Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2025/0259

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар, Гомдол гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э,

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б,

Маргааны төрөл: Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг тээвэрлэсэн зөрчилд шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гаргасан прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э, хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Д.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.У*******ыг 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун туруун хяналтын цэгээр 9 *******Н улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.У******* нь чонын мах, 40 ширхэг загас тээвэрлэсэн гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.2.2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар шийтгэлийн хуудсаар Б.У*******ыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх дэх хэсэгт зааснаар агнуурын бүс нутгаас бусад газарт ан амьтныг тээвэрлэсэн үндэслэлээр 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Эгаас шүүхэд бичгээр ирүүлсэн дүгнэлтдээ: ...Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б нь Экологийн цагдаагийн албанаас илрүүлж, шилжүүлсэн Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай мах тээвэрлэсэн гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.У*******ыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг шалгалтын явцад хянав. Зөрчлийг шалгасан материалд авагдсан, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Б.У*******аас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр холбогдогчоос авсан мэдүүлэг, Киа бонго-3 маркийн 9 *******Н улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа, эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.У*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал, тогтоол, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэлийн хуудас, Нийслэлийн Байгаль орчны газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07/314 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар:

Б.У******* нь иргэн Б.А*******тай Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар чиглэл рүү түүний эзэмшлийн Киа бонго-3 маркийн 9 *******Н улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохоор харилцан тохиролцсоны дагуу уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан.

Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.А******* нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр иргэдийн ачаа, барааг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар чиглэл руу тээвэрлэхээр хүмүүстэй харилцан тохиролцон, тухайн ачаа барааг хүлээн авч, өөрийн эзэмшлийн Киа бонго-3 маркийн 9 ХОН улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ ачсан нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна.

Б.А******* нь ачаа, тээшийг тогтоосон газар хүргэж, тээвэрлэхийг нийтэд санал болгож, иргэдээс ачаа, тээшийг хүлээн авч, тээвэрлэлтийн гэрээг байгуулсан гэрээний нэг тал тээвэрлэгч байх ба тухайн ачааг тогтоосон газарт хүргүүлэхдээ өөрийн тээврийн хэрэгслээ жолоодуулахаар Б.У*******тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ.

Б.У*******ыг агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай мах тээвэрлэсэн тээвэрлэгч гэж үзэх боломжгүй, энэ төрлийн зөрчлийг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, эрх бүхий албан тушаалтан нь түүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулна гэсэн, мөн Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.У*******т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичсэн. Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б шийтгэлийн хуудас үндэслэлгүй гэв. 3.2.Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Экологийн цагдаагийн албанаас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16-6/******* дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлсэн ******* дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун постоор 9 *******Н тээврийн хэрэгслээр Б.У******* /*******/ нь чонын мах, 40 ширхэг загас тээвэрлэсэн гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад холбогдогч Б.У******* нь хураан авсан эд зүйл, гэрэл зураг, холбогдогчийн мэдүүлэг, тэмдэглэл зэрэг нотлох баримтаар 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай мах тээвэрлэсэн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу агнуурын бус нутгаас бусад газар амьтныг тээвэрлэсэн үндэслэлээр торгууль 300.000 төгрөг оногдуулсан. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна, 25.3.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно гэж заасны дагуу холбогдогч Б.У*******т тухайн чоно агнах эрхийн бичиг болон гарал үүслийн тодорхойлолт зэрэг холбогдох бичиг баримтгүйгээр тээвэрлэсэн үйлдлийг үндэслэн Зөрчлийн тухай хулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтаар /Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ холбогдогчид хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материалд авагдсан баримтууд, талуудын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлан үзээд дараах үндэслэлээр прокурор гаргасан дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Амьтны тухай хуулийн 21.1-д Ан агнах зөвшөөрөл бүхий иргэн ан хийхдээ дараах шаардлагыг хангасан байна: гээд 21.1.1-д амьтан агнах, барих төлбөр, зөвшөөрлийн хураамж төлсөн байх, 25 дугаар зүйлийн 25.1-д Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна, 25.3-т Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид тодорхойлолт гэх/ олгоно гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно., 28.2-т Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийн бичигт иргэний овог, эцгийн нэр, нэр, агнах, барих агнуурын амьтны зүйл, тоо, агнах, барих хугацаа, газар, төлбөр, хураамжийн хэмжээг нарийвчлан заана гэж тус тус хуульчилжээ.

3.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийг үндэслэн иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхтэй бөгөөд ан амьтны гаралтай түүхий эдийг худалдах зорилгоор аливаа хэлбэрээр тээвэрлэн авч явах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгохоор байна.

