Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/58

 

 

Б.Э, Ц.П нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

           Прокурор Б.Буяндалай

Хохирогч Ц.Э /цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис /цахимаар/, Я.Оюун-Эрдэнэ /цахимаар/

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н /цахимаар/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.М /цахимаар/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.М-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /цахимаар/

Яллагдагч  Ц.П, Б.Э

Яллагдагч  Ц.П-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан /цахимаар/,

           Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Э, Ц.П нарт холбогдох эрүүгийн 2226003000267 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, **** настай, ****, ****боловсролтой, ****мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн **** банкны салбарт **** ажилтай, ам бүл ****, ****-ийн хамт Өвөрхангай аймгийн **** сумын **** дүгээр баг **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** овгийн Ц.П /РД:****/,

Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Хэнтий аймгийн **** суманд төрсөн, **** настай, ****, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хэнтий аймгийн ****аж ахуйн **** ажиллаж байсан, ам бүл ****, ****хамт Хэнтий аймгийн **** сумын **** дугаар баг, ****-ийн **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй **** овогт Б.Э /РД:****/

Ц.П нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн **** сумын **** дүгээр баг **** гэх газарт Тоёота Ланд круйзер 70 маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Тоёота Ланд круйзер 200 маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Тоёота Ланд круйзер 200 маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь онхолдсоны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Л.Ю, Д.Б, Б.Э нарын амь нас хохирсон, зорчигч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан,

Б.Э нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр баг “Гарьдын хад” гэх газар Тоёота Ланд круйзер 200 маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улс Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Зам хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт буюу “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн мөн дүрмийн 3.4 “б”-р заалт буюу “Жолооч...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх... үүргийг хүлээнэ” гэсэн заалтыг тус зөрчсөний улмаас Тоёота Ланд круйзер 70 маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Тоёота Ланд круйзер 200 маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь онхолдсоны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Л.Ю, Д.Б, Б.Э нарын амь нас хохирсон, зорчигч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.П, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар яллагдагч **** овгийн Ц.П, **** овгийн Б.Э нарт холбогдох 2226003000267 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, яллагдагч Ц.П, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүгчийн захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүгч хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл гаргаж байна.

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “...2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1995 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан Инженер техникийн шинжилгээний газрын Инженер техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч С.Мөнхдалай нь мэргэжлээрээ 9 дэх жилдээ, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн авто техникийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч С.Эрдэнэзаяа нь мэргэжлээрээ 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд эдгээр шинжээч нар нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1-д заасан “Мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлагыг хангаагүй, Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчиж дүгнэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж тус тус хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 2.1-т “Эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллагын сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг хийнэ”,

2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4. 511,5-д заасны дагуу арилгана” гэж журамласан.

Хохирогч Ц.Э, иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.М нарын өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, дүгнэлт гаргуулах” тухай хүсэлт үндэслэлтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээг тогтоолгох шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотолно” гэж заасан. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай.

...2023 оны 04 дүгээр сарын 09-ний мөрдөгчийн тогтоолоор “Д.Н-г иргэний нэхэмжлэгчийн эрх үүргийг хэвээр үлдээж, С.Г-ыг иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах” тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь оролцогчийг хуульд заасан эрхээр хязгаарласан байна..." гэжээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1995 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч С.Мөнхдалай нь тус газарт Инженер техникийн шинжилгээний газрын Инженер техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээчээр, шинжээч С.Эрдэнэзаяа нь Нийслэлийн шинжилгээний газарт Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн авто техникийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээчээр тус тус ажилладаг буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д /шүүх шинжилгээг байгууллагын шинжээч/ гэж шинжлэх ухааны тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүх шинжилгээний байгууллага /цаашид “шинжилгээний байгууллага” гэх/-ын алба хаагчийг”/ гэж заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд байна.

Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 хэсэгт “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бусад этгээдээр хийлгэнэ”, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шинжилгээ хийх эрх бусад этгээдэд дараах этгээд хамаарна”, ... мөн хэсгийн 8.2.2 дахь заалтад хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч хуульчилснаас үзвэл шинжилгээ хийх этгээд нь шинжилгээний байгууллагаас шинжилгээ хийх эрх бүхий бусад байгууллага байх бөгөөд үүнд ямар хүн, этгээд хамаарах талаар тодорхой хуульчилсан байна.

Гэтэл шүүгчийн захирамжид дурдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 зүйлийн 11.4.1-д заасан “Мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлага нь шүүх шинжилгээний байгууллагын шинжээчид хамааралгүй буюу энэхүү хэм хэмжээ нь шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд болох шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахаар зөвлөлд хандсан Монгол Улсын иргэнд тавиглах шаардлагуудын нэг байх тул шинжилгээний ч байгууллагын шинжээч С.Мөнхдалай, С.Эрдэнэзаяа нарт “мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлага хамаарахгүй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд зам тээврийн осолд орсон авто тээврийн хэрэгслээр зорчин явсан Л.Ю, Д.Б, Б.Э нарын амь нас хохирсон тул тэдний хууль ёсны эрх, шиг сонирхлыг хамгаалуулахаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүн тус бүрд хууль ёсны төлөөлөгч нарыг томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Уг хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш буюу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/282, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” батлагдсантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э болон талийгаач Л.Ю, Д.Б, Б.Э нарын хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах хэрэгцээ шаардлага бий болсны дагуу шүүх хохирогч Ц.Э болон амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Учир нь дээрх журмын 2 дахь хэсгийн 2.5-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж заасан байх ба үүнийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилсан нь гэмт хэргийн улмаас талийгаач Л.Ю, Д.Б, Б.Э нарын хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоох боломжтой байх тул энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй гэж ойлгохоор байна.

Харин хохирогч Ц.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулах үндэслэлтэй бөгөөд уг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ ийлгэнэ.” гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд" гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг” гэж тус тус заасны дагуу шүүгчийн шийдвэрээр дүгнэлт гаргуулах боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хаан банкны Өвөрхангай салбарын захирал Д.Э нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5540/466 дугаартай албан бичгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцуулахаар тус банкны хууль, эрх зүйн газрын хуулийн зөвлөх Д.Н-г томилж ирүүлсний дагуу мөрдөгч Ж.Батаа 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор тухайн хүнийг иргэний нэхэмжлэгчээр, хариуцагчаар тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан эрх, үүргийг танилцуулан эдлүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.

Гэтэл дээрх ажиллагаанаас хойш Хаан банкны хууль, эрх зүйн газрын захирал Э.Хосбаяр нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 29/1514 дугаартай итгэмжлэл, 29/1513 дугаартай албан бичгээр С.Г-ыг иргэний хариуцагч хууль ёсны төлөөлөгчөөр томилуулахаар ирүүлэхдээ Д.Н-г мөрдөн ажиллагаанд оролцуулахаас татгалзсан, өөрчлөх болсон үндэслэлийг дурдалгүйгээр ирүүлсэн тул мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батаа нь мөн оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль болон хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны бүхий л хугацаанд Хаан банк нь иргэний нэхэмжлэгч, хариуцагч хувьд хууль ёсны төлөөлөгчтэй байсан тул түүний эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм. Гэвч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, яллагдагч Ц.П-ын өмгөөлөгч О.Баасанбаяр нарын зүгээс дээр дурдсан “иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөр С.Г-ыг тогтоолгох” хүсэлтийг дахин гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ. Мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заасны уг хүсэлтийг шүүхийн шатанд шийдвэрлэгдэх боломжтой байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч О.Баярбаясгалангаас гаргасан “...хэрэгт авагдсан техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй бодитой биш, хэт нэг талыг барьсан тул дахин шинжээч томилуулах...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнээс гаргасан “...талийгаач Л.Ю-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-г өөрчлөн талийгаачийн төрсөн хүү Б.Бийг тогтоолгох” гэсэн хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар шүүгчийн захирамжид тусгаагүй нь шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч Ц.П, Б.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрт 3-н үндэслэлийг дурдсан байгаа. Нэгдүгээрт техникийн шинжилгээний 1995 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч нар нь хуулийн шаардлага хангахгүй буюу шинжээчид тавигдах шаардлагыг хангаагүй учраас хууль зөрчиж дүгнэлт гаргасан. Хоёрдугаарт хохирогч Ц.Э болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн хэмжээг шинжээч томилж дүгнэлт гаргаж тогтоолгох шаардлагатай. Гуравдугаарт иргэний хариуцагчаар Г-ыг тогтоолгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь оролцогчийн эрхийг хязгаарласан байна гэж үзэж дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж шүүгчийн захирамжаар буцаасан. Шинжээч эмч Эрдэнэзаяа, Мөнхдалай нар нь шүүхийн шинжилгээний хэлтэст шинжээчээр томилогдон ажиллаж байгаа буюу тусгай мэдлэг бүхий шинжээч нар юм. Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжээч гэж олон субъектыг тусгасан. Шинжилгээний байгууллагын шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүнээр шинжээчийн дүгнэлт гаргуулж болно гэж хуульчилсан. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээ хийх, эрх авахаар хандсан хүнд 10-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байх шаардлагыг тавьдаг. Гэтэл энэ шаардлагыг Шүүхийн шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа шинжээчид дээрх шаардлагыг тавьж хэргийг прокурорт буцааж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэхээр байна.

