Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 204/МА2021/00004

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 146/ШШ2021/00068 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Ж-д  холбогдох “12902801” төгрөг тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч М.Ж /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... М.Ж нь Голомт банкны Өвөрхангай салбараас 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ6005100442 тоот зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй цалингийн зээл авч, нийт 6 удаа зээлэнд өөрчлөлт оруулан хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 15 031 590.29 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч М.Ж-ийн ЗГ6005100442 тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 408 хоног хугацаа хэтэрч муу зээлийн ангилалд ороод байна. Зээлдэгч М.Ж-тэй банкны зүгээс утсаар ярьж, уулзаж зээлийг төлөхийг шаардаж байгаа боловч зээлийг төлөх санаачилга гаргахгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгчийн ЗГ6005100442 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 12 893 801 нэхэмжлэлтэй холбоотой материал нотариатаар баталгаажуулсны төлбөр 9000 төгрөг, нийт 12 902 801 төгрөгийг зээлдэгч М.Ж-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Ж нь 2014 онд Өвөрхангай аймгийн Голомт банктай харилцаж эхэлсэн. Үүнээс хойш 5-6 удаагийн давтамжтай зээл авсан. Хугацаандаа зээлээ төлөөд явж байсан боловч М.Ж-гийн өөрийнх нь тайлбарлаж байгаагаар тэтгэвэрт гараад ажилгүй болоод зээл төлөх боломжгүй гэсэн тайлбар хэлдэг. 2020 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар 12 902 801 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шүүх хуралдаанд оролцох замын зардал бензины мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие анх 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 000 000 төгрөгийн цалингийн зээлийг авсанаас хойш дахин 6 удаа зээл авсан. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15 031 590.29 төгрөгийн зээлийн авсан. Миний бие өвдөж /Нүдны даралт цусны даралт, зүрхний голын судасны нарийсал, зүүн ховхлогын хатуурал/ гэсэн оноштой ажлаа хийх чадваргүй болж тэтгэврээ тогтоолгосон. Энэ хугацаанд тэтгэврийн зээл болон бусад санхүүгээ эрүүл мэнддээ зарцуулж ирсэн. Өөрийн боломжоороо эмчилгээний зардлаасаа өөрийн ах дүүсийн тусламжнаас илүүчлэн 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 2020 оны 12 дугаар сарын 02-ны хооронд нийт 11 205 026.51 төгрөг тушаасан байна. Энэ төгрөгийг задлаж үзвэл үндсэн зээлд 5 171 795.76 төгрөг, үндсэн хүүд 5 963 575.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69 655.23 төгрөг төлсөн зээлийн хуулга байна. Эндээс үзэхэд үндсэн төлөлт нь муу хасагдсан байна. Тус банк зээлээ төлөх санаачилга гаргаагүй гэж шүүхэд хандсан байна. Би энэ банкнаас 2017 оны 12 дугаар сарын 07 өдөр 15 031 590.29 төгрөгийн зээлийг авсан нь үнэн бөгөөд өөрийн боломжоороо төлсөн мөнгөний 53.8 хувь буюу 6 033 230.75 төгрөг нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлөгдсөн байна. 15031590.29-11205026.51 хассан дүн нь 3826563.78 төгрөг байна. Иймд миний эрүүл мэнд, санхүүгийн боломж зэргийг харгалзан үзэж өмнөх төлсөн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс үндсэн төлбөр рүү оруулж хүү болон нэмэгдсэн хүүнээс чөлөөлж үндсэн зээлийг нь төлөх шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. М.Ж-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хэргийн материалтай танилцсан. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 11 205 026 төгрөгийн төлөлт хийгдсэн. Үүнээс тооцоод үзэхэд хүүний 53.8 хувь буюу 6 033 230 төгрөгийг төлсөн. Гэрээнд зааснаар биш 3 826 563 төгрөгийг тооцоод үлдсэнийг нь тооцоогүй байсан. Нэхэмжлэлийн шаардлага 12 893 801 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн энэхүү тайлбарыг дэмжин оролцож байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ж-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 893 801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 394.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221 251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Ж давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 2021/ШШ2021/00068 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар 12 893 801 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа бөгөөд миний бие зээл авсан өдрөөс хойш Голомт банкинд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 11 205 026, 51 төгрөгийг төлсөн байдаг /үндсэн зээлд 5 171 795.76 төгрөг, хүүд 5 963 575.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 69 655.23 төгрөгийг тооцон авсан байна/ бөгөөд нийт авсан зээлийн төлөгдөх ёстой дүнгийн 53.8 хувийг төлсөн. Миний бие анх зээлийн гэрээ байгуулахдаа төлсөн мөнгийг шууд хүүнд авна гэдгийг ойлгоогүйгээс ийм байдалд хүрээд байгаа ба Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсний дагуу нэмэгдүүлсэн хүү авах юм байна гэж ойлгож байтал миний төлсөн мөнгийг ихэнхийг нэмэгдүүлсэн хүү, хүүнд тооцож авсан байсан.

