| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0048/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Энхмэнд,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар (ҮД:1672),
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Шүрэнцэцэг,
өсвөр насны шүүгдэгч Г.Анх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Тайж овогт Гантуулын Анх-Оргилд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000250013 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 6 сар 24 хоногтой, эрэгтэй, боловсролгүй мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хойд эцэг, 2 дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 44 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УХ00281854 дугаартай, Тайж овогт Гантуулын Анх-Оргил нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарт хангай” хүүхэд хөгжлийн төв дээр 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн орчим өсвөр насны Б.Бат-Өлзийг “...Хэрлэн чамайг бөгсдүүлдэг гэж хэлж байсан” гэснээс болж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Г.Анх-Оргил нь Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарт хангай” хүүхэд хөгжил, сургалтын төв дээр 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед тооны хичээл орж байх үеэр хүүхдүүд чихэндээ үг дамжуулж хэлэн тоглож байхад өсвөр насны хохирогч Б.Бат-Өлзий түүнд “Хэрлэн чамайг бөгсдүүлсэн гэж хэлж байсан” гэж хэлэхэд уурлан Б.Бат-Өлзийгийн толгой болон цээж рүү нь гараараа 5-6 удаа, хөлөөрөө 2-3 удаа өшиглөж доод уруулд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Анх-Оргилын өгсөн: “... Би Багахангай дүүрэгт 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр очсон. Тийм зүйл болно гэж бодоогүй. Тэнд очоод би нэг сар болсон. Би ээжийгээ их санаад байсан. Манай хойд аав ээжийг маань хэвтэрт ортол нь зодсон байсан болохоор миний санаа зовоод байсан. Хэрлэн над дээр ирээд “Бат-Өлзийгөөс таныг юу гэсэн талаар асуугаарай” гэсэн. Тэгэхээр нь би Бат-Өлзийгөөс “Хэрлэнд юу гэж хэлсэн бэ” гэхэд “бөгсдүүлдэг” гэж хэлсэн гэсэн. Бат-Өлзий намайг доромжилсон. Тэгээд би дүүгээ бэртээсэн. Бэртээе гэж бодоогүй. Амнаас нь цус гарахаар нь их айсан. Хөөрхөн дүүгээ бэртээсэндээ харамсаж, гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Шүрэнцэцэгийн өгсөн: “... Манай сургалтын төв 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийт 15 хүүхэд хүлээн авсан байгаа. Анх-Оргил хичээлийн цагаар хүүхэдтэй муудалцсан байсан. Өөрийн хүсэлтээр манай сургалтын төвөөс явсан. Хэрэг болсон өдөр математикийн хичээл орж байсан. Математикийн багш нь хүүхдүүдийн даалгавар шалгаж байгаад хэргийн талаар мэдээгүй байсан. Хичээл орж байсан багш нь зодоон хийх чимээ сонсогдоогүй гэсэн байгаа. Анх-Оргил зан харьцааны хувьд тааруу байсан. Их ууртай байсан. Манай төвд ирээд их төлөвшиж байсан ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад өсвөр насны хохирогч Б.Бат-Өлзийгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 11 цагийн орчим тооны хичээл орж байхад Хэрлэн миний чихэнд ирээд “хэнд ч битгий хэлээрэй” гэж хэлсэн, бид нар хааяа тэгж тоглож байдаг юм, тэгсэн Анх-Оргил ах ирээд “юу хэлсэн юм” гэж асуусан би “хэнд ч битгий хэлээрэй” гээд хэлсэн чинь “чи битгий худлаа яриад бай” гэсэн би тоглоод “Хэрлэн таныг жоохон байж байгаад ална гэнэ” гэж хэлсэн чинь Анх-Оргил ах уурлаад намайг ойролцоогоор 5-6 удаа гараараа толгой хэсэг рүү, хөлөөрөө толгой хэсэг рүү 2-3 удаа өшиглөж цохьсон. Тэгээд энэ үед миний уруул руу өшиглөсөн миний доод уруул задарч 4 ширхэг оёо тавиулсан. Тухайн үедээ би гайгүй байх гэж бодоод багш нартаа хэлэхгүй мэдэгдэхгүй байхыг хичээгэд 00-ын өрөөнөөс гарч яваад баригдсан. Тэгээд багш нартаа үнэнгээ хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 63 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Мөнхзулын 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө тооны хичээл орж байхад бид нар бие биенийхээ чихэнд үг дамжуулж хэлээд тоглож байтал Бат-Өлзийгийн чихэнд нэг нь Анх-Оргилыг муулсан юм хэлсэн. Тэгсэн гэнэт Анх-Оргил уурлаад Бат-Өлзийг сууж байхад нь гараараа нүүр болон цээж хэсэг рүү нь 3-4 удаа цохиод тэгээд нүүр лүү нь өшиглөх шиг болсон. Би хамараас нь цус гарлаа гэж бодож байсан чинь Бат-Өлзий цохиулаад нүүрээ дараад шууд ширээн доогуур орж суугаад намайг “чи халхлаад суугаач, наад камер чинь харлаа” гэсэн. Би камернаас халхлаад суусан. Тэгээд би 00-ын өрөөнөөс цаас оруулж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Т.Хэрлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “... тэгсэн Анх-Оргил “чи худлаа яриад бай, хэл” гэж хэлсэн. Тэгсэн Бат-Өлзий Анх-Оргилд “Хэрлэн чамайг бөгсдүүлсэн гэж хэлж байсан” гэсэн чинь Анх-Оргил уурлаад хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй гараараа цохиж байгаад нүүр лүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь Бат-Өлзийгийн уруулаас цус гарсан, тэгээд өөрөө ширээн доогуур ороод суусан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/44 тоот:
1. Б.Бат-Өлзийн биед доод уруулд шарх
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад өсвөр насны яллагдагч Г.Анх-Оргилын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө хичээлдээ сууж байтал надтай хамт суралцдаг Хэрлэн гэх хүүхэд “чи Бат-Өлзийгөөс очоод юм асуу даа” гэж хэлсэн. Би очоод хамт суралцаж байгаа Бат-Өлзийгөөс “Хэрлэн чамд юу гэсэн юм” гэж асуусан чинь “чамайг бөгсдүүлдэг” гэж хэлсэн, тэгээд би уур хүрээд гараараа Бат-Өлзийгийн нүүрэнд нь нэг удаа, гар луу нь нэг удаа цохьсон. Тэгээд зүүн хөлөөрөө Бат-Өлзийгийн нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөж цохьсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/,
Өсвөр насны хохирогч Б.Бат-Өлзий, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Тогмид, өмгөөлөгч Г.Урангуа нарын гаргасан “... өсвөр насны хохирогч Б.Бат-Өлзий болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гомдол, санал байхгүй. Өөр нэхэмжлэх зүйлгүй, биеийн эрүүл мэнд сайн байгаа. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ...” гэх хүсэлт /хх-ийн 66 дугаар тал/,
Г.Анх-Оргилын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/,
Г.Анх-Оргилын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 37-39, 57 дугаар тал/,
Г.Анх-Оргилын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Г.Анх-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин өсвөр насны шүүгдэгч Г.Анх-Оргил нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны хохирогч Б.Бат-Өлзий, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Тогмид, өмгөөлөгч Г.Урангуа нар “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хойд аав нь үзэн ядаж хөөсний улмаас гэрээсээ дайжин гадуур тэнэмэл байдалтай явж байгаад “Нарт хангай” сургалтын төвд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүргэгдэн очиж, эх нь хүнд өвчтэй группт байдагийн улмаас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн саналаар гэр лүүгээ явсан ба ар гэрээс нь ямар нэгэн хараа хяналт байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно.” гэж заасныг журамлан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны хохирогч Б.Бат-Өлзий, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Тогмид, өмгөөлөгч Г.Урангуа нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-д “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно.” гэж заасан бөгөөд “Нарт хангай” хүүхэд хөгжил, сургалтын төвийн нийгмийн ажилтан буюу шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрснөөр өсвөр насны шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусах хүртлэх хугацаанд түүнийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг “Нарт хангай” хүүхэд хөгжил, сургалтын төвд даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайж овогт Гантуулын Анх-Оргилыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Гантуулын Анх-Оргилд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 (нэг зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Анх-Оргил нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч Г.Анх-Оргил нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны хохирогч Б.Бат-Өлзий, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Тогмид, өмгөөлөгч Г.Урангуа нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Анх-Оргилд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусах хүртлэх хугацаанд түүнийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг “Нарт хангай” хүүхэд хөгжил, сургалтын төвд даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Анх-Оргилд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