Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/59

 

   

Ч.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                              Прокурор Ц.Эрдэнэбат /цахимаар/

                              Шүүгдэгч өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/

                              Шүүгдэгч Ч.Б  /цахимаар/

                   Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан   

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-т холбогдох эрүүгийн  2309000001870 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сум, ***-р баг, ***тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Ч.Б /РД: ***/

 

Ч.Б нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дипломын ***, бүртгэлийн *** дугаартай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ***-ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар технологийн багшаар ажилд орж 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Ч.Б-ийн үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Ч.Б-ийг боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 23,942,460 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн *** дугаартай диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь эсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолын хохирол төлүүлэхтэй холбоотой асуудлыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар энэхүү гомдлыг гаргаж байна. Тус хэрэгт мөрдөгчийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр Боловсрол шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Г.Олонбаяр гэх хүнийг томилсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн эрхийг тодорхойлохдоо  хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэйг заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ. 2-т гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.

Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10,1.11-т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарна. 10-т иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. 14-т нэхэмжлэлээс татгалзсан нь хууль зөрчсөн, эсхүл аль нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзвэл мөрдөгч, хүсэлтийг хүлээн авахгүй байж болох ба энэ тухай үндэслэлд тус тус заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээс шүүгдэгч Ч.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй, /Хавтаст хэргийн 36-37, 40-41 дүгээр хуудаст авагдсан хохирогчийн мэдүүлэг/, хохирлын хэмжээг тодорхойлоогүй байхад шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж хуулийг тайлбарлан хохирлын асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тухайлбал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт: “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгчээс хохирлыг гаргуулан, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5-д заасан эрхийнхээ хүрээнд хохирол нэхэмжлээгүй байтал энэ асуудлыг хэрхэн дүгнэсэн, хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан эсэх, эсхүл жич нэхэмжлэх эсэх асуудлыг тодорхойлж үндэслэх хэсэгт дүгнээгүй байдаг.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын хэмжээг нотлох баримтаар бүрэн бодитойгоор тогтоож нотлоогүй иргэний нэхэмжлэгчээс хохирлын асуудлыг нэхэмжлэхээс татгалзсан эсэх асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 14-т зааснаар үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. Мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх шүүгдэгч Б-аас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5 дугаар зүйлд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол нэхэмжлэх эрхтэй холбоотой заалтууд байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирлыг нэхэмжлээгүй баримтууд хэрэгт авагдсан байдаг. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирлыг тооцохдоо тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирлын хэмжээг бүрэн бодитой тогтоож чадаагүй. Багш нартай холбоотой ийм асуудал дээр  иргэний журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тохиолдлууд байдаг. Б-ийн хувьд сургууль анги танхим тохижуулахад хөрөнгө оруулалт хийсэн. Олон улсын байгууллагаас бүтээлч ажиллагаатай холбоотой 14-н сая төгрөгийг оруулж ирсэн гэж ярьдаг.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, хохирлын асуудлыг Иргэний журмаар жич нэхэмжлэгч эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар гомдол гаргасан байна. Шүүгдэгчийн үйлдэл нь төрийн байгууллагад хууль бусаар ажиллаж улсын төсвөөс цалин авсан үйлдэл юм. Шүүгдэгчийн хохирлын дүнг прокуророос 48262460 төгрөгөөр тооцсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тайлбарлаж 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэсний дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хохирлыг шийдвэрлэсэн. Учирсан хохирлыг шүүх тооцохдоо прокурорын тооцсон мөнгөн дүнг багасгаж 23942460 төгрөгөөр тогтоосон. Хэдийгээр хуурамч диплом ашиглаж гэрээ байгуулж ажилласан ч гэсэн гар дээр авсан цалин бус харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн. 2018 оноос хойш ажилласан цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож хохирлыг гаргуулж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь хуурамч дипломтойгоор ажиллан төсвөөс цалин авч байсан учраас хохирол хор уршгийг төлөх ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч заавал хохирол нэхэмжилнэ гэсэн ойлголт байхгүй.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний хувьд 2018 оноос хойш 2023 он хүртэл ажиллаж байх хугацаандаа 7 хоногт 3-н удаа сурагч нарт сонгон дугуйланг мөнгө авахгүйгээр хичээллэдэг байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож хохирол тооцсон ч гэсэн миний хичээл зүтгэл гаргасан цаг хугацаа их байгаа. Манай шавь нар одоо ч гэсэн уран бүтээлээ туурвиад өөрсдийн сонирхсон мэргэжлээрээ явж байгаа. Миний улсад оруулсан хувь нэмэр их байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ч.Б нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дипломын 201822799, бүртгэлийн 23510 дугаартай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Б-ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар технологийн багшаар ажилд орж 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж ашигласан болох нь гэрч Ч.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд Л.Э-гийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. “...Ажлын хэсгийг дотор нь хоёр хувааж хувь хүний нууцлалтай хэсэг дээр мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын гэрээ байгуулан шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны дугаар сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хугацаанд хийж гүйцэтгэсэн. ...Шалгалтаар хувь хүнээс санаатайгаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу, өөр хүний овог нэр ашигласан зэрэг зөрчлүүдийг тулгаж хуурамч байж болзошгүй гэж үзэж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуу/,

Гэрч Я.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүргийн дагуу хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. ...Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан нь 145-н боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн 1 зөрчил байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 53-55-р хуу/,

 

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан. “...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн (байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуу/

 

Гэрч А.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт ажилласан. “...Тухайн дээрх хугацаанд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээллийг санахгүй байна, маш олон багш нарын мэргэжлийн диплом, баримт бичгийг шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуу/,

 

Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн "...Би 2017-2018 онд Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийг дүрслэх урлагийн багш мэргэжлээр 1 жил суралцаж төгссөн. Миний дипломын дугаар ***, бүртгэлийн дугаар 23510 байна. Тэр жил тус сургуулийг 4-н хүн суралцаж төгссөн. Ө, Т, А гэх хүмүүс суралцаж төгссөн. Одоо тэр хүмүүс багшаар ажиллаж байгаа. Манай ангид Ч.Б гэх хүн суралцаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуу/, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ч.Б-ийг ажилд томилох тухай” тушаал 79 дүгээр хуудас/, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/161 дугаартай тушаал, түүний хавсралтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-27-р хуу/, Төрийн банк, Хаан банкны дансны хуулга /хх 120-127 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх 129 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоос гаргаж ирүүлсэн Ч.Бийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд технологийн багшаар ажиллаж байсан цалингийн түүвэр, /хх 135-139 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Ч.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх 141 дүгээр хуудас/, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн сайд нарын "Хамтарсан албан даалгавар”, Ч.Б-ийн дээд боловсролын диплом болон Б.Д-ын дипломын хуулбар, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Өвөрхангай аймгийн *** сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт /хх 80-82, 88-91/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-ийг боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ... анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээс учирсан хохирлыг нэхэмжлээгүй, хохирлын хэмжээг тодорхойлоогүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хуулийг тайлбарлан хохирлын асуудлыг шийдвэрлэсэн буруу учир шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгох эсвэл жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Ч.Б нь Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуульд технологийн багшаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарыг дуустал багшаар ажиллаж байх хугацаандаа сургуулийн хэвийн үйл ажиллагаа, хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Гэхдээ дээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгч Ч.Б-ийг өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Ч.Б-ийн 2018 оны 09 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд авсан цалинг нийгмийн даатгал төлсөн байдлаар тооцон 48262460 төгрөгийн цалингаас тухайн жилүүдэд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажилласан хугацааны цалинг тооцон 24320000 төгрөгийг хасаж 23942460 төгрөгийг анхан шатны шүүхээс гэм хорын хохиролд шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.