Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 318/ШШ2025/00203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т овогт Б.Он нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.д.х.с ТӨХК-д холбогдох,

Ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,311,359 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Онь Увс аймгийн ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан ...... оны ...........дугаар сарын .......-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,311,359 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие У.д.х.с ТӨХК-д Борлуулалтын ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 тоот шүүгчийн захирамж гарч, борлуулалтын ажилтны ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч Дулааны хоёрдугаар станц ТӨХК нь Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Ингээд 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 224/МА2024/00029 тоот шүүхийн магадлал гарч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай гэсэн шийдвэр гарсан. Ингээд дахин 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Б дуудан уулзаж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн Борлуулалтын ажилтан албан тушаалд томилсон. Иймд урьд нь миний 2024 оны 3 дугаар сарын 19-ий өдрөөс 2024 оны 12 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин /9 сар 1,590,151=14,311,359 төгрөгийг/ нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.О нь манай байгууллага У.д.х.с ТӨХК-д борлуулалтын ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 тоот тушаалаар халагдаж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн дугаар шийдвэрээр 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдөр ажилд эгүүлэн томилогдсон болно. Б.О-н нэхэмжпэлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргагч нь ажлаас халагдахын өмнө жирэмсэн байсан бөгөөд хэрвээ ажлаас халагдаагүй тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 хэсэг Эхэд жирэмсний болон маржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно." мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/44, А/40 дугаартай Маягтын загвар аргачлал батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлалаар цалин, хөлс тооцогдож байсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмын хүрээнд -оцож үзэхэд нийт дүнгээр 6,142,267.50 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 8,168,731.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн У.д.х.с ТӨХК-ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/83 дугаартай Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаал, Б.О-н цалингийн дэлгэрэнгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 291 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас итгэмжлэл, Улаангом Дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн борлуулалтын ажилтан Б.О-н 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх цалингийн тооцоог тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О-н хариуцагч Увс аймгийн У.д.х.с ТӨХК-д холбогдох ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,311,359 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие У.д.х.с ТӨХК-д Борлуулалтын ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 тоот шүүгчийн захирамж гарч, борлуулалтын ажилтны ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч Дулааны хоёрдугаар станц ТӨХК нь Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Ингээд 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 224/МА2024/00029 тоот шүүхийн магадлал гарч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай гэсэн шийдвэр гарсан. Ингээд дахин 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Б дуудан уулзаж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн Борлуулалтын ажилтан албан тушаалд томилсон. Иймд урьд нь миний 2024 оны 3 дугаар сарын 19-ий өдрөөс 2024 оны 12 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин /9 сар 1,590,151=14,311,359 төгрөгийг/ нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Б.Онь манай байгууллага У.д.х.с ТӨХК-д борлуулалтын ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 тоот тушаалаар халагдаж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн дугаар шийдвэрээр 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдөр ажилд эгүүлэн томилогдсон болно. Б.О-н нэхэмжпэлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргагч нь ажлаас халагдахын өмнө жирэмсэн байсан бөгөөд хэрвээ ажлаас халагдаагүй тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 хэсэг Эхэд жирэмсний болон маржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно." мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/44, А/40 дугаартай Маягтын загвар аргачлал батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлалаар цалин, хөлс тооцогдож байсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмын хүрээнд -оцож үзэхэд нийт дүнгээр 6,142,267.50 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 8,168,731.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Увс аймгийн У.д.х.с ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар борлуулалтын ажилтан Б.О- 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 291 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нотлогдож байх тул Б.О-г Увс аймгийн У.д.х.с ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

5.1. Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны 29 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.     

5.2. Улмаар хариуцагч Увс аймгийн У.д.х.с ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дээрх шийдвэрийг биелүүлж, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар БО-г урьд эрхэлж байсан Борлуулалтын ажилтан албан тушаалд нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хууль 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

5.3. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,142,267.50 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 8,168,731.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Б.О-н сүүлийн 3 сарын цалин хөлсийг тооцож үзэхэд нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сард 1,107,367 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 1,488,768 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 1,474,180 төгрөгийн цалин хөлс авч байжээ.        

Ийнхүү нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалинг тооцож үзвэл 2023 оны 12 дугаар сард 1,107,367 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 1,488,768 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 1,474,180 төгрөг болж байх ба нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоолбол (1,107,367+1,488,768+1,474,180):3=1,356,771 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 8 сарх1,356,771 төгрөг=10,854,168 төгрөг, нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлсийг 61,671 төгрөг, 19 өдрийн цалин 1,171,749 төгрөг, нийт 10,854,168+1,171,749 =12,025,917 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Увс аймгийн У.д.х.с ТӨХК-иас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,025,917 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,285,442 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цалин 12,025,917 төгрөгийг хариуцагч Увс аймгийн У.д.х.с ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,285,442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.1. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.О-н ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Оулсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 12,025,917 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 207,365 төгрөгийг хариуцагч Увс аймгийн У.д.х.с ТӨХК-иас гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч Увс аймгийн У.д.х.с ТӨХК-иас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 12,025,917 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,285,442 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О-н ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс аймгийн У.д.х.с ТӨХК-нд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О Б.О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд улсын тэмдэгтийн хураамж 207,365 төгрөгийг хариуцагч Увс аймгийн У.д.х.с ТӨХК-иас гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.БОЛОР