Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00215

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч:  Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б овогт Б.У холбогдох,

Санхүүгийн түрээсийн төлбөрт 3,009,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Унь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр УВ-СТГ/2023-125191 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ башуулан 1,899,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б.Унь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 596 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Иймд хариуцагч Б.У нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 3,009,321.10 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.               

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,009,321 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 5 сарын хугацаатай эргэн төлнө. Одоо 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс сард 601,865 төгрөгийн төлөлт хийнэ.  Иймд тайлбарыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х ХХК-аас хариуцагч Б.У-т холбогдох нэхэмжлэл гаргаж өгсөн. Хариуцагч нь манай байгууллагатай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 5 сарын хугацаанд тэнцүү хувааж 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс сард 601,865 төгрөг төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.У-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,009,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,009,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 5 сарын хугацаанд 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 601,865 төгрөгийн төлөлт хийж байхаар хариуцагч Б.У хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.У нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,100 төгрөгийн тал хувь болох 31,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,550 төгрөг, хариуцагч Б.У-с 31,550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт нийт 3,009,321.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Б.У хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,100 төгрөгийн тал хувь болох 31,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,550 төгрөг, хариуцагч Б.У-с 31,550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР