Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 204/МА2021/00005

 

 

           Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 146/ШШ2021/00055 дугаар шийдвэртэй, Б Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-д холбогдох “32 843 390 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /цахимаар/, хариуцагч Б.Т /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Б Финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай Б Финанс ББСБ ХХК нь иргэн Б.Т-ын хүсэлтийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б0153/2019 тоот барьцааны гэрээ болон А0153/2019 тоот зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг  36 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийг олгохдоо зээлдэгчийн санал болгосон төрийн банкны данс руу шилжүүлж буюу бэлэн бусаар олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд буюу зээлийн гэрээний хавсралтанд заасан хугацаанд зээлийг төлөхгүй удаа дараа зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж байгаа болно. Иймд манай байгууллагын зүгээс удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлээ төлөхийг шаардаж байгаа боловч удахгүй зээлээ төлнө гэсээр өдийг хүрч байна. Би дэлхий нийтэд тархаад буй Covid-19 тахлын улмаас үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлыг ойлгож аль болох зээлдэгч талдаа хүлээцтэй хандаж ирсэн болно. Харин зээлдэгчийн хувьд үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нь манай байгууллагад маш их хохирол учруулж байна. Иймд Б.Т-аас үндсэн зээл 21 008 334 төгрөг, зээлийн хүү 11 766 426 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68 630 төгрөг буюу нийт 32 843 390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б Финанс ББС байгууллага нь хариуцагч Б.Т-н хүсэлтийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 36 сарын хугацаатай 30 хоногийн 3.5 хувийн хүүтэй 20 000 000 төгрөгийг зээлж хариуцагч Б.Т-ын төрийн банкны данс руу шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 5 000 000 төгрөгийг хариуцагч Б.Т-ын саналыг үндэслэн зээлийн эргэн төлөлтөндөө ашиглах гэж байгаа учраас танай байгууллагад түр үлдээж эхний 2 сарын үндсэн зээлийн төлөлтийг хийе гэсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээлээс 3 994 666 төгрөг, зээлийн хүүнд 758 333 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн хүүнд 224587 төгрөгийг нийт 5 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Үүнээс хойш зээлээ алданги оног төлж явж байгаад сүүлдээ огт төлөхөө больсон. Иймээс Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу үндсэн зээл 21 008 334 төгрөг, зээлийн хүү 11 766 426 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68630 төгрөг нийт 32 843 390 төгрөгийг хариуцагч Б.Т-аас нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Б.Т анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 01 дүгээр сарын 27-ны үеэр Агийн эхнэр М над руу утсаар залгаад та хоёр банкинд зээлтэй юу гэж асуухаар нь би цалингийн зээлтэй гэж хэлсэн. Би М-аас юу болсон талаар асуухад Гийн нөхөр бид хоёрын ажиллуулдаг газар мөнгөгүй болчихлоо чи нийгмийн даатгал төлдөг учраас чамаар зээл авахуулах хүсэлтэй байгаа талаараа надад хэлсэн. Би цалингийн зээлтэй надад дахин зээл гарах боломж байхгүй гэж хэлтэл манай найз болох Г нь Б Финанс ББСБ-ийн захирал учраас зээлийн тал дээр ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлээд намайг маргааш гэхэд Улаанбаатар хотод хүрээд ир гэж хэлсэн. Би ажлаасаа чөлөө аваад нөхрийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот руу очсон. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр А, М хоёртой утсаар холбогдоод уулзсан. Би чамайг нэг хүнд Г-ийн дүү гээд хэлчихсэн байгаа. Тухайн хүн нь Г бид хоёрын ажиллуулдаг газраас зээл аваад зээлээ төлөөгүй хүн байгаа гэж хэлсэн. ...Би гэрчилгээгээ бариад БББС байгууллага дээр очиж аавыгаа эмчилгээнд явуулах гэж байгаа надад мөнгөний хэрэг байна гэж зээлийн мэргэжилтэн н.Б гэж хүнд хэлсэн. Гэтэл миний өмнөөс цагаан сар болох гэж байгаа учир манайх зээлээ хаасан байгаа гэж хэлсэн. Би буцаад гарах гэж байтал шилэн хаалганы цаанаас Б-г Г дуудсан. Тэгтэл Б гэж хүн намайг та наанаа түр хүлээгээд сууж байгаарай гэж хэлээд Гийн өрөө рүү яваад орсон. Б гэж хүн нь Г-ийн өрөөнд орж юм ярьж байснаа гарч ирээд манайд хэдэн төгрөг байгаа юм байна танд зээл олгохоор боллоо. Танд ямар барьцаа хөрөнгө байгаа юм гэж хэлсэн. Би өмнөөс нь хаусынхаа гэрчилгээг өгтөл миний зээлийг маш хурдан бүтээж өгсөн. Тухайн зээлийг олгох гэтэл намайг Голомт банкны данстай юу гэж асуухад би Голомт банкны данс байхгүй. Хүүхдийн мөнгө авдаг Төрийн банкны данс, өөрийнхөө цалинг авдаг Хаан банкны данс байгаа гэж хэлсэн. Б надад манайх зээл олгохдоо ганцхан Голомт банкны дансаар олгодог гэсэн. Тэгснээ миний Төрийн банкны данс болох дансыг авсан боловч миний энэ данс руу ямар нэгэн мөнгө ороогүй. Тухайн Төрийн банкны дансыг болохгүй байна гэж хэлээд манай хажууд голомт банк байгаа чи яваад Голомт банкны данс нээлгээд ир гэж хэлсэн. Би Голомт банкинд өөрийнхөө нэр дээр данс нээлгүүлсэн. Би дансаа нээлгээд буцаж орж ирэхэд Б надад хэлэхдээ та анх 25 000 000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Гэтэл таны барьцаанд тавьж байгаа хаус Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байгаа учраас Өмнөговь аймгийн нотариатаар батлуулсан байх ёстой гэж хэлсэн. Тийм учраас таньд манай зүгээс 20 000 000 төгрөгийн зээл өгнө. Үлдэгдэл 5 000 000 төгрөгийг Өмнөговь аймагт нотариат хийлгэж ирчихээд аваарай гэсэн. Би тэр дор нь М руу утасдаад хэлтэл зүгээр зүгээр өгсөн мөнгийг нь л авчих гэж хэлсэн. Тэгээд би зээлийн гэрээ нь дээр гарын үсэг зурсан. Миний шинээр нээлгэсэн Голомт банкны данс руу 20 000 000 төгрөг орсон. Би Б ББС байгууллагын хаалгаар гартал М над руу залгаад зээл нь бүтсэн үү гэж асуухаар зээл бүтсэн талаар хэлтэл гүйлгээ хаах гээд байна тэрнээс өмнө мөнгөө миний данс руу шилжүүл гэж хэлсэн. М надад хэлэхдээ та хоёр 1 000 000 төгрөгийг нь хэрэглээрэй гэсэн болохоор би 900 000 төгрөгийг нь дансандаа үлдээгээд 8 888 000 төгрөгийг М нөхөр А-н данс руу шилжүүлсэн. 100 000 төгрөгийг нь зээлийн хураамж гээд буцааж авсан. М 10 000 000 төгрөгийг нь Г-н данс руу хийлгэнэ гэж байснаа болиод ээж Б-н данс руу хийлгэсэн. Би бүх мөнгийг шилжүүлчихсэн гэж хэлтэл за одоо болсон гэж хэлсэн. Би энэ асуудлаас хойш хоёр хоногийн дараа Өвөрхангай аймаг руугаа явсан. Ийм л асуудал болсон гэжээ.

              Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-с 31 835 056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 008 334 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 317 126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б финанс ББСБ ХХК-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.  

        Хариуцагч Б.Т давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие хэсэг бүлэг залилагч этгээдүүдийн золиос болж эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг заваараа хохироод байна. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны үеэр А-н эхнэр М над руу утсаар яриад та хоёр банкинд зээлтэй юу гэж асуухад нь цалингийн зээлтэй гэж хэлсэн. Мгоос юу болсон талаар асуухад Гийн нөхөр бид хоёрын ажиллуулдаг газар мөнгөгүй болчихлоо чи нийгмийн даатгал төлдөг учраас чамаар зээл авахуулмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цалингийн зээлтэй надад дахиж зээл гарах боломжгүй гэтэл тэр асуудалгүй манай найз Г нь Б Финанс ББСБ-ын захирал учраас зээлийн тал дээр асуудал байхгүй гэж хэлээд намайг маргааш гэхэд Улаанбаатар хотод хүрээд ир гэсэн. Би ажлаасаа чөлөө аваад нөхрийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 30-нд А, М хоёртой уулзаж барьцаанд тавих гэрчилгээгээ бариад Б Финанс ББСБ дээр очсон. Эхлээд зээлийн мэргэжилтэн Б гэх хүн зээл олгох боломжгүй байгаа гэж хэлсэн ч Г Б-г дуудаж уулзсанаар зээл олгохоор болсон. Би анх 25 000 000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан боловч надад 20 000 000 төгрөгийг олгосон. Тухайн ББСБ нь зөвхөн Голомт банкны дансаар зээл олгодог гэсэн учир шинээр данс нээлгэж тухайн зээлийг шилжүүлж авсан. М-д 25 000 000 биш 20 000 000 төгрөгийг өгч байна гэтэл зүгээрээ өгч байгааг нь л ав гэсэн. Тэгээд өнөөдөр гүйлгээ хаах гээд байна одоо гялс надад мөнгөө шилжүүл гэсэн. М надад хэлэхдээ та хоёр 1 000 000 төгрөгийг нь хэрэглээрэй бусдыг нь даруйхан хий гэхээр нь 900 000 төгрөгийг нь дансандаа үлдээгээд 8 888 000 төгрөгийг Мгийн нөхөр Агийн данс руу шилжүүлж үлдсэн 10 000 000 төгрөгийг нь Гийн данс руу хийлгэсэн. Би бүх мөнгийг шилжүүлчихлээ гээд М руу ярьтал одоо болсон гэсэн. Бид хоёр Улаанбаатарт 2 хоноод гэртээ ирсэн. Тус зээлийн хүү болоод үндсэн төлбөрийг Мг төлж байгаа л гэж бодож байтал шүүхэд дуудаж ийм асуудал үүсээд байна. Иймээс хэргийг дахин хянаж А, М, Г, Г-ийн ээж Б гэх хүн зэргийг хамтран хариуцагчаар татах шаардлагатай байна. Шүүх хэргийн үнэн зөвийг нягтлах, нэмэлт ажиллагаа явуулах, шинжээч томилох зэрэг асуудлууд дутуу хийгдэж шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж дээрх ажиллагаануудыг хийх боломжоор хангаж өгнө үү. Миний бие өмнө нь хууль, шүүхийн байгууллагаар явж үзээгүй тул балмагдаж, сандарч яах учраа олохгүй явсаар анхан шатны шүүхээс шийдвэр гарчихлаа. Хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас миний эрхэд хэт халдсан шийдвэр гарахад өөрийн зүгээс ямар ч арга хэмжээг авч чадаагүй. Тиймээс уг байдлыг минь харгалзан үзэж өөрийн хууль ёсны эрхээ хамгаалах боломжоор хангаж хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь

         Нэхэмжлэгч “Б Финанс ББСБ” ХХК-аас хариуцагч Б.Т-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг 32 843 390 төгрөг” гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

           Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...энэ зээлийг н.Г, н.М нар надаар авахуулсан тул би зээлийг хариуцахгүй. Г, М хоёрын луйвардсан мөнгийг төлүүлмээр байна...” гэжээ.

         Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, зохигч нар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж “Б Финанс ББСБ” ХХК нь 25 000 000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлхээр гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг Б.Тын Голомт банкны 1825121301 тоот данс руу шилжүүлсэн, Б.Т зээлийг гэрээнд заасан хугацаа, журмын дагуу хүүгийн хамт буцааж төлөх үүргийг тус тус хүлээжээ. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох бөгөөд шүүх зохигч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

          “Б Финанс ББСБ” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх ТЗ101/639 дугаартай тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 сарын 04-нд эрх бүхий байгууллагаас авсан байх тул зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж үзнэ.         Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

         Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх ёстой боловч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, Б.Т-ын Голомт банкны *** тоот зээлийн дансны хуулгаар /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/ тогтоогдсон байна.

           Иргэний хуулийн 206-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

            Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй. Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.

         Хэрэгт авагдсан баримтаар гэрээг цуцалж болохгүй үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс гэрээг цуцалсан нь гэрээний 6.1.1., Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.    

          Зээлийн гэрээг цуцлагдсан гэсэн үндэслэлээр шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 20 000 000 төгрөг, хүү 11 766 426 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68 630 төгрөг, нийт 31 835 056 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т нийцжээ. 

           Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг буцааж төлөхдөө гэрээнд заасан бол хүү төлнө. Түүнчлэн, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлнө. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 2.1.4, 2.1.5-д зааснаар хариуцагч хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.

            2. Хариуцагч Б.Т давж заалдах гомдолдоо “...хэргийг дахин хянаж А, М, Г, Г-ийн ээж Б гэх хүн зэргийг хамтран хариуцагчаар татах шаардлагатай байна. Шүүх хэргийн үнэн зөвийг нягтлах, нэмэлт ажиллагаа явуулах, шинжээч томилох зэрэг асуудлууд дутуу хийгдэж шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж дээрх ажиллагаануудыг хийх боломжоор хангаж өгнө үү. Миний бие өмнө нь хууль, шүүхийн байгууллагаар явж үзээгүй тул балмагдаж, сандарч яах учраа олохгүй явсаар анхан шатны шүүхээс шийдвэр гарчихлаа. Хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас миний эрхэд хэт халдсан шийдвэр гарахад өөрийн зүгээс ямар ч арга хэмжээг авч чадаагүй...” гэжээ.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээнэ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь А, М, Г, Г-ийн ээж Б гэх хүмүүсийг хамтран хариуцагчаар татах,  нэмэлт ажиллагаа явуулах, шинжээч томилуулах, өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй байна.  

          Шүүх нотлох баримт бүрдүүлэх, татгалзлаа нотлох буюу хариуцагч эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг цаг хугацааны хувьд хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

          Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Б.Т-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317126 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.         

          Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

          1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 146/ШШ2021/00055 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317126 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.