Миний бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зээлийн төлөх хугацааг хожимдуулж байсан бөгөөд энэ бүх учир шалтгаанаа зээлийн эдийн засагчдаа тухай бүр хэлж, төлж буй дүнгээ тооцоо нийлж явж байсан боловч надад илт хохиролтойгоор тооцож авч байсан талаараа танилцуулаагүй. Эдгээр байдлуудаа тайлбарлаж банкийг шүүхэд төлөөлөх эрх бүхий хүнтэй уулзах бодолтой байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчгүйгээр өөрөө оролцох бодолтой байсан.

Мөн шүүхээс иргэний хэрэг үүсгэж хариуцагчаар намайг оролцуулахаар дуудсан бөгөөд COVID цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон байсан тул шүүхэд очих боломжгүй болж итгэмжлэлээр өөр хүн оролцуулсан байсан бөгөөд хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд миний бие өөрийн биеэр оролцож нотлох баримт гаргаж өгөх эвлэрэх талаар санал тавихаа илэрхийлж байсан. Өнөөдрөөс эхлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-өөс татгалзаж өөрөө оролцох хүсэлттэй байна. Энэ эрхийг маань хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд миний бие гомдолтой байна. Өөрийн эрүүл мэндийн шалтгаанаас тэтгэврийн насандаа хүрч ч чадалгүй тэтгэврээ тогтоолгон тэтгэврийн зээлийн зээл авч тэр зээлээс болон хувь хүнээс бага багаар зээлж 11 205 026 төгрөгийг банкинд өөрийн боломжоор төлж байсан боловч анх авсан 15 000 000 төгрөгний үндсэн зээлээс зөвхөн 5 171 795.76 хасагдсан байгаад гомдолтой бөгөөд харин ч би хувь хүнд нэмж өрөнд ороод үнэхээр хүнд байдал орж байна. Би Голомт банкинд хохирол үзүүлээгүй гэж бодож байна. Мөн эвлэрээд хугацааг сунгаад төлье гэж санал хүртэл гаргаж байсан бөгөөд энэ зээлийг яаж төлөх талаар санаачилга гаргаагүй биш харин ч өөрийн боломжоор төлсөн боловч үндсэн төлөлтнөөс бага хасагдаж хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлөгдсөн байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээр төлөх ёстой гэсэн нийт 13 115 052 тэмдэгтийн хураамж ороод төгрөгнөөс 8 328 592.10 төгрөгний төлбөрийг зөвшөөрч 4 786 459.90 төгрөгийг татгалзах саналтай байна. Гол үндэслэл нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувиас дээш байна гэж гомдолтой байна. Миний хувьд энэ зээлийг төлөх талаар бодоогүй нэг ч өдөр үгүй бөгөөд байнгын сэтгэлийн зовиуртай амьдрах хүсэл маань ч хүртэл буурсан. 55 настай хүний хувьд өөрт санхүүгийн ямарч боломжгүй болохоор хаана нэгэн газраас зээл аваад хувиараа хөдөлмөр эрхлээд тодорхой хэмжээний орлого олж өрөө дарах нэг боломж байв ч муу зээлтэй гэсэн үндэслэлээр миний эдийн засгийн бүх боломж хаагдсан. Би эдийн засгийн банкны иргэнд хатуу тусдаг хууль дүрмийн боолчлолд бүрэн өртөж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу ядарч зүдэрч яваа Монгол улсын нэгэн иргэн байна. Би анхнаас 15 000 000 төгрөгийг бүтэн аваагүй ХААН банкны зээлээ Голомт банк руу шилжүүлж 1-2 саяыг л нэмж зээлээр л ийм өндөр дүнтэй зээл болсон. Одоо эцэст нь иргэнээ хамгаалах шударга шүүхэд л найдах ганц зам үлдлээ. Монголд иргэнийхээ эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргадаг шударга шүүх байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хуулийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байгаа тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 2021/ШШ2021/00068 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, эсхүл хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

“Голомт банк” ХХК 2020 оны 12 сарын 17-ны өдөр шүүхэд хандаж М.Ж-ээс 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар тооцож үндсэн зээлд 9.859.794.53 төгрөг, хүү 3.034.006.47 төгрөг, нийт 12.893.801 төгрөг шаардсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...2017 оны 12 дугаар сарын 07-ноос 2020 оны 12 дугаар сарын 02-ны хооронд нийт 11 205 026.51 төгрөг тушаасан. Энэ төгрөгийг задалж үзвэл үндсэн зээлд 5 171 795.76 төгрөг үндсэн хүүд 5 963 575.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69 655.23 төгрөг төлсөн зээлийн хуулга байна. Эндээс үзэхэд үндсэн төлөлт нь муу хасагдсан байна. Иймээс иргэн миний эрүүл мэнд, санхүүгийн боломж зэргийг харгалзан үзэж өмнөх төлсөн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс үндсэн төлбөр рүү оруулж хүү болон нэмэгдсэн хүүнээс чөлөөлж үндсэн зээлийг нь төлөх шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

         Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигч нар 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж “Голомт банк” ХХК нь 15 000 000 төгрөгийг нэг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр талууд харилцан тохирч дээрх гэрээнд өөрчлөлт оруулсан, М.Ж зээлийг гэрээнд заасан хугацаа, журмын дагуу хүүгийн хамт буцааж төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд зохигч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй байна. 

         Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

         Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх ёстой боловч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл, 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл, 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 07 сар хүртэл, 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл, 2020 оны 10 дугаар сараас хойш зээлийг төлөөгүй болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/, М.Ж-ийн *** тоот зээлийн дансны хуулгаар /хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас/ тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 206-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

            Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй. Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.

            Зээлийн гэрээг цуцлагдсан гэсэн үндэслэлээр шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 9.859.794.53 төгрөг, хүү 3.034.006.47 төгрөг, нийт 12.893.801 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т нийцжээ. 

            Банкнаас зээл авсан зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг буцааж төлөхдөө гэрээнд заасан бол хүү төлнө. Түүнчлэн, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлнө. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 2.4, 2.5-д зааснаар хариуцагч хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно.”, 32.5. дахь хэсэгт “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.” гэж заасан. Хариуцагч М.Ж 2021 оны 01 дүгээр сарын 13-нд Г.Г-д итгэмжлэл олгосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан эсвэл өөрөө биечлэн оролцох талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч М.Ж-ийн “...COVID цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон байсан тул шүүхэд очих боломжгүй болж итгэмжлэлээр өөр хүн оролцуулсан байсан бөгөөд хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд миний бие өөрийн биеэр оролцож нотлох баримт гаргаж өгөх эвлэрэх талаар санал тавихаа илэрхийлж байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хуулийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн...” гэх гомдол үндэслэлгүй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээнэ.

          Шүүх нотлох баримт бүрдүүлэх, татгалзлаа нотлох буюу хариуцагч эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг цаг хугацааны хувьд хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

           Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91534 төгрөгийг улсын  төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

         1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 146/ШШ2021/00068 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Ж-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Ж-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91534 төгрөгийг улсын  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.