Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 48

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Б.Галт-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Буурал овогт Болдын Галт-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1807000670022 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, “Мөнх-Тээл” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо 36 дугаар байр 02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ДА79051619 дугаартай, Буурал овогт Болдын Галт-Эрдэнэ.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Галт-Эрдэнэ нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 13-561 тоотод оршин суух Ц.Ёын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Энхтөртэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, гарын хурууг нь хазаж, хамар ясны хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, сулрал, дух, баруун дээд зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн сарвууны 3 дугаар хуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Галт-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Галт-Эрдэнэ нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 13 дугаар гудамж 561 тоотод оршин суух Ц.Болдын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Энхтөртэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, гарын хурууг нь хазаж, хамар ясны хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, сулрал, дух, баруун дээд зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн сарвууны 3 дугаар хуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Галт-Эрдэний өгсөн: “Би эхнэрийн хамт 2018 оны 01 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Бугат” төвд ажил дээрээ ажлаа хийж байхад Хүрэлчулуун, Энхтөр, Нурболот нар ирээд намайг утасдаж дуудсан. Намайг гараад очиход машинд суулгаад ойрхон гол яваад ирье гэсэн. Тэгээд гол явахаа болиод Налайх дүүргийн 1 хороонд байрлах Болдын гэрт очих болсон. Болдын гэр лүү явах замдаа надаар 1 шил архи авахуулсан. Замдаа Энхтөр намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Болд надад архи хундагалаж өгөхөд Энхтөр уурлаад надад хандаж “өнөөдөр би чамайг зодно, шүүх, цагдаа битгий болоорой” гэж хэлсэн. Энхтөр бид хоёр гадаа байхад би Энхтөрөөс “би чамтай зодолдмооргүй байна, надад буруу зүйл байвал уучлаарай” гэж уучлалт гуйсан. Намайг гэрт орж ирээд сууж байхад Энхтөр миний үснээс зулгааж, нэг удаа өвдөглөсөн. Тухайн үед надад зодоон хийх бодол байгаагүй, би зугтаана гэж бодож байсан. Асуудал болсны дараа би зугтсан. Би 4 дэх өдөр болгон зааланд тоглодог юм. Тухайн өдрийн орой 20 цагаас зааланд тоглож 24 цагийн үед гэртээ ирэхэд цагдаа ирсэн байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Энхтөрийн өгсөн: “...Тэгээд Галт-Эрдэнэ намайг нэлээн архиар шахаад би ч нэлээн согтоод бид 2 дахиад үг зөрж маргалдаад би уурлаад Галт-Эрдэний шилэн хүзүүнээс нь нэг гараараа “чи намайг барахгүй за юу” гэсэн чинь Галт-Эрдэнэ гэнэт нүүр рүү тас хийтэл цохиод авсан. Тэгээд би хойшоо унангуут Галт-Эрдэнэ миний дээр гараад хэд хэдэн удаа нүүр рүү цохисон, тэгэхэд нь би Галт-Эрдэний эрүү рүү өөрөөсөө холдуулах гээд гараараа түлхтэл миний нэг хурууг маш чанга хазсан. Тэгээд Болор ах орилоод “хөөе боль манай гэрээс гарцгаа та нар” гэсэн чинь Галт-Эрдэнэ миний дээрээс босчихсон. Тэгээд би босож ирээд ямар зэвүүн байна аа гээд Галт-Эрдэнэ рүү дайрсан чинь гэрээс зугтаагаад явчихсан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 05-06 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч П.Хүрэлчулууны өгсөн: “...Энхтөр Галт-Эрдэнийг чи надад ганц шил архи авч өг гээд Галт-Эрдэнийг сандал дээр суучихсан байхад хүзүүнээс нь шилдэж дараад дээрэлхэнгүй байсан чинь Галт-Эрдэнэ босч ирээд Энхтөрийг нэг удаа цохиж унагаад дээрээс нь дараад 2-3 удаа цохисон чинь Болор тэр 2-ыг “боль” гээд салгасан чинь Галт-Эрдэнэ шууд гараад явчихсан. Тэгсэн чинь Энхтөр босож ирээд хамраасаа гарсан цусаараа нүүрээ арчиад нүүрээ нил цус болгочихоод намайг ийм болгочихлоо шүү дээ Моогоо ахаа гээд надад хандаж хэлээд Галт-Эрдэний араас нь гарахаар нь би хамт гарсан чинь Галт-Эрдэнэ аль хэдийн алга болоод өгсөн байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Болдын өгсөн: “...Энхтөр, Галт-Эрдэнэ 2 муудалцаад байгаа бололтой сонсогдохоор нь харсан чинь Энхтөр нь Галт-Эрдэнийг хүзүүнээс нь шилдээд барьчихсан байсан. Тэгээд тоолгүй буцаад зурагтаа хараад сууж байтал гэнэт түжигнээд явчихаар нь эргээд гайхаад хартал Энхтөрийн дээд талд Галт-Эрдэнэ гарчихсан өвдөглөөд суучихсан байхаар нь би уурлаад “та нар манай гэрээс гарцгаа, эсвэл цагдаа дуудлаа шүү” гээд Галт-Эрдэнийг Энхтөрийн дээрээс татаад босгочихсон чинь Энхтөр босож ирээд Галт-Эрдэнэ рүү дайрахаар нь болиулаад “гарцгаа” гэсэн чинь Галт-Эрдэнэ шууд гараад явчихсан. Тэгээд би ч та нар гэрт зодоон хийлээ гэж уурлаад “явцгаа” гээд бүгдийг нь гэрээсээ хөөж явуулсан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч У.Нурболотын өгсөн: “...Ингээд архи дуусаж байх үед Энхтөр, Галт-Эрдэнийг “надад архи авч өг” гэсэн. Галт-Эрдэнэ нь “мөнгө байхгүй” гэсэн чинь Энхтөр, Галт-Эрдэний толгойноос үсдэж аваад татаад босгосон, тэгсэн чинь Галт-Эрдэнэ босч ирээд Энхтөрийг тэвэрч аваад дээр нь гарч унаад нүүр рүү нь гараараа хэд хэд цохисон. Энэ үед Моогоо Энхтөрийг босгоод Болор бид 2 Галт-Эрдэнийг салгаж авсан. Ингээд гэрийн эзэн Болор, Энхтөрийг “манайхаас яв, ер нь та нар бүгд явцгаа” гээд бид нарыг хөөсөн энэ үед Галт-Эрдэнэ түрүүлээд гэрээс гарсан араас нь бусад нь гарцгаасан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Туяагийн өгсөн: “...Манай нөхөр Галт-Эрдэнэ нь шулуун шудрага занатай, хүн алагчилж үздэггүй, хүн болгонтой л хүн гэдэг үүднээс нь харьцдаг, ер нь их хүнийг буруу зөвийг нь шууд хэлчихдэг шудрага занатай, хүн их тусархаг, чадах чинээгээрээ тусалж мэддэг, чаддаг зүйлийг нь хэлчихдэг, архи дарс нэг их хэрэглэдэггүй. Сүүлийн 3-4 жил өөрөө биеийн тамираар хичээллээд архи дарс бараг шахуу уухгүй байгаа, тамхи татдаггүй, хүнтэй бол аль болох эвийг нь олж эв зүйтэй харьцахыг хичээдэг занатай, хүний эвийг олж харьцдаг, зодоон цохион ерөөсөө хийдэггүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр тал/

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол,

/хх-ийн 22 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №08шэ/81 дүгээр:

  1. Т.Энхтөрийн биед хамар ясны хугарал, баруун дээд 1-р шүдний хугарал, сулрал, дух баруун дээд зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн сарвууны 3-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт,

/хх-ийн 24 дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа,

/хх-ийн 35 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 36 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 38 дугаар тал/

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,

/хх-ийн 39 дүгээр тал/

Эд хөрөнгөтэй эхэх дэлгэрэнгүй лавлагаа,

/хх-ийн 40 дүгээр тал/

Төрсний гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 41-43 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 45 дугаар тал/

Захиргааны шийтгэл ноогдуулсан тухай бүртгэл,

 /хх-ийн 47-59 дүгээр тал/

Хохирогчийн гаргасан хүсэлт /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Галт-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Галт-Эрдэнийг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Галт-Эрдэнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Галт-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Буурал овогт Болдын Галт-Эрдэнэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Галт-Эрдэнэ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Галт-Эрдэнэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Галт-Эрдэнэд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Галт-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол
Б.Галт-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