| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03904/И |
| Дугаар | 191/ШШ2025/03180 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/03180
2025 04 16 191/ШШ2025/03180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч О.Аззаяа, Г.Бямбажаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....дүүрэг, .дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс .... дугаар байр, ... тоотод оршин суух В овогт Ма /РД:...../,
Нэхэмжлэгч: ....дүүрэг, дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс дугаар байр, ... тоотод оршин суух Ма овогт А /РД:...../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Ш шиэр гүэх ей гт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 20,751,215 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ал, С.Са
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
(Иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. ..... ажлын албанд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2026/Ч дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай төлбөр авагч В.Ма, төлбөр төлөгч Н.Ад холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан юм. Тус шүүхийн шийдвэрээр М.Ааг 11 нас хүртэл Улаанбаатар хотын бүсэд тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Н.Ааар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Н.А нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7441/ч дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж болон 670 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 439 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.А нь шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул төлбөр авагч В.Мааас 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Бааас 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус төлбөр төлөгчийн Монгол улсын хилээр гадаадад зорчих нь эрхийг хязгаарлаж, хилийн хориг тавьж өгнө үү гэх хүсэлтүүдийг удаа дараа гаргасан. Гэвч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь тухайн хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар аливаа хариу өгөхгүйгээр мөн энэ хүсэлттэй холбогдуулж Н.Ад хилийн хориг тавиагүйн улмаас тэрээр 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсын хилээр гарч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон. Улмаар М.А нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 18 нас хүрснээр Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 193-10-102 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
1.3.Шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төлбөр авагч В.Ма, М.А нар нь Н.Ааас тухайн үеийн шийдвэрээр авах байсан 20,751,215 төгрөгийн тэтгэврийг хүлээн авах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн байгууллагаас хохирлыг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2026/Ч дугаартай шийдвэрээр Н.Ааас 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж В.Мад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичигт 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч Н.Аы эзэмшил, өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, банк дахь битүүмжлэгдсэн данс мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих үр дүнд хүрээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Н.Аыг .... ХХК-д ажиллаж байгааг олж тогтоож, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдлийг ажил олгогч байгууллагад хүргүүлж, суутгагдсан 478,135 төгрөгийг төлбөр авагч В.Мад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр олгожээ. Төлбөр төлөгч Н.А нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн нь Хил, хамгаалах ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7-2/4759 дугаар албан бичгээр, мөн өнөөдрийг хүртэлх хугацаанд орж ирээгүй байгаа нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Төрийн байгууллагын лавлагааны системээс авсан лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
2.2. Тэжээн тэтгүүлэгч хүүхэд болох М.А нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 18 насанд хүрсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дах заалтыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон нь хуульд нийцжээ. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин, хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсэгт шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан. Иймд төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлгийг шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгчид байна.
2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002.09.01/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Төлбөр авагч В.Ма нь тэтгэлэг төлөгчийн гадаад гарах эрхийг түдгэлзүүлэх талаарх гомдлыг холбогдох албан тушаалтанд хандан урьдчилан шийдвэрлүүлээгүй бөгөөд хүсэлт хэлбэрээр шийдвэр гүйцэтгэгчид хандаж, гомдлыг шийдвэрлүүлэх хугацааг хэтрүүлсэн байна. Мөн гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх хуулиар олгосон хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. ....дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-4/
3.2.Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-5/
3.3. Индра кибер институтийн тодорхойлолт /хх-6/
3.4. 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2026/2 дугаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэр /хх-7-8/
3.5. 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 670 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж /хх-9-10/
3.6. 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 439 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-11/
3.7 Итгэмжлэл, нэхэмжлэгч нарын гарсан хүсэлт, албан бичиг /хх-12-20/
3.8 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2024/10224 дугаар шүүгчийн захирамж /хх-21-23/
4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1 Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-70/
4.2 Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдэл /хх-72/
4.3 Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Голомт банк ХК, Хасбанк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Төрийн банк ХК-руу явуулсан албан бичиг /хх-73-80/
4.4 Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх-82/
4.5 Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 193 дугаар тойрогт лавлагааны хариу /хх-83-84/
4.6 Төлбөр төлөөлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-86/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч В.Ма, М.А нар нь хариуцагч Ш шиэр гүэх ей гт холбогдуулан гэм хорын хохиролд 20,751,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.А нь хүү М.Ад хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Төлбөр төлөгчийг хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй гадаад улсад зорчих магадлалтайг мэдээд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, улмаар төлбөр авагч В.Мааас 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Бааас 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд Н.Аы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан.
Гэвч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүйн улмаас төлбөр төлөгч Н.А нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон. М.А 18 насанд хүрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Банкны төлбөр барагдуулах газрын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг аваагүй хохирсон учир хариуцагч байгууллагаас хохирлыг шаардах эрхтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, Гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч Н.Аы эзэмшил, өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, банк дахь битүүмжлэгдсэн данс мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих үр дүнд хүрээгүй. Төлбөр төлөгчийг .... ХХК-д ажиллаж байгааг олж тогтоон, түүний цалин орлогоос 478,135 төгрөгийг суутгаж В.Мад 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон. Тухайн үед мөрдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хүүхдийн тэтгэлэг гаргуулах журмыг Гэр бүлийн тухай хуулиар тогтооно гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хуулиараа шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээнд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх эрх олгогдоогүй байсан. Түүнчлэн төлбөр төлөгч нараас хуульд зааснаар гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй.
Н.А нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Зам-Үүд автозамын боомтоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар тогтоогдсон. Тэжээн тэтгүүлэгч хүүхэд болох М.А 18 насанд хүрснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон хэдий боловч нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлгийг нөхөн төлүүлэх эрхтэй. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд
4.1. В.Ма нь Н.Ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2026/ч дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар 2005 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү М.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Ааар сар бүр тэжээн тэтгүүлж, 2005 оны 5 дугаар сараас хойш тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4.2. Улмаар В.Маын хүсэлтийг үндэслэж шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас гарч, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарган ажиллагаа явуулсан байна.
4.3 Төлбөр төлөгч Н.А нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас төлбөр авагч В.Мааас 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Бааас 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хилийн хориг тавих хүсэлтийг гаргажээ.
4.4 Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас төлбөр төлөгчийн цалин хөлснөөс суутгал хийж, 478,135 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлснээс өөрөөр хүүхдийн тэтгэлэг төлөгдөөгүй байна.
4.5 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч Н.А нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийж, оршин суугаа газраа нуун дарагдуулсан үндэслэлээр Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тогтоол гаргаж, холбогдох ажиллагааг явуулахад төлбөр төлөгч Н.А нь Замын-Үүд авто замын боомтоор 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан байхаас гадна 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.6 Шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Н.Аы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргад хүргүүлж шийдвэрлүүлжээ.
4.7 Тэжээн тэтгүүлэгч хүүхэд болох М.А нь 18 насанд хүрснээр Б т бгазраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасныг баримтлан 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна.
5. Талууд дээрх үйл баримтуудад маргаагүй, харин шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй эсэх талаар маргажээ.
6. Нэхэмжлэгч В.Ма, М.А нараас хариуцагч Ш шиэр гүэх ей гт холбогдуулан хохиролд 20,751,215 төгрөг гаргуулахаар шаардахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банкны төлбөр барагдуулах газрын эрх бүхий ажилтнууд хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирсон гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
Хуульд өөрөөр заагаагүй буюу нарийвчилсан зохицуулалт байхгүй бол төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зохицуулжээ.
Нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчаас 2014, 2015 онд гаргасан хилийн хориг тавиулах буюу гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг эрх бүхий этгээд шийдвэрлээгүйн улмаас төлбөр төлөгчөөс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн төлбөрөөр хохирсон үндэслэлээр хохирол шаардсан.
7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгчийн явуулж болох ажиллагааг, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийг тус тус нэрлэн заасан байна.
Эдгээр зохицуулалтаас үзвэл, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх эрхийг эдэлдэггүй бөгөөд энэхүү арга хэмжээг заавал хэрэгжүүлэх үүргийг хуулиар хүлээгээгүй байна.
Тус хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх эрх Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид олгогдсон ба уг заалтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмсэн.
8. Нэхэмжлэгч В.Ма нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд Н.Аы нэр дээр хилээр гарахгүй байх хориг тавих агуулга бүхий хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-д 133 дугаар зүйлийн 133.4.4 заалтыг нэмэлтээр оруулахаас өмнө гаргаж, дахин түүний төлөөлөгчөөс 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Н.Аыг Монгол Улсын хилээр гадагш зорчих эрхийг хааж хилийн хориг тавих хүсэлтийг гаргасан байна.
9. Хариуцагч талаас төлбөр төлөгчийн оршин байгаа газар тодорхойгүй мэдэгдэх ажиллагааг явуулж чадаагүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч санал гаргаагүй, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгчийн ажил олгогч байгууллага болох .... ХХК-д мэдэгдэл хүргүүлж, цалин орлогоос суутгал хийсэн боловч Н.А уг байгууллагад ажиллахаа больсон байсан учир холбогдож чадаагүй гэх тайлбарыг гаргасан бол нэхэмжлэгч талаас 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийн тэтгэлэгт 478,135 төгрөгийг олгосон учир дахин хүсэлт гаргаагүй гэж тайлбарласан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал гаргаагүй шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт заасан журмын дагуу төлбөр авагч тал гомдол гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, төлбөр авагчийн хувьд ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргах эрхтэй ба өөрийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй талаарх гомдлоо дээд шатны албан тушаалтанд гаргаагүй, хуульд заасан хугацааны дотор мөн шүүхэд хандаагүй байна.
Төлбөр авагч тал нь хүүхдийн тэтгэлэгт 478,135 төгрөг гаргуулан авснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр төлөгч үүргээ гүйцэтгэхгүй байгаа талаар аливаа хүсэлт, гомдол гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
10. Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах журмыг Гэр бүлийн тухай хуулиар тогтооно гэж заасан.
Гэр бүлийн тухай хуульд тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа, тэтгэлэг нөхөн гаргуулах, тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс үүсэх хариуцлагыг зохицуулснаас өөрөөр тэтгэлэг төлөгчийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах зохицуулалт байхгүй байна.
11. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь төлбөр төлөгч Н.Ааас төлөгдөөгүй тэтгэлгийг, алдангийн хамт нэхэмжлэх эрхтэй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
12. Дээрх тогтоогдсон үйл баримт, хэрэг авагдсан баримтаас үзвэл, хариуцагч байгууллагын ажилтны гэм буруутай эс үйлдэхүйн улмаас төлбөр авагч нар авах ёстой тэтгэлгийг авч чадаагүй гэх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч В.Ма, М.А нарын хариуцагч Ш шиэр гүэх ей гт холбогдуулан гаргасан хохирол болох 20,751,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч М.Болорчимэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан тул зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүн явуулсан болно.
14. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2024/11475 дугаар захирамжаар нэхэмжлэгч В.Ма, М.А нарыг улсын тэмдэгтийн хураамжид 261,706 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ш шиэр гүэх ей гт холбогдуулан хохиролд 20,751,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Ма, М.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Ма, М.А нарыг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 261,706 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ
ШҮҮГЧИД О.АЗЗАЯА
Г.БЯМБАЖАРГАЛ