 

Хохирогч Ц.Э болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээч томилж тогтоолгоно гэсэн үндэслэлийн тухайд хохирогч Ц.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн тогтоолгох асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шатанд шинжээч томилж сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох бүрэн боломжтой. Харин нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүмүүсийн сэтгэцэд учирсан хор уршгийг дүгнэлт гаргуулахгүйгээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоохгүйгээр хуульд заасан журмын дагуу хохирол хор уршгийн хэмжээг шүүх тогтоох боломжтой байгаа учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох үндэслэлгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Хаан банкны Өвөрхангай салбарын захирлын томилж ирүүлсэн албан бичгийн дагуу тухайн банкны хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Н гэдэг хүнийг иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчаар давхар тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Н-г сольж иргэний хариуцагчаар Г гэдэг хүнийг томилох хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан. Уг гаргасан хүсэлтийг нь мөрдөгч өөрт олгогдсон эрх хэмжээ болон хуульд зааснаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтүүд бүгд эргэлзээтэй байгаа учраас дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг шүүгч захирамжаараа шийдвэрлээгүй байна гэж харж байна. Үнэхээр ийм ийм үндэслэлээр эргэлзээтэй байна гэж үзлээ тийм учраас дахин шинжээч томилох талаар шүүхийн захирамжид заагаагүй. Харин шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нар нь шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэл зааж буцаасан нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй байна гэж үзэхээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнээс гаргасан талийгаач Ю-гийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байсан Б-г өөрчилж түүний төрсөн хүү Баттүшигийг томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн талаар шүүгчийн захирамжид дурдаагүй байгаа учраас солих солихгүй нь эргэлзээтэй байгаа. Иймд шүүхийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамжид заасан ажиллагаануудыг шинжээч нар хууль зөрчиж дүгнэлт гаргасан, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох гэсэн нь үндэслэлгүй. Харин хохирогч Энхтөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох болон иргэний хариуцагчаар С.Г-ыг тогтоох гэсэн үндэслэлүүд нь шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 512 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Яллагдагч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Яллагдагч Ц.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Манай зүгээс хохирол хор уршигтай холбоотой болон оршуулгын зардалтай холбоотой асуудлын талаар маргаж байгаагүй. Б.Б-ийн хувьд аав, ээжийгээ алдсан байгаа нь бодит хохирол. Үүнтэй холбоотой сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож дүгнэлт гаргах шаардлага байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд хариуцагчийг шүүх тогтоож болно гэж заасан. Ю-гийн хууль ёсны төлөөлөгчөөр охиныг нь оролцуулж өгнө үү. Сэтгэцэд учирсан хор уршигт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүхээс шаардлагатай гэсэн шинжээч нарыг оролцуулаад шийдвэрлэвэл шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлтийг хийдэг. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа гэв. 

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хаан банкны зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хариуцагчаар Г-ыг тогтоож өгөхийг хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид гаргасан. Мөрдөгч Б-гийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ гэсэн хариулт өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч нь баримт сэлт, хүсэлт гаргах эрхтэй байтал хуулийн үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь оролцогчдын эрхийг зөрчиж байна. Итгэмжлэл болон хүсэлт гаргасан өдрөөр тасалбар болгоод Д.Н нь иргэний хариуцагчаар оролцохоо татгалзаж байна гэсэн тодорхой заалтуудыг төгсгөлд нь манай захирал оруулж өгсөн байсан. Хаан банкыг иргэний хариуцагчаар тогтоосон бол иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч байх ёстой. Мөрдөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт Г гэдэг хүнийг зайлшгүй иргэний хариуцагчаар тогтоох  ёстой. Мөн шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэж мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв. 

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.М-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч Ц.Э-ийн биед учирсан гэмтлийг шинжилгээний байгууллага тогтоосон. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй байгаа учраас хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна гэв. 

 

Яллагдагч  Ц.П-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 521 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь замын хөдөлгөөний дүрмийг хэн нь зөрчсөн бэ гэдгийг тогтоодог. Хэн зөрчсөн бэ гэдгийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэдэг. Хавтаст хэрэгт авагдсан хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт нь нэг нэгнээ үгүйсгэсэн дүгнэлт гарсан байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1608 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1995 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь бодит биш үндэслэлгүй гарсан. Эхний шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэсэн өмгөөлөгчийн хүсэлт гомдлыг Улсын Ерөнхий прокуророос хангаж 1995 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Ингээд 1995 дугаартай дүгнэлт гарсан боловч энэ дүгнэлтэд заасан 9-н асуултад шинжээч нар нь хариулж чадаагүй байдаг. Гэтэл прокурор эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар тооцож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь асуусан асуултад хариулаагүй өөр хоорондоо зөрүүтэй байх тул дахин шинжээч томилох шаардлагатай байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд тухайн хэрэг гарсан процессыг ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулаагүй гүйцэж түрүүлэхийг хориглосон байхад жолооч Эрдэнэ-Очир гүйцэж түрүүлсэн байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 зүйлийн б-д урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар талд дохио өгч байгаа тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэж заасан. Үүнийг шинжээч мэдсээр байж дүгнэлтэд тусгаагүй. Мөн дүрмийн 13.2 дугаар зүйлд дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно гэж заасан. Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглож байгаа. Тухайн хэрэг болсон газар бол уулзвар байсан. Эдгээр зүйлүүдийг тодруулаад өгөөч гэхээр шинжээч нар нь миний мэдлэг хүрэхгүй байна гэсэн зүйл ярьдаг. 1995 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шинжээч нар өөр хоорондоо саналын зөрүүтэй дүгнэлт гаргасан. Өмгөөлөгч болон мөрдөгчийн асуусан асуултад шинжээч хариулт өгч чадахгүй, тусгай санал гаргасан байна. Иймд шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй үндэслэлгүй байгаа тул хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Мөн Хууль зүйн дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журам гэж гарсан. Энэ журмын 2.1, 2.2-т шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийг гаргана гэж заасан. Мөн журмын 2.3-т энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэж заасан. Дүгнэлт гарахгүй гэж байгаа бол мөрдөгч маягтаар танилцуулж хохирогч хүлээн зөвшөөрч байвал хавтаст хэрэгт хавсаргах ёстой болохоос шууд шүүхээс тогтоох боломжгүй тул зайлшгүй шинжээч томилох шаардлагатай. Хаан банкны иргэний нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотой асуудлыг шүүх тодорхой бичсэн байна. Н-д олгогдсон итгэмжлэлийг дуусгавар болгосон байхад мөрдөгчийн зүгээс хүсэлтийг хүлээж аваагүй нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан байгууллага хуулийг этгээдийг төлөөлөх, томилох эрх нь тухайн хуулийн этгээдэд байгаа учраас оролцогчдын эрхийг хязгаарлаж зөрчсөн хууль бус ажиллагаа хийгдсэн.

 

Иймд хавтаст хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээр ажиллагаанууд байгаа учраас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирол, хор уршгийг бүрэн нотлоогүй, хохирогч Ц.Э болон амь хохирогчдын хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон прокурорын гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам болон Монгол Улсын дээд шүүхийн тогтоолд хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний амь нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор заасан тул хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоох боломжтой талаарх эсэргүүцэл үндэслэлгүй байна.

 

Учир нь яллагдагч Б.Э, Ц.П нарт холбогдох хэрэг нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлөх асуудлыг Иргэний хуульд зааснаар шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй талаар заасан.

Үүнээс үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлдэгдсэн хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэж болохоор хуульчлагдсан тул шүүгчийн захирамж болон прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

2. Техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1995 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч С.Мөнхдалай, С.Эрдэнэзаяа нар нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, уг хуулийг зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзсэн шүүгчийн захирамжийн үндэслэл нь буруу, мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх гэсэн шаардлага нь Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчид хамаарахгүй гэх прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

3. Прокуророос ...мөрдөгч нь Д.Н-г иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоон, эрх, үүргийг танилцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Гэтэл дээрх ажиллагаанаас хойш Хаан банкны хууль, эрх зүйн газрын захирал Э.Хосбаяраас иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөр С.Г-ыг томилуулахаар, Д.Н-г мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаас татгалзсан, өөрчлөх болсон үндэслэлийг дурдалгүйгээр албан бичгийг ирүүлсэн гэж мөрдөгч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь хууль зөрчөөгүй байхад анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах нэг үндэслэлээ болгосон нь буруу байна... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ. С.Г-ыг иргэний хариуцагчаар тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангахгүй байгаа нь оролцогчийн эрхийг хязгаарласан байна.

4. Мөн техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай, энэ талаарх өмгөөлөгч О.Баярбаясгалангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн, анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/521 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.