Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00140

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ... байрлах, ... Төрийн өмчит хязгаарлагдмал хувьцаат компанийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, *******ын *******д холбогдох 

түрээсийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг, анз 13,500,000 төгрөг нийт 40,500,000 (Дөчин сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг ... ТӨХХК эрх залгамжлан авсан. ... ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжийг урт хугацааны таатай зээлийн нөхцлөөр дэмждэг. Ч.******* нь тус дэмжлэгт хамрагдаж, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2014/ХИБ11 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 27,000,000 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 13,500,000 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 27,000,000 төгрөг нийт 40,500,000 төгрөг гаргуулахаар байна.

Иймд Ч.*******гаас үнсэн төлбөр 27,000,000 төгрөг, анз 13,500,000 төгрөг нийт 40,500,000 төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анз 13,500,000 төгрөгөөс татгалзаж 27,000,000 төгрөгийг гаргуулахаар тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ТӨХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг, анз 13,500,000 төгрөг нийт 40,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь анз 13,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үндсэн төлбөр 27,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлж, үлдэх 23,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 27,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 292,950 төгрөгийн тал хувь 146,475 төгрөгийг хариуцагч Ч.*******гаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ... ТӨХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг, анз 13,500,000 төгрөг нийт 40,500,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын анзын 13,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үндсэн төлбөр 27,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлж, үлдэх 23,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 27,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 292,950 төгрөгийн тал хувь 146,475 төгрөгийг хариуцагч Ч.*******гаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА