| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00187/И |
| Дугаар | 320/ШШ2025/00417 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 320/ШШ2025/00417
| 2025 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 320/ШШ2025/00417 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 320/2025/00187/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д компани,
Хариуцагч: Б.С,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 93,484,140 (ерэн гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга нэг зуун дөч) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.У (цахим),
Хариуцагч: Б.С ,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Буянтогтох,
Иргэдийн төлөөөлөгч: Л.Х ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д компани нь хариуцагч Б.С ад холбогдуулан гэм хорын хохиролд 93,484,140 (ерэн гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга нэг зуун дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Манай Д компанийн өмчлөлийн хүнд даацын тээврийн хэрэгслээр компанитай хөлсөөр ажиллах гэрээгээр байгуулан ажиллаж байсан хариуцагч Б овогтой С гэдэг жолооч 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хилийн боомт руу явдаг авто замын 186 дахь километр дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрөх үйлдэл хийсний улмаас Э компанийн 9*** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасан. Тухайн осол дээр Ө аймгийн Х сум дахь Ө аймгийн Цагдаагийн газрын харьяа гэрээт цагдаагийн хэлтэс хэргийн газарт үзлэг хийсэн. Гэрээт цагдаагийн ажилтан зохицуулагч Н.Б 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ЭБА-69 тоот эрх бүхий албан тушаалтны магадлагаа гаргаж, жолооч Б.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3-т заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна гэж үзээд үүнийг жолооч Б.С ад танилцуулж, Б.С үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Осол жолооч Б.С ын буруутай үйлдлээс гарсан. Ослын дараа манай компани болон хохирогч Э компани 9***ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж, үнэлгээний зардал 1,070,000 төгрөгийн нэхэмжлэх манай байгуулагад өгч төлсөн. Компанийн машинд 16,226,207 төгрөгийг төлөх нэхэмжлэх ирүүлсэн. Манай компани жолоочийн хариуцлагын Мөнх даатгал даатгалын компанид даатгуулсан байсан учраас энэ даатгалаас 7,362,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 8,864,207 төгрөгийг манай компани төлсөн. Манай өөрийн өмчлөлийн 6*** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл, хохирлыг Тэргүүн үнэлгээ хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд нийт 70,807,933 төгрөгийн буюу чирэгч толгойд 67,200,000 төгрөгийн, чиргүүлд 3,600,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан. Бид нар Тэргүүн үнэлгээ компанид хөрөнгийн үнэлгээний зардал 4,102,000 төгрөг төлсөн. Осолтой холбоотой ачилтын компаниас 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр албан шаардлага ирүүлсэн. Үүнд гэрээний хариуцлагын заалт зөрчсөн 6*** ӨМЕ авто машины замын зорчих хэсэгт аспалт болон замын хучилт хэсэг дээр дизель түлш асгасан зөрчил гаргасан гэж акт тогтоон 8,640,000 төгрөг төл гэдэг нэхэмжлэх ирсэн. Ингээд нийт 93,484,140 төгрөг болсон. Энэ бол жолоочийн хариуцлагын даатгалын 7,362,000 төгрөг хасагдсан дүн байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалаас гадна 6*** ӨМЕ улсын дугаартай авто машиныг Амар даатгал компанийн тээврийн хэрэгслийн даатгалд хамруулсан байсан. Тээврийн хэрэгслийн даатгалд үнэлгээнийхээ дагуу өндөр төлбөр хураамж төлж, жолоочид учруулах дарамтыг багасгах үүднээс даатгуулдаг. Бид нар цагдаагийн байгууллагаас гаргасан дүгнэлт болон бусад баримт материалуудаа даатгалын компани руу явуулж, төлбөр хүсэхэд Амар даатгал компани 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2408096 дугаартай албан бичгээр энэ нь Даатгалын тухай хуулийн 8.6, Даатгалын гэрээний 12.1.4 дүгээр заалтуудад хамаарч байх тул тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн хариу өгсөн. Ингээд манай компани тээврийн хэрэгслийн даатгалаас нөхөн төлбөр авах боломжгүй болж осол гаргасан гэм буруутай жолооч Б.С тай ярьж энэ төлбөрүүдээ төлөхийг шаардсан. Манай толгой компанийн аудиторууд төлбөрүүд дээр шүүхэд ханд эсвэл заавал төлбөрийг нь төлүүл гэсэн шаардлага тавьдаг. Энэ талаар Б.С ад тайлбарлаж, ийм төлбөрүүд гарсан байна, график гаргаад төлөөд явах юм уу гэхэд Би төлөхгүй, даатгалын компаниас төлбөрөө гаргуул. гэсэн хариу өгсөн. Үүнтэй холбоотой манай компани 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн шүүхэд хандаж нийт 93,484,140 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байгаа. Манай компанийн хувьд хариуцагч Б.С ад боломж олгосон. Яагаад гэхээр осол болсноос хойш тухайн машин засварт орох хүртэл хугацаанд тээвэрлэлт гүйцэтгээгүй. Энэ хугацаанд тээвэрлэлт хийж орлого олох байсан. Энэ орлогыг нэхэмжлээд яах вэ, одоо учирсан байгаа хохирлоо нэхэмжилье гэж уян хатан байдлаар хандсан... гэв.
2. Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д компанийн ачааны машиныг унаж хилийн наана ачааг буулгахаар уртын тээвэрт явсан. Тухайн компани намайг осолд орсон байхад над руу нэг ч удаа залгаагүй, харж үзээгүй. Надтай холбогдож би тантай тохиролцмоор байна, ийм төлбөр гарсан. Та ажлаа хийх боломжтой юу гэж асуусан гэж байна. Тухайн үед над руу залгахдаа та ирж ажлаа хийх боломжтой байна уу, ийм өндөр дүн гарсан. Үүнийг яаж төлж барагдуулах вэ гэж асуусан. Тэгэхлээр нь би хөл дээрээ ч босож чадахгүй байна гэхэд энэ мөнгийг нэн яаралтай төлөх хэрэгтэй байна гэсэн. Би надад төлөх боломж үнэхээр байхгүй гэсэн чинь өндөр төлбөртэй байгаа жолооч нарыг цаад Хятад дарга нар нь шүүхэд өг гээд байгаа гэхээр нь даатгалаас мөнгө авч болохгүй юм болов уу гэхэд даатгалын компани чамайг буруутай учраас даатгалын мөнгийг өгөхгүй гэсэн гэж хэлэхээр нь би надад ийм их мөнгө байхгүй. Танайх намайг ажлаа хийгээд төл гэж байгаа боловч би ажил хийх боломжгүй гэхэд утсаа таслаад дахиж холбогдоогүй. Тэгээд шүүхэд өгсөн байсан. Би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах ёстой хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Хэдийгээр нэхэмжлэгч тал хариуцагчийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ биш болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.
Нэгдүгээрт: Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дуусах үед дуусгавар болно гэж заасан. Хөлсөөр ажиллах гэрээний онцлог шинж нь тохирсон ажил үйлчилгээгээ дуусгаад хөлсөө авснаар дуусгавар болох буюу дахиж тэр ажлыг хийх шаардлагагүй. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцаа дуусахгүй үргэлжлээд давтагдаад байнгын ажлын байрны шинжтэй байгаа. Хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болох зохицуулалт Иргэний хуульд зааснаар заавал байх ёстой. Гэтэл 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээнд зөвхөн гэрээг цуцлах тухай зохицуулалт байгаа.
Хоёрдугаарт: Гэрээний 6 дугаарт гэрээ цуцлах, дуусгавар болох гэсэн хэсэг байгаа боловч агуулгын хувьд зөвхөн цуцлах тухай заасан байна. Мөн ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухайн заалтуудаар ажилтан нь өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй, хэтэрхий нэг талыг барьсан хууль бус хүчин төгөлдөр бус гэрээ. Хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болохдоо тохиролцсон ажлыг хийгээд дууссан бол дуусгавар болно. Хариуцагчийн хувьд тээвэр хийх ажлаа дууссан буюу хөлсөөр ажиллах гэрээнд заасан хугацаа нь дууссан ч ажлаа хийсээр байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалинг тогтоохыг хориглодог. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хөлсөөр ажиллах гэрээний агуулгаас харахад цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоогоогүй. Тэгэхлээр агуулга нь хөдөлмөрийн гэрээ байна гэдгийг давхар харуулж байна.
Гуравдугаарт: Иргэний хуулийн 366 дугаар зүйлд гэрээг сунгах тухай зохицуулсан бөгөөд хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээний 1.7-д Иргэний хуульд зааснаас өөрөөр зохицуулсан. Иргэний хуульд хөлсөөр ажиллах гэрээний тухай нарийвчлан зохицуулсан байхад гэрээнд өөрөөр хэрэглээд байгаа нь хөлсөөр ажиллах гэрээ биш гэж үзэхээр байна. Хэрвээ хөлсөөр ажиллах гэрээ байсан бол гэрээг сунгах тухай зохицуулалт Иргэний хуулийн 366 дугаар зүйлд зааснаар хэрэглэх ёстой. Гэтэл энэхүү гэрээний 1.7-д энэхүү гэрээний 1.6-д заасан хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар талууд хоорондоо санал тавиагүй бол энэхүү гэрээг дахин 3 сараар сунгасанд тооцно гэж заасан. Гэтэл Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно гэж заасан. Иргэний хуулиар нарийвчлан зохицуулсан харилцаа явагдаж байгаа бол Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ гэдэг зохицуулалтын дагуу явагдах ёстой. Хэдийгээр нэр нь хөлсөөр ажиллах гэрээ гэж байгаа боловч агуулга нь хөлсөөр ажиллах гэрээ биш байна. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байгаа нь ажилтны буруу биш энэ бол ажил олгогчийн буруу. Нэхэмжлэгч компани бичгээр гаргаж өгсөн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбартаа энэ бол хөдөлмөрийн гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээ гэж тайлбарлаж байна. Энэ талаар манайх тав тухтай кэмптэй, мэргэжлийн компани, сайн хоолтой. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ байгуулах юм бол жолооч нарын рээс багасаж хөлс нь буурах гээд байсан учраас жолооч нарын эрх ашгийн тулд хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг гэсэн. Энэ бол нэг талаар хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй гэдгээ мэдээд хууль бус үйлдлээ зөвтгөж байгаа тайлбар гэж харагдаж байна. Тухайн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ дээр үйл ажиллагааны чиглэлийг авто машинаар ачаа тээвэрлэх гэсэн байгаа. Энэхүү гэрээ болон гэрээгээр ажиллаж байгаа ажлын байр байнгын ажлын байр байгаа юм. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой. Нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүссэн учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу тухайн зам тээврийн ослоос учирсан хохирлыг нэхэмжлэгч компани төлнө. Тухайн тээврийн хэрэгсэл, чиргүүлийн өмчлөгч нь Д компани гэдэг нь тогтоогдож байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байхад байгуулаагүй байгаа нь ажил олгогчийн буруутай болон хууль зөрчсөн үйлдэл. Хүчин төгөлдөр бус хөлсөөр ажиллах гэрээг үндэслэж эдгээр мөнгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй байна. Осол болсон гэм буруу дээр би огт маргахгүй. Хариуцагч осол гаргасан гэм буруутай гэдэг нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчид хохирол учирсан дээр мөн маргахгүй. Гэхдээ хэргийг шүүх шийдэхдээ хөлсөөр ажиллах гэрээний дагуу жолооч компанийн хооронд харилцаа үүсээд байгаа юм уу, хөдөлмөрийн гэрээний дагуу жолооч, компанийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээд байна уу гэдгийг маш сайн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Яагаад гэхээр Б.С аар байнга гэрээ хийгээд гарын үсэг зуруулаад байна. Хэрвээ хөлсөөр ажиллах гэрээ гэдгээ дагах юм бол 3 сарын дараа автоматаар сунгагдах ёстой. Гэтэл байнга ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн хариуцлага хүлээлгэсэн баримтад гарын үсэг зуруулаад байгаа. Аливаа ажилтны эрх, үүрэг, хүлээх хариуцлага нь тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг. Энэ талаар нарийвчлан зохицуулсан эрх, үүрэг буруутай үйлдэл хийвэл яах вэ гэсэн хариуцлага тогтоосон хөдөлмөрийн гэрээг бичгээр хийгээгүй байгаа. Энэ гэрээг бичгээр хийгээгүй байгаа нь хариуцагчийн буруугаас болоогүй. Хууль ёсны үндэслэл бүхий байх, шударга байх гэдэг үүднээс Иргэний хуулийн дагуу хариуцагч ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг нэхэмжлэгч өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Л.Х шүүх хуралдаанд: Б.С нь энэ мөнгөн дүнг нэгдүгээрт төлөх чадваргүй, хоёрдугаарт хөдөлмөрийн чадвараа алдсан, гуравдугаарт тухайн байгууллага осолд орсных нь дараа биеийн байдал ар гэрийг нь эргэж тойроогүй, байгууллага нь эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй байна. Хэрвээ энэ хүн үхсэн бол байгууллага ямар хариуцлага хүлээх байсан юм бэ.
Ийм учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. гэх дүгнэлт гаргажээ.
4. Нэхэмжлэгч Д гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас шүүхэд компанийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/009 дүгээр албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар: ЗТО-69 Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Б.С ын иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тэргүүн Үнэлгээ ХХК-ийн 459 дүгээр Авто машин техник үнэлгээний тайлан, Нэхэмжлэх №21/008, №02/12 дугаар баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Э ХХК-ийн Ухаа худаг салбарын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр албан бичиг, Хөрөнг Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн №19584/ДД№ 30094552 Автомашин техникийн үнэлгээний тайлан, Гашуун сухайт авто зам ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03/658 дугаар албан бичиг, түүний хавсралт, Гүйлгээний утга: Хохирлын акт /6*** ӨМЕ/ гэх Нэхэмжлэх, Амар даатгалын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 24/-08-096 дугаар албан бичиг, Хөлсөөр ажиллах гэрээ, Ажил горилогчийн анкет, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/039, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/048 дугаар албан бичгүүд, Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дугаар 001 Гэрээт ажилтны журам батлах тухай тушаал, түүний хавсралт, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар А/005 Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, түүний хавсралт, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/049, Ө аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 80 дугаар албан бичгүүд, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Журналын №190457725 Шилжүүлгийн мэдээлэл, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Журналын №167869640, №167869382 Шилжүүлгийн мэдээлэл, Даатгалын гэрээ Гэрээний дугаар 88С2400333, Цэцийгуа гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Шанхын цэц гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Эко глобал ложистикс гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар А/001 Тээвэрлэлтийн үйл ажиллагааны журам батлах тухай тушаал, түүний хавсралт зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгчээ.
Хариуцагч Б.С ад 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тогтоосон боловч тэрээр хариу тайлбар ирүүлээгүй.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч Б.С ын арилжааны банкууд дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан,
хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Д гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2024 онд Д хязгаарлагдмал хариуцлага компани Б.С нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээний аль байгааг нь нэхэмжлэгч байгууллагаас гаргуулах тухай, 2024 онд Д компани Б.С нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй дотоод журам болон холбогдох бусад баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Б.С гэдэг жолооч 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хилийн боомт руу явдаг авто замын 186 дахь километр дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрөх үйлдэл хийсний улмаас Э компанийн 9*** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасан. Энэ осол жолооч Б.С ын буруутай үйлдлийн улмаас гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа тул гэм хорын хохиролд 93,484,140 төгрөг гаргуулна...
Хариуцагчийн өмгөөлөгч Хөлсөөр ажиллах гэрээ биш гэж маргаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би үзэж байна... гэв.
3. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...Надад энэ мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй, би хэдэн өнчин дүү нараа тэжээдэг. Энэ мөнгө миний хувьд маш их мөнгө...
...Хариуцагчийн өмгөөлөгч миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад нэхэмжлэгч байгууллага хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй. Аливаа ажилтны эрх, үүрэг, хүлээх хариуцлага нь тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг. Энэ талаар нарийвчлан зохицуулсан эрх, үүрэг буруутай үйлдэл хийвэл яах вэ гэсэн хариуцлага тогтоосон хөдөлмөрийн гэрээг бичгээр хийгээгүй байгаа нь хариуцагчийн буруугаас болоогүй. Хууль ёсны үндэслэл бүхий байх, шударга байх гэдэг үүднээс Иргэний хуулийн дагуу хариуцагч ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг нэхэмжлэгч өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй... гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч Б.С нь Ө аймгийн Х суманд Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт руу Д гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлийн Howo маркын 6*** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан нь Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар: ЗТО-69 магадлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэ үйл баримттай талууд маргаагүй.
5. Харин талуудын маргааны зүйл нь тэдний хооронд Хөдөлмөрийн гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээний аль байгуулагдсан болох, нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцагч хариуцах эсэх зэрэгт маргажээ.
6. Талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ гэх гэрээ байгуулагдсан байх ба тухай гэрээний нэг тал буюу ажил гүйцэтгүүлэгч нь Д гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөгөө тал буюу гэрээт ажилтан нь Б.С байна.
Энэхүү гэрээний 2.2-т Гэрээт ажилтанд олгох ажлын хөлс нь тухайн сарын тээвэрлэлтийн (рэйс) гүйцэтгэлийн нийлбэр байх бөгөөд ажлын хөлсийг гэрээт ажилтны ажлын гүйцэтгэлд үндэслэн Тээврийн хөлс олгох тухай гүйцэтгэх захирлын тушаалд заасны дагуу тооцож олгохоор,
5.2-т гэрээт ажилтан нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас компанийн харилцагч байгууллагад гэм хор, хохирол учируулсан тохиолдолд дангаар, бие даан хариуцан хохирлыг,
5.3-т гэрээт ажилтан нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас компани болон компаний өмч хөрөнгөнд, тээврийн хэрэгсэлд, кемпэд эд хөрөнгийн хохирол учруулсан бол компаниас тогтоосон хугацаанд хохирлыг бүрэн барагдуулахаар гэрээний гол нөхцлөө тохиролцож гэрээг байгуулжээ.
Дээрх гэрээний Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан Ө аймгийн Х сум дахь Ө аймгийн Цагдаагийн газрын харьяа гэрээт цагдаагийн хэлтсийн гэрээт цагдаагийн ажилтан зохицуулагч Н.Б ийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ЭБА-69 тоот эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар хариуцагч Б.С нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хилийн боомт руу явдаг авто замын 186 дахь километр дээр Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3-т заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг зөрчиж, түүний буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөнд болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э компани 9***ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн үнэлгээний зардал 1,070,000 төгрөг, тухайн компанийн машинд учирсан хохирлын үлдэгдэл 8,864,207 төгрөг, өөрийн компаний өмчлөлийн 6*** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирол 70,807,933 (чирэгч толгойд 67,200,000, чиргүүлд 3,600,000) төгрөг, Тэргүүн үнэлгээ компанид төлсөн хөрөнгийн үнэлгээний зардал 4,102,000 төгрөг, гэрээний хариуцлагын заалт зөрчсөн 6*** ӨМЕ авто машины замын зорчих хэсэгт аспалт болон замын хучилт хэсэг дээр дизель түлш асгасан зөрчил гаргасан гэж акт тогтоосон 8,640,000 төгрөг, гэм хорын хохиролд нийт 93,484,140 төгрөг гаргуулна гэж шаардсан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч байгууллага нь Э компани 9***ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн үнэлгээний зардал 1,070,000 төгрөг, тухайн компанийн машинд учирсан хохирлын үлдэгдэл 8,864,207 төгрөг, Тэргүүн үнэлгээ компанид төлсөн хөрөнгийн үнэлгээний зардал 4,102,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдлоо.
Харин гэрээний хариуцлагын заалт зөрчсөн 6*** ӨМЕ авто машины замын зорчих хэсэгт аспалт болон замын хучилт хэсэг дээр дизель түлш асгасан зөрчил гаргасан гэж акт тогтоосон 8,640,000 төгрөг, өөрийн компаний өмчлөлийн 6*** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд 70,807,933 (чирэгч толгойд 67,200,000, чиргүүлд 3,600,000) төгрөг төлсөн болох нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд шүүх хариуцагч Б.С аас гэм хорын хохиролд 14,036,207 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэм хорын хохиролд 79,447,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэдийн төлөөлөгч нь хариуцагч энэ мөнгөн дүнг төлөх чадваргүй, хөдөлмөрийн чадвараа алдсан, тухайн байгууллага осолд орсных нь дараа биеийн байдал ар гэрийг нь эргэж тойроогүй, эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлт гаргажээ.
Хариуцагч Б.С ын буруутай үйлдлээс зам тээврийн осол гарч нэхэмжлэгч байгууллагад гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
8. Тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 320/ШЗ2025/01017 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гарсан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээхээр тогтлоо.
9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 625,370.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С аас 14,036,207 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 228,131 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Б.С аас гэм хорын хохиролд 14,036,207 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэм хорын хохиролд 79,447,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 625,370.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С аас 228,131 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 320/ШЗ2025/01017 дугаар Хүсэлт шийдвэрлэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар авагдсан хариуцагч Б гийн С ын арилжааны банкнууд дахь харилцааны данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 93,484,140 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шүүхийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гарсан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж байгаа болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ с.оюунжаргал