Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/57

 

Д.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                             Прокурор Ц.Нэргүй

                             Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг /цахимаар/

                  Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан     

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.О-д холбогдох эрүүгийн 2309000000871 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн **** суманд **** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, **** настай, ****, **** боловсролтой, **** мэргэжилтэй гэх, Өвөрхангай аймгийн **** сумын ерөнхий боловсролын **** дүгээр сургуульд **** ажиллаж байсан, ам бүл ****, ****-ийн хамт Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар багийн ****тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, **** овгийн Д.О /РД:****/

Д.О нь Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийг Түүхч, түүхийн багш мэргэжлээр 2001 онд суралцаж төгсөөгүй, бусдаар хуурамч диплом гаргуулан авч уг баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Өвөрхангай аймгийн **** сумын ерөнхий боловсролын **** дүгээр сургуульд ****-аар 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилд орохдоо болон мөн хугацаанаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллахдаа ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.О-ын үйлдлийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч **** овгийн Д.О-ыг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.О-оос 96,129,541 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн **** дугаартай диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн талаар Эрүүгийн хуульд болон Иргэний хуульд заасан Д.О-ын 2007 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд сургуульд багшаар ажиллаж байсан байсны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гэм хорын хохирол гэж үзэж шийдвэрлэсэн ч цалин хөлсийг ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр олгогдож байсан цалин хөлсийг буруу бодож тооцоолсон. Түүний төлөх гэм хорын хохирол 96.129.541 төгрөгөөр тооцож улсын төсөвт шилжүүлэх шийдвэр нь үндэслэлгүй тул гэм хорын хохирлыг тооцоолсон тооцоог дахин нягтлан шалгаж бодит дүнгээр гэм хорын хохирлын дүнг гаргаж өгнө үү. Материалууд гаргаж өгөв. Учир нь 2007-2023 онуудад авч байсан үндсэн цалингийн тушаалуудыг гаргаж өгөх шаардлагатай гэж үзэж байна гэжээ. 

                Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.О-ын 2007 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилласан хугацаандаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хохирол, хор уршгийг тооцуулах саналыг шүүхэд гаргасан. Энэ саналаа дэмжиж оролцож байгаа. Анхан шатны шүүх нийт 96,129,521 төгрөгийн хохирол, хор уршгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тэрхүү гэрээний дагуу үндсэн цалингаасаа хохирлыг тооцуулах саналтай байгаа. Илүү цаг болон нэмэлт цагийг мөн тооцуулах. Шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын шалгалтаа өгч чадаагүйн улмаас хуурамч дипломтой болсон боловч энэ хүний хувьд хийж бүтээсэн зүйлтэй. 2007 оноос 2023 оны хооронд улсын олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад байнга 1,2 дугаар байрыг эзэлж байсан. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалин, цалингийн холбогдох баримтуудыг хэргийн материалд нэмэлтээр гаргаж өгсөн. Иймд эдгээрийг тооцож үндсэн цалингаас 96,129,521 төгрөгөөс хохирол, хор уршгийг тооцож хасаж өгнө үү гэв.

 

                Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн зүгээс гэрээний үндсэн дээр олгосон цалин хөлсийг буруу тооцсон. Түүний улсад төлөх хохирлыг 96,129,541 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй учир хохирлыг дахин тооцож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон гэж үзээд анхан шатны шүүхээс гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл дээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар Д.О-аас 96,129,541 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Д.О нь Монгол Улсын Их сургуульд суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн түүх, нийгмийн багш мэргэжлийн боловсролын бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан төрийн албанд томилогдон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон. Шүүдэгч Д.О-ын хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд түүх, нийгмийн багшаар ажиллаж байсан. Тухайн ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа цалин хөлс авч байсан ба тухайн авч байсан цалин хөлсний талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Энэ баримтын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэж 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд түүний сургуульд багшаар ажилласны цалин хөлсийг тогтоон гэм хорын хохиролд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлд 18,877,659 төгрөг, хүн амын орлогын албан татварт 15,483,560 төгрөг нийт 34,361,219 төгрөгийг төлсөн, уг татварыг хохирлоос хасаж тооцох нь зүйтэй. Анхан шатны шүүхээс Д.О-ын ажиллаж байх хугацаанд буюу 2007 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд нийт авсан цалинг 173,713,360 төгрөг гэж тооцон уг нийт авсан цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварт төлсөн 34,361,219 төгрөгийг хассан. Хөдөлмөр, нийгэм зөвшлийн гурван талт гэрээ, Үндэсний хорооны шийдвэрээр 2011, 2013, 2016, 2018, 2022 онуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тогтоол гарсан. Уг хугацаанд Д.О-ын тухайн цаг хугацаанд ажиллаж байсан цалинг дээрх тогтоолд үндэслэж бодож гаргахад нийт авсан цалин 139,352,141 төгрөг болох нь тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн авсан нийт цалин 139,352,141 төгрөг бөгөөд үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварт төлсөн 34,361,219 төгрөгийг хасаж үлдэгдэл 96,129,541 төгрөгийг гэм хорын хохиролд тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Д.О нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд түүх, нийгмийн багшаар ажилд орохдоо Монгол Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийг Түүхч, түүхийн багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон **** дугаартай дипломыг ашиглаж  2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тус сургуульд түүх, нийгмийн багшаар ажилласан болох нь Өвөрхангай аймгийн **** сумын ерөнхий боловсролын **** дүгээр сургуулийн захирлын 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 50 тоот тушаалын хавсралт, шүүгдэгчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэргээр,

 

Шүүгдэгч Д.О-д Түүхч, түүхийн багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон Монгол улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн D200108339 дугаартай бакалаврын диплом хуурамч болох нь Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нарангэрэлийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10/3567 дугаартай “Арвайхээр сумын 1-р сургуулийн багш Д овогтой О-ын 1997-2001 онд Монгол Улсын их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж төгссөн **** дугаартай диплом нь Боловсролын мэдээллийн системд Ч овогтой Э-ын нэр дээр бүртгэлтэй байна. Мөн Монгол Улсын их сургуулийн тухайн хичээлийн жилийн архиваас Д овогтой О-ын мэдээлэл олдоогүй бөгөөд дипломын **** дугаарт Ч овогтой Э, 1761 бүртгэл Д овогтой А нарын нэр дээр тус тус бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг /хх-ийн 140 дүгээр хуудас/,

 

            Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, түүний хавсралт болох 2022 оны 09 дүгээр сарын 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалтын 508 дугаарт “аймаг: Өвөрхангай, байгууллагын нэр: Арвайхээр сумын 1-р сургууль, регистрийн дугаар: ****, овог нэр: Д.О, сургуулийн нэр: МУБИС, мэргэжил: Түүхийн сургууль, боловсролын түвшин: бакалавр, он: 2001, зөрчлийн тайлбар: дипломын дугаар: ****-давхар, МУИС-Түүхийн багш, Ч-ын Э ****, БД-Д-А 1761 дугаар давхардсан,” гэх жагсаалт /хх-ийн 11-35 дугаар  хуудас/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын баталсан тушаал болон удирдамжийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагуудын удирдах ажилтан, багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн. Энэхүү шалгалтын явцад Д.О-ын боловсролын баримт бичиг зөрчилтэй гарсан. Ингээд тухайн боловсролын баримт бичгийг шалгаж эцсийн шийдвэрийг гаргуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. Энэхүү хүмүүсийг хууль бус баримт бичиг диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа гэж үзсэн. Хохирлын хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамнаас нэхэмжлээгүй. Учир нь тухайн багш нараар хичээл заалгасан хүүхдүүд, тухайн багш нарыг ажилд авч ажиллуулсан сургуулийн нэр хүндийн асуудал гэх мэт маш олон үр дагаврууд ар араасаа гарах тул хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа. ...Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон учраас Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс албан бичиг, хийж өгөх боломжгүй байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 61 дүгээр   хуудас),

           Гэрч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 сараас Боловсрол шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. ...Манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. ...Нэг. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон гэсэн зөрчлүүд байсан юм. ...Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гаргасан явуулсан юм. ...Улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа юм. ” гэх мэдүүлэг (хх-ийн 69-71 дүгээр хуудас),

            Гэрч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос одоог хүртэл ажиллаж байна.  Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол улсын их сургууль, Монгол улсын Боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа.” гэх мэдүүлэг (хх-ийн 72-74 дүгээр хуудас),

           Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагчаар ажиллаж байна.  Тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм.  ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн.  ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Зөрчлөө ерөнхийдөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа.  Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 76-78 дугаар хуудас),

          Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Боловсрол шинжлэх ухааны яаманд хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажиллаж байна. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ...Маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. ... Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 80-81 дугаар хуудас),

          Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна.  Манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн  2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан. Боловсролын салбарт Еsis буюу боловсролын салбарын мэдээллийн систем болон Нemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн 2 мэдээллийн системийг ашигладаг.  ...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу, сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг. Үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. ...Еsis систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Нemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний РDF, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 85-87 дугаар хуудас),

           Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. ...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Неmis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг.” гэх мэдүүлэг (хх-ийн 90-93 дугаар хуудас) болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О-ыг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ... анхан шатны шүүх Д.О-ын цалин хөлсийг ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр олгогдож байсан цалин хөлсийг буруу бодож тооцоолсон. Түүний төлөх гэм хорын хохирол 96.129.541 төгрөгөөр тооцож улсын төсөвт шилжүүлэх шийдвэр нь үндэслэлгүй тул гэм хорын хохирлыг тооцоолсон тооцоог дахин нягтлан шалгаж, бодит дүнгээр гэм хорын хохирлын дүнг гаргаж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Д.О нь Өвөрхангай аймгийн **** сумын ерөнхий боловсролын **** дүгээр сургуульд ****-аар 2007 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл багшаар ажиллаж байх хугацаандаа сургуулийн хэвийн үйл ажиллагаа, хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Гэхдээ дээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгч Д.О-ыг өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Д.О-ын 2007 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд авсан цалинг нийгмийн даатгал төлсөн байдлаар тооцон 173713360 төгрөгийн цалингаас тухайн жилүүдэд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажилласан хугацааны цалинг тооцон хасаж 96129541 төгрөгийг анхан шатны шүүхээс гэм хорын хохиролд шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.