| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 204/2021/00006/и |
| Дугаар | 204/МА2021/00006 |
| Огноо | 2021-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 204/МА2021/00006
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШШ2021/00049 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Ж-н нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б-д холбогдох “20 000 000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ж анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н.Б нь 2018 оны 03 дугаар сард найз Э.Эынхаа хамтаар намайг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон Улсын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулалт хийвэл долоон хоног бүр ашгаа өгдөг боломжийн юм байна гэж хэлж намайг мөнгөний сүлжээнд оруулсан. Ингээд Н.Б нь надаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10000000 төгрөгийг өөрийн Хаан банкны ****** тоот дансандаа шилжүүлж авсан.
Учир нь энэ өдрөөс хойшилвол мөнгө орж ирэх хугацаа алдана нэг хоногийн өмнө орж бүртгэлээ хийлгэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байсан. Н.Б өөрийн дансан дахь еврогоороо чамайг бүртгэж идэвхижүүллээ дараагийн 10000000 төгрөгөө яаралтай хий гэж шаардсаны дагуу 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин 10000000 төгрөгийг миний бие Н.Б-н Хаан банкны дансруу нь шилжүүлсэн.
Ингээд бүртгүүлсэнээс хойш надад ямарч мөнгө төгрөг ирээгүй тэр хоёроос асуухаар ирнэ гэсээр өдий хүрсэн. Ер нь Монголд үйл ажиллагаа нь зогссон тийм сүлжээнд намайг оруулсан юм билээ. Миний бие Э.Э-г удаа дараа санал тавьж байсан манай эгчийн найз, нөгөө талаар энэ хоёр эмэгтэй банкны ажилтнууд болохоор нь мэргэжил сайтай мөнгө төгрөгний асуудалд нухацтай хандаж байгаа байх гээд итгээд мөнгөө өгсөн. Миний бие групптэй, хөдөлмөрийн чадвар 70% алдалттай, нөгөө талаар ээж, ах, дүү нарынхаа мөнгийг авсан. Гэр бүлийн хүнээсээ нуусан зэрэг хүндрэлтэй асуудал их байна.
Иймд надаас үндэслэлгүйгээр 20000000 төгрөгийг авч хохироосон Н.Б-с уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 03 дугаар сард Улаанбаатар хот руу албан ажлаар очихдоо Б ахынд очсон. Ах М.Б, эгч Ж.М, ах М.Б-н найз н.Ц нар “Questra World” нэртэй Дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, эрсдэлийн даатгалтай, 7 хоногт 4 хувийн ашиг олдог хөрөнгө оруулалтын компанийн талаар ярилцаж ах М.Б, эгч Ж.М нар энэ компанид орсон, ашиг олж эхэлсэн талаар ярилцаж байсан. Эгч Ж.М-г харзанаж байгаад ашиг олоод үйл ажиллагаа нь хэвийн юм шиг санагдахаар нь 2017 оны 04 дүгээр сарын эхээр манай нөхөр болох Д.Ц 810 евроогоор орсон. Араас нь би сарын дараа 2430 еврогоор орсон. Ингээд үйл ажиллагаа нь хэвийн явж эхлээд ашгаа өгч эхэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7290 евро багцаар нэмж орсон.
Мөн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21870 еврогийн багцаар орсон. Ингээд 32400 евро буюу монгол мөнгөөр 93960000 төгрөгөөр орсон байсан. Ж гэх эмэгтэй энэ талаар яаж мэдсэн бэ гэхээр Хаан банкны теллер н.Э гэх эмэгтэй надаас өөрөө асууж ирээд миний доор ороод н.Э-н доор Ж гэх эмэгтэй орсон. Энэ хооронд би өөрөө эгч Ж.М, Д.Ц нарын доор орж ажиллаж байх хугацаандаа доороо оруулсан хүмүүсийн мөнгийг хувьдаа авч хэрэглэсэн зүйл байхгүй, тухайн компанийн схемчилсэн заавраар, мөн эгч Ж.М, Д.Ц нарын заавраар доороо оруулсан хүмүүст ашиг болох мөнгийг нь тарааж байсан. Тус шүүхэд нэхэмжлэл гаргаад буй С.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10000000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 10000000 төгрөг нийт 20000000 төгрөгөөр миний доор элссэн нь үнэн. Гэвч тухайн мөнгийг би хувьдаа авсан, хэрэглэсэн зүйл огт байхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10000000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 10000000 төгрөг Н.Б рүү шилжүүлсэн нь нотлох баримтаар нотлогддог. Ямар шалтгаанаар 20000000 төгрөг шилжүүлсэн бэ гэхээр С.Ж нь Хаан банкинд ажилладаг н.Э гэх хүнээс Н.Б-н оролцож байгаа “Questra World” гэх нэрийн дор үйл ажиллагаа явуулж байсан компаниас ашиг шим хүртэх зорилгоор өөрөө Улаанбаатар хотод очиж судлаад Э гэдэг хүнтэй уулзаад хамт очсон байгаа юм. Н.Б бол С.Ж-ыг танихгүй. С.Ж нь Н.Б гэдэг хүн ирээд өөрийг нь хоргоож байгаад оруулсан гэх юм яриад байна тийм юм бол байхгүй. Н.Б нь 20000000 төгрөг аваад өөрөө хувьдаа авсан юм байхгүй. Н.Б-ээс гаргуулна гээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Энэ бол гэмт хэргийн шинжтэй “Questra World” гэх нэрийн дор үйл ажиллагаа явуулж байсан компанид залилуулсан ийм хэрэг байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Н.Б-с 20000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ж-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 257950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Учир нь нэхэмжлэгч С.Ж нь өөрийн мөнгөө өсгөх зорилгоор хариуцагч Н.Б-тэй уулзаж “Questro world” компаний сүлжээний бизнест орж ашиг олох зорилготойгоор 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг төлбөрийг Н.Б нь “Five winds” гэх нэрээр бусад руу шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Түүнчлэн “Questro world” компани “Five winds” гэх нэрээр үйл ажиллагаа явуулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газар шалгаж байгаа нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Ж-н шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг Н.Б хувьдаа авч ашиглаагүй бөгөөд сүлжээний бизнест төлбөрийг нь төлж түүнийг элсүүлсэн болох нь харагдаж байна. Үүнээс үзэхэд С.Ж, Н.Б нар нь “Questro world буюу Five winds”-д гэх сүлжээний бизнесийн хохирогч болох нь тогтоогдож байна.
Гэтэл С.Ж нь Н.Б-д залилан мэхлүүлсэн талаар тус аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэж хаасан байдаг. Харин Н.Б “Questro world буюу Five winds”-д өөрөө болон бусад хүмүүсийн мөнгийг оруулж 60 гаруй сая төгрөгөөр хохирсон талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, түүнийг хохирогчоор тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоол, хохирогчийн мэдүүлэг зэрэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжигдсэн.
Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч С.Ж-с шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг “Questro world буюу Five winds” гэх сүлжээний бизнесст оруулж, өөрөө хувьдаа зарцуулаагүй нь зохигчдын тайлбар, хаан банкны депозит дансны хуулга, цагдаагийн болон прокурорын байгууллагын албан тоот, хохирогчоор тогтоосон тогтоол зэргээр тогтоогдсоныг тус шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.
Иймд С.Ж-н нэхэмжлэлийн шаардлага болох 20 000 000 төгрөгийг хариуцагч Н.Б нь хариуцахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа талаар үйл баримт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ж 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хандаж Н.Бгээс 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...С.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-нд 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгөөр миний доор элссэн нь үнэн. Гэвч тухайн мөнгийг би хувьдаа авч хэрэглэсэн зүйл огт байхгүй.” гэжээ.
Нэхэмжлэгч С.Ж “Н.Б нь 2018 оны 03 дугаар сард найз Э.Эынхаа хамтаар намайг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон Улсын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулалт хийвэл долоон хоног бүр ашгаа өгдөг боломжийн юм байна гэж хэлж намайг мөнгөний сүлжээнд оруулсан. Ингээд бүртгүүлсэнээс хойш надад ямар ч мөнгө төгрөг ирээгүй тэр хоёроос асуухаар ирнэ гэсээр өдий хүрсэн. Ер нь Монголд үйл ажиллагаа нь зогссон тийм сүлжээнд намайг оруулсан юм билээ. Миний бие Э.Э-ыг удаа дараа санал тавьж байсан манай эгчийн найз, нөгөө талаар энэ хоёр эмэгтэй банкны ажилтнууд болохоор нь мэргэжил сайтай мөнгө төгрөгийн асуудалд нухацтай хандаж байгаа байх гээд итгээд мөнгөө өгсөн.” гэж өөрийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ. Зохигчид ашиг олох зорилгоор тодорхой хэмжээний мөнгө төлж “Questra World” гэх байгууллагад элсэн оржээ.
Хариуцагч Н.Б-г “Questra World” гэх сүлжээний байгууллагад өөрөө ороод улмаар Ж, М-д нарыг элсүүлсэн, үүний улмаас эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн баримт /хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/ хэрэгт авагджээ. Энэ баримт нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байдаг.
Нэхэмжлэлтэй холбоотой гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд үүссэн маргаантай холбоотой, тухайн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Н.Б-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолд 287 дугаартай гомдол мэдээлэлд үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн байхад Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын албан бичигт “...бүртгэлийн 287 дугаартай... гомдол мэдээлэлд хэрэг нээгдээгүй...” гэсэн нь /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/ эргэлзээтэй байх тул үүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 1/324 дугаартай албан бичиг нь /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболдын “...хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа талаар үйл баримт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.Ж-н нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б-д холбогдох “20 000 000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар С.Ж-ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШШ2021/00049 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар С.Ж-н шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй