэргийн оролцогчдод шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4-т зааснаар газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болох бөгөөд мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагаас хийхээр товлож, хариуцагчийн амьдардаг газар буюу Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргаар дамжуулан шүүх хуралдааны хуралдааны товыг хүргүүлсэн боловч /хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д “...сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.” гэснийг зөрчсөн байна.

Шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдээгүй нь хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэж үзэхээр байна.

          Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болно.

          2. Гэр бүлийн гишүүн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй бөгөөд энэ талаар маргавал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлно.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний үнэмлэх /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/ болон зохигчдын тайлбараас үзвэл гэр бүлийн гишүүн болох Н.Жа нь 18 насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болох нь тогтоогдож байна. Гэтэл Н.Жа гэр бүлийн гишүүн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн талаар маргаагүй байхад түүнд малыг хувааж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно” гэснийг зөрчсөн байна.

3. Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн хөрөнгө болох малаа хуваарилуулах шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэхдээ зөвхөн малаар тооцож хуваарилсан нь үндэслэл муутай болжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэрлэлт цуцлах үед 227 толгой малтай /хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/, нэхэмжлэгчийн хүсэлтээр эрх бүхий үнэлгээчнээс малыг үнэлсэн баримт /хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас/ хэрэгт авагдсан. Хариуцагч нь эдгээр мал тоо толгойн хувьд хорогдсон, цөөрсөн гэж маргаж байхад шүүх зөвхөн малаар тооцож эд хөрөнгө хуваарилсан нь хариуцагчаас нэхэмжлэгчид мал өгч чадахгүй болсон тохиолдолд мөнгөн дүнгээр тооцож төлбөрийг барагдуулах боломжийг нь хязгаарласан, шүүхийн шийдвэр биелэгдэхэд хүндрэл үүсгэх нөхцөл бий болгохоор байна.

         Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Нгийн давж заалдсан гомдлыг хангаж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Хариуцагч Д.Н-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 715000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2021/00399 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг үндэслэн хариуцагч Д.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 715000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.