4.Тодруулбал, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хяналт тавих журмын 1.2, 1.3-т зааснаар ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт нь ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад зохих журмын дагуу агнасан болохыг гэрчилсэн баримт бөгөөд тодорхойлолтыг тухайн жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах агнуурын амьтны нэр, тоо хэмжээний жагсаалтад орсон амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдэд ан агнах эрхийн бичиг, гэрээг үндэслэн олгохоор зохицуулжээ.

5.Үүнээс үзвэл Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан сум дахь байгаль хамгаалагчаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гарал үүслийн тодорхойлолт олгох харилцааг ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг зөвхөн худалдах зорилгоор авч явах тохиолдолд олгох нөхцөлөөр тайлбарлах боломжгүй, харин тэдгээрийг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэхэд зохих журмын дагуу агнасан болохыг гэрчлэх баримт буюу амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглах хуулийн зорилгод нийцүүлэн тайлбарлах нь зүйтэй байна.

6.Өөрөөр хэлбэл, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт нь тухайн амьтныг тухайн жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах агнуурын амьтны нэр, тоо хэмжээний жагсаалтад орсон амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдэд ан агнах эрхийн бичиг, тусгай зөвшөөрөл, гэрээг үндэслэн агнасан буюу зохих журмын дагуу холбогдох зөвшөөрлийг үндэслэн агнасан болохыг гэрчлэх баримт болно.

7.Холбогдогч Б.У******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 9 *******Н улсын дугаартай Киа Бонго-3 маркын тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолтгүйгээр 20 кг орчим чонын мах, эд эрхтэн ачиж явсан нь холбогдогчоос авсан мэдүүлэг, түүний бичгээр гаргасан тайлбар, эрх бүхий албан тушаалтны эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн баримт зэрэг зөрчлийн хэргийн баримтаар тогтоогдож байна.

8.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж зааснаас үзвэл хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй буюу зөрчлийн шинжийг энэ хуульд зааснаар тодорхойлох бөгөөд шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.

9.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг хэргийн үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд холбогдогч Б.У******* нь 20 кг орчим чонын мах, эд эрхтэнг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Нийслэл Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэхэд тухайн ан амьтныг зохих журмын дагуу агнасан болохыг гэрчлэх байгаль хамгаалагчийн олгосон Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт-ыг авч явах ёстой байсан ба энэхүү тодорхойлолтгүйгээр чонын мах, эд эрхтэнг тээвэрлэсэн нь агнуурын бүс нутгаас бусад газарт ... амьтныг тээвэрлэсэн ... зөрчилд хамаарахаар байна.

10.Учир нь Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1, 386.2-т зааснаар ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулж, дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгөх бөгөөд дагалдах баримт бичигт ачааны болон сав, баглаа, боодлын ердийн нэр, түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед түүний нийтээр хүлээн зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглэгээг тусгахаар мөн хуулийн 387 дугаар зүйлийн 387.1.7 дахь заалтад заажээ.

11.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу холбогдогч Б.У******* нь Б.А*******тай 400.000 төгрөгөөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу түүний эзэмшлийн Киа Бонго-3 маркийн 9 *******Н улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохоор харилцан тохиролцсоноос үзвэл Б.У******* нь Б.А*******тай амаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байж болох ч ачаа тээвэрлэгчийн хувьд Иргэний хуулийн 386.2-т заасан тээвэрлэгч болох тул мөн хуулийн 388.1.1-д зааснаар дагалдах бичигт заасан ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэхийг ачааг хүлээн авахдаа тээвэрлэгч шалгах үүрэгтэй, өөрөөр хэлбэл, Б.У******* нь тээвэрлэж буй ачааны ердийн нэр, түүнчлэн аюултай ачаа тээвэрлэж буй эсэхийг шалгах, мэдэх, улмаар дагалдах баримт бичгийг шаардан авах үүрэгтэй байна.

12.Гэтэл холбогдогч нь энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй буюу тухайн ачааг ачаагүй, дотор нь юу ачиж явж байгааг мэдээгүй нь түүний үйлдсэн зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

13.Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4-т Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна гэж заасны дагуу дагалдах бичиг үйлдээгүй нь тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

14.Иймд прокурорын гаргасан тээвэрлэгч нь Б.У******* биш, харин Б.А******* бөгөөд холбогдогч Б.У******* тээврийн хэрэгсэлд тээвэрлэж явсан чонын махыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

15.Шүүх хуралдаанд хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагчаас холбогдогчийн 40 ширхэг загас тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага оногдуулаагүй болохыг тайлбарласан учир шүүхээс энэ үйлдэлд дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

16.Дээрх үндэслэлүүдээр холбогдогч Б.У*******т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн, зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Эгаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Бд холбогдуулан гаргасан Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.У*******ыг 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